МУ-ын Манлай уяач Т.Гантөмөр: Манайхан гурван үеэрээ, 10 их насны морь түрүүлгэсэн

Тэлмэн
2015 оны 10-р сарын 05 -нд

Хурдан морь уяж сойх үйлсэд амжилт гарган, түмэндээ хүндлэгдэж, төрдөө үнэлэгдсэн удамт уяачдын нэг нь Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Дэлгэрийн Туваанжав, түүний хүү МУ-ын Манлай уяач Туваанжавын Гантөмөр нар юм. Хурдан хээр морио аймгийнхаа наадамд хоёр түрүүлгэж, гурав айрагдуулсан Д.Туваанжав агсан 1994 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртэж байсан бол хүү Т.Гантөмөр нь 2012 онд МУ-ын Алдарт уяач, 2014 онд МУ-ын Манлай уяач цолны эзэн болж, дээдсийнхээ алдрыг өргөсөн юм.
Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж, төр түмнээ цэнгүүлж буй шинэхэн Манлайг сэтгүүлийнхээ зочин хойморт урьж, халуун хууч дэлгэлээ. Уншигч та таалан болгооно уу.

-Хонь жилийн сар шинийн босгон дээр МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Төрийн тэргүүнээс цолоо гардан авах тэр агшинд сэтгэлд дотно, ойр бүхнээ дурсдаг юм билээ хэмээн нэгэн оролцогч маань ярьж байсан. Таны хувьд...?
-Цол авах тухайгаа урьдаас мэдчихсэн учраас сэтгэл хөдлөх нь  харьцангуй бага ч төрсөн нутаг ус, эцэг эхээ хамгийн түрүүнд санагалздаг юм билээ.Миний төрсөн нутаг говь, хангай хосолсон онцгой сайхан газар л даа. Сургуулийн амралтаар ачааны машин дээр суучихсан Ентүм хайрханыхаа араар, Таван толгойнхоо хойд руу бууж явахад төрсөн нутаг Хар азаргын нуруу, сумын төв харагдаад л гэрээ санасан надад их л сайхан байдаг байсан нь сэтгэлд хоногшжээ. Энэ олон жилийн турш тэр л мэдрэмжээрээ нутгаа бодож санадаг юм. Сая цол авах агшинд ч тэр танил өнгө төрхөөрөө нүдэнд харагдаж байна лээ.
-Аав минь харсан бол ... гэсэн бодол  төрж л байсан байх?
-Тэгэлгүй яахав, морь айрагдаж, түрүүлэх бүрт аавыгаа боддог.Манай аав бол ясны уяач хүн. Хар багаасаа адуу маллаж, цэргээс ирснээсээ хойш  60 жилийн турш хурдан морь уяж, нэг насаа адууны захад өнгөрөөсөн дөө.
-Таны аав Засагт ханы хошуунаас төрсөн улсын цолтой уяачдын нэг. Аавынхаа тухай дурсамжаас хуваалцаач?
-Манай аав 1920 онд одоогийн Халиун сумын нутаг Ентүм хэмээх хайрханы бэлд төрсөн. Эцэг эхээс долуулаа, айлын дөрөв  дэх хүүхэд. Аавыг нь Дэлгэр, өвөөг нь Өлзийбаяр гэдэг байсан.
-Танайхныг удам дамжсан уяачид хэмээдэг. Дэлгэр гуай морь мал уяж байсан болов уу?
-Уядаг байсан гэнэ лээ.  Энэ тухай аав ээж минь их л ярьдаг байсан. Ямартаа ч аавын том ах Хэнтий аймагт цэргийн дарга байх үед нь манай өвөө эргэж очоод ирэхдээ  “их сайхан адуу малтай хурдтай газар юм.  Хоер гурван дориун үрээ аваад ирэх юмсан гэж их л бодлоо, даанч хол юм даа  гэж ярьж байсан гэдэг. Өвөөгийн үед овоо тахилгын наадам л болдог, түүнд морио уралдуулдаг байсан гэнэ лээ.
-Тэгвэл аав тань хэдий үеэс уяачийнхаа гарааг эхэлсэн гэдэг вэ?
-Хөдөөний хүүхэд моринд томдоод л уясан байх даа. Таван жилийн цэргийн албыг Дорнод аймгийн Матад сумнаа хааж, наймдугаар морьт дивизийн пулемет сумангийн тасгийн дарга байсан гэдэг. Цэрэгт байхдаа чөлөөлөх дайнд оролцон Хятадын Жеке хот орж байснаа дурсан “Хятадууд их ядуу хэцүү амьдардаг юм билээ” гэж ярьдаг байсан. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Зөвлөлт Монголын ‘’Бид ялав”, “Победа над Японией”медалиар шагнуулсан. Мөн цэргийн гавьяаны Цагаан морьт одонтой хүн байсан. Цэрэгт байхдаа бичиг үсэг сурч, түүнийхээ ачаар насаараа худалдааны байгууллагад ажилласан.
-Худалдааны байгууллага гэдэг нь тэр үеийн агент уу?
-Худалдааны байгууллагыг тэр үедээ сумын хоршоо, сүүлдээ худалдаа бэлтгэлийн анги гэдэг байсан. Манай аав сумын агент, худалдааны нярав, дэлгүүрийн худалдагч, сургуулийн комендант зэрэг ажлыг тэтгэвэрт гартлаа тасралтгүй хийсэн юм.Тэтгэвэрт гарсан хойноо ч гэсэн дөрвөн жил ажилласан. Худалдагчийн I дүгээр зэрэгтэй байсан байгаа юм.
-Ажлынхаа завсар зайгаар морио уях уу?
-Тэр үед говийн бүсэд малчин 75, албан хаагч 16 тооны малтай байна гээд заачихдаг байсан. 16-гийнх нь найм нь бод байж болно. Аав ажилчин, албан хаагч болохоор найман бодтой байх ёстой. Тэр цөөхөн малын алийг нь унаж, алийг нь уях вэ дээ. Тиймээс аав малчин найз, ах дүү нарынхаа нэр дээр ганц нэг мал тоолуулж, уядаг голдуу хэдэн морьтой үлдсэн гэж ярьдаг юм.
-Аавын нэртэй ямар хурдан хүлгүүд байв?
-Хамгийн их нэрд гарсан нь хурдан хээр морь нь юм даа. 1959 онд Халиун сум үүсгэн  байгууллагдсаны анхны наадамд түрүүлж байсан юм байна лээ. Тэр үед  хээр морийг унаж байсан Чоёгийн  Даваадаш гуай одоо 70 хүрч байна. Дээхнэ үед МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад сүүлд элчин сайд, консулаар ажиллаж байсан даа.  Хэдэн жилийн өмнө уулзахад хээр морийг ярьж л байна лээ. Манай аавын тэр хээр морь аймгийн наадамд зургаа уралдаад гурав түрүүлж, гурав айрагдсан. Нэг удаа түрүүлж ирээд тугны доохно талд  хүүхэд нь унаад зуларчихсан гэдэг. Би 1964, 1965 оны аймгийн наадмуудад хээр морийг унаж уралдуулсан. Эхний жил бариан дээр гурван морь яг цуг ирээд, манай хээр зөв талд нь,  Халиун сумын Ядамцоогийн  хээр дунд нь, буруу талд нь Түмэн сумын Бавуугийн хүрэн морь байсан чинь бариач хүрнийг нь түрүүлээд барьчихсан. Яагаад тэгсэн гэсэн чинь Түмэн сум аймгийн төвтэй залгаа сум учраас хүрэн морийг таньдаг байж л дээ. Дээр нь тэр жил Завханаас сүрхий хурдан хээр морь ирсэн гэсэн яриа гараад манай морийг түүнтэй андуурч барилгүй, гуравт явсан Бавуугийн хүрнийг барьчихсан юм гэнэ лээ.Түүнээс болоод манай сумын нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Лодойхүү гуай нэлээдгүй бухимдаж, аав  маань ч шаралхсандаа бай  шагналаа аваагүй, наадам нэгээр дуусахгүй гээд явчихсан юм гэдэг.
-Дараа жил нь даагаа нэхэж чадсан уу?
-Чадсаан. 1965 оны наадамд би унаж түрүүлгээд, 1966 онд Ганбаатар гэдэг хүүхэд унаж бас түрүүлгэсэн. Түүнээс хойш 5-6 жилийн дараа дахин аймгийн наадамд очиж 12-оор нэг давхиад, 22-тойдоо сумынхаа наадамд аман хүзүүдээд зодог тайлсан даа.
-Аймгийн наадамд хоёр түрүүлж, гурав айрагдаж. Харин сумынхаа наадамд  хэд түрүүлж, айрагдсан бэ?
-Суманд зургаа, долоо түрүүлсэн гэнэ лээ. Цээл суманд болсон сумдын бүсийн фестивальд тасархай хол түрүүлж байсан гэдэг.
-Хээр морь танай өөрийн адуу юу?
-Өөрийн унаган адуу. Манай аавд нэг сайхан шар хээр азарга байсан юм гэнэ лээ. Тэр  азарганы төл хоёр хээр морь гарч, бага хээрийг нь Гүр гээд дүү нь авсан гэсэн, өөрөө том хээрийг нь авсан гэдэг. Гүр ахын хээр бас их хурдалж, аймгийн наадамд айрагдаж байсан юм билээ. Хурдан хээрээс гадна аавд аймагт айрагдаж, суманд хэд хэд түрүүлсэн халиун морь байлаа. Бас нэг бор үрээ аймгийн наадамд айрагдаж л байсан. Ер нь аавын минь магнайг тэнийлгэсэн олон сайхан хурдан хүлгүүд байсаан. Аав маань нэг удаа “хурдан морь хүнийг олонтой танилцуулах юмаа, аймгийн төвд ажил төрөл хөөцөлдөж, семинар зөвлөгөөнд очихоор нөгөө хурдан морьтой Туваанжав уу” гээд  хүмүүс андахгүй юм гэж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Хэдэн онд МУ-ын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-1994 онд Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс МУ-ын Алдарт уяач цол олгож байлаа. Тэр жил манай аймгаас аав, Тайширын Жамсран гуай хоёр Алдарт уяач болж, 34, 35 дахь үнэмлэхийг авч бaйсан. Тэр үед Баяр наадмын тухай хууль гэж батлагдаагүй, сайн уяачдаа орон нутаг тодорхойлж, жилдээ цөөн хүнд өгдөг байлаа шүү дээ.
-Одоо та цолны хувьд ааваасаа дээгүүрт эрэмбэлэгдэх нь?
-Цолны хувьд бол тийм. Гэхдээ ааваасаа илүү уяач болчихсон гэвэл ёстой инээдмийн хэрэг болох байх. Аавынхаа хэмжээнд хүрч морь уяж, таних хол байна. Манай аав “хүн болгон морь уяж чадна. Харин мориндоо уяаг нь тааруулж сурч байж сая уяач болдог” гэдэг байсан. Өөрөөр хэлбэл, сунгаанд хэдээр давхиж байгаагаар нь бус, мориныхоо ерөнхий байдлыг харж дүгнэ гэсэн үг л дээ. Сунгаанд хойгуур ирсэн байсан ч уяа нь таарсан бол нэмж ажил хийх хэрэггүй гэсэн санаа юм уу даа.
-Адуу болгон өөр уяатай. Түүнийг мэдэрч чаддаг нь уяач гэдэг?
-Яг тийм. Морь уях явцад морио харж ажиглаад хөлс, давхил, идэш хэр зэрэг таарч байгааг мэдэж байж л уяна гэсэн үг л дээ. Хээр морь гэхэд уяа нь таараад ирэхээр номхроод үс нь бүрзийгээд уяан дээрээ унтаад л баих жишээтэй. Аав хээр мориндоо тэр үед гаатай хатуу чихэр өгнө дуртай ч гэж жигтэйхэн байсан. Наадмаар айрагдсан моринд цол өгдөг байлаа, манай хээр морь Жимст Алтайн Живэрт хээр гэдэг цолтой байсан.
Манай Халиун сум чинь  эрт дээр үеэсээ сайн уяачид олонтой. Дээр  үедээ Дадиг Жонон гэж мундаг уяач байж. Жонон гэдэг нь тэр үеийн цол хэргэм юм уу даа. Түүний дараагийн үе гэвэл манай ааваас хэд дүү Цэдэнгийн Зэвэг гэж сайн уяач байна. Одоо нас сүүдэр 80 хүрчихээд морь хатгаад  л явж байна. Зүүн тийшээ яривал Бадарч, Жамсран, Тавхнага нарын сайн уяачид байлаа. Хойд тал Олонбулаг бригадад гэвэл Хөх Гарьд  Жамбал, Нохойвал нарын сайн уяачдыг нэрлэж болно. Манай нутаг хялгана ихтэй. Тиймээс дээхнэ үеийн уяачид ууландаа гарч морьдоо уядаг байсан юм. Намайг багад өдөр нь доошоо бууж сунгаагаа хийчихээд, орой нь 12,13 км явж уулынхаа модонд очиж морьдоо идүүлдэг байлаа. Сүүлд сум байгуулагдсаны дараа Халиуны хоолойд морь уях болж, аав маань “халуун, нам дор,таана хөмөөл, хялгана ихтэй газар морь уяхад бэрх юм” гэдэгсэн.
-Бас ч амаргүй л байсан байх?
-Тэр үе чинь ажил төрөл, төлөвлөгөө норм гээд одоотой адил хүссэн газар луугаа явж уралдах боломжгүй байлаа шүү дээ. Аймаг руу очиход бас 100 гаруй километр хол, одооных шиг ачина гэж байх биш. Тэгээд ч ажлаас чөлөө олдохгүй зарим жил нь аймагруу явж чаддаггүй байсан юм билээ. Би  хэд хэдэн ч удаа аавыгаа “аргагүй сайн уяач” гэдгийг мэдэрсэн. Надад Дархан хул гэдэг бага насандаа байнга түрүүлсэн хурдан морь байлаа. Аав “энэ томроод нэг их гавихгүй байх, их уртлаг, тэгээд олон ясны уулзахаараа зайтай, сүвээний зай ихтэй юм, нас гүйцээд бие нь хүндрээд цуцаатай болох байх” гэж байсан, нээрээ л базаагаагүй дээ. 1979 онд манай сумын 20 жилийн ой болсон юм. Тэр үед зоо технигч Монтгорын “Шувуун цагаан” гээд зартай хурдан морь сунгаан дээр тасархай түрүүлсэн. Аавын их насны халиун морь бас л их сайн байсан. Морь явдаг өглөө аав надад “Монтгор цагаан морио уяаг нь хэтрүүлээд хоолыг нь арай багадуулчихаж, би хараад ирлээ. Миний халиун морь өнөөдөр түрүүлнэ ээ” гэж байсан. Тэр цагаан морь нээрээ л үзүүр дээрээ нам суусан даа. Манай халиун морь хол түрүүлж байсан. Манай аавыг “ООЖОО” гэж авгайлдаг юм. Нутгийнхан Оожоо энийг үзээд өгөөч, уяа нь хэр байна, хөлс авах уу яах уу гээд л ер нь ааваас их асууна, зөвлөгөө их авна. Зарим нь хэлж өгсөнгүй гээд гомддог гэсэн. Морийг уяж, унаж, эдэлж байж уяаг нь олохоос зүгээр хүний морийг харчихаад бүгдийг мэддэг юм гэж хаа байхав дээ, тэгэхээр л хэлж өгсөнгүй гээд байх юм гээд л ярьдаг байсан.
-Туваанжав Алдартын хөвгүүдээс танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?
-Бид эцэг эхээс наймуулаа, тав нь хүү. Би дээрээ нэг ахтай. Айлын хоёр дахь хүүхэд. Ер нь хамгийн ойр, бас эрчимтэй уяж байгаа нь л  би. Манай ах өөрөө морь уяад яваад байдаггүй юм. Ня-бо, эдийн засагч болохоор их суудаг зав зай муутай байдаг байсан байх. Харин спорт тоглоомд их хорхойтой хүн дээ. Миний дараагийн дүү нар морь уяна аа.
-Шинэхэн Манлай уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлсэн бэ? Ихэнх хүмүүс моринд томдож хасагдаад, дунд сургуулийн сурагч байхдаа анхны айргаа хүртсэн байдаг?
-Би ч гэсэн тэдний л нэг. Манайх сумын төвийн айл учраас зуны амралтаараа ах дүү нарындаа очиж морь унадаг. Би долоотой хурдан морь унаж сурсан байх, ид үе нь хээр морийг унаж аймгийн наадамд түрүүлгэдэг 1964, 1965 он. Биерхүү хүүхэд байсан юм болов уу даа, тав, зургаан жил унаад л мориноос хасагдсан. Моринд томдсон хүүхдийн дараагийн ажил бол морь уях. Сургууль тарлаа, хөдөө явж морь уяна. 10 дугаар анги төгстлөө жил алгасалгүй морь уясан даа. Айраг, түрүүний тухайд есдүгээр ангид байхад аав маань нэг бор үрээ өгч, тэр нь сумын наадамд түрүүлсэн. Ер нь аав маань хүүхдэдээ эр, эм гэлтгүй морь зааж өгдөг. Манай бага дүү Сэлэнгээд өгсөн хүрэн морь гэхэд л суманд олон айрагдаж, түрүүлж “Сэлэнгэ хүрэн” хэмээн нэрлэгддэг байсан.  Ер нь манай тэр хавиар хүүхдийн нэртэй,  ялангуяа охидын нэртэй хурдан морь олон шүү. /инээв/ ‘‘Ошка хээр’’, ‘’Золоо хээр’’ гэх мэт.
-Анхны айргаа есдүгээр ангидаа хүртжээ дээ?
-Миний нэртэй морь боловч, аавын нэр дээр цоллогдоно шүү дээ. Миний өөрийн анхны айраг, түрүү гэвэл 1994 оны аймгийн наадамд хүрэн морио түрүүлгэсэн явдал юм даа. Тэр бол миний хамгийн анхны том амжилт. Түүнээс хойш би аймгийн наадамд их насны таван  морь түрүүлгэсэн. Аймгийн баяр наадмын их насны 10 түрүүг манайхан авсан байдаг юм. Тэр болгон давтагдаад байх амжилт биш л байх.
-Манайхан гэдэг нь ... ?
-Миний аавын уясан их насны  морь аймгийн наадамд гурав түрүүлж байсан бол, миний  морьд зургаа түрүүлсэн. Харин сүүлд хүүгийн маань хүрэн морь түрүүлж, манайхан гурван үеэрээ аймгийнхаа баяр наадамд 10 удаа их насны морь түрүүлгэсэн байна лээ. Миний Сүхбаатар аймгаас авсан Сарт хээр морь маань дөрвөн жил дараалан түрүүлж, “Дархан түмэн’’ их цол авч, дараа нь халзан морь, хүрэн зүсмийн морьд аймгийнхаа наадмыг өнгөлсөн дөө.
-Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эмч мэргэжлээр дүүргэсэн. Энэ таны сонголт уу?
-Тиймээ, тэгэлгүй яахав. Би уг нь тооны хичээлдээ их сайн байсан, тэр чиглэлээрээ сураад инженер болсон бол миний одоогийн хийж байгаа ажилтай их дүйх байсан  байх.
-Тэгээд яагаад малын эмч мэргэжлийг сонгосон юм бэ?
-Хурдан морь унаад уралдаж байхад малын эмч нар  машинтай дагадаг. Аав маань гуйж байгаад тэдний машинд сууж морь дагадаг байлаа.Тэгээд л малын эмч гэдэг “морь дагадаг юм байна” гэсэн бодол төрсөн байх. Хуваарь  сонгохдоо малын эмчийн ангийг сонгосон.
-Гэхдээ сургууль төгссөн даруйд морь мал уяагүй байх. 2000-гаад оны үеэс идэвхтэй уясан гэж боддог?
-1990 оноос хойш тасралтгүй уяж байгаа. Намын дээд сургуульд хоёр жил гаруй сурахдаа морь уяагүй. ХААИС-д таван жил сурахдаа жаахан хөндийрсөн байх. Тэрний дараа удирдах албан тушаал хашаад зургаа, долоон жил уяагүй. Тэгж байгаад 1991, 92 оны үеэс хувийн бизнес эрхлэх болсноос хойш мориноос холдоогүй дээ.
-Хэдий үеэс улс, бүсийн чанартай томоохон наадмуудад оролцох болсон бэ?
-1998 онд анхны “Их хурд” уралдаанд Говь-Алтай аймгаасаа азарга, их насны морьтой ирж уралдаж байлаа. 28 хоногийн өмнө ирж, гэр бариад ах дүү, нутаг усныхнаараа цуглаж ярьж хөөрөн сайхан байсан шүү. Ер нь манай аймгийн төдийгүй бусад аймгийн уяачдын хувьд улс, бүсийн чанартай наадамд  очиж уралдах хүсэл, сэтгэл зүй “Их хурд”-аас бий болсон юм шүү. Би тэгж боддог.
-Монголын анхны бүсийн наадмуудын нэг Говь-Алтай аймагт зохиогдож байсан.Дэлгэрийн даншигт таны хар азарга аман хүзүүнд хурдалсан байдаг шүү дээ. Хар азарга хаанахын адуу вэ?
-Завхан аймгийн Сонгино сумын харьяат Намсрай гэдэг хүний адуу. Сонгино сумандаа  их сайн хурдалж байсан адуу л даа. Тэр хавийнхаа наадамд байнга түрүүлдэг, авъя гээд  хүмүүс очдог байсан гэдэг. Тэр үеийн нэг сонин дээр “Айдасын давааг зүүдэлсэн хар азарга” гээд том нийтлэл гарч байсан шүү дээ. 1997 оны Дэлгэрийн даншигт уралдахаар ирсэн байхад нь би хүнээр заалгаж очоод Намсрай гуайтай уулзан наймаа хийсэн юм.
-Нэлээдгүй өндөр үнэ амласан гэдэг?
-Тухайн үеийн таван сая төгрөг гэдэг чамлахаар ханш биш л дээ. Хар азарга Дэлгэрийн даншигт аман хүзүүдээд, улсын наадамд хоёр очиж уралдсан. Бас анхны “Их хурд”-д очиж уралдсан нь уяаны алдаанаас болоод бодож байсан хэмжээний амжилт үзүүлээгүй л дээ. Гэхдээ гайхалтай хурдан адуу. Үүнтэй хэн ч маргахгүй байх.
-Уяаны алдаа гэдэг нь хоол уу?
-Намсрай гуай надад  хар азаргаа өгөхдөө “хэтэрхий сайн уях гэж оролдоод дэмий шүү. Зөнгөөрөө  явдаг адуу байгаа юм. Үд  хүртэл адуунд нь байлгаж байгаад барьж бай. Бага зэргийн хөлс ав, битгий их уралдуул” гэж семинардсан байхгүй юу. Тэр заавраар нь уяад алдаа гаргасан. Хар азарга хурдан адуу. Гэхдээ  орон нутагтаа тэгж уяад түрүүлдэг байж. Их хурд бол өөр шүү дээ. Халхын шилэгдмэл азарганууд ирж байгаа. Тэр уралдаанд тийн зөнгөөр нь байлгаад яаж амжилт гаргах вэ дээ. Энэ бол миний л алдаа л даа. Их хурдын дараа жил Морин тойруулгын дарга байсан Даваадорж гуайн уяанд нэгдээд уясан л даа. Айдасын даваан дээр эхний азаргуудтай  гарч ирээд л суусан. Уяа нь л таараагүй байх. Одоо төлүүд нь аймаг, сумын наадамд сайхан л давхиж байна.
-2003 онд Завхан аймгийн 80 жилийн ойд хүрэн соёолон аман хүзүүнд  хурдлуулсан байдаг. Тэр хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Балдан гэдэг хүнээс авсан юм. Хүрэн үрээ  улсын наадамд түрүүлсэн Цэрэнжигмэдийн Асгат сааралтай нэг хайрцганд уралддаг байсан адуу.
-Нэг хайрцганд аа ...?
-Айргийн таван морийг тэгж нэрлэдэг шүү дээ. Би азарган соёолон аваад улсын наадамд 16-гаар нэг давхиулсан. Их хадуурдаг  адуу л даа. Тийм биш байсан бол илүү амжилт үзүүлэх байсан. 2005 онд Увсад болсон бүсийн наадамд айрагдсан Сарт хээр бас Сүхбаатарын адуу. Аймгийн наадамд дөрөв түрүүлчихээд Увсад айрагдаж байгаа нь тэр.
-2006 онд Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадамд гурваар давхисан хул мориныхоо тухайд юу хэлэхсэн бол?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу. Сумандаа түрүүлээд, Дорноговийн даншигт 11-ээр давхисан морийг Цогоо гэдэг хүнээс авч байсан юм. Улсын наадамд хоёр уралдуулаад айрагдуулж чадаагүй ч дээгүүр давхиж байсан.
-2008 оны “Алтайн унага” баруун бүсийн наадамд дөрвөөр давхисан халиун азарга бас Сүхбаатарын адуу гэдэг биз дээ?
-Тиймээ, Халзангийн адуу. Аянга халиун гэдэг адуу л даа. Шүдлэндээ гурав хоногийн зайтай Халзан, Асгат суманд хол түрүүлээд байхад нь би авсан юм.
-Аянга цахилгаан шиг хурдан байхыг бэлгэдсэн нэр үү?
-Үгүй ээ, шүдлэндээ аянганд цохиулж байсан юм билээ. Тэгээд л “Аянга” гэсэн юм. Би хязаалан аваад 2005 онд соёолонд нь улсад уралдуулах гэсэн, хөл нь болоогүй. Би нэг үе Даваахүү Тод манлайг дагаж морь уядаг байсан. Тийм болохоороо ч “уяаны багшаа” гэдэг юм. Их мундаг хүн шүү дээ. Зөвхөн уяачийнхаа тухайд бус, хувь хүнийхээ хувьд ч гүндүүгүй жинхэнэ сайхан монгол эр дээ. Тэр халиун үрээ их сайн байсан ч доголчихсон. Тод манлай бид хоёр ярьж байгаад нэг тарилга хийчихсэн чинь  овоо болчихсон. Би явуулчихмаар санагдаад болдоггүй, тэгээд Даваахүү гуайгаас асуусан чинь “эзэн нь л мэдэж дээ. Уг нь тэсээд өнжчихмөөр л байгаа юм” гэсэн. Би тэсэлгүй явуулчихсан чинь хөлний бэртэл нь сэдэрч, доголчихсон. Түүнээс хойш гурван жил өнжөөгөөд 2008 онд Ховдын баруун бүсийн наадамд гурваар давхиулсан.
-Амжилтын цувааг тань харж байхад 2010 оноос хойш айраг, түрүү алдаагүй байна лээ. Баярын магнай тэнийлгэсэн буянт хүлгүүдээ танилцуулаач?
-Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн наадамд таваар давхисан даага манай унаган адуу. Сүхбаатарт байгаа адуундаа Алтайгаас  гүү аваачиж тавиад гарсан төл. Харин дөрвөөр давхисан өндөр хүрэн хязаалан маань Дорнодын адуу байгаа юм.
-Манлай баруун бүсийн наадмуудад амжилт арвин нааддаг. Жишээ нь, 2011 онд Увсад болсон баруун бүсийн наадам байна?
-Миний хээр морь таваар давхисан.
-2012 онд төрийн наадмын анхны айргаа хүртсэн. Нуман хээр айрагдсан тэр жилийн наадам нандин дурсамж үлдээгээ байлгүй?
- Уяач болгон л төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулах хүсэлтэй явдаг. Тэр хүслээ гүйцээх мэдээж сайхан байлгүй яахав.Зорилгодоо хүрэх шиг баяр баясал ер хаана байхав. Нуман хээр бол даагандаа жижиг уралдаануудад тодорчихсон адуу.  Халзан сумын Эрдэнэдалайгийнд манай адуу байдаг. Хүү Эрдэнэбилэгтэй нь  манай дүү, хүү  хоер  найз. Эрдэнэбилэг хээр үрээг дааганд нь нэг найздаа бэлэглэчихсэн юм билээ. Тэр залууг даагаа зарж магадгүй гэж манай хүүд хэлсэн байсан, тэгээд л Анужин гэдэг залуугаас манайд ирсэн юм.
-Баян-Өлгийн баруун бүсийн наадамд түрүүлсэн алаг даага унаган адуу юу?
-Сүхбаатарын адуу. Дааганд нь би уяж баруун бүсэд түрүүлгэсэн юм.
-2013 оны уралдаануудад амжилт үзүүлсэн хурдан хүлгүүдийн тань удам угшлыг сонирхож болох уу?
-“Дүнжингаравын хурд” уралдаанд 15-аар давхисан халиун соёолон манай унаган адуу. Харин улсын наадамд 11-ээр давхисан бор морь бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Мөнхбаяр гэдэг залуугийн адуу. Онгон сумынхаа наадамд  аман хүзүүдэж байсан юм билээ. Улсын наадмын дараа Гиннесийн амжилтанд бүртгүүлэх уралдааны баруун бүсийн ангилалд дөрвөөр давхисан. Их сайн морь. Улсын наадамд бараг айрагдчихаар байсан шүү. Авчирсан жилээ тэжээчихсэн чинь хөл нь жаахан эвгүйдчихсэн. Тэгэхээр нь хавар гурван сард Говь-Алтай руу явуулж, хатуу хөрстэй газар бэлчээрээр идээшлүүлж,бага зэрэг унаж эдлүүлж байгаад  зургаан сард авчирсан. Тэгсэн улс “хүүе, юу болгочихвоо, наадах чинь одоо болохоо байчихаж” гээд л байсан. Би болохоор “өвөл тэжээгдээд, хавар Алтайн хөх салхинд уягдчихсан адуу. Энэ жил уралдана аа” гэсэн юм. Тэр жилийн улсын наадамд Бат-Эрдэнэ Тод манлайн “Түмэн эх” хүрэн морь түрүүлж, Энхтайваны хонгор халзан морь аман хүзүүдэж, Ерөөлтийн халзан гурвалж, Бандгай Ганхуягийн бор дөрөвлөн, Амарбаясгалангийн хүрэн халзан таваар давхисан шүү дээ. Эхний хоёр морь гарсан цагаасаа өнгөлж, дараагийн арваад морьдон дунд нь манай бор, Түмэн эх хүрэн гээд явж байсан юм. Тэгсэн барианд орохоос 4-5 км дутуу байхад манай хүүхэд бор морио нөгөө хэдээс тасалж эхний хоёр морь луу  аваачиж уралдаад буруудсаан. Тэр чигээрээ явсан бол яагаа ч билээ гэж боддог юм. Гэхдээ дараа нь Гиннесийн уралдаанд айрагдаж, Алтайн хөх салхины шидийг харуулсаан. 
-“Отгонтэнгэрийн хурд” хангайн бүсийн уралдаанд гурваар давхиж, өнөө жил амжилтаа бататгасан буурал соёолонгийн талаар яриач. Эрдэнэцагааны адуу гэдэг билүү?
-Мөн. Сүхбаатарын Эрдэнэцагааны гаралтай адуу. Гэхдээ манай зэлэн дээр гарсан унага. Би энд тэндээс гүү нэлээд авдаг. Буурал үрээ Эрдэнэцагаанаас авсан гүүнээс гарсан. Даага, шүдлэндээ уягдалгүй өнжөөд хязааландаа анх уягдан улсад бас ч гайгүй  давхисаан.  Долдугаар сарын 20-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын ойд уралдуулаад хол түрүүлсэн, дараа нь  Завхан явж “Отгонтэнгэрийн хурд”-д гурваар давхисан. Харин өнгөрсөн жил дунд сунгаан гэхэд л уяа нь ханачихсан, хурдыг нь хадгалах үлдээд байсан. Буурал соёолон улсын наадамд дөрвөөр давхиад, Ховдод болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн.
-Өнгөрсөн жилийн улсын наадамд 13-аар давхисан хээр морь  ямар удам угшилтай адуу вэ?
-Тэр хээр морь Дарьганга сумын адуу. Морин уралдаан идэвхжсэн өнөө цагт унаган морио /их насны/ улсын наадамд айрагдуулна гэдэг  хүнд болсон байна шүү дээ. Би сайн гүү цуглуулаад, сайн азарга тавьсан. Тэглээ гээд  улсад түрүүлж, айрагдах  морь гарна гэдэг санасан зоргоор болохгүй л дээ. Тиймээс  их насны сайн моринд сураг ажиг тавинаа. Өөрөө ч авна, манай хүүхдүүд ч авна. Тэгж сураг ажиг тавьж байгаад л бор мориныхоо дараа хээр морио авсан. Дарьганга хавьдаа сайн давхиж байсан адуу л даа. Улсын наадамд арав гаргаж давхиад, Ховдын даншигт түрүүлсэн шүү дээ.
-Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг хүртэн одтой сайхан наадсан. Олон ястны өлгий нутаг танд хайр хишгээ харамгүй хайрладаг бололтой.
-Тийм шүү. Ховдын наадам сайхан болдог. Өнгөрсөн жил л гэхэд хээр морь, буурал соёолон хоёр маань түрүүлж, халиун даага, хонгор морь аман хүзүүдсэн. Бас даагандаа баруун бүсэд түрүүлж байсан манай уяаны Даваацэрэнгийн алаг хязаалан аман хүзүүнд хурдалсан.
-Наадмын хишгийг нутгийн олонтой хуваалцаж буйгаа дуулгахыг сонсох сайхан л байлаа.
-Би Ховд руу явж чадаагүй. Хүүхдүүд залгаад “бай шагнал нь нэлээд өндөр юм байна” гэхээр нь ахтайгаа ярьж байгаад нутаг оронд нь шагналын хишиг хүртээж үлдээгээрэй гэсэн юм. Тэгээд манай хэд ярьж байгаад “Бага олимп” спортын арга хэмжээний зохион байгуулалтанд таван сая, аймгийнх нь МСУХ-нд таван сая, ахмадуудыг асардаг төвд нь таван сая, нийт 15 сая төгрөгийг хандивласан юм.
-Яриаг тань сонсож байхад адуу сайн авчээ. Нууц биш бол хамгийн дээд тал нь хэд хүргэж авч байв?
-Би голдуу Сүхбаатараас адуу авдаг. Нэгдүгээрт хурдтай. Хоёрдугаарт, таньдаг мэддэг хүн олонтой. Сураг ажиг тавьж, асууж тодруулж байгаад адуу мал авахад амар байдаг юм. Анх 2002, 2003 оны үед Сүхбаатараас адуу авах гээд хүүхдүүдтэй цуг явсан. Хаанаас, хэнээс авах уу гээд их сургуульд хамт суралцаж байсан найзуудтайгаа  ярилцаж байгаад Асгат орохоор боллоо. Тэгээд замдаа хүүхдэдээ “Азаа үзье. Хамгийн анх таарсан морьтой хүнтэй уулзаад, дагаад явна шүү ” гэж хэлээд удаагүй байтал цагаан морь хөтөлчихсөн настай хүн таарсан. Мажиг гэдэг хүн байсан. Тохирсон ёсоороо нөгөө хүнтэй уулзаад хэрэг зоригоо хэлтэл “манай энд адуу малтай улс бий, бий. Манай хүүхдийн адуугаар ч  очиж үз” гээд.  Тэгээд л гэрт нь очиж цай цүү уучихаад,өвгөнийг аваад явсан. Олон сайхан улстай уулзаж, сайн ч адуу авсан. Түүнээс хойш олон сайхан найз нөхөдтэй болж, жил алгасахгүй шахуу явж адуу мал авч байна даа. Хүмүүс амралтаа аваад нутаг руугаа явдаг шүү дээ. Тэрэн шиг би жил болгон шахам Сүхбаатар луу явдаг юм. Тэгэхдээ өөрийн чинь бодож байгаачлан тэгтэл нь өндөр үнэ хүргэн авч байгаагүй ээ. Хамгийн дээд тал нь 40 саяар л нэг үрээ  авсан. Гол төлөв Сүхбаатараас авдаг ч  Увс, Завхан, Хөвсгөл зэрэг баруун аймгаас бас адуу авсаан. Даваадорж гуайн үед морин тойруулгаас ч гүү авч л байлаа.
-Зорьж авсан адуу урам хугалж байсан удаагүй бололтой. Яриаг тань сонсож байхад авчраад давхиулсан гэх юм?
-Тийм шүү. Авсан болгон шахуу давхисан даа. Манай дүү нар бас адуу танихдаа гайгүй. Отгонбаяр гээд хүргэн дүү маань адуу мал танихдаа сайн. Удам угшлыг нь ч сайн мэднэ. Ер нь тэгээд адуунд удам их  чухал шүү дээ.
-Танай адуу хаана байдаг вэ?
-Сүхбаатарын Халзанд  нэг хэсэг нь бий. Сүүлийн үед уяачаа дагаад Дорноговь руу адуугаа аваачсан. Эрт дулаардаг адуунд ээлтэй сайхан газар байна лээ. Задгай бэлчээр адуунд чухал шүү дээ.
-Танай уяач хэн билээ?
-Энд бол Нямбаатар гэдэг залуу бий. Бид Нямбаа л гэдэг юм. Гярхай, мундаг залуу л даа. 
-Хавар эрт бэлчээрт гаргах нь илүү байна уу?
-Яг ч тийм биш л дээ. Би хоёр жил тэгж туршсан юм. Хавар эрт ногоонд гаргаад хажуугаар нь тэжээчихье гэж бодоод Лүн сумаас цаашаа  өвс ургамал сайтай газар таван сард адуугаа гаргасан чинь шальдаггүй юм билээ.Тэрний оронд ногоо үнэрлүүлэхгүй шууд  тэжээх нь илүү дээр юм билээ.
-Шинэ цагийн монгол адуу буюу эрлийз адууны тухайд таны бодлыг сонсмоор байна?
-Адууг хурдлуулах гэж үржүүлж байгаа учир эрлийзжүүлэхээс өөр аргагүй ээ. Би адуугаа эрлийзжүүлэх ажлыг жаахан хожуу эхэлсэн хүн  байгаа юм. Арваад жилийн өмнө Даваахүү Тод манлай “за даа, одоо эрлийз адуутай хүн л уралдана. Ганц нэг эрлийз үрээ аваач” гэж “Авзага”-ын Мэндээ бид хоёрт хэлж байсан юм. Мэндээ түүнийг нь арай эрт хэрэгжүүлээд, би нэлээд аажуу хэрэгжүүлж байгаа хүн. Хурдан адуутай болох гэж байгаа бол гарцаагүй эрлийзжүүлэх хэрэгтэй болж байна л даа. “Шинэ Монгол” гэдэг сайхан адуутай болно гэдэг чинь  сайхан биз дээ. Юм чинь өсч дэвжиж байх естой шүү дээ. Харин илүү тэсвэр, тэвчээртэй адуутай болох гэж байгаа бол монголоор нь үржүүлэх хэрэгтэй. Тэсвэр тэвчээрийн тухайд монгол адуунаас илүү  гарах мал байхгүй дээ.
Энэ жил улсын баяр наадмын их насанд морь нь тавд хурдалсан Архангайн Мөнхсайхан, Сэлэнгийн Одмандах нараас хэд хэдэн үрээ авсаан. Мөн манай хүү найз Бямбаагаасаа хурдан хээр азарганых нь төлийг авсан байна лээ. Аав нь нөгөө Өвөрхангайн Бүрдийн Пэрэнлэй шүү дээ. Бид нэг салбарынх учраас бие биенээ эртнээс мэднэ ээ. Ер нь тэгээд  эрлийз адуутай болох гээд жаал жуул хөөцөлдөж л байна.
-Цаг үеэ дагаад эрлийзжүүлэх нэг хэрэг. Ялгах салгах нь асуудал болж байна. Номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь идэж байсан хүний хувьд асуухад ялгах хамгийн шударга арга юу вэ?
-VI их хурлаар энэ асуудлыг хэлэлцэх үед би өөрийн санаа бодлоо тодорхой хэлсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр ялгах хамгийн энгийн арга бол мэдээж сэрвээний өндөр. Тиймээс сэрвээний өндрөө нэн тэргүүнд тогтоох хэрэгтэй. Хэт нам тогтоовол алсаараа адуугаа жижигрүүлэх сөрөг талтай. Тиймээс байж болох дундаж хэмжээг заагаад, тэр стандартаа баримтлан уралдуулах нь зүйтэй. Ялгаж салгахын тухайд уг нь хэн ч харсан мэдэгдэнэ шүү дээ. Гол нь комисс нэрээр олон хүнийг оролцуулдгаа болимоор байгаа юм. Ганц хоёр мэргэжлийн хүнд хариуцуулаад, гарсан үр дүнд хариуцлага тооцох механизмыг бий болгох хэрэгтэй. Комисс гэхээр хэн нэгэнд хариуцлага тохон хүлээлгэх боломжгүй болж, тэр сиймхийгээр сөрөг байдлууд бий болж байгаа юм. Бүхэл бүтэн улс байна даа. Эрлийз адуу ялгачих 2-3 шударга хүн олдох байлгүй дээ. Дээр нь тэр орчмын гар утасны сүлжээг унагаадаг төхөөрөмж байршуулах хэрэгтэй. Шүдэлгээний үед гадны нөлөө оруулахгүй л баймаар байна.
-Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар яриагаа үргэлжлүүлье.
-Би олон сайхан наадамд оролцож байсан даа. Гэхдээ анхны “Их хурд” уралдаан надад их сайхан санагддаг юм.Монголын өнцөг булан бүрээс уяачид, хурдан хүлгүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирсэн анхны наадамд л даа.Манай сумаас гэхэд л 40-өөд хүн очсон. Би Алтайгаас хэдэн гэр авчруулаад аав, ээж, гэр бүл, дүү нар болон  хотод байдаг  нагац нар садангуудаа  уриад хэд хоног сайхан хөөрөлдөцгөөсөн. Тэр манайхны хувьд өргөн сайхан уулзалт болсон шүү. Тэр жилийн цаг агаар ч янзын сайхан байлаа. Яваандаа манай аймаг, сумынхан гэр, майхантайгаа тойрч ирж буугаад Алтайнхны отго маягийн юм болсон. Айраг, түрүү аваагүй ч сэтгэлд хоногшсон сайхан наадам.Магадгүй аав, ээж минь амьд сэрүүн байсан болохоор тэгж санагддаг ч байж болох юм. Би тэр үед бичлэг хийж авсан. Аав минь голд нь суучихаад л ярьж хөөрөөд л сайхан шүү. Харин хүүхэд ахуй цагийн сайхан наадам гэвэл хээр морио аймагт түрүүлгэсэн тэр жилийн наадам. Гайхамшигтай сайхан санагддаг.
-Тантай уулзчихаад зөвхөн уяачийн тухайд яриад өнгөрч болохгүй байх. Хөдөлмөр, бүтээлийн тань талаар хэсэг ярилъя л даа. Хэдэн онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болж байсан бэ?
-2001 онд.
-Үйлдвэрүүд үүдээ барьж байхад та орон нутагтаа үйлдвэр байгуулна гээд зүтгэж явсан гэдэг. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-1991 онд хувийн аж ахуйтан болоод тэр үеийнхний нэгэн адилаар ганзагын наймаа хийж Хятад, Оросоор зөндөө л явсан.Тэр үед  наймаа хийгээд нугалсан ашиг олж чаддаг байлаа. Монголын ихэнх бизнесменүүд тэгж л боссон. Хэдэн төгрөгтэй болоод ирмэгцээ нэгдлийн даргаар ажиллаж байхдаа ярьдаг байсан “жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх” санаагаа хэрэгжүүлэхээр зорьж, түүндээ хүрсэн. Би чинь долоон үйлдвэр байгуулсан хүн  шүү.
-Ямар чиглэлийн үйлдвэрүүд байхав?
-Анхны үйлдвэрээ хүний юман дээр байгуулчихгүй санаатай 1994 онд барилга барьж, түүндээ үйлдвэрээ нээж байлаа шүү дээ. Өлөн боловсруулах үйлдвэрүүдийг  анх байгуулж, эхний хоёр жил боловсруулсан өлөнгөө Герман руу гаргасан. Дараа нь гурав, дөрвөн жил Хятад руу гаргасан. Тэгээд дараа нь бүрэн механикжсан эсгийний үйлдвэр байгуулсан. 2001 онд Ноос угаах үйлдвэр, 2007 онд Цахилгаан дамжуулах агаарын шугаман бетон тулгуур баганы үйлдвэр байгуулах  гээд л олон зүйлийг амжуулах гэж  зах зээлийн хүнд хэцүү үед их л зүтгэсэн дээ
-Алтай нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон чацарганы дарсыг танайх үйлдвэрлэдэг дуулдсан?
-Тиймээ. 1994 онд наймааны ашгаараа Орос болон Дарханаас 10.000 чацарганы, 5000 жимсний мод авчран тарьж байлаа. Хятадаас 2000 чацарганы мод авчирсан ч ургаагүй юм. Тэр үед надаас өөр жимс, ногоо тарьж байсан хүн байхгүй  байхаа.
-Жимстэй манатай л байсан байлгүй дээ?
-Тэгэхэд  авчирсан чацарганы мод маань одоо сайхан ургаж, хураасан жимсээрээ дарс үйлдвэрлэж байна. 1962 онд Хөдөлмөрийн баатар Лодойхүү гэдэг хүн Халиун суманд анх жимсний аж ахуй байгуулж, давжаа алим тарьсан юм. Жимсний аж ахуй эрхлэхийн тулд тодорхой хугацаанд модоо сэлбэдэг байх хэрэгтэй. Би гурав, дөрвөн жилийн өмнө 7000 модоор бас нэг сэлбэсэн. Дараа жил дахин нэг сайн сэлбэх санаатай байгаа. Яваандаа булаг бараадуулж, хэсэг газар мод суулгаад, нутгийн итгэл даах залуучуудад өгч  жимсийг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар авч байя гэж бодож байгаа юм. Шинэ суулгасан мод үр жимсээ өгтөл таван жилийн хугацаа шаарддаг. Тэр хугацаанд нь гарах бүхий л зардлыг бид өөрсдөө хариуцаж, мал амьтан орохооргүй сайхан хашаа хийж өгье гэж бодож байгаа.
-Сайхан санаа байна
-Энэ сайхан нутагт төрж, өссөний хувьд өөрийн чадах зүйлээ хийхсэн гэж боддог.Тэр утгаараа Алтай хотод таван давхар орчин үеийн шаардлагад нийцсэн буудал барьж байна. Энэ жил ашиглалтанд орчих байх. Би залуудаа бас нийгмийн идэвх гайгүй байсан. 1990 онд анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын 140 дүгээр тойрог Говь Алтай аймгийн Чандмань сумаас АИХ-ын депутатаар сонгогдож үндсэн хууль хэлэлцэн батлалцахад оролцож МАН (хуучин МАХН)-ын Онц их хурал болон дөрвөн удаагийн их хуралд сонгогдон оролцож, бага хурлын гишүүнээр 12 жил ажилласан. Орон нутагт ажиллаж байхдаа аймаг, сумын баяр наадмын морины комисст олон жил ажилласан даа.
-Санасан үйлс сэтгэлчлэн бүтэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлье.
-Баярлалаа. Энэ дашрамд нутгийнхандаа, морины найзууддаа, хурдан морины ид шидийг амилуулдаг унаач хүүхдүүддээ мэнд хүргэж сайн сайхныг хүсье. Мөн “Тод магнай” сэтгүүлийн  та бүхэнд ажлын амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №63

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.67.69

    Удам сайтай сайхан хүний үр удам үргэлж сайн явах юмаа. Гантөмөр гуайдаа үргэлж сайныг хүсэж байна. Урт наслах болтугай

    Reply