Морь уяж байхдаа...

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 12 -нд

Уяж байгаа морио хэдийд барих ёстойгоо залуу уяачид тэр бүр мэддэггүй. Морь барихдаа дээр дурьдсанчлан адууныхаа тарга, тэвээрэг, хүч зэрэгт тохируулах хэрэгтэй. Ахмад уяачид уяаны эхэн үед өглөө ес, арван цагийн орчим барихад гэмгүй гэлцдэг. Өөрөөр хэлбэл өдөр бүр барих цагаа аажим аажмаар урагшлуулна гэсэн үг юм.  Мөн өглөөгүүр морины ажил барагтай хийдэггүйг анзаарсан бизээ. Харин оройд нар жаргахаас өмнө буюу хар чийг унахаас өмнө тавихаа мэдэж байгаа байхаа.
Өглөө морио барьсны дараа баалгах буюу гэдсийг нь хөдөлгөх гэж чухал ажил бий. Баалгахдаа багахан буюу хөнгөн хүүхдээр унуулж уяаг зөөлөн тойруулах бөгөөд мөн л өдөр ирэх тусам хугацаагаа уртасгана. Морийг хатирч хөлслөх нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл хатирч, ергөх байдлаар мориныхоо сэвсийг нь задалж, гэдсийг нь хөдөлгөн баалгана. Зарим нэг уяачид хар гүйхээр нь явуулж баасыг нь авах гээд байдаг. Энэ нь хайлмал тос хөл рүүгээ орох муу талтай юм.
Морийг хэрхэн зөв хөлслөх вэ гэдэг бас залуу уяачдын түгээмэл тавьдаг асуултуудын нэг. Хусуур хүргэх тоолонд  морины мах нь шуугдаж байдаг хэмээн ахмад уяачид ярьдаг. Үүнийг сайн тооцох  хэрэгтэй. Хөлслөхдөө морины гэдсийг чанга хусдаггүй. Ялангуяа анх хөлсөлж байгаа адууны гэдсийг аль болох зөөлөн хусах хэрэгтэй. Зарим уяачид чанга хусаад цоройг нь татуулчихсан байдаг. Ингэсэн адуу маш амархан хөлгүй болдог муу  талтай. Хусуур хүргэх тоолонд мах шуугдаж байдаг тул тарган адууг өдөр бүр хөлсөлсөн ч болно. Гэхдээ зөөлөн маягаар хөлслөхөө мэдэж байгаа байх. Бага насны адууг арай  цөөн хөлсөлнө. Ахмад уяачид амсаж байхыг та бүхэн нэг бус удаа харсан байх. Хөлсний давслаг байдал тухайн морины очийг илтгэж байдаг. Давслаг амт суларчихвал морь очгүй болох нь хэмээн ярьдаг шүү дээ. Энэ нь хурдгүй болох нь гэсэнтэй утга нэг юм.
Хөөстэй холбоотой өөр нэгэн зүйл бол хоолны хор авах буюу хөөсөн хөлсийг авах юм. Уяаны ажил жигдрээд ирэхээр тухайн шөнийн хоолны хорыг авах буюу хөөсөн хөлсийг авах болдог.
Залуу уяач, морь сонирхогчдодоо зориулан хүргэдэг “Уяаны эрдэм” булангийн энэ удаагийн дугаарыг энэ хүрээд жаргааж байна. Эрхэм уншигч та бүхэн өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлийнхээ талаар редакцийн 9509-2992, 9401-2992 дугаарын утсанд холбогдох буюу todmagnai@ymail.com   гэсэн цахим хаягаар  илгээн хариулт авч болох юм.
"Тод магнай" сэтгүүл №67


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна