МУ-ын Манлай уяач Н.Даш-Өлзий: 10 айраг, түрүү авч Тод манлай уяач цолны болзлоо хангасан

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 01 -нд


-Сүүлийн гурван жил улс, бүсийн наадмаас айраг, түрүү алдаагүй Хурган хонгор монгол түмний бахархалт хүлгүүдийн нэг юм. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайхан тодорхойлолт байна.
-Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Төрийн наадам дэгтэй, тогтсон ёс заншлаараа сайхан л боллоо. Онцлог гэвэл өмнөх жилүүдээ бодвол морь малны тарга хүч жаахан тааруу байсан байх. Нөгөөтэйгүүр үүлдэрлэг байдлаар ялгах тал дээр нэлээд алдаа гарсан. Нэг тийш нь хэтэрхий хэлбэлзүүлж, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүллээ. Ялангуяа  бага насан дээр. Ингэж уяачдын хөдөлмөрийг баллаж, наадамчдын дургүйг хүргэж болохгүй. Уяачийн хөдөлмөр гэдэг их нарийн. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ нэг л өдөр үздэг онцлогтой. Гэтэл түүнийг нь хэдхэн тооны хүмүүс үгүй хийж байна. Цаашдаа ийм алдаа дахин гаргахгүй байх хэрэгтэй. Байдал олон давтагдвал төрийн наадмаа зорьж ирж уралддаг уяачгүй болно шүү.
-Энэ асуудлыг ер нь хэрхэн шийдэх ёстой юм бол. Та юу гэж боддог вэ?
-ММСУХ морьдыг үүлдэрлэг байдлаар ялгах тухай саналыг гаргасан шүү дээ. Нэлээдгүй тэмцлийн үр дүнд ийм шийдвэрт хүрсэн. Ихэнх уяачдын эрх ашигт нийцсэн, хөдөлмөрийг нь үнэлсэн шийдвэр мөн. Гэтэл баяр наадмын комисст уяачдын холбооны төлөөлөл бараг ордоггүй. Төрийн наадам гэдэг нэрийдлээр оруулахаас татгалздаг. Уг нь ажлаа мэддэг хүмүүс л үүнийг хиймээр байгаа юм. Ажлаа мэддэг хүмүүсийн зохион байгуулдаг уралдааны үеэр ийм маргаан гардаггүй шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа.
-Санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Өнөө жилийн баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Эрлийзтэйгээ нийлээд зургаан насны морь мордуулсан. Эрлийз дээд насны ангилалд Хурга хонгор маань дөрвөлж, Хараацай зээрд маань наймлалаа. Дунд насанд бас нэг гайгүй үрээ уралдуулсан, түрүүлж яваад хадуурчихлаа. Эрлийз дааганууд бариатай л давхилаа.
-Монгол морьдын уралдаанд хэдэн нас мордуулсан бэ?
-Соёолон, шүдлэн арав гаргаж давхисан.
-Эрлийз ангилалд Манлайн адуунууд дүүрэн айрагтай нааддаг болжээ?
-Яахав сайхан хурдан буянгууд төрж л байна. Энэ хавар “Хутагтын хурд”-д гурвалсан хавчиг азарга, даагандаа айрагдаж байсан шүү дээ.
-Улсын наадмын дараа аль бүсийн наадамд очсон бэ?
-Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд оролцож, хоёр түрүү, нэг айраг авсан. Хангайн бүсийн уралдаан зохион байгуулалт сайтай, сайхан  болсон. Би хувьдаа сэтгэл хангалуун байгаа.
-Хоёр жил дараалан цолоо ахиулаад байгаа. Би андуураагүй бол Тод манлайн болзол бараг биелсэн байх шүү?
-Биелэчихсэн шүү /инээв/. Энэ он гараад цагаан сараас хойш улс, бүсийн чанартай наадмаас арван айраг, түрүү авсан. Түүний тав нь дээд нас. Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанаас бас гурван айраг, ММСУХ-ны 20 жилийн ойн наадмаас нэг айраг авсан шүү дээ.
-Аргагүй сайхан нааджээ
-Морь айрагдаж, түрүүлнэ гэдэг олон хүний хөдөлмөрийн үр дүн байдаг. Манай уяач Батцоож, туслах уяач Жунай нар маань маш сайн ажиллаж байна. Дээр нь бид адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна