Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 22 -нд

Алтан наран дулаан илчээрээ төөнөж,  айргийн амт нь чимчигнэн хамар цоргисон налгархан намрын мэндийг уншигч танаа дэвшүүлье. Монголын морин спортын сонин сайхнаас түүвэрлэн хүргэдэг “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар эрхэм таны өмнө дэлгэгдэж байна.
Сар саатан хүрдэг сэтгүүлийн энэ удаагийн зочин хойморт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Ганзоригийн Тэмүүлэн уригдлаа. Сүүлийн долоон жил төрийн наадмаас айраг, түрүү алдаагүй хийморилог эрхмийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
Адууныхаа удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаарч, торгон сүрэг бүрдүүлээд буй залуу уяачийн яриа уншигч таны таалалд нийцэх бизээ.
Холын сураг, ойрын чимээ дуулгадаг “Урт чихт” буланд Засгийн газрын тогтоолт зуны бүсийн наадмуудын нэгдсэн цуваа болон Түмэн эх Босоо хээр морины мялаалга наадмын сурвалжлага багтсан байгаа. Та бүхэн бүсийн наадмуудад хэний ямар хурдан хүлэг түрүүлж, айрагдан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгасныг мэдэхийг хүсвэл энэхүү буланг уншаарай.
“Тод магнай” сэтгүүл гарсан цагаасаа эхлэн төрийн наадамд түрүүлж айрагдсан, эхний аравт хурдалсан хүлгүүдийн удам, угшил, амжилтын товчооныг танилцуулж, уяач болоод унасан хүүхдийн баярын сэтгэгдлийг хуваалцдаг онцлогтой. Уншигч таны өмнө  дэлгээстэй байгаа энэхүү сэтгүүл бол АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүүлж айрагдсан бага гурван насны морьдыг танилцуулдаг уламжлалт дугаарт юм.
Өнөө жилийн баяр наадамд эхний аравт хурдалсан бага насны хүлгүүдийн удам угшил танд сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв”, өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэгчдийг дэмжих зорилготой “Монгол бардамнал” буланд энэ удаа тун сонирхолтой зочид уригдсан шүү. Хийсэн зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж чаддаг уран бүтээлчидтэй уулзах таатай байсныг дурьдах нь зүйтэй байх. Эрхэм уншигч та бүхэн эдгээр буланг заавал уншаарай.
Аз хийморь нь цалгисан аавын хөвгүүд саатдаг “Хийморилог зочин” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Базаргарьд уригдан оролцлоо.Төрийнхөө наадамд унаган хээр үрээгээ айрагдуулсан энэ эрхмийг олон хурдан халзан морьдтой гэдгээр уншигчид андахгүй бизээ. Айрагтай, адуутай нутгийн хүү юу өгүүлээ бол...
Шинэхэн сэтгүүлийнхээ үүцийг задалж, уншигч танаа дээжлэн хүргэдэг уламжлалт зурвасаа энэ хүрээд өндөрлөх ёстой мэт. Учир нь та бүхэн хэзээний дараа дараагийн хуудсуудад тэмүүлж буй бизээ.
Биднийг сонгож, бидэнтэй хамт байдаг эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.

Сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлийн бирж, "Интерном" дэлгүүр болон  редакцийн  95092992, 94012992 дугаарын утсанд холбогдож авна уу.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна