МУ-ын Алдарт уяач Д.Батчулуун: Төв цэнгэлдэхэд цоллуулж зогсоход хүн болсны хэрэг бүтсэн юм шиг санагдсан
Булган аймгийн Хангал сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Доржийн Батчулууныг эрхэм уншигч та бүхэнтэйгээ уулзуулж байна. Хурдан хээр морио АХ-ын 73 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдлуулж явсан хийморилог эрхэм тэртээ 1959 оны намар Эрдэнэт уулын өвөрт эхээс унасан гэдэг. Хар багаас аавын уясан морийг унаж явсан авхаалжтай хүү 17 насандаа гурван соёолон уяж, хоёрыг нь аймгийн наадамд айрагдуулж амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш төр түмнээ цэнгүүлэх үйлсэд 40-өөд жил зүтгэсэн түүний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, Алтангадас одонгоор шагнасан байдаг бол өнөө жил ММСУХ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоор “Эрдэнийн Очир” одонгоор энгэрээ мялаасан юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг Алдартын амтат хуучийг анхааран уншихыг хүсье.
-Хурдан хээрийн эзэнтэй нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Яриагаа таны унасан газар, угаасан ус бага насны дурсамжаас эхэлье?
-За тэгье. Би 1959 оны намар Булган аймгийн Хангал сумын нутаг, Эрдэнэт уулынхаа өвөрт эхээс унасан хүн байгаа юм. Тухайн үед энэ уулын үйлдвэрийн шав ч тавигдаагүй, ёстой нөгөө онгон дагшнаараа байлаа. Манайхан Чингэлийн голоор зусаад Хангалынхаа гол руу нүүдэг юм. Намар арван сард айлууд цөм нүүчихээд байдаг. Ээж маань хэзээ мөдгүй тулгар биетэй. Нүүдлээр төрчих нь гээд аав нүүж чаддаггүй ганц гэр үлдсэн юм гэнэ лээ. Тэгж байсан анхны цас ороод нэг их дулаахан өдөр би гэдэг хүн эхээс мэндэлсэн гэдэг юм. Миний муу аав, хоёр олон хүүхдээ алдаж хал зовлон, хатуу бэрхийг ханатал амссан хүмүүс. Би эцэг эхээс наймуул. Хамгийн том ах, бид хоёроос бусад нь цөм эндсэн. Бүр 12-13 хүрээд том болсон хойноо л эндчихдэг байсан юм гэнэ лээ. Олон сайхан хүүхдээ алдчихсан болохоор аав, ээж хоёр надад амиа тавина. Их ч эрхлүүлнэ. Хүүхдүүд нь тогтохгүй байхаар миний дээр нэг эгч өргөж авсан. Бас миний дор нэг өргөмөл дүү бий. Одоо ингээд дөрвүүлээ л байна даа.
-Амь шигээ хайрладаг эрх хүүгээ морь мал унахыг зөвшөөрдөг байв уу? Гэмтэж бэртэнэ гээд хурдан морь унуулдаггүй байсан уу?
-Үгүй ээ, хэдий эрх танхи гээд монгол хүн морио унахгүй байна гэж юу байхав. Тэгээд ч миний аав Дорж гэж энэ Хангалын голын их баян айлын /Гомбожавын/ ганц хүү. Дороо гурван бүсгүй дүүтэй. Тэгээд хар багаасаа морь мал уяж хурдлуулж байсан юм билээ. Би багадаа аавынхаа уясан морийг унаад аймаг, сумын наадмаас олон л айраг, түрүү авч байсан. Хурдан хээрийг нь унаж сумынхаа наадамд олон айрагдуулсан даа. Түрүүлж л байгаагүй юм.
-За тэгвэл уяачийн гараагаа хэзээ эхэлсэн бэ? Таныг залуугийн шаггүй уяач байсан гэх юм билээ?
-1976 онд 17 настай хүү гурван соёолон уяж аймгийнхаа наадамд очоод хоёрыг нь айрагдуулж нэгийг нь есөөр давхиулаа. Тэр миний бие даан морь уясан анхны наадам. Дөрвөөр давхисан хар, есөөр давхисан хүрэн халзан үрээ хоёр нь Төв аймгийн Баянцагаан чигийн адуу. Таваар давхисан өсгий цагаан хээр нь болохоор манай өөрийн унаган адуу байсан юм.
-Баянцагааны хоёр үрээнийхээ талаар жаахан дэлгэрүүлээч?
-Баянцагааны нэгдлийн даргаар 10 жил ажилласан Дорж гэж хүн манай аавын дүүтэй сууж байсан юм. 1975 онд тэндээс 12-13 адуу авчраад хар үрээг нь надад бэлгэнд өгч, халзан үрээг нь болохоор намайг уя гэж өгсөн юм. Тийм л учиртай. Соёолон айрагдуулсаныхаа дараа жил би цэрэгт яваад гурван жил алба хаасан. Намайг 1980 онд халагдаж ирэхэд алдарт хээр морь маань унага байсан. Тэр үед аав маань надад нэг хээр морь өгч дараа жил нь нөгөө хоёрыгоо уяж улс хувьсгалын 60 жилийн ойгоор Хангал сумын наадамд хоёуланг нь түрүүлгэж байлаа.
-Залуугийн шаггүй уяач байсан гэдэг нь ч ортой бололтой. Уясан болгон нь түрүүлж, айрагдаж байж?
-Залуу хүний хийморь дээр нь өөрийн авьяас нөлөөлдөг байсан юм байлгүй дээ. Айраг, түрүү алддаггүй л байсан. Би ер нь залуугийн моринд их эвтэй ханддаг хүн. Адууг зөв зөөлөн унаж эдэлдэг. Тэр маань бас нөлөөлдөг байсан байх гэж боддог шүү. Улс хувьсгалын 60 ойгоор аавын өгдөг хээр, 70 жилийн ойгоор миний аварга хээр, 80 жилийн ойгоор “Талын нуур” компанийн захирал Батболдод Орхонтуулаас авч өгсөн хурдан хонгор морио түрүүлгэж байлаа. Тэр жил 300 гаруй морь мордсон. Хонгор морь гарсан цагаасаа өнгөлсөөр түрүүлсэн дээ. Ингэж гурван том ойгоор их морь түрүүлгэсэндээ би хувьдаа баяртай явдаг юм.
-Эзэн хүнээ алдаршуулсан эрэмгий хурдан хүлгийн тань талаар хуучлах нь зүйтэй байх. Хээр мориныхоо талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Дээр үед чинь малын тоо заачихдаг байсан шүү дээ. Манайх хээр, хүрэн хоёр гүүтэй. Ааштай хээрийг нь аав Александр гээд манайхны хамаатны ахаас авсан юм билээ. Миний хурдан хээр бол тэр хээр гүүний төл. Харин эцэг нь болохоор манай эндхийн Бальдир гэдэг хүний хурдан хээр азарга байгаа юм. Манай хоёр гүү тэдний азарганд байдаг байсан юм л даа. Тэгээд намайг цэргээс ирэхэд унага байсан. Би дараа жил нь уяад Хангал сумын наадамд түрүүлгэсэн. Түүнээс хойш тувт түрүүлсэн дээ. Товчхондоо 1981, 1982, 1983, 1984, 1985 онуудад тасралтгүй аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. 1986 онд дүнсэр морь уяаг нь жаахан буруутгаж 8-9 өөр давхиулаад 1987 онд ахиад аймгийнхаа наадамд түрүүлгэсэн. Хэдэн онд билээ дээ, Булганы наадамд бас нэг түрүүлсэн юм. Ер нь уралдсан болгондоо түрүүлдэг байсан даа. Тэгж байгаад л 1994 онд улсад очиж аман хүзүүдэж байгаа нь тэр.
-Улсад явах шийдвэрийг гаргахдаа баахан эргэлзсэн гэдэг. Эмээгээд байсан хэрэг үү?
-Аав маань бие нь дордоод хоёр жил болчихсон байсан юм. Хэвтрийн аавыгаа хаяад улсын наадамд явж төвдөхгүй байсан хэрэг л дээ. Тэгж байтал аав минь бурхан болж, дээрээс нь уулын үйлдвэрийн дарга байсан Отгонбилэг агсан одоо энэ Баясгалан даргыг явуулаад “хээр морьтойгоо улсын наадамд яв” гэж хэлүүлсэн байсан юм.
-Та эхний удаад нь зөвшөөрөөгүй юм биш үү?
-Тэгсэн. Отгонбилэг дарга “Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэр, ”Хангарьд” төвийнхөө нэр дээр морио уралдуул” гэсэн юм. Гэтэл би чинь Булган аймгийн хүн шүү дээ. Тэнд очоод нутаг усаараа овоглохгүй байвал улс амьтан юу гэхэв. Ингэж бодоод зөвшөөрөөгүй. Тэгсэн маргааш нь Баясгалан дарга дахиж ирээд “Чи Булган аймгаараа бүртгүүлээд “Эрдэнэт” үйлдвэрийн уяач гэдгээрээ оролцчих” гэсэн юм. За тэгээд л ер нь явахаар шийдсэн дээ. Тэр үед морь ачина гэж мэдэх биш. Долоо, найман настай хоёр хүүгээ дагуулаад үйлдвэрээс гаргаж өгсөн 30 машин дээр юмаа ачаад л хөдөлцгөөсөн, арав хоногийн дараа Буянт-Ухаад очсон. Тухайн үед уяачид бүгд л майхантай ирдэг. Цөөн тооны томчууд л гэр бараа барьдаг байлаа. Гэтэл Отгонбилэг дарга бидэнд зориулаад тусад нь гэр бариулчихсан. Бас болоогүй тусгай хамгаалалт гээд хоёр цагдаатай их л сүртэй байсан л даа. Буянт-Ухаад буугаад удаагүй байтал арваад морьтой улс ирдэг юм. Би ч таньсангүй. Хүмүүс л “Ерөнхийлөгч ирлээ” гээд шуугиад байна. Тэгсэн Очирбат гуай жороо хүрэн морь уначихсан, арваад залуучуудтай хүрч ирээд “Отгонбилэгийн уяа мөн үү? Сайн морьтой ирсэн гэсэн харъя” гэж байна. Бид ч сандраад л нэг муу жижиг хивс тавьж өгөөд хажууд нь суух гэсэн хамт яваа нь залуу нь болохгүй гээд дохиж байна. Хамгаалагч нь юм билээ л дээ. Цай, тавагтай идээг өөрт нь шууд өгүүлдэггүй. Заавал хамт яваа хүн нь амсаж байж өгдөг юм билээ. Тэгээд л цай уучихаад гарч хээр морийг харснаа “сайхан морь юмаа. Маргааш айрагдвал дахиад ирнээ” гэсэн. Хээр морь ч аргагүй сайхан байсан л даа.
-Сунгаагаа хаана хийсэн юм бэ?
-Хүйн долоон худагт. Гуравны болон долооны сунгааг тэнд хийсэн ш дээ. Морь гайгүй байхаар нь бидэнтэй хамт явсан Ингэтийн Цэнд гэж хөгшнөөсөө асуулаа л даа. Тэгсэн өвгөн “энд түрүүлгэж болохгүй шүү” гэдэг юм байна. Хүүгээ мордуулахдаа “миний хүү түрүүлгэж болохгүй шүү. Татаж байгаад айрагдуулаарай” гээд захисан л юм. Тэгсэн гуравны сунгаанд 170-аад морь мордоход хээр морь холхон шиг түрүүллээ дээ. Хүүхдээ зэмлэтэл “ам нь дийлдэхгүй байгаа юм чинь” гэж байна. За ингээд л өнгөрсөн.
-7-р сарын 11. Их насны морьд уралдаан...
-Тэр өдөр би их сонин байсаан. Доглоод сэтгэл тогтохгүй нэг л сууж чадахгүй болчихоод байсан. Тэр үед одоотой адил шууд дамжуулна гэж байсан биш. Утасны модон дээрх цагаан хоолойгоор л зарладаг байсан шүү дээ. Тэрийг чагнаж байсан чинь их насны морь эргэлээ л гэнэ. Удалгүй Батчулуун гээд хоёр ч удаа хэлэх юм. Зарим яриа нь дуулдахгүй юмаа. Тэгж байснаа хээр халзан морь гэх юм. Тэгснээ хээр гэх юм. Арга ядаад хажуудаа байсан Цэнгэлээс “юу болоод байна вэ” гээд асуусан “морин тойруулгын хээр халзан өнгөлөөд таны хээр 4-5 дээр явна гэнэ” гэж байна. Тэгж байсан удаа ч үгүй “Булган аймгийн харьяат, Орхон аймгийн “Хангарьд” клубын уяач Доржийн Батчулууны хээр морь дөрөв дээр орж ирлээ л” гэдэг юм байна шүү. Дотроод нэг юм өгсөөд л явчихлаа. Таньдаг хүн байна уу гээд харсан алга. Нөгөө Цэнгэл чинь бариа руу яваад өгч. Тэгэхээр нь “за ямар ч байсан энүүгээр орж иртэл нь л харъя” гэж бодоод хүлээгээд байлаа. Айдсын даваа өгсөхөд хоёр дээр орж ирснээ, уруудахад дөрөв рүү орчихлоо гэнэ. “За ингээд л суудаг юм байх даа” гэж бодож байсан Алдар толгой өнгөрөөд Буян-Ухаа руу ороход “хээр халзан морины араас хээр морь явлаа” гэнэ. За тэгэхээр нь мордоод явлаа даа. Нэг хашин морьтой явсан нөгөөх чинь явдаггүй ээ. /инээв/ Тэгж байтал хоёр морь их л ойрхон ороод ирлээ. Мориноосоо бууж хөтлөөд бариач дээр нь иртэл “та эзэн нь үү. Хоёрт орлоо” гэж байна. Тэгсэн улсууд “наадах чинь түрүүлсэн ш дээ” гээд л орилолдоод байх юм. За тэгээд мориныхоо хөлсийг хусчихаад майхан руугаа явсан чинь манайх руу их олон машин очиж байнаа. Тэгсэн хэлсэн ёсоороо Ерөнхийлөгч Очирбат гуай ирээд тэр үеийн Ерөнхий сайд байсан Жасрай, УИХ-ын дарга байсан Багабанди гуай нар ирчихсэн байсан.
-Төрийн гурван өндөрлөг хээр моринд хүндэтгэл үзүүлжээ дээ?
-Тэгсэн. Очоод айх шиг болсон шүү. Орохгүй байя гэсэн хүмүүс “ор, ор” гэж шахаад. Яваад орсон зүүн талаар төрийн өндөрлөгүүд баруун талд Отгонбилэг захирал өөр хэн, хэн ч байлаа даа суучихаж. Баруун тал руу нь гараад Отгонбилэг захирлаас 2-3 хүний зайтай суучихлаа. Тэгсэн захирал “морь сайхан давхилаа. За баяр хүргэе” гээд намайг үнсэж байна. Төрийн өндөрлөгүүд ч “морь нь сайхан давхилаа баяр хүргэе” л гэсэн. Балмагдаад хэн юу гэж хэлснийг одоо ч санадаггүй юм. /инээв/ Одоо ч гэсэн энэ тухай ярихаар нулимс гардаг юм шүү. Хүний амьдралд ховорхон тохиох сайхан мөч шүү. Хээр мориныхоо буянаар тийм сайхан үйл явдлын эзэн болж, төв цэнгэлдэхэд муу аавынхаа нэрийг дуудуулан цоллуулж зогсохдоо “хүн болсны хэрэг бүтлээ л” гэж бодож байсан шүү.
-МУ-ын Алдарт уяач Баатархүүг төрийн наадамд хээр морио түрүүлгэсний дараа Баярмагнай гуай таараад “төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүн бүтэн жил айлын хойморт суудаг юм” гэж хэлсэн байдаг. Нутаг усныхаа нэрийг дуурсган төрийн наадамд их морь айрагдуулаад ирсэн хүн түүнээс дутахааргүй хүндлэл хүлээнэ биз?
-Өө тэгэлгүй яахав. Хаана ч очсон “хээр морины эзэн дээшээ дээшээ” л гэнэ. Эхэндээ ахмад хүмүүсийн дээр суухдаа санаа зовдог л байсан. Сүүлдээ дасах маягтай болдог юм билээ. /инээв/ Хурдан хүлгийнхээ буянаар ах нь олон хүндлүүлсээн. Хамгийн том нь 1996 онд МУ-ын Алдарт уяач цолны эзэн болсон явдал юм. ММСУХ дөнгөж байгуулагдаад л уяачдад алдар цол олгоход надад Алдарт өгсөн.
- Хээр морь 14 настай улсад аман хүзүүдсэн. Түүнээс хойш яаж давхисан юм бэ?
-1995 онд 15 настай морь Эрдэнэтийнхээ наадамд аман хүзүүдээд, дараа жил нь 16 настай морь ахиад улсын наадамд очиж 40 хэдээр давхисан. Тэр жил их морь будилсан юмаа. Тэндээс нутагтаа ирж аймгийнхаа наадамд аман хүзүүдээд, хаврын нэг уралдаанд айрагдсан. Түүнээс хойш том наадамд дахиж айрагдаж чадаагүй ээ. Багахан наадмуудад л орж байсан. Аргагүй харьчихсан байсан л даа.
-Ингэхэд хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Миний хээр морь хамгийн сүүлд 18 настайдаа уралдсан. Тэгээд 21 хүрэх жилээ гэнэтхэн хараа нь муудчихдаг юм. Намаржаандаа буучихаад байтал хээр морь алга болчихлоо. Чоно, нохой идсэн бол шувуу энэ тэр эргэлдээд мэдэгдмээр юм гээд гайхаж байсан гурав хоногийн дараа гэрээ олоод ирсэн. Тэгээд ижлээ хайгаад байдаг. Хэд хоног яахаа мэдэхээ байгаад нутгийн хөгшчүүлтэй зөвлөсөн “Хараагүй болчихсон амьтан чинь энд тэнд унаад бэртчихвэл яана. Зовохын нэмэр шүү дээ” гэсэн л дээ. Тэгээд л нэг өдөр зориг гаргаад нутгийн нэг залууг дуудаж зоригийг нь чангалчихаад өөрөө мотоциклио унаад давхичихсан. Би бол харах байтугай барьж өгч ч чадахгүй юм билээ. Тэгээд цагийн дараа дурандсан унагаачихсан байна. Тэгээд л ирж мах шөлийг нь тэр хавийнхаа айлуудад хуваагаад хүртээсэн дээ. Ёстой бэрх юм чинь тэр л байна лээ. Хэдэн өдөржин нүдэнд харагдаад хэцүү байсан шүү. /хоолой нь зангирав/
-Мэдээж яаж амар байхав?
-Нээрэн нэг ийм сонин юм болсон. Уушгиныхаа голд хуруун чинээ хоёр гуурстай, тэр нь дээшээ явсаар гүрээний орчим ирж гурван салаа болоод хамрынхаа самсаа руу орчихсон байсан. Түүнийг нь олон хүн харсан даа. Аргагүй ондоо төрсөн адуу юмаа л гэцгээж байсан. Би хээр мориныхоо дөрвөн туурай, толгой, сүүлийг нь авч үлдсэн. Одоо ч надад бий.
-Аргагүй төрчихсөн адуу байж дээ?
-Ондоо шүү. Одоо би ямар ч адуу харсан голоод л байдаг юм. Миний хээр морь чинь хурднаас гадна бие хаа, толгой тархи гээд ондоо шүү дээ. Сайхан согоо чихтэй. Булган аймгийн дарга байсан Отгон гэж хүн манай уяан дээр ирээд “Чулуунаа, би морь мэдэхгүй. Гэхдээ энэ хээр морь л нүдэнд тусаад байна. Их сайхан нүдтэй юм. Би ийм сайхан нүдтэй адуу харж байгаагүй” гэж билээ.
-Дүү нар нь хэр давхисан бэ?
-Хээр морины дүү гээд олон адуу байсан. Аль нь ч ахынхаа ханзаанд хүрээгүй. Харин нэг хээр азарга л Эрдэнэтийн наадамд шүдлэн, хязааландаа түрүүлээд, соёолондоо Булганд хол түрүүлж шүдээр хасагдаад, хоёр жилийн дараа Эрдэнэтийн наадамд түрүүлээд оёгтой болчихсон юм. Тэр л хамгийн гайгүй амжилт үзүүлсэн нь дээ. Хээр морийг ид хурдан байхад надад сүүл алаг морь байсан юм. Тэр маань нэг жил Эрдэнэтийн наадамд аман хүзүүдээд, хээр морь маань таваар давхиж Буриад Дашбалжир өвгөний гурван морины нэг нь түрүүлж, хоёр нь айрагдан бид хоёр айраг, түрүүг нь хуваагаад авчихаж байсан юм. Тэр жил хээр морины дүү гүүнээс гарсан хязаалан, соёолон хоёр үрээ хоёулаа аман хүзүүдэж би их сайхан наадаж байсан юмдаг.
-Айраг, түрүү бөөнддөг аз хийморьтой он жилүүд байдаг шүү?
-Наадмын дараа нөгөө хоёр үрээг чинь хүн авъя гээд болдоггүй тэгэхээр нь зарчихаж л байсан юм. Би ер нь адуу харамладаггүй хүн. Адилхан адуунд дуртай эр улс баярлаж яваг л дээ, тийм биз дээ. /инээв/
-Тэгэлгүй яахав. Алдартын хөвгүүд морь уяна биз. Санаанд хүрэх юм уу?
-Би дөрвөн хүүтэй. Дөрвүүлээ багадаа хурдан морь унаж байсан. Томын удаах Батболд гээд хүү маань одоо уяаны гол ажлыг нугалж байна. Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол авсан. Морь малд эвтэй, эвтэй. Том хүү маань уулын үйлдвэрт цахилгааны инженерээр ажилладаг. Дунд хүү болохоор Хүмүүнлигийн ухааны их сургууль төгссөн, бага хүү ХААИС-д малын эмчээр суралцаж байна.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч, ийм сайхан илэн далангүй хууч дэлгэсэнд баярлалаа. Ярилцлагаа 20 нас хүрч буй Орхон аймгийн МСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаарх санал бодлоор өндөрлье.
-Би аймгийнхаа МСУХ-г сайн ажилладаг гэж боддог шүү. Хурдан морины гарааны төхөөрөмжөөс эхлээд олон зүйлийг санааачилж, монголын морин уралдааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан байгууллага. Зохион байгуулалт сайтай. Уяачдаа дэмждэг, үнэлдэг. Ингээд 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа нийт Орхон аймгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдэдээ болон “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны удирдлагуудадаа баярын мэндчилгээ дэвшүүлж уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байж айраг, түрүү олныг авахыг хүсэн ерөөхийн сацуу ирэх жил болох Эрдэнэтийнхээ 40 жилийн ойд сайн бэлтгээрэй хэмээн захих байна даа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна