Аймгийн Алдарт уяач Б.Ганбат: Хар азарга энэ жил их хурдан байсан

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 02 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас...
-АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд Ирмүүн хар азаргаа айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт уяачдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
-Хар азарга өнгөрсөн жил долоод давхиж байсан санагдана?
-Тэгсээн. Улсын наадмын дараа Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд таваар давхисан. Энэ жил төрийнхөө наадамд айрагдаад, давхар уяагаар Өмнөговь аймагт болсон “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
-Сунгаанд сайн байгаа дуулдсан?
-Тиймээ, хоёр гурван ч сунгаанд түрүүлсэн. Улсад ч  гэсэн ганцаараа өнгөлж яваад километр дутуу байхад арын адуунуудадаа гүйцэгдээд тавласан шүү дээ.
-Энэ жилийн баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ? Хар азарганаас бусад нь яаж давхив?
-Чинбат ах бид хоёрын адуу  Борнуурын Бямбацогт гэдэг залуу дээр байдаг. 1999 онд анх морь сонирхож эхэлж байхдаа л танилцаж байсан юм. Энэ жилээс Бямбацогт маань зөвлөх уяачаар ажиллаж байгаа. Чинбаа ахын нэртэй хоёр их насны морь мордуулсан нэг нь 16, нөгөө нь 21-ээр ирлээ. Бусад нь 30,40 дотор давхисан даа.
-Ингэхэд Монгол төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа вэ?
-2001 оноос хойш улсын наадамд морь уралдуулж байгаа. 2003 онд Төв аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн соёолонгоо “Говьшанхын хурд-2”-т түрүүлгэж байлаа. Тэр жил Архангай аймгийн 80 жилийн ой болж, хонгор морь гурваар давхисан. Ер нь тэр жил морьд хурдан, сайхан наадсан шүү.
-Анхны айраг, түрүү хүртсэн наадам нандин мартагдашгүй байдаг шүү дээ?
-Том наадмын хувьд 2003 онд болохоос түүнээс өмнө сумынхаа наадамд азарга, их морь түрүүлгэчихсэн байсан.
-Төв аймгийн МСУХ-ны дэд тэргүүний сонгуульт албатайг тань мэдэх юм байна. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа дуулгаач?
-“Цэцээ гүний хурд” уралдаанаа аймгийн статустай болголоо. Сумдаа гурван бүс болгож аймгийн чанартай уралдааныг зохион байгуулдаг болсон. Сумдын баяр наадмаас 100 гаруй айраг, түрүүтэй, тэгсэн хэр нь аймгийн баяр наадамд ирж уралдаж чаддаггүй уяачид олон байна. Тэднийгээ аймгийн Алдарт уяач цолонд хүргэхийн тулд бүсчилсэн уралдааныг зохион байгуулдаг болоод байгаа юм. Энэ мэтчилэн  яриад байвал хийсэн ажил цөөнгүй бий.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна