Их морийг ирлэгч аймгийн Алдарт Л.Мягмаржав

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 10 -нд

“Адуутай нөхөрлөсөн эр болгоны зүрхэн чинадад төрийн наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг” хэмээн Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий сэтгүүлийн зочноор уригдахдаа сэтгэлээ уудалсан удаатай. Нээрэн ч дээд гурван нас тэр тусмаа их морь гэдэг уяачийн жинхэнэ эрдмийг шалгадаг хэмээдэг. Тийнхүү уяачийн ур ухаанаа гайхуулж, их мориор олон жил тогтмол амжилттай наадсан нэгэн эрхмийг онцолж Цогт-Овоочуудыг төлөөлүүллээ
1986 оны сумынхаа баяр наадамд буурал морио түрүүлгэн уяачийн гараагаа эхэлсэн Лувсанцэрэнгийн Мягмаржав  1974 оноос хойш мал малласан нэгэн. 1987 оны Цогт-Овоо сумын наадамдаа  тэрээр Өвөрхангай аймгийн  Баянгол  сумын гаралтай бор морио түрүүлгэн, нутгийн их морины түрүүг хоёр жил дараалан хүртсэн хийморилог эрээр нэрлэгдсэн юм. Бор морь дараа жил нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн 1000 ботгоны уралдаанд дахин түрүүлж, 2001 онд багийн өдөрлөгт мөн алтан жолоо өргүүлсэн билээ. Л.Мягмаржавын нэрийг дуурсган хурдалсан өөр нэгэн их насны морь бол 1999 онд сумын 40 жилийн ой, 2000 онд Цогт-Цэций сумын баяр наадам, 2003 оны Цогт-Овоо сумын баяр наадам,  Баяндалай сумын 80 жилийн ой, Хүрмэн сумын 80 жилийн ой, 2004 оны Цогт-Цэций сумын баяр наадамд тус тус түрүүлэн уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлсэн хурдан хээр морь нь юм. Ийнхүү уралдсан болгондоо дархан түрүүлдэг хээр морь Манлай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач О.Аюушийн адууны угшилтай хүлэг юм билээ. Хурданг нь мэдэх одоогийн эзэн нь 1999 онд Дундговь Өлзийт сумын уугуул, улсын аварга малчин Отгоноос 30 бог, нэг тугалтай үнээ, нэг  мориор  худалдан авч байжээ. Тухайн үедээ үнэтэйд тооцогдох наймаа багагүй шүүмжлэл дагуулсан ч Л.Мягмаржав адуу таних нүдтэй, алсын хараатай нэгэн байсныг гэрчилж буй юм. Ийнхүү их морины уяаг гаргууд сайн тааруулдаг Л.Мягмаржав аймаг, бүс, сумын зургаан түрүү, таван айргийн амжилтаар 2009 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бөгөөд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул МУ-ын Алдарт уяач Шаравжамцын бөгөн хүрэнгийн төл хээр азарга  нь 2000 онд соёолондоо сумынхаа наадамд тавлаж, аймгийн Алдарт уяач Энхээгийн хүрэн азарганы төл хүрэн шүдлэн нь 2006 онд  СГЗ Байгалжавын алдрыг тэмдэглэх наадамд түрүүлж байсан билээ.
"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна