Аймгийн Алдарт уяач Л.Амартөр: Унаган зээрд морь маань зүүн бүсийн наадамд гурвалж байлаа

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 11 -нд

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Амартөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулагдсан  цагаас нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаа гэлээ. Өргөн сумын МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Тухайн үеийн сумын Засаг дарга Жамбалдорж, аймгийн Алдарт уяач Санжгүнтэв бид хэд 1997 онд анх үүсгэн байгуулж байлаа. Манай Өргөн сум бол  Равжаа хутагт, нэрт уяач “Хунз” хэмээх  Ганжуур зэрэг алдартай хүмүүсийн төрж өссөн нутаг. Энэ их хүмүүсийн хийморь оршиж, адуутай холбоотой олон түүхээрээ алдаршсан нутаг даа. Та бүхэн зах зухаас нь мэдэх байх. 1944 оны мичин жилийн зуднаар тохиолдсон их говийн зоригтнуудын баатарлаг дууль байна. Мөн манай нутгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар адуучин төрсөн шүү дээ.
-Тиймээ. Бахархах түүхтэй нутаг. Сумын МСУХ-ны туг их учиртай хэмээн түрүүнээс хойш онцлоод байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Энэ бол зүгээр ч нэг туг далбаа биш. Адис жанлав оршсон шүншигтэй эд. Дамдин Янсан бурхны зүрхэн тарни, ном судар багтсан байгаа. Тиймээс хэн дуртай нь гар хүрдэггүй. Засаг даргын өрөөнд залаастай байгаад зөвхөн сумын наадмаар л гаргаж залдаг юм. Өргөн сумын МСУХ-ны бас нэгэн ялгарах онцлог бол энэ туг шүү.  Сүүлийн үед аймгийн хэмжээний том уралдаан болтлоо өргөжөөд байгаа “Хутагтын хурд” уралдаан манай сумаас гаралтай. Эхэндээ азарга, их морь уралддаг байсан бол сүүлдээ соёолон нэмэгдсэн. Их нэр хүндтэй уралдаан болоод байгаа.
-Холбооны үйл ажиллагааны тухайд ийм байдаг байж. Амартөр Алдарт уяачийн амжилтын талаар сонирхож болох уу?
- 2008 оны Равжаагийн ойд миний халзан азарга аман хүзүүдэж байсан. Тэр халзан азарга маань Алтан дарь эхийн овооны их тахилга наадам, зүүн бүсийн уралдаанд долоогоор давхисан. 2010 онд миний зээрд аймгийн наадамд гуравлаад, 2011 оны зүүн бүсийн наадамд дахиад гурвалсан.
-Зүүн бүсийн наадамд айрагдсан зээрд мориныхоо удам угшлын талаар дэлгэрүүлээч?
-Зээрд морь миний аавын адууны угшилтай. Аав маань  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хүн. Сумын Алдарт уяач цолтой. Бас биеийн тамирын багш. Би аавынхаа багш мэргэжлийг басхүү морь уях эрдмийг өвлөн авч яваа хүн дээ. Миний аав хурдан зээрд азаргатай байлаа. Тэр нь 25 нас хүрээд ойчоод өгсөн. Дээд угшил нь Баяндэлгэрийн Ширээтийн цагаан адуу гэдэг юм. Тэр зээрд азарганы төл нь миний зээрд морь.
-Зээрд морь өмнө нь ямар амжилт үзүүлж байсан буян бэ?
-Одоо 14, 15 хүрч байгаа байх шүү. Өмнө аймаг сумын наадамд олон орсон адуу. Ах нь үүнээс дэлгэрэнгүй яриад яахав. Ийм сайхан түүхийг бичиж байгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад  Өргөн сумынхан, уяачдын холбооныхондоо мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Танд ч гэсэн сайн сайхныг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна