Х.Сүхбаатар: "Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг" хамт олонтой эр хүнд аз ойрхон юм билээ

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 20 -нд

Увс аймгийн Ховд сумын уугуул, Улаангом сумын харьяат, Увс аймгийн МУСХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Х.Сүхбаатарын ярилцлагыг хүргэж байна.  
-Хэдийнээс Увс аймгийн МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байгаа вэ?
-Би 1995 оноос эхлээд морь сонирхож, уях болсон хүн. Тэр үедээ ганц нэг морь сумандаа түрүүлгэж, айрагдуулчихдаг байлаа. Тэгсэн 2010 онд манай уяачдын холбооны тэргүүн Төгсжаргал морины төлөө хамтран ажиллая, манай тэргүүлэгч болооч гэсэн саналыг тавьсан юм. Ингэж л Увс аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчдийн нэг болсноос хойш хоёргүй сэтгэлээр моринд зүтгэж явна. Тэргүүлэгчид маань жилд нэг хуралдаж шилдгүүдээ шалгаруулж, уламжлалт хаврын бооцоот уралдаанаа зохион байгуулдаг жишигтэй. Яваандаа гар сэтгэл нийлээд илүү өргөжих байхаа гэж боддог юм. Үнэндээ өнөөдөр энэ уяачдын холбооны ачааны хүндийг тэргүүн Төгсжаргал л үүрч явна. Бидэнд хийх ажил их байна. Сум сумандаа фейсбүүк хаяг нээгээд, самбар гаргачихмаар байна. Гудамжинд гүйж яваад энэ уяачдын холбооны контор шүү гээд хэн нэг нь ороод ирэхэд нь цай, кофе хийгээд өгчихдөг. Жилдээ нэг удаа аймгийнхаа уяачдын шинэ жил хийчихдэг баймаар байх юм. Ноднин бид Түргэн сумын уяачдын холбооны шинэ жилийг хийж үзлээ. Үнэхээр сайхан болсон. Хүмүүсийн урам зориг ч их сэргэсэн. Анх сургуулиа төгсөөд Түргэн сумаас ажил амьдралын гараагаа эхэлж байсан. Манай эхнэр Түргэн сумын хүн. Тэр утгаараа Түргэндээ би их элэгтэй явдаг юм. Өнөөдөр би аймгийнхаа уяачдын холбооны болон Түргэн сумын уяачдын холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Өөрөөр хэлбэл Түргэн сумын уяачдын холбооны ивээн тэтгэгч гэж болно. Би 2003 оноос газар тариалантай амьдралаа холбож, 2010 оноос хойш бол тасралтгүй Ургацын баярыг зохион байгуулж байна. Өнгөрсөн намар гэхэд ургацын баяраараа 10-аад сая төгрөгийг зарцуулсан. Ер нь олсноо олонтойгоо хуваалцах дуртай.
-Олзыг олонтойгоо гэсэн зарчмыг барьдаг байх нь ээ?
-Тиймээ. Олонтойгоо явах шиг сайхан юм хаа байх билээ. Манайх бас барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил Түргэн сумын ойтой. Хадмынхаа нутагт очиж наадна даа. Би Түргэн суманд 7,8 жил хөдөлмөрийн байцаагчаар ажиллаж байгаад 1991 онд олон дотроо бужигная гээд эхнэртэйгээ гарцгаасан улс. Тэгэхэд манай эхнэр суманд нэгдлийн эдийн засагч байсан юм. Ингээд хоёулаа хоёр, гурван жил хийх ажилгүй ёстой л шороо үмхсэн дээ. Хоолгүй хонох ч үе байлаа. Ингээд хувиараа бизнес эрхлэх болж, олон түмнийхээ буянд өдрөөс өдөрт ахисаар өнөөдрийн энэ амжилтанд хүрээд байгаа юм.
-Харин хурдан морьтой холбогдож, уяачийн жаргал зовлон амталж мэдрэх болсон үе хэзээнээс эхтэй вэ?
-Энэ их түүхтэй.  Би 2002 онд Увс аймгийн Баруунтуруун суманд онгоцны буудал барьж байсан юм. Зэргэлдээх нэг цэргийн ангийн захирагч “хилээр 170 тооны цустай адуу оруулж ирсэн. Одоо буцах гэж байна. Очиж хурд сонирхохгүй юу” гэнэ. Яваад очвол нэг алаг даага арай л өөр харагдлаа. Үүнийг анзаарсан ангийн дарга ч  “чамд бэлэглэе” гэнэ. Ингэж л ганц адуутай уяа эхлүүлж байсан бол одоо 100-гаад адуу бий. 
Алаг даага надад ирээд шүдлэн өнжиж, 2005 онд хязааландаа Түргэн сумын ойгоор 10 гаргаж давхисан. Түүнээс хойш аймаг, сумандаа сайхан л наадаж байна. Моринд ороод сүүлийн арван жилд нь Түргэнийнхээ адууны чанарыг сайжруулахын төлөө ажиллаж, урдаас морьд их зөөж байна. Үүний үр дүнд өдгөө Түргэн сумын “Дэглий цагаан” галаас хаана ч хэдэн ч морь очсон айрагддаг боллоо. Уяачид маань ч идэвхжиж, халхын мундаг уяачдын хэмжээнд хүрэхээр морио уяж чадаж байна. Манай энд чинь эрс тэс уур амьсгалтай болохоор морь уяхад их хичээл зүтгэл хэрэгтэй. Тэр тусмаа хаврын цагт хэцүү л дээ. Гэсэн ч сэтгэл байгаа болохоор уяачид маань болгоод л явна. Би боддог юм. Хөдөө орон нутаг маань эзэнгүйдчихвий. Хөдөөд малаа маллаад сайхан амьдрах боломж байгааг харуулахсан гэж.
Энд тодруулахад Түргэний “Дэглий цагаан” гал байгуулагдаад 13,14 жил болж байна. Галын тэргүүнээр Д.Пүрэвээ гэж ажиллаж байгаад ноднин Батцэнгэлд халаагаа өгөөд байгаа юм.
-Хаана хаанаас адуу зөөж байна даа?
-Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн агтнаас өөрөө сонгож авсан хэдэн сайхан амьтан бий. Олныхоо тус дэмээр ирсэн нь ч байна.
-Сүхбаатараас ирсэн адуу энд ирээд хэр давхиж байна. Нутаг адуунаас ялгаа их байх юм уу?
-Эхний хоёр жил горьдоод хэрэггүй л дээ. Гурав дахь жилээсээ л явж эхэлдэг юм. Ямартаа ч урд газрын адуу гэсэндээ ямар ч наадамд очсон айраг түрүүтэй л ирдэг юм. Харин өчигдрийн уралдаанд аймгийн зүүн бүсийн уралдаан наймаар ирлээ. Би өөрөө очиж амжаагүй л дээ. Уг нь их найдаж байсан юмсан. Хоёр азарга тавьсан нэг нь түрүүлж ороод шонгоо тойролгүй чигээрээ гараад явсан байна лээ. Өнөөх зээрд азарга маань боломж алдлаа. Гэхдээ морь уяна гэдэг ганц хүний хөдөлмөр биш л дээ. Уяач байна, би байна, унаач байна, тэдний ар гэрийн амьдрал байна. Энэ олны сэтгэл зүтгэл нийлж амжилт гардаг юм.
-Та аймгийн чанартай наадмаас хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Аймгийн бооцоот наадмаас азарганы нэг түрүүтэй. Аймгийн баяр наадамд гурван удаа зургаалж, ноднин нэг айраг авсан. Тэгээд “Баруун бүсийн хурд 2011”-ээс жороо морины түрүүг аваад байх шив дээ.
-Тэсэд жороо морь их байдаг гэсэн. Таны жороо морь хаанахын адуу вэ?
-Өвөрхангайн эрлийз морь байгаа юм. Эрлийз адууг тэжээхгүй л бол хэрэггүй. Яг нялх  хүүхэд шиг байнгын асаргаа маллагаа шаардана гээч. Тэгж байж л амжилт гаргаж байна. Энэ жил дахиад зүтгүүлнэ дээ.
-Увсын “Баруун бүсийн наадам”-д хэдэн насны морьдтой очиж байв?
- Нас насанд л мордуулсан. Үүнээс их насыг юм дуулгачих болов уу гэж горьдож байсан. Гэтэл дөчөөдөөр ирсэн. Тэгэхэд манай аймгийн их  нас  будилаантаад 10,20 морь байснаа явуулаагүй. Ингээд бүтэн жилийн хөдөлмөр будаа болж байгаа юм. Одоо гарааны төхөөрөмжтэй болсон болохоор аавын хүүг гомдоохооргүй сайхан болох байхаа.  Гол нь наадмыг уяачдад нь өгчихвөл хэл амгүй болно гэж би боддог. Дарга нар л ороод ирэхээрээ морь мэдэхгүй, зовлон мэдэхгүй болохоор будилаантуулаад байна.  Түргэн суманд бол уяачдын холбоо нь наадмаа хариуцан зохион байгуулдаг. Холбоондоо хэдэн литр бензин өгчихнө. Уяачид нь зогсож байгаад шүдэлчихнэ.  Цалин мөнгө ч  авахгүй, сэтгэлээрээ л ажиллачихдаг юм.
-Хэдэн оны аймгийн Алдарт юм бэ? 
-2013 онд аймгийн Алдарт уяач болсон. 
-Таны ажил улирлын чанартай болохоор зундаа олон газраар наадаж амжих юм уу?
-Ахынх нь ажил тавдугаар сараас 11 сар хүртэл тун ч завгүй. За тэрнээс хойш болоод ирэхээрээ чоно хөөгөөд явчихна шүү дээ. Манай энд уул хад, жалга дов ихтэй болохоор чоно ч олон. Энэ өвөл надаас найман унага, нэг гүү, нэг морь гээд арвыг идчихлээ, хэцүү байгаа биз. Манай адуу байсан газар 30,40-өөдийг идсэн байна лээ. Энэ чинь нэг азарга адуу. Хэрвээ байсан бол бас л нэг айлын амьдрал. Тэгэхээр буу үүрээд гарахаас өөр аргагүй байх юм.
Зундаа уяачид маань хэдэн адуугаа аваад Баян-Өлгий, Говь-Алтайгаар явцгаадаг. Хүний нутагт очихоор нутаг нугаараа бөөрөлхөх юм гардаг шиг байна лээ. Заримдаа тоосонд нь ороод ирлээ л гэдэг юм. Заримдаа ч 200,300 мориноос 20,30-аар ирлээ гэнэ. Харин аймаг орон нутагтаа өөр шүү. Нутгийн дэвжээ биднийг ивээж, айраг түрүү авнаа авна. За айраг түрүүгүй ч таньдагтайгаа таараад яриа хөөрөө болж суух цаанаа л өөр, сэтгэлд таатай шүү дээ.
-Нөгөө талаараа ан хийж эрчүүд кайф авдаг юм биш үү?
-Сайхан л даа. Гэхдээ мориндоо илүүтэй хорхойтой. Зав гарвал уралдахаас долоо найм хоногийн өмнө гал дээрээ очдог.  Ах нь зуугаад ажилчин, түүний үр хүүхэд, гэр бүлийн 500-гаад ам бүлийг тэжээдэг хүн. Эднийгээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд зуны хэдэн сарыг алдах эрх надад байхгүй. Ирэх жил компанийн маань 20 жилийн ой тохионо. Анх ганц хадаас, ганц хүрзтэй ажлаа эхлүүлж байсан бол энэ 20 жилийн хугацаанд өөрөө өөрийгөө аваад явах чадвартай, хүчирхэг хамт олонтой боллоо. Бид 20 жилийн ойгоо тохиолдуулаад хамгийн олон жил ажилласан 20 хүндээ байр өгөхөөр зэхэж байгаа юм. Энд төрөл садан, найз нөхөд гэсэн арын хаалга ерөөсөө ч байхгүй. Эдгээр 20 хүн түлхүүрээ авч, туузаа хайчилж ороод зуухаа байрлуулан галаа түлэхэд нь бэлэн байхаар төлөвлөн хийж байгаа. Одоо яг 11,12-ыг нь бэлэн болгосон. Энэ жил үлдсэнийг нь нэмээд ирэх жил 20 ажилтандаа бэлэглэнэ дээ.
-Аав ээжийн тасалж өгсөн хөрөнгө гэдэг ямар үнэтэй билээ. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдэг ч түүнтэй дүйцэх сайхан зүйл байна даа?
-Ах нь компаниа байгуулсан цагаасаа л нийгмийн ажилд сэтгэл гарган зүтгэж яваа хүн. 2001,2002 онуудад амьдарч байсан 6-р багийнхаа 25 бүтэн ба хагас өнчин хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулан, хоол унд, хувцас тоглоомыг нь дааж байлаа. Үүний дараа 100 хүүхдийн цэцэрлэгийг барилаа.
-Энэ бүгдийг сонсоод “таны амьдралын мөрдлөг юу вэ” гэж асуумаар санагдлаа.
-Шударга л амьдаръяа. Ирээдүйгээ сайхан авч явахсан гэж боддог. 
-Ярилцлагаа Алдартын сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаар үргэлжлүүлмээр байна?
-Өнгөрсөн зуны Ховд сумын 90 жилийн ойг хэлнэ. Энд манай Түргэн сумын “Дэглий цагаан” галынхан бараг бүх насанд айраг түрүү авсан юм. Бид хоёр түрүү, зургаан долоо айрагтай наадсан. Эд бүгдээрээ миний нэр дээр уралдсан гээд бод доо. Би хэнийг нь ч гуйгаагүй байхад бүгд сэтгэлээрээ ийнхүү нэгдсэн байлаа. Хамт олон гэж тийм сайхан. Нөгөө дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг хамт олонтой эр хүнд аз гэдэг ойрхон юм билээ. Тэднийхээ энэ  сайхан сэтгэлийг үхсэн ч мартаж болохгүй. Бүхэл бүтэн жилийн хөдөлмөрөө хүнд өгнө гэдэг амаргүй  гэдгийг би ойлгож байгаа.
-Танай гэр бүлээс уяа сойлго тааруулдаг хүмүүс танаас өөр бий юу?
-Ээж аавын минь талд аль алинд нь морь мал уядаг хүн байгаагүй ээ. Аавын маань дүү Увс аймгийн Ховд сумын  Ачит багийн  адуучин байсан юм. Энэ ахындаа зургаадугаар анги төгссөн жилээ очиж 15 эмнэг сургаад нэгдлээс нэг морь бэлгэнд авч билээ. Өнөөхөө сургаад Ховдын наадамд очиж, гуравлууллаа. Даанч дараа жил нь сэтгэл гонсойлгосон хэрэг болсон. Хулгайд алдчихсан. Хэрвээ алдаагүй байсан бол би эрт моринд орох байсан гэж боддог юм. Тэр үед эмнэг сургаж, бугуйлддаг л байлаа. Манайхнаас нэг дүү бий. Гурав дөрвөн жилийн өмнөөс моринд орсон ч одтой сайхан наадаж, ноднин аймгийн Алдарт уяач болсон. Одоо ч эрдэм номтой сайхан сайхан залуучууд моринд орж ирж байна.        
Харин манайханд бөхчүүд бий шүү. Миний хамгийн бага дүү аймгийн Арслан Тэсхүү гэж залуу бий. Бас эхнэрийн талд сумын заан дөрөв бий. Үүний нэг нь аймгийн Заан Амаржаргал байгаа юм. Магадгүй хүүхдүүдээс маань бөхийн дэвжээнээ Увс аймгийн Сүхбаатарын хүүхэд гээд цоллогдох өдөр ирнэ гэж боддог. Ах нь хоёр хүү, хоёр охинтой.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Энэ жил төрөлх аймгийн маань 90 жил, ажил амьдралын гараагаа эхэлсэн Түргэн сумын маань 90 жилийн ой давхар давхар тохиож байна. Увс аймгийн нийт ард түмэндээ ойдоо сайхан наадаж морь нь хурдан, бөх нь бяртай, сум нь мэргэн байхыг хүсэн ерөөе. 

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна