Уяач Б.Баярдорж: Аавынхаа адуу хариулж явсан энэ хөндийд нэрийг нь гаргалаа

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 25 -нд

-Төрийнхөө наадамд шүдлэн айрагдуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Анх удаа төрийнхөө наадамд морь айрагдуулж байгаа нь энэ. Үнэхээр их баяртай байна.
-Анх удаа улсын наадамд морь мордуулж байна уу?
-Тиймээ, өмнө нь Төв аймгийн Жаргалант, Партизан хавиар л нааддаг байсан. Харин энэ жилээс улсынхаа наадамд морьдоо мордуулж, халхын хурдан хүлгүүдийн тоосонд хутгалаа. Шүдлэн, хязаалан мордуулж, шүдлэн нь айрагдаж, хул хязаалан маань гучин хэдээр давхисан.
-Айрагдана гэсэн тооцоо байв уу?
-Наадмын өмнөх сунгаануудад миний хүрэнгийн өмнө ганцхан монгол бусад нь дан эрлийз үрээнүүд ирж байсан юм. Тийм болохоор эрлийз үрээнүүд нь хасагдвал айрагдана гэж бодож байсан шүү. Улсын наадмын дараа Булган аймгийг зорьж, хангайн бүсийн уралдаанд хул хязаалангаа айргийн тавд давхиулан, хүрэн шүдлэн 11-ээр оруулсан.
-Хул хязаалан чинь хаанахын адуу вэ? Өмнө нь ямар амжилт гаргаж байсан юм бэ?
-Хүрэн шүдлэн бол миний унаган адуу. Харин хул үрээний тухайд дааганд нь Булган аймгийн Могод сумын уугуул “Морин Эрдэнэ” галын гишүүн Н.Базаргарьд гээд найз маань бэлэглэсэн юм. Хул үрээ Жаргалантын Баяраа гэж хүний адуу юм билээ. Эх нь тэдний унаган гүү. Эцэг нь болохоор тэдний Суман халзан гээд улсад  түрүүлж байсан азарганы төл гэсэн. Хул үрээ маань өнгөрсөн жил  хоёр удаа сунгаад тавьсан битүү шахуу үрээ л дээ.  
- Ингэхэд хүрэн үрээний эзэн хэзээнээс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон юм бэ?
-Дээр үед манайх одоо энэ улсын баяр наадам болж байгаа талбайд нутагладаг байсан юм. Аав минь олноо Чойндон гэж алдаршсан Балдорж гэж олон адуутай, адуунд дуртай хүн байлаа.
-Наадам болж буй талбай гэдэг нь ...?
-Хүйн долоон худаг. Миний бага нас энэ хөндийд морин дэл дээр өнгөрсөн юм. Сургууль соёлоо төгсөөд гадаадад олон жил амьдарч байгаад 2011 онд эргэн ирж, морь сонирхон цуглуулсан. Дорнод, Сүхбаатар, хуучин морин тойруулга гээд аль л удам угшил сайтай гэсэн газруудаас адуу цуглуулж, дээдсийнхээ үйл хэргийг залгамжилсан. Олон жилийн хөдөлмөрийн үр шим түрүүчээсээ гарч гайгүй хурдалчихаар үрээнүүд төрж л байна. Энэ жил л гэхэд хэдэн сайхан эр унага гарсан. Ирэх жилээс  уяна даа. Одоохондоо миний хувьд эр болгоныг нь уяж үзэх гээд ид хорхойсдог үе нь. /инээв/
- Таны морьдын уяа, сойлгыг хэн тааруулдаг билээ?
-Түвдэн Манлайн хүү Батцоож Алдарт маань тааруулдаг. Бид Төмөр замын 73 дугаар сургуулийн төгсөлт. Багаасаа хамт морь унаж, өнөөдрийг хүртэл  гэмгүй сайхан найзалж байна.
-Адуу цуглуулснаас хойш 20-иод жилийн дараа төрийн наадмын анхны айргийг хүртлээ шүү дээ. Морь айрагдах агшинд юу бодогддог юм бэ?
-Аавынхаа нэрийг гаргасандаа хамгийн ихээр  баярласан. Миний аав 1990 оноос хойш Хэнтий, Сүхбаатар, Увс гээд Монголын хурдтай гэсэн газруудаас адуу цуглуулсан. 300-гаад адуу цуглуулан, Хүй долоо худгаар олон жил нутагласан хүн. Аавынхаа адуугаа хариулж явсан тэр хөндийд нэрийг нь гарган, төрийн наадмаас хишиг хүртэнэ гэдэг миний чин хүсэл байсан. Түүнийгээ гүйцээлээ. Миний аав маань Завхан аймгийн Цагаанхайрхан сумын хүн. Аавынхаа нутгаар овоглож, эмээгээ амьд сэрүүнд нь баярлууллаа. Сайхан байна.
-Аав тань улсын наадамд оролцож байсан л байлгүй?
-Тэгэлгүй яахав. Аавын уясан морьд улсын наадамд 11, 12-оор давхиж байснаас айрагдсан удаагүй. Эцгийн хийгээгүйг хүү нь гүйцээж, азарганы хүрээгүйд унага нь хүрнэ гэдэг шиг аавынхаа хүслийг биелүүллээ. Цаашлаад аавынхаа надад өвлүүлсэн Монгол уламжлал соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх болно.
-Морьтон түмний соёлыг түгээгч эрхэм таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна