“Дэлхийн аварга”-ын баяраа хуваалцлаа

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 30 -нд

Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал өнгөрсөн сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм. 32 дахь жилдээ зохион байгуулагдсан Breeders cup уралдаанд Тод манлай уяач Д.Ганбаатарын Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морь оролцож, хамгийн богино зайд буюу зүлэгний спринт төрөлд  түрүүлэн монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинаа гайхуулсан билээ.
Mongolian Saturdaу-г Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Энэбишийн Ганбат уяж, арчилгаа маллагааг нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Пүрэврагчаагийн Даваадорж нар хийдэг тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дэлхийн аварга гэгддэг чансаа өндөр уралдаанд түрүүлсэн хурдан хүлгийнхээ түрүү магнай болсон баярыг түмэн олонтойгоо хуваалцах цайллага, ёслолын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт М плаза төвийн их танхимд боллоо.
Хүндэтгэлийн цайллагат Ц.Дуламсүрэн, Б.Содномцог, Д.Мөнхбат, Г.Алтангэрэл, Б.Бат-Өлзий  нарын Тод манлай уяачид ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, МУСГЗ доктор А.Баярмагнай, сэтгүүлч Л.Цагаандалай, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрах нарын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, дэлхийн хэмжээнд амжилттай наадсан ах дүү хоёр уяачид баяр хүргэсэн юм. Мөн энэхүү арга хэмжээнд урлаг, соёл, улс төр, спортын шилдгүүд олны танил хүмүүс уригдсан байсныг тэмдэглэх нь зүйтэй байхаа. 
Хүндэтгэлийн зоогийн үеэр Тод манлай ах дүүс “Mongolian Saturdaу дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн нь мөрөөдлийг нь биелүүлсний зэрэгцээ цаашид монголчууд морин уралдааны зах зээлд байр сууриа эзлэх боломжийг олгосон түүхэн үйл явдал” хэмээн тэмдэглэж байсан юм.
Б.Эрдэнэсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна