Аймгийн Алдарт уяач С.Оргой:Өвөл эдлээгүй адууг хавар унахад хий цохиж үхэх тал бий

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 23 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, аймгийн Алдарт  уяач С.Оргой гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан адууг уяхаасаа сайн эдэлж, гаршуулахын чухлыг ахмад уяачид онцолдог. Таныг ч энэ ахмадуудын нэг байх гэсэн бодол төрж байна?
-Ах нь хар багын адуунд их дуртай, адуу мал уургалдаг, сургадаг, унадаг байлаа. 1956 онд 16 өрх нийлж “Говийн хөгжил” гэж анхны нэгдэл байгуулагдахад би ууган гишүүдийн нэг болж нэгдэлд элссэн. 1957 оноос эхэлж нэгдлийн адуу маллаж, 1971 он хүртэл 20 гаруй жил адуун сүргийн захад явлаа. Дараа нь тэмээ маллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн дээ. Уургачийн хувьд сумандаа л нэгд шахуу байсан гэхэд худлаа гэх хүн гарахгүй л байх. 1982 онд уургачдын фестиваль гэж энүүхэн баруун Хаалгачийн булаг дээр 3-4 сумын адуучдын дунд болсон юм. Тэнд оролцоод би хоёрдугаар байрт орж, Айраг сумын Дөш гэдэг хүн нэгдүгээр байр эзэлж байсан.
-Уургачийн ид хаваа гайхуулсан сайхан хэрэг болжээ. Жилийн дөрвөн улирлын эдэлгээ гэдэг бол уяаны гол суурь болдог байсан гэдэг. Одоо бол тэжээлийн адуу уяхад уяачийн ур ухаан гарах нь бага болжээ гэцгээх юм? 
- Морийг урьд уяхад идэш хоол, унд усыг нь сайн тааруулах, за тэгээд гол нь зөв эдлэх нь чухал. Өвөл их хөлдөөж цантаахгүй байх хэрэгтэй. Өвлийн хүйтэнд 2-3 удаа багахаан үсийг нь бууралтуулаад тавьчихад аятайхан. Хавар их эдлэх нь муу. Бас намар хайлган цагаар их эдэлвэл сайнгүй.
-Зарим нь яг идэр есийн хүйтнээр цантуулах, хөнгөн явуулж хөлдөөх сайн. Хаврын хавсаргад хэдэн өдөр уяад хөнгөрүүлдэг юм гэж ярьж байхтай таарсан юм байна?
-Хөх салхинд сайн уявал зүгээр гэж хэлдэг юм. Би бол өвөл хөлдөөх муу гэж хэлнэ. Тарган морийг өвөл их хөлдөөхөд хавирга нь хөлддөг гэж урьд ярьдаг байсан. Тэгэхээр хөлдөөх бол муу. Аятайхан үсийг нь бууралтуулаад 2-3 цантуулчихсан морь бол хавартаа хий нь гарчихдаг. Моринд чинь бас хий гэж юм байна. Өвөл унаагүй адууг хавар унахад хий цохиж үхэх тал бий. Хийг нь гаргачихсан морь аятайхан байдаг шүү. Тэгээд ер нь хүн хүний санаа өөр юм даа.
-Морь уях нь хүнийг тэвчээртэй, хүлээцтэй, зан заншлаа мэддэг, дээдэлдэг болгодог зэргээр хүмүүжлийн их ач холбогдолтой гэдэг. Танд ийм зүйл мэдрэгддэг үү?
-Морьдоо уяж хурдлуулаад айл аймаг, сум орондоо нэрээ дуудуулах нь уяач бидэнд хамгийн сайхан урамшил. Хэдий морь сайн айрагдаж, түрүүлнэ төдий чинээ хүн улам сайн уяж, түрүүлгэхийг бодно.  Тэглээ гээд дандаа түрүүлээд байна гэж байхгүй. Морь уях чинь их нажидтай ажил. Хоол ундаа умартаад, шөнө нойргүй явна, өглөө нойроо хасаж босно гээд их хөдөлмөр орно. Морио тарлана, хөлсөлнө, давхиулна гээд өдрийн туршид ажил хийнэ. Энэ бүхэн хүнд тэсвэр тэвчээртэй болох, хор шараа дарж сурах гээд олон зүйл өгч байгаа юм л даа. 
-Таныг уяач болоход, адуу гэдэг энэ хийморилог амьтантай хувь тавилангаа холбоход хэн хамгийн их нөлөөлсөн бол оо?
-Манай эцэг Лувсанжигмэд гэдэг өвгөн байсан, намайг жаахан байхад өнгөрсөн юм. Би тэр хүний өргөмөл хүүхэд. Төрсөн эцэг Дүгэрсүрэн гэж морь уядаг, уургач хүн байсан юм гэнэ лээ. Төрсөн эцгийнхээ талаар би сайн мэддэггүй ээ. Найман настайгаасаа өргөсөн эцгийн гар дээр морь унаж өссөн. Тэгээд 1968 оноос эхэлж морь уясан даа.
-Тэр үед нэгдлийн адуучин байсан болохоор анх уясан морь нэгдлийн адуу байв уу?
-Амины морь байсан юм. Жигмэддорж гэж хурдан морь уядаг ахынхаа хул азаргыг уяж байлаа. Тэр азарганы угшил одоо ч бий. Манай ээжийн аав гайгүй давхидаг хонгор азаргатай, би жаахан байхдаа унаж айрагдаж, түрүүлж ч байсан. Хонгор азарганы удам угшил явсаар надад үлдсэн. Нэгдлийн адуунаас хүрэн халзан морь уяж, нэрэн дээр нь хэд хэд айрагдуулсан юм байна. Хүрэн халзан морь суманд соёолон, шүдлэндээ хэд хэд айрагдсан даа. Өөр нэгдлийн адуу айрагдуулж байгаагүй ээ. Дээдсийн үлдээсэн хурдан буянаа уясаар яваад 1996 онд аймгийн Алдарт уяач цолыг авлаа.
-Хамгийн анхны айраг, түрүүгээ ямар насны, ямар зүсмийн мориор ямар наадмаас хүртэж байв?
-Анх 1968 онд манай Цэцгээ гэдэг охин найман нас хүрч нэгдүгээр ангид оруулахаар охиноо авчрахад есдүгээр сарын нэгэнд сургуулийн нээлт болж, морь уралддаг юм. Тэгэхэд би хул даага уяад очлоо. Миний уядаг гэж юу байхав, чаддаг мэддэг юмгүй амьтан хул даагаа унаж тарлаж, жаал хөтөлж байгаад л  хүрээд очсон. 30-аад даага мордоход хул даагаа ч тавьчихлаа. Тэгтэл миний хул даага түрүүлж, анхны түрүүгээ авч байлаа. Тэрнээс хойш л жаал жуул уяад айрагдаж, түрүүлсээр байгаад өдий хүрч байгаа хүн дээ.
-Та Сайхандулаандаа голдуу наадсан уу?
-Аймагт ч бас жаал наадаж, айраг авч байлаа. 1980 хэдэн онд хоёр ч морь айрагдлуу даа. Их насны хонгор морь, зэгэл соёолон хоёроо айрагдуулсан юм байна. Равжаагийн урд жил билүү дээ, бас нэг соёолон морь дөрөвлүүлсэн. Суманд бол нэлээн айраг, түрүү авсан. Миний хонгор азарганы төл хул морь айрагдаж,  нэгдлийн 30 жилээр хонгор морь түрүүлгэсэн. Саяын зургийг нь авдаг хээр морь суманд нэг түрүүлж, зургаа айрагдаад байгаа. Одоо 17-18 настай морь, энэ жил уяад зодог тайлчихъя гэсэн чинь хөлийг нь туулгачихаад чадсангүй.
-Танай адууны дээд удам угшил нь?
-Миний адууны дээд угшилд Жигмэддорж гэдэг өвгөний адуу, мөн Довдон гэж өвгөний адууны угшил ч бий. Хэд хэдэн айлын адууны угшилтай хүн дээ. Цэрэнчомбо гэж Дундговийн Өндөршилийн панзчин өвгөн байснаас ч бас ганц нэг адуу авч байсан. Тэрний төлүүд ч байгаа.
-Уясан эзэндээ хамгийн олон удаа айраг амсуулж, туг тойрсон ямар ажнай байдаг вэ?
-Миний хонгор халзан морь хоёр, гурав түрүүлж, айрагдсан. Түрүүн ярьсан Цэрэнчомбо гэдэг хүн Дэлгэрэхээс тэр хонгор халзан үрээг авчирч өгсөн юм. Суманд хоёр түрүүлж, аймагт нэг түрүүлээд, айлуудын найр хуримд хоёр, гурав түрүүлсэн. Сүүлд өвчин олгоод алдсанаас биш, уг нь хурдан хүлэг байсан.
-Дэлгэрэх гэхээр тайж адууны угшилтай байв уу?
-Тийм, тайж адууны угшил байх. Дэндэв тайжийн адууны угшилтай адуу байсан байх гэж боддог юм.
-Сүүлийн үед бүсийн уралдаанууд аймгуудад зохиогдож байна. Бүсийн уралдаанд морьдоо мордуулж үзэв үү?
-Ер нь үгүй дээ. Аймаг, суманд л ганц нэг явсан. Сүүлийн үед би морь уяхаа болиод, хүүхдүүд л дурлаж уядаг болоод байгаа. Би гурван хүү, зургаан охинтой. Хүүхдүүдийн эх 1996 онд өнгөрсөн юм.  Гурван хүү гурвуулаа морь уядаг. Хоёр нь сумын Алдарт уяач. Хүүхдүүдийн морь бас айрагдана аа. Ялангуяа манай Ганаагийн уясан нь нэлээн сайн айрагддаг. Залуу улс болохоор энд тэндхийн уралдаанд их л явцгааж байна даа.
-Уяачийнхаа хувьд хамгийн их баяр бахдалыг мэдэрсэн дурсамжтай наадам гэвэл?
-Равжаагийн жил л сайхан наадам болсон доо. Энэ жил гурав дахиа болох шив дээ. 1998 онд Ноён хутагтын ой болоход би оролцож байсан юм. Их сайхан өтгөн уралдсан тэр наадамд айрагдаж түрүүлээгүй, арвын дотор л давхисан. Хутагт хүний наадам болоод ч тэр юм уу, дуутай, хууртай, хуртай, этгээд сайхан наадам байж билээ. Энэ жил л харин ган гачигтай байлаа даа, Хутагтын жил.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна