Б.Билэгдэмбэрэл: Монгол хурдан адууны хэв шинжийг хадгалсан, унаган уралдах сэтгэлтэй, бичиг баримттай адуу бий болгох нь миний хэтийн зорилго

Тэлмэн
2015 оны 10-р сарын 16 -нд

Адуу эх талаасаа 60,70-аас дээш хувь удамшдаг
Дадал, туршлага муутай залуухан сэтгүүлч морин уралдаан, монгол наадам, уяач, хурдан морьдын талаар өгүүлэх “Тод магнай” буланг /”Хийморь” сонины /хөтлөн явуулахаар болж, асуултандаа бүдэрч явсан арваад жилийн өмнө анх энэ хүнтэй уулзаж байлаа. Германаас ирээд удаагүй, сайн адуунд үнэ хайрладаггүй, Буган хээр гээд хурдан морьтой гэсэн бүдэг бадаг мэдээлэлтэй. Ний нуугүй хэлэхэд тэр үед юу асууж, ямар хариулт авч байснаа ч санадаггүй юм.  Өнгөрсөн хугацаанд Б.Билэгдэмбэрэл уяачтай цөөнгүй удаа уулзаж, баяр наадмын сэтгэгдэл хуваалцаж байсан ч энэ удаагийнх шиг өргөн сэдвээр өнө хуучилж байсангүй. Бидний яриа ийн эхэлсэн юм.
-Морин жилд МУ-ын Тод манлай уяач гэдэг эрхэм дээд цолыг хүртсэн танд юуны өмнө уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-За баярлалаа.
-Хичнээн жилийн хөдөлмөрийн үр шимээр энэ цолонд хүрч байгаа вэ?
-Ямар ч байсан арав гаруй жил морь уялаа. Үндсэндээ адуу үржүүлж, морь уяад арав гаруй жил болжээ.
-Арав гаруй жил гэхээр та харьцангуй богино хугацаанд энэ цолонд хүрсэн хүмүүсийн нэг  болж байна л даа?
- Яахав хүн бүр өөр өөрийнхөөрөө л бодох байх. Би бол ямар ч байсан тодорхой авах хугацаандаа л авлаа гэж бодож байна.
-Харьцангуй богино хугацаанд өндөр цолонд хүрсэн нь хурдны чиглэлээр адуу өсгөсөн ажлын чинь үр дүн гэж ойлгож болох уу?
-Үгүй яахав.  Миний амжилтын 50 орчим хувь нь монгол адууных. Тэгээд одоогийн хүмүүсийн ярьж байгаагаар шинэ монгол адууны нэг, хоёрдугаар үеийн эрлийз адууны амжилт ч тодорхой хувийг эзэлсэн. Энэ хугацаанд хурдны чиглэлийн адуу үржүүлэхдээ сайн монгол гүү цуглуулсан нь зөв зам, зөв шийдэл байжээ гэдгийг олж харж байна. Сайн адуу бий болоход ганцхан сайн азаргаар тогтохгүй, бараг 60, 70-аас дээш хувийг эх талаасаа удамшиж авна шүү дээ.
-Үүнээс арай өмнөх үеэс  ярилцъя. 2003,2004 оны үеэс л Төв аймгийн Лүн сумын харьяат  Билэгдэмбэрэл гэдэг нэр сонсогдож эхэлсэн. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн. Дээд удам сударт тань хурдан морины уяа сойлго тааруулж байсан уяач байсан эсэх гээд олон асуултад хариу нэхэгдэж байна?
-Яг манай удмаас морь мал уядаг хүн байгаагүй. Манай аав бол нам төрийн ажил хийж байсан төрийн хар хүн байсан. Аавын төрсөн ах, дүү нар нь Лүн суманд байдаг, би зуныхаа амралтаар авга нарынхаараа очиж, хөдөө гарч морь унадаг байлаа. Хурдан морь бол унаж байгаагүй ээ. Нутаг усны тухайд би Сэлэнгийн Хүдэрт төрж, Эрдэнэтэд өсөөд, Төв аймгийн Лүн суманд болон Төв аймгийн баруунтай Бөхөг хавиар том ахынхаа хадам Даваасүрэн гэдэг хүнийд  зуныхаа амралтыг өнгөрөөдөг хүүхэд байв. Тэгээд яахав аавынхаа нутгаар овоглодог. Манай аав олон үеэрээ Төв аймгийн Лүн сум, Өгөөмөр бригадад амьдарсан, олон сангийн аж ахуй байгуулалцсан гэж надад ярьдаг байсан. Тэгээд Хүдэрийн сангийн аж ахуйг байгуулалцаж явах үед нь би тэнд төрсөн байхгүй юу. Манайх олуулаа. Би бол Банзрагч гэдэг хүний бараг хамгийн бага хүүхэд нь.
-Танаас өөр морь уяж сойх дуртай хүн байна уу?
-Манайхан дотор яг над шиг ийм хоббитой хүн байхгүй. Сүүлийн үед л нийтээрээ сонирхдог болж байгаа юм л даа. Гэхдээ одоо бүгдээрээ зэрэгцэж морь уяад яахав дээ. Адуу мал уях чинь бас тийм амархан ч ажил биш.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ? Таныг Германд амьдарч байсан гэж сонссон?
-Тиймээ. Германаас 2002 онд ирээд ганц нэг гүү мал цуглуулаад л эхэлсэн дээ. Ер нь бол ХАА-тай ямар ч хамаагүй л хүн. Мэдээж энэ талаар мэргэжээгүй, энэ мэргэжлийн хүн биш. Гэхдээ л яахав ямар ч байсан ХААИС-д гурван жил гаруй докторант болоод явж байна. Өөр мэргэжлийн хүн учраас олон кридет авах ёстой гээд бакалавр, магистрын бүх кредитийг дуусгасан. Эхэндээ морио Дугараа, Бандгай нараар уяулж байгаад монгол хүн байж өөрөө морио уях ёстой гэж бодоод гардаж уях болсон. Одоо бол энэ хэдэн жаалууд, залуучуудтайгаа нийлээд морио уралдуулаад овоо хэдэн жил боллоо.
-Гаднаас ирэхэд чинь нийтээрээ л морь мал сонирхдог болчихсон байсан уу?
- Харьцангуй цөөхөн. Максын Ганбаа, Цандэлэг гээд цөөхөн л байсан.
-Анхны наадам, анхны айраг мартахын аргагүй гэдэг...
-Хамгийн анх сумын наадамд л уралдсан. Төв аймгийн Борнуур сумын Амараагаас даага авч, түүнтэй хамт уяад түрүүлгэж байлаа. Тэгээд 2003 оноос улсын наадамд уралдаж эхэлсэн дээ.
-Жилийн дараагаас л улсын наадамд уралдсан байх нь. Анхны улсын наадамдаа яаж наадаж байв?
-Төв аймаг улсын наадмын довонд ойрхон юм чинь шууд наашаа ирж уралдсан л даа.Улсад анх Сэлэнгээс авсан их насны зээрд морь арав дотор орсон. Борнуураас авсан шүдлэн үрээ 11-ээр давхисан. Бас нэг даага найм, есөөр давхиж муугүй амжилттай уралдсан.
-Улсын наадамд өнгөтэй наадаад урам орсон биз? Тэгээд хаанаас ямар адуунууд авсан бэ?
-Тиймээ. 2003 оны намраас эхлээд л гүү малаа их эрчимтэй цуглуулсан. 2003 онд Алтандөшийн Үст хул гээд хязаалан үрээ улсад айрагдсан. Нэлээн сайн хөтөлж явж байгаад үзүүртээ Гоё халиун, Үүлэн бор хоёрт дайруулаад гуравт орсон юм. Тэрний эзнийг нь сураглаж явсаар уяж байсан Манлай уяач Ноостын Түмэнбаяртай танилцаад, Сүхбаатарын Эрдэнэцагааны Магсар гэдэг хүний унаган адуу гэдэг сураг ажиг гаргаж, улмаар эзэнтэй нь холбогдож 8 дугаар сарын дундуур тэр хул үрээний эхийг авч байсан юм. Тэр хавиас нэлээн хэдэн гүү авсан л даа. Тэгээд л дандаа гүү цуглуулж эхэлсэн.
-Аль чигийн хичнээн гүү цуглуулсан бэ?
-Сүхбаатар, Хэнтий, Төв аймгаас, бас морин тойруулгын үлдэгдэл гүүнүүдээс ч цуглуулсан. Тэрбиш, Дугараа, Бандгай нараас хуучны морин тойруулгын цустай гүүнүүдийг авсан. Жишээлбэл, Соёмбо хүрний эх хүртэл надад байлаа. Одоо эргээд бодоход бусдаас арай түрүүлж сайн гүү цуглуулсандаа хожсон юм шигээ.
-Хэдий үеэс гаднаас адуу оруулж ирэх болсон юм бэ?
- 2004 онд Бандгай, Ганбат бид гурав Оросоос азарга авчирч байлаа. Эхлээд бид Москва орчмоос хоёр, гурван Араб азарга, нэг Англ Тракэн гүү, цэвэр Араб гүү авчирч байсан. Бүгд улаан паспорттой адуунууд.Тэгээд гүүнүүдээ хураалгасан.
-Монгол азарга авч байсан уу?
-Авалгүй яахав. Борнуураас Жамбалын хул гэдэг азаргыг авч байлаа. 1998 онд улсын наадамд хязааландаа түрүүлж байсан шүү дээ. Манлай уяач Сэдэдийн Жамбалын ухаа гэхээр морь сонирхогчид андахгүй дээ. Тэр хул азарганы төл их олон гүү надад бий. Тэдгээрээс гарсан төлийг нь хүн амьтанд бэлэг сэлтэнд өгөхөөр сайн давхилаа л гэдэг юм. Хул азаргыг 2003 онд уяад, улсад 24-өөр оруулаад, тэрнээс хойш уяагүй. Түүний охин төлүүд миний гүүнүүдийн суурь болсон. Би өөрийгөө боломжийн сайн гүүтэй л гэж боддог.
-Билэгдэмбэрэлийн Буган хээр гэж торгон жолоогоо өргүүлж байсан хүлэг бий. Тэр ямар удам угшилтай, ямар түүхтэй адуу байсан юм бэ?
-Тээр жил, 2004 оны үед юм даа. “Их хурд-3” уралдаанд Сүхбаатар аймгийн Асгат сумын Цэвэгжавын Буган хээр гэж аман хүзүүдсэн. Тэр намар нь би очиж авсан юм.
-Ер нь улс, бүсийн наадамд айрагт орж байсан, хурд танигдсан адуунуудыг авч байсан юм байна. Тухайн үедээ нэлээн үнэтэй авч байсан уу?
-Яахав, тухайн үедээ бас боломжийн л үнэтэй байсан. Бүр ч айхтар үнэтэй нь хаашаа юм. Гэхдээ есөн настай шинэ морь “Их хурд”-д айрагдсан үе шүү дээ. Бас Сүхбаатар аймагт 2005 онд түрүүлсэн хул азаргыг тэр жил авсан. Хул азарганы охин төл надад их бий.
-Буган хээр таны дээр ирээд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Эхний жил нь хээр морийг Дугараа уяад улсад 11-т давхисан. Дараа жил нь Бандгай уяад Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор айрагдсан боловч улсын наадам будилаад харамсалтайгаар хасагдсан.
-Ямар будилаан болсон юм бэ?
-Уг нь айрагдсан юм шүү дээ, хөөрхий минь. Хамгийн араас урагшаа зүтгэсээр айрагдсан даа. Би эхнээс нь бичлэг хийсэн байснаа барьчихаад үзүүлэх гэхээр комиссын гэр рүү нь намайг оруулдаггүй. Үнэхээр харамсалтай. Аргагүй хурдан, онцгой  монгол адуу. Миний нэр алдар дүүрч, харин тэр морийг л айрагдуулж чадаагүйдээ харамсдаг. Наадам зохион байгуулсан хариуцлагагүй улсуудаас л болсон. Намайг тэр гэр рүү оруулаад, миний камерын бичлэгийг үзчихсэн бол тэгээд л болчих байсан байхгүй юу.
-Өөрт тохиолдсон энэ явдлаас улбаалаад гарааны төхөөрөмжийн асуудлыг ярьж эхэлсэн байх нь ээ?

-Тиймээ. Тэгээд л ерөөсөө тэр наадмаас би гарааны төхөөрөмжийн асуудал ярьж, анх санаачилсан. Үнэнбүрэн бид хэд энэ дээр санал нийлж, би ийм байвал яадаг юм гээд хоёр гурван хэлбэрээр унадаг төхөөрөмжийн зургийг нь зураад л. Бидний санаачилсан тэр зурхай сайжирсаар өнөөдрийн түвшинд хүрлээ шүү дээ.
-Та анх хагас тойрог хэлбэртэй зурхайг ярьж байсан бил үү?
-Үгүй. Тэд нар бол анх хагас тойргийг ярьж байсан байхгүй юу. Би бол яахав дээ өнөө маргаашдаа хамгийн хурдан шийдчих арга энэ юм байнаа гэдгийг л хэлсэн.
 -Буган морь 2006 оноос хойш уралдаагүй юм уу?
-Тэр улсын баярын маргааш нь, 13-ны өдөр бид морьдоо алдаад, уяа нь жоохон алдарсан юм билээ. Уяа нь алдарчихсан морьдоо Архангайд аваачиж уралдуулаад цээж хөндүүртэй болгочихсон. Бандгай бид нар хатгах гэсэн чинь хатгуулдаггүй. Унагааж хатгах гэж байгаад эвгүй унагаагаад цагаан цоройг нь гэмтээгээд, жил гаруй хавтгайгаараа байсан. Энэ бүхнийг бүүр сүүлд нь л ойлгож байгаа юм л даа. Тэгээд бөгсөн бие нь урагшаагаа татчихсан юм шиг эвгүй болсон. Би ч ардын, анагаахын гээд төрөл бүрээр эмчилж байгаад ямар ч байсан хөл дээр нь босгож, сайхан болгож аваад өөрөө уяж 9-өөр нэг, 11-ээр нэг оруулсан. Яг эрүүл байсан шигээ явж чаддаггүй юм билээ. Би ч бас тааруухан уяа юм байлгүй. Тэгээд эр хүний нэг насанд таарах сайн морийг айрагдуулж чадаагүй. Сүүлийн үестээ уяж барих нь миний буруугаас л болсон байх. Энэ бол ховорхон заяах монгол адуу.
-Цавьдар азарганы тухайд бас дэлгэрүүлж ярих нь зүйтэй байх?
-Цавьдар азарга одоогоос яг арван жилийн өмнө Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 300 хэдэн хязаалан үрээ уралдахад хол түрүүлж байсан. Уг нь Дорнодын Цагаан-Овоогийн Мөнхчулуун гэж хүний адуу. Дээд гарал нь Түмэнцогтын Далантай өвгөний адуу юм байна лээ. Эх талаараа Мөнхчулууны адууны эрлийз цус орчихсон. Мөнхчулуун дааганд нь Батсайхан гэдэг найздаа бэлэглэсэн байсныг авсан. Морь шинжээч, хурдан адуу судлаач Батболд гэдэг хүн бол “ямар ч өө хэлж болохгүй монгол азаргануудын нэг” гэж хэлдэг юм. Буган морь бол хандгай хийцтэй гэж байгаа. Цавьдар азаргыг арслан маягийн хийцтэй, өөгүй адуу гэж ярьдаг. Ямар ч байсан монголд төрсөн хоёр хурдан монгол адуу надад заяасан.
-Дүнжингаравт түрүүлсний дараа оёгтой болсон гэдэг билүү?
-Цавьдар азарга 2007 онд түрүүлснийхээ дараа жоохон хоолтой, тарган байсан. Батсайхан нарын хэдэн улсууд бооцоотой уралдъя гэхээр нь би ч дотроо “Дүнжингаравт түрүүлчихсэн юм чинь” гэж бодоод, Бандгай ч хэт эрдсэн байх  хоолтой уралдуулаад амьсгалын замын зөөлөн эд, салстуудыг нь гэмтээчихсэн. Гэхдээ тэр уралдаанд аман хүзүүдсэн л дээ, хөөрхий. Салстууд нь урагдаж салбараад амьсгаа нь буруу чиглэлтэй болж, хамар нь дотогшоо хонхойгоод буруу амьсгалдаг болчихсон юм.
-Хурдан адууны амьсгалын эрхтэн гэмтчихээр уралдахад хэцүү л дээ.
-Ер нь уралдах нь битгий хэл юм болсон. Яахав би нэг юм аргалж байгаад дараа жилээс нь өөрөө уяж, Атарын 50 жилд нэг айрагдуулсан. Ёстой янз бүрээр үзэж, муу азаргаа ноолж ноолж байгаад л өөрөө нэг айрагдуулсан нь тэр. Тэгээд муу азаргаа зовоогоод яахав, төлийг нь авъя гээд гүү хураалгасан. Одоо түүний төл монгол эхтэй нэг сайн хязаалан үрээ бий. Бас нэг даага улсад 20-н хэдээр давхиж, Архангайн бүсэд наймаар орсон. Өнгөрсөн жил нэг шүдлэн үрээ 10-н хэдээр орж, Түмэнцогт сумын 60 жилээр аман хүзүүлсэн.
-МУ-ын Алдарт уяач цолыг хичнээн айраг, түрүүгээр авч байсан бэ?
-Улс бүсийн наадмын  найман айраг, түрүүгээр авч байсан. 
-Хэзээнээс гадны адуугаар цус сэлбэж монгол адууны хурдлах чадварыг сайжруулах ажлаа эхэлсэн юм бэ?
-Анх 2005, 2006 оны үед Энэбишийн Ганбатынд  Бандгай бид хэд морин тойруулгын  адууны бичлэгийг үзсэн юм.  Янзын гоё цавьдар халзан азарганы зураг гараад ирлээ. Энэ яадаг азарга юм гэсэн чинь Улсын наадамд гурав түрүүлээд, дөрөв айрагдсан адуу гэнэ. Тэгэхэд л би “Тэгвэл ийм л  адуутай болъё” гэж бодсон. Ийм адуутай болохын тулд яах уу гэхээр ойроор нь морин тойруулгын адууг анх яаж бий болгосон түүхийг сонирхоод, асууж сурж явсаар Дугараатай танилцсан юм. Дугараа бол тухайн үедээ морин тойруулга адуу маллаж байсан, удам угшлыг их сайн мэддэг, бүр их насны тойруулга хээр халзан морийг уяж “Их хурд”-д аман хүзүүлгэчихсэн байсан. Товчхондоо бол тухайн үеийнхээ хурдан адуу бий болгож байсан газарт ажиллаж байсан хүн байхгүй юу. Тэгээд л морин тойруулгын адууны үлдэгдэл гүүг цуглуулах ажилд орсон. Тэр үед сайн гүү авъя гэвэл идэшний адуунаас жоохон л үнэтэй байсан.  Ганбат, Дугараа, Бандгай гэсэн улсуудын зөвлөснөөр хэдэн сайхан гүүгээ цуглуулсан. Тухайлбал Дүнжингаравт аман хүзүүдэж, өнгөрсөн жил улсад орсон Бямбажаргалын халтарын эх байна. Цагаанбандийн Буянбаатарын хулын эх, миний хурдан хүрэн азарганы эх гээд л үнэхээрийн сайн гүүнүүд бий.
-Шилж сонгож авсан гүүнүүдээ ямар азарганд хураалгаж байсан бэ? Цэвэр азарга, монгол гүүнийхээ тохироог яаж хийдэг байсан бэ?
-Тухайн үедээ бас Бандгай, Дугараа нартай ярилцаж байгаад ерөнхийдөө хэлбэрийг нь тохируулж л тавьж байсан. Жил болгон гүүгээ шинээр хураалгадаг. Миний бодлоор энэ одоо ч гэсэн зөв арга юм шиг санагддаг. 
-Анхны төлүүд гарлаа. Таны бодож санасантай чинь хэр нийцэж байв?
-Миний санаа бол өвөг дээдсээс үлдээсэн судар номын дагуу Монголын хурдан адууны хэв шинжийг хадгалсан, унаган уралдах сэтгэлтэй, бичиг баримттай тийм л адуу бий болгох. Өөрөөр хэлбэл Үндэсний хурдан морины уралдаанд зохицсон, монголын хурдан морины хэв шинжийг хадгалсан, бэлчээрийн маллагаатай, байгалиасаа төрмөл уралдах сэтгэлтэй тийм адууг бий болгох нь миний хэтийн зорилго. 
-Хэв шинж гэдгийг та яг ямар утгаар нь хэлж байна вэ?
-Гадна бие нь. Гадна бие нь монголын хурдан адууны хэв шинжийг хадгалсан. Би өнөөдрийн нэгдүгээр үеийн эрлийз адууг хэлээгүй, магадгүй хоёрдугаар үеийн эрлийз адууг ч хэлээгүй  байж болно. Түүнээс цааших үеэс монгол адууны хэв шинж яригдах байх. Ер нь алсдаа ийм сайжирсан монгол адууг бий болгох. Мэдээж энэ бол нэг насны ажил биш байх л даа. Гэхдээ ямар ч байсан энэнд тодорхой хувь нэмэр оруулаад, албан ёсоор бичиг баримттай болгох суурийг нь тавьж байна. 
-Та унагануудаа бүртгэдэг үү?
-Бүртгэдэг. Дөнгөж төрсөн унаганы хэмжээ, хэлбэр, хүндийн жин бүгдийг нь хэмжинэ. Намар нь дахиж хэмжинэ, амжихгүй бол дараа жил нь хэмжинэ. Тэгээд харьцуулж үздэг юм.
-Монгол адуунд нутаг руугаа гүйх, өөрийнхөө төл гүү, байдсыг гишгэдэггүй, сүргээ хамгаалах гээд олон төрөлх чанарууд байдаг. Эрлийз адуунд эдгээр чанарууд байх уу?
-Байна.
-Тухайлбал?
-Би 10 гаруй жил адуу өсгөхдөө мэдээж чонотой газар байгаагүй болохоор сүргээ хамгаалах тал дээр ямрыг мэдэхгүй. Бусад талаараа бол монгол адуутай яг л адилхан.
-Гаднаас ирсэн адууг харж байхад гүү гишгэх нь хүртэл хүний оролцоотой байх юм байна шүү дээ?
-Миний адуунд очоод харахгүй юу. Бусад хүмүүсийн тухайд ямар адуугаар үржүүлэг хийж байгааг нь мэдэхгүй байна. Цагаан хуудастай адуу, улаан паспорттой адуу чинь хоорондоо өөр шүү дээ. 
- Ирландад адууны үржлийн студитэй нь танилцахад азарга хээлтүүлж байгааг процессоор нь бидэнд харуулсан. Бүх зүйл хүний оролцоотой юм билээ?
 -Тиймээ. Тэр чинь бол үнэ төлбөртэй үржил хийж байгаа байхгүй юу. Хурдан сайн удамтай азаргаар гүүгээ хээлтүүлэх гэж мөнгө төлж байгаа, нөгөө нь төлбөр авч байгаа бизнес. Тийм учраас хариуцлага алдах ёсгүй. Гүүнийх нь савны халууныг үзэж байгаад ороо нь орсон үед нэг л гишгэлтээр хээл авахуулах ёстой. Алдаа гаргаж болохгүй. Тэгэхээр энд хүний оролцоо байхаас өөр аргагүй. Энэ бол өөр асуудал.
-Цэвэр азаргыг монгол гүүнд тавиад нэгдүгээр үеийн эрлийз гарлаа. Нэгдүгээр үеийн үрээ, байдсаа цаашид аль тал руу нь татдаг вэ?
-Мэдээж сайжруулсан монгол адууг бий болгох гэж байгаа учраас буцаагаад охин төлүүдийг нь сайн монгол азарганд хураалгадаг. Эр төлүүдэд нь сайн монгол гүү өгч байгаа.
-Эндээс гарсан төлүүд нь аль талаа илүү дуурайж байна?
-Ер нь бол эх талаа л илүү дуурайна. Нэгдүгээр үеийн эрлийз гүүнээс гарсан нь хэлбэр хийц нь цэвэр тал руугаа. Нэгдүгээр үеийн эрлийз азарга, монгол гүүний дундаас гарсан нь нөгөөгөө бодвол арай монголжуу байдаг. Ер нь гүү талаа л илүү татаж байгаа юм. Англи нэгдүгээр үеийн эрлийз, Араб нэг дүгээр үеийн эрлийз. Англи Монголын хоёрдугаар үеийн эрлийз, Араб Монголын хоёрдугаар үеийн эрлийз. Цэвэр монгол адуу, англи монгол, араб монголын нэгдүгээр үеийн эрлийзийн дундаас гарсан гээд зургаан бүл адуун дээр судалгаагаа хийж байгаа. Гэхдээ одоохондоо яг тийм гэж хэлчих боломжгүй л байна. Хурдны хувьд бол аль нь ч хурдан юм байна лээ.
-Англи, араб адууны төлүүдийн ялгаа нь юу байхав?
-Мэдээж уралдуулах гэж бий болгосон адуу юм болохоор англи нь хурдан. Араб нь өл даах чадвартай, илүү тэсвэртэй. Цэвэр англи адуу бол ийм уралдаанд зориулагдсан адуу биш шүү дээ. Дэлхийн сонгодог уралдаанд зориулаад гурав, дөрвөн зуун жил бий болгочихсон, жүчээнээсээ л уралддаг адуу. Тэгэхээр энд ирээд анх үржилд орохдоо жоохон хэцүү, хүний анхаарал шаардана. Үр төл нь бол ямар ч тийм асуудал байхгүй. Миний цэвэр англи азарганы нэгдүгээр үеийн төл ч тэр, араб азарганы төл ч тэр яг л нутгийн монгол адуу шиг.
-Ерөөсөө л бэлчээрт  байж байх уу?
-Бэлчээрээрээ л байна. Нэгийг нь ч оруулж тэжээхгүй. Тэр битгий хэл 2002, 2003 онд авчирсан араб азарга 10-н хэдэн жил өвөл, зунгүй бэлчээрээр явж байна. Нэг ч удаа жүчээнд ороогүй. Мэдээж Сүхбаатар тийшээ нутаг нь сайхан л даа.
-Шинэ цагийн адуугаар амжилттай наадаж байгаа хүмүүстэй уулзахаар Билэгдэмбэрэл манлайн адуу гэцгээж байна. Тэгэхээр таны бий болгосон адуу сайн тарж байх шиг. Жишээлбэл саяын хаврын бүсийн уралдаанаас бэлхнээ харж болохоор байлаа?
-Тиймээ. Яг манай адуунаас энэ хаврын бүсийн уралдаануудад дөрөв тав нь орчихож байгаа юм. Улс бүсийн наадамд давхардсан тоогоор 80 гаруй айраг авсан. Миний хүрэн азарга бол улс, бүсийн наадамд тав уралдаж, хоёр түрүүлж, гурав аман хүзүүлсэн. Ганзоригийн Тэмүүлэнгийн халзан гэхэд тав, Төв аймгийн Сэргэлэнгийн Ган-Очирын хүрэн бараг тав орсон. Ингээд 15 айраг, түрүү байгаа биз. За тэгээд Буянбаатарын хул гурав, Цэрэнбалтавын хээр гурав, Мөнхтүвшингийн хээр гурав, Лувсанбалдангийн хээр тав, Бямбажаргалын хээр хоёр гээд л тооцоод үзвэл 80 гаруй юм болно. Ер нь тэгээд хаа сайгүй өгсөн дөө. Нэгдүгээр үеийн эрлийз адуугаа тэр болгон бүгдийг нь азарга болгож чадахгүй болохоор сонирхсон хүмүүст нь өгөөд явуулдаг. Эрлийз ганц л хээр морь бий. Үнэхээр онцгой төрсөн, хурдан амьтан бий. Даанч цагаа олж төрөөгүй юм чинь яахав. Морин тойруулгын хоёр халзан морь уралдаж байсан тэр үед төрсөн бол тэрэнтэй ур хийцээрээ ч, хурдаараа ч гэсэн өрсөлдөх байсан гэж боддог юм.
-Дан ганц шинэ цагийн адуунаас гадна монгол адуун сүрэг байгаа биздээ?
-Байгаа. Цэвэр монгол адуу нь зургаа дахь бүл адуу болж судалгааны ажилд орж байгаа.
-Монгол адуугаа уяж байгаа юу?
-Ганц нэгийг уяж л байгаа. Уралдаад түрүүлгээд байх нь миний зорилго биш. Би чинь судалж байгаа хүн шүү дээ. Судалж байгаа хүн чинь бас уралдуулж үзэж байх хэрэгтэй. Надад тийм олон морины хүүхэд ч олдохгүй болохоор нас насанд ганц хоёр л юм уядаг.
-Таны яриаг сонсож байхад Бандгай, Дугараа гээд шинэ цагийн адууг дэмждэг хүмүүстэй ойр дотно байсан байх юм?
-Шинэ цагийн адуу гэдэг хэлц жоохон буруу болсон шиг байгаа юм. Энэ чинь шинэ адуу болчихоогүй, эхний л эрлийз адуунууд шүү дээ.
-Тэгвэл таны бодлоор шинэ адуу бий болоход хичнээн хугацаа зарцуулагдах юм?
-Шинэ адуу нэлээн удаан хугацааны дараа бий болох байхаа. Миний бодлоор гурав, дөрөвдүгээр үе рүүгээ ороод ч юм уу, нутгийн монгол адуунаас арай хурдан тийм адуу бий болох л байх. Тухайлбал шарга азарга шиг ч байдаг юм уу. Шарга азарга бол цэвэр монгол адуу гэхэд хэцүү, сайжирчихсан монгол адуу шүү дээ. Хүмүүсийн гадуур ярьж байгаа шиг монголын бүх адууг эрлийзжүүлчихгүй шүү дээ. Би бол монголын сайжруулсан хурдан адууг л бий болгох гэж байгаагаас бэлчээрийн монгол адууг өөрчлөх гээгүй. Харин миний санаа зовж байгаа юм бол хүн болгон дор бүрнээ буруу зөрүү, янз бүрийн хаанах нь мэдэгдэхгүй азаргаар үржил хийгээд нутгийн бэлчээрийн монгол адуугаа байхгүй болгочих вий. Морь унахаа байсан, морио уургалахаа ч больсон, ачлага, уналганд хэрэглэхээ байсан гээд өв соёл талын зүйлүүд байхгүй болж байгаад харамсдаг.
-Санал нийлж байнаа. Хэн хүнгүй энэ тал дээр эмзэглэж явдаг шүү.
-Тийм учраас уяачид маань сайн, муу адуутай, эрлийз, монгол адуутай гэж маргахын оронд хоорондоо эв түнжинтэй байх хэрэгтэй гэж боддог юм. Миний адуу эрлийзжүүлж байгаа нь улсын хэмжээний юм биш шүү дээ. Энэ миний л судалгааны ажил.  Өнгөрсөн хугацаанд миний ажигласан зүйл бол мэдээж хамгийн хурдан нь Англи адуу, өл даах чадвар, тэсвэр тэвчээрийн хувьд араб адуу, дасан зохицох маш өндөр чадвартай нь Монгол адуу юм байна. Монгол адуу бол өөрийгөө хооллочихно, халуун хүйтнийг тэмцээд амьдарчихна, бэлчээрээр маллагаатай гэх мэт чадваруудтай байдаг.
-Таны бий болгож байгаа адуу саяын ярьсан гурван чанарыг л биедээ цогцлоосон байх ёстой юм уу?
-Ийм л зорилготой. Холын зайнд уралдахын тулд өл даах чадвартай, хөл, үе мөч сайтай, төрөлхийн хурдлах уралдах инстинктэй, зүрх зоригтой байх ёстой. Зарим адуу айлын хүүхэд алчих гээд л үсэрч цовхочсон, зүрх муутай адуу байдаг. Төрөлхийн уралдах инстинктэй англи адуу бол сэтгэл сайтай, зүрх зоригтой байдаг. Ингээд бодохоор унах хүүхдийн аюулгүй байдал тал дээр ч их хэрэгтэй юм шиг санагддаг.
-Эрлийз адуу даага, шүдлэндээ хэвийн байснаа хязаалан, соёолонгоосоо огцом өсөж байгааг анзаарснаа хүмүүс ярьцгааж байсан. Танд ийм зүйл анзаарагддаг уу?
-Ер нь морин тойруулга цустай эхтэй ч юм уу, эсвэл Сэлэнгэ, Дорнод, Завхан, Увс гаралтай эхээс гарсан төлүүд их өсгөлүүн. Бусад монгол гүүнээс гарсан нь бол боломжийн л өндөртэй. Гэхдээ ер нь том болох адуунууд угаасаа дааганаасаа л том байдаг даа. Сайн монгол адуу ер нь том л байдаг.
-Хурдны чиглэлээр өсгөж үржүүлж байгаа танай адуу монгол нутгаар нэлээд тарж байгаа. Хэр хэмжээнд үнэлэгдэж байгаа вэ?
-Адуугаа тэжээхээ бодоод заримыг нь овъёос, тэжээлээр солино. Намрынхаа хадлан тарианы хөлс хүчийг олох хэмжээний л байдаг даа. Манайхаас тийм их үнэтэй зарагдсан адуу байхгүй. Яахав сонирхсон нь ирээд л аваад явдаг. Голцуу миний танил, дүү нар, найз нөхдөөр дамжаад ганц нэг үрээ  надаас авдаг.
-Жилдээ хичнээн унага авдаг вэ?
-Тавиул адуутайгаа нийлээд жилдээ 300 орчим унага авна. Үүнээс 100 гаруй нь минийх. Манайх унага тамгалах баяраа Түмэнцогтод хийдэг. Тамганы баяр дээр очсон улсуудад бэлгэнд  өгнө. Тийм сайхан нутаг оронд нь адуугаа маллаж байгаа болохоор нутгийнхаа уул усыг аргадаж, хүүхэд залуучуудыг нь баярлуулан, дуу хуур үүсгэж, шагай харвана, морь уралдана, бөх барилдана. “Тамганы хишиг” гээд баримтат киног үзсэн байх. Тэр бол нэг удаагийн юм биш жил болгон л манайхны хийдэг ёслол байгаа юм.
-Танай залуучууд морь малаа унадаг уу?
-Манайхан бол өвөл зунгүй морь унана. Гэхдээ мотоцикльтой явах шаардлага ч бас гарна.
-Эрлийз адууг уналгад ашиглахад нуруу авах гэх мэт ямар нэг хүндрэл гарахгүй юу?
-Үгүй, үгүй. Амархан нуруу нь авагддаг гэх мэт өөрийн чинь асууж байгаа хүндрэл эрлийз адуунд одоогоор мэдэгдэхгүй л байна. Ер нь манай адуун дээр очиж үзээд, адуу маллаж байгаа залуучуудтай ярьж үзэх хэрэгтэй. Таван сайхан залуугийн нэг нь байнга адуундаа явдаг. Манайх нэгдүгээр үеийн эрлийз хэдэн морьдтой. Эд нарыгаа голцуу 30-40км газар эрэлд унадаг. Энэ адуунууд чинь тэсвэр, тэвчээртэй юм уу, хол явахад уналга дааж байна уу, монгол адуунаас ямар ялгаатай юм гээд асуувал тэд сайхан яриад өгнө.
-Монголд хэдий үеэс адууны цусыг сайжруулах, холдуулах, ялангуяа үүлдэр хооронд буюу өөр цусны адуутай нийлүүлж эхэлсэн байдаг юм бол? Өвгөн ноёны адууг цустай, зарим нь цэвэр монгол гээд байдаг.
-Миний таамаглаж байгаагаар эрт дээр үеэсээ л хаад ноёд болоод хөрөнгө мөнгөтэй баячууд нь адуугаа сайжруулах оролдлого хийсээр өнөөдрийг хүрсэн гэж би боддог. Магадгүй Өвгөн ноёноос өмнө ч байсан юм уу, хэн мэдлээ. Өвгөн ноёны тухайд ч тиймэрхүү ярианууд байдаг. Тэгээд АХ-аас хойш, Талбулагийн морин завод байгуулагдсанаас хойш ойлгомжтой. Ер нь байгаль адууг жижгэрүүлдэг байхгүй юу. Тэгэхээр байгалийн эсрэг тэгж л тэмцэж байсан болов уу гэж би ойлгодог. Сайжруулах маягаар өөр хооронд нь сүлэхээс гадна, өөр цустай адуугаар эрлийзжүүлэх оролдлого хийж байсан байх. Тийм ч учраас бүр Ардын хувьсгалаас өмнө Тоомсог адуу гэдэг яриа гарсан болов уу. Тоомсог үүлдрийн адуу гэж дэлхийд байхгүй. 1900-аад оны үед Томск орчимд Оросын морин дивиз байсан. Тэндээс Өвгөн ноён ч байдаг юм уу, хэн нэг нь адуу авчирсан байхгүй юу. Тэгэхээр Томскоос ирсэн адууг л тоомсог гээд нэрлэчихсэн хэрэг.
-Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн сантай ямар холбоотой хүн бэ? Ер нь яаж яваад энэ сангийн тэргүүнээр ажиллах болсон юм?
-Би Өвгөн ноёны жич хүү Бямбаа гэдэг залуутай танилцаж, олон жил нөхөрлөж байгаа хуурай ах дүүс. Тэр залуу надад санал тавиад, 2010 онд Галшараас 10-аад хүмүүстэй ирж сангийнхаа тамгыг надад өгсөн. Сан нь 2001 он үед байгуулагдсан юм шиг байна лээ. Тэгээд л би Хэнтийн аймгийн төвд Өвгөн ноёны хөшөөг олон уяач, хурдан адуу сонирхдог залуучууд, бизнесмэнүүдийн дэмжлэгтэйгээр босгосон. Харамсалтай нь хөшөө чанарын хувьд тааруу болсон. Одоо боржин чулуугаар шинэчлэх бодолтой л явж байна.
-Танаас өөр энэ ажлыг залгуулаад аваад явах хүн байна уу?
-Ер нь эрт дээр үеэсээ хаад ноёд, эрх мэдэлтэй улсууд л адууг сайжруулж ирсэн юм байна лээ. Тэрнээс жирийн ардуудад боломж ч байгаагүй. Морин тойруулга бол төрийн бодлогоор, мөнгө хөрөнгөөр хийгдсэн ажил. Жаргалант, Баруунхараагийн адуу хурдан байсан нь тойруулга адуу л яваад байгаа хэрэг. Цаашдаа олон залуучууд гарах байлгүй дээ.
-Хувийн чанартай асуулт байна. Энэ ажилд багагүй цаг зав, хөрөнгөө зориулж байна. Ер нь хичнээн хэмжээний хөрөнгө зарсан бэ?
-Яахав боломжийн л хөрөнгө мөнгө зарсан. Над шиг хөрөнгө мөнгө гаргасан залуучууд зөндөө байгаа. Надтай хамт халуунд халж, хүйтэнд хөрч энэ ажлыг хийлцсэн миний хань, гэр бүлийн маань бүх гишүүд болон  тэр олон залуучуудын үнэн сэтгэл, хөлс хөдөлмөр бол миний гаргасан хөрөнгө мөнгөнөөс  үнэтэй, басхүү чухал хөрөнгө оруулалт.
-ММСУХ-ны тэргүүлэгчдийн нэг. Холбооны ажилд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Ерөөсөө оролцдоггүй.
-Яагаад?
-Зав болохгүй юм даа. Хөдөө хэдэн хүнээр хэдэн мал маллуулчихаад сууж байгаа биш. Ний нуугүй хэлэхэд миний хийж байгаа ажилд зав зай гарахгүй л юм. Яахав, улсуудын ярьж хөөрч байгаа, гаргаж байгаа шийдвэр гээд зарим нэгэн юман дээр нь бол санал гомдол хэлмээр санагдаж л байдаг. Жишээ нь хэдхэн хүний нүдээр адууг ийм тийм гэж ялгах асуудал 21-р зуунд учир дутагдалтай.
-Энэ талаар яг асуух гэж байлаа. Таны бодлоор эрлийз, монгол адууг яаж ялгах вэ?
-Ер нь тэр бол хамгийн буруу.
-Ялгах нь буруу юм уу? Ялгаж байгаа арга нь буруу юм уу?
-Ялгаж байгаа арга нь буруу. Мэдээж энэ хоёр адуу чинь ялгаатай юм чинь ялгаж болно. Эрлийз адуу сайн, муу янз янз байна. Монгол адуу битгий хэл юу ч гүйцэхгүй эрлийз ч байгаа. Тийм болохоор одоогийн ялгаж байгаа механизмийг би тийм таатайгаар хэлмээргүй л байна. Цөөхөн хэдэн хүний нүдэн баримжаагаар ялгана гэдгийг би ойлгохгүй байна ш дээ. Нэгэнт л цусаар ялгаж чадахгүй, бичиг баримтаар тодорхойлж чадахгүйгээс хойш ямар ч байсан талбай засаад л тэр өндрөөр нь үзэх хэрэгтэй. Хэд болгодог юм тэрийгээ өөрсдөө шийддэг юм байгаа биз, шинжлэх ухааны үүднээс. Харин нүдээр бол ялгаж болохгүй.
-Сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдлыг харгалзах ёстой юу, үгүй юу?
-Үүлдэрлэг байдал гэж яаж ялгах юм. Өчнөөн жил уралдчихаад одоо ялгана гэдэг чинь тэнэг хэрэг л дээ.
-Та үүлдэрлэг байдлыг тооцож үзэх хэрэггүй гэсэн бодолтой байна уу?
-Үгүй ээ үгүй. Үүлдэрлэг байдал гэдэгт чинь нүдэн баримжаагаар л ялгах гээд байгаа байхгүй юу.Дахин хэлэхэд одоо чинь 21-р зуун шүү дээ
-Үүлдэрлэг байдал гэдэгтээ биеийн ерөнхий хэлбэр хийц, дэл сүүл гээд үзүүлэлтүүдийг үздэг биздээ?
-Онон Тод манлай нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Дэлдэн чихтэй бөх түрүүлээд дэлдэгнэж байхыг харсан уу? Дэл, сүүл ихтэй адуу түрүүлээд сагсагнаж байхыг харсан уу? Ер нь тэгээд судар номон дээр чинь хурдан адуу гоё чихтэй, урт сайхан хүзүүтэй, дөрвөн чацтай, дэл сүүл шингэнтэй гэж байдаг биздээ. Тийм адууг л бий болгох гэж байж дэл сүүл өтгөнтэй адуу гэж ярих гээд байх юм. Өндрөөр нь үзэхээс  Нүдээр үзэх бол утгагүй.
-Улс, бүсийн чанартай хэд хэдэн уралдааны дараа морьдын амжилтыг нь түтгэлзүүллээ.Энэ байдал даамжирвал Монгол наадам, морин уралдааны мөн чанар, утга учир алдагдаж, наадамчид баясаж, цэнгэж сэтгэлийн таашаал авах аргагүй болох аястай. Заримдаа ч үнэн зөвөөр нь ялгаж чадахгүй юм бол “хамтад нь уралдуулчихвал яасан юм” гэж хүртэл бодох юм?
- Би чамтай санал нэг байна. Түрүүлж ирснийг нь хасна гэдэг чинь хурдныг нь хасаж байна гэсэн үг биздээ. Ялгахгүй бол сайн л байна. Дуламсүрэн, Санжаадоржийн нүдээр ялгаж болохгүй ш дээ. Талбай, шал засаж өгөөд шүдлэхдээ гаргадаг шиг хэмжээд л гаргачих. Ингэвэл цаашдаа маргаангүй л болно. Нэг хоёр л хүн маргалдана биз. Тэгэхгүй бол энэ маргаан хэзээ ч дуусахгүй, энэ уяач нар хэзээ ч эвтэй болохгүй.
-Үнэхээр энэ зүгт таагүй уур амьсгал, хар дүр зургууд харагдах болсон шүү.
-Тийм. Аягүй муухай бие биенийгээ заналхийсэн, эв түнжингүй аймаар байдал үүсч байгаа. Монгол улс өнөөдрөөс л шинээр эрлийз адуу уралдуулаад байгаа бол өөр хэрэг. Бид нар энүүгээр чинь их олон жил уралдчихсан байхгүй юу. Бараг 1940-өөд оноос хойш. Тэгээд л би жоохон хатуухан үг хэлчих гээд байдаг юм. 60000 уяач бий. Тэд бүгд хурдан адуугүй ш дээ. Бүгд л сайн адуу бий болгоё, сайн адуутай болъё  гэж бодож байгаа. Бүгдэд нь нэг нэг эрлийз үрээ өгчих юм бол хасахаа больчихно доо. Бүгдээрээ морь уралдуулах дуртай, сайн удамтай эрлийз өгөх юм бол авахгүй гэх хүн нэг ч байхгүй. Тийм байж хурдан адуугаа хасах бол надад утгагүй санагдаад байгаа юм.
-Нэг ийм юм асуумаар санагдаж байна л даа. Хурдан морь уях болсон 13 жилийн хугацаанд хамгийн сайхан нь ямар наадам байв?
-2007, 2008 оны үед л сайхан байлаа даа. Морь будилахаа больчихсон, хүмүүс хэрэлдэхээ больчихсон байлаа. Ёстой хурдан адуугаар уралдаж байсан даа. Тэгээд л сүүлдээ хэрэлдэж эхэлсэн. Уяач гэдэг улсууд дотроо янз бүр л байх шиг байна. Үнэхээр адуу мал уяж сойх дуртай уяач нар байна. Үүгээр бизнес хийх сонирхолтой нь ч байна. Зарим нь бол нэр алдар олох сонирхолтой байна. Гэхдээ яахав аль нь ч ямар ч байсан үр хойчдоо монгол хүн морь уяж уралдуулдаг юм аа гэдгийг үлдээж л байгаа хэрэг. Үүнтэй үндэсний маш их өв соёл хамт явдаг шүү дээ.
-Хаврын уралдаан ер нь хэр зохистой вэ? Ялангуяа таны бий болгоод байгаа адуунд хаврын уралдаан зохимжтой юу?
-Уралдаж болно. Гэхдээ адуу мал гэхээсээ илүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь хандуулаад байгаа энэ нөхцөл байдалд бараг уралдуулахаа больчихсон нь ч дээр юм шиг санагдаад байгаа. Ер нь алсдаа ийм хэрүүл маргаантай байх юм бол монгол хүн морио унаж болохоо байх янзтай. Энэ чинь нөгөө гадны хүмүүсийн хэлдэг Монгол хүнийг мориноос нь салгавал өөрсдөө л устчихна  гэдэг яриа биелнэ л гэсэн үг ш дээ.
-Та морь унадаг уу?
-Унана. Адуун дээрээ очихдоо байнга унана.
-Морьтон жагсаалд оролцсон уу?
- Амжаагүй ээ. Миний бие муу байсан. Элэгний С вирусын тариаг бараг 2 жил шахуу хийлгээд, өнгөрсөн найман сард дууссан. Сүүлийн хоёр жил бие хаа ядруу байлаа. Төрийн наадмаа хүндэтгээд л улсад морь уясан.
-Нэгэнтээ хурдны чиглэлээр адуу өсгөж байгаа юм чинь гадны морин уралдааны чиг хандлага, туршлага судалж байна уу?
-Байнга. Америк болоод Европт болж байгаа гайгүй уралдаануудыг боломж гарвал очоод үзчихдэг юм.
-Монголд өөр төрлийн уралдаан бий болгох боломж нөхцөл харагдах юмуу?
-Би бол дэлхийн сонгодог уралдааныг бий болгох хэрэгтэй л гэж үздэг. Гэхдээ тийм юм бий болгоход манай монгол адуучид, малчид бэлэн биш байна. Хүмүүс бас дургүйцэх л байх. Зарим улсын хэвлэл мэдээллээр ярихыг сонсоход одоо шууд уралдчихад бараг бэлэн гээд байгаа. Бэлэн биш шүү дээ. Эхлээд тэнд уралдах сайн адууг нь бий болгох ёстой. Дэлхий нийт нэг л адуугаар уралдаж байгаа. Тэр нь цэвэр цусны англи адуу. Тэр адууг байлгах ариун цэврийн шаардлага хангасан байр саравчтай, мэргэшсэн эмч нартай байж л олон улсын стандартын хэмжээнд хүрнэ. Монгол адуугаа сайжруулаад уралдчих хэрэг биш. Монгол адуу бол хүн дөхөхөөр пар хийгээд үргэдэг бол англи  адуу хүн рүү л явна шүү дээ.
-Таны судалгааны ажил ямар үр дүнтэй байгаа вэ?
-70-аад хувьтай. Ер нь энэ ондоо багтаад дуусах байх. Одоо нялх унаганы хэмжээ авах ажил бий.
-Мэдээж докторын зэрэг хамгаалаад энэ ажлаа зогсоохгүй байх?
-Дараагийн миний зорилго монгол адууг бүртгэлтэй болгох. Би энэ хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Ойсон гэрэл шиг илчгүй, өнгөц хуурмаг биш, ядаж л тотгоны цоорхойгоор туссан нарны гэрэл шиг байхыг зорин ажиллаж байна. Надад бусад хүмүүсийн сайн, муу ярих ерөөсөө хамаагүй. Нэгэнт зорьж эхлүүлсэн ажлынхаа сүүлийн үр дүнг харна.
-Тод манлай уяач цолныхоо мялаалга хийж, баяраа ах дүүс, найз нөхөдтэйгөө хуваалцах бодол бий болов уу?
-Хийнэ. Адууныхаа нутаг Хөлөнбуйр, Түмэнцогт, Мөнххаан суманд, намайг дэмжиж тусалж байдаг нутгийн дүү нар, залуучуудтайгаа тэмдэглэх бодолтой байгаа. Ер нь би ганц энэ Тод манлай уяачийн төлөө зүтгээгүй ш дээ. Надад монголын хурдан адуунд хийх ажил зөндөө байна. Хойшид үнэлэгддэг бол үнэлэгдэхээр, муулагддаг бол муулагдахаар тийм хэмжээнд хүртэл хийх болно.
-Аавын хүү хэлсэндээ хүрдэг, агт морь харайсандаа хүрдэг гэсэн ардын үг бийеэ. Санаж зорьсон үйлс тань бүтэж бүрэлдэхийн бэлгэтэй ерөөлийг өргөе.

"Тод магнай" сэтгүүл №66

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна