Аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очир: Өнөө жил улс бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртлээ

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 24 -нд

АХ-94 жилийн ойн баяр наадамд өөрийн унаган хүрэн шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очирын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.

-Төр түмнийхээ их баяр цэнгэлд унаган хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Халхын том уяачид, газар газрын шандаст хурдууд чуулсан төрийнхөө баяр наадамд өөрийн унаган адуугаа айрагдуулсандаа баяртай байлгүй яахав. Өнөө жил төрийнхөө  наадамд нас насны морьдтой ирж, хязаалангаа 40 гарган давхиулж, хонгор соёолонгоо дөрвөөр, хүрэн шүдлэнгээ  гурваар давхиуллаа. Мөн улсын наадмын дараа болсон “Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд хонгор халзан соёолон маань дахин айрагдаж, нэг даага түрүүлэн нөгөө нь аман хүзүүдэн улс бүсийн чанартай наадмаас нэг түрүү, таван айраг хүртлээ. Түрүүлж, айрагдсан хүлгүүд маань цөм манай хар азарганы төлийн төлүүд.
-Аав хүү хоёр зэрэгцэж зогсоод морьдоо цоллуулж байхыг харах бахтай байсан шүү?
-Говь шанхад түрүүлсэн цэгээн даага, Дүнжингаравт тавд давхисан хүрэн болон сая улсад айрагддаг хүрэн шүдлэн хоёрын төрсөн дүү нь байгаа юм. Эцэг эх нэгтэй гурван үрээ ийнхүү цөм  хурдлах нь тийм ч элбэг биш байх шүү. Цэгээн даага энэ жил овооны тахилга наадамд бас нэг түрүүлсэн. Харин аман хүзүүддэг зээрд нь болохоор манай хар азарганы төлийн төл байгаа юм. Эцэг нь Ах зээрд гээд хурдан азарга байсан ч өнгөрсөн жил эндчихсэн. Харин эх нь болохоор Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намхайн Энхсайханы адууны хонгор гүү. Энхсайхан ах улсад хул даагаа түрүүлгэж байсан шүү дээ.
-Аав хүү хоёр сүүлийн жилүүдэд амжилттай сайхан наадаж буй. Төрийн зарлигт наадмаас хичнээн айраг түрүү аваад байгаа вэ?
-Энэ жил төрийнхөө наадамд унаган хоёр адуугаа айрагдуулж, нутаг ус, дээдсийнхээ нэрийг дуудуулаад зогсох сайхан  л байлаа. Өнгөрсөн хугацаанд аав бид хоёр улс, бүсийн наадмаас таван түрүү, 11 айраг хүртсэн байна лээ. Аав дөрвөн түрүү, таван айргийн амжилтаар улсын Алдарт уяач болсныг та бүхэн мэдэх байх. Энэ жил би нэг түрүү, таван айраг хүртэж  амжилтаа ахиуллаа. Аавын минь олон жилийн хөдөлмөрийн үр шим гарч, унаган адуунууд хурдалж байна.
- Адуу малын арилжаа наймаа  их хийж байна уу?
-Худалдаж авахын тухайд үгүй ээ. Сая хэлсэнчлэн өөрийнхөө  унаган адуугаар наадаж байна. Энэ жил 30 гаруй морь уяхад сондгой тамгатай гуравхан морь байсан нь Рэнцэнпүрэв ахын адуу байсан.
-Ингэхэд орон нутагтаа наадаж байна уу?
-Аймгийн баяр наадамд манай ах аймгийн  Алдарт уяач Эрдэнэтөгсийн хүрэн соёолон хол түрүүлсэн. Хүрэн үрээ манай хүрэн азарганы төл байгаа юм. Наранхүү гишүүн Дундговь аймгаас улсын баяр наадамд амжилт гаргасан хүмүүсийг урамшуулан хоёр өрөө байр, айрагдуулсан уяачдад арав, арван сая төгрөг өгсөн шүү дээ. Танай сэтгүүлээр дамжуулан бидний амжилтыг өндөр үнэлэн, уяачдыг  урамшуулсан Наранхүү гишүүндээ баярласнаа илэрхийлье. 
-Ярилцсанд баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна