МУ-ын Алдарт уяач З.Хүрэлбаатар: Торгуулан байж аймагт уралдаж байсны гавьяагаар улсын цолыг авсан

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 02 -нд

Баянхутаг сумаас төрсөн анхны хоёр МУ-ын Алдарт уяачийн нэгтэй уншигчдаа уулзуулах гэж байгаадаа баяртай. Энэ эрхэм бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Загдаагийн Хүрэлбаатар юм.

-Энэ эрхэм цолыг хэдэн онд хүртэж байсан бэ?
-Монгол улсын Алдарт уяач цолыг сайхан хурдан бор азарга завсаргүй зургаа түрүүлж, дээр нь хүрэн морь, хүрэн азарга, хар морь, хээр морь гээд хурдан буянгуудынхаа амжилтаар 1996 онд авсан. Надад 1988-1998 оны дунд тогтмол урдуур айрагдаж байсан үе бий. Гэхдээ бас ММСУХ-г үүсгэн байгуулалцаж, адууг үнэлэхэд миний оруулсан хувь нэмрийг үнэлсэн гэж болохоор. 1990 хэдэн онд шалдан хүүхэн шагнал гэж 100 мянган цаас авч байлаа шүү дээ. Тэгэхэд морины байнд тэр үед халуун сав, бүсний дурдан, дээлний өнгөнөөс өөр юм байгаагүй. Энд талийгаач Пунцагбалжирыг ярих ёстой. Миний азаргыг зургаа түрүүлчихээд байхад нь хавчиг азарга надаас худалдаж авна гэж ирээд анх морийг үнэд хүргэж, уяачдын эрх ашгийг хамгаалах уяачдын холбоо гэдгийг байгуулсан хүн.  Монгол адуу нийгэмлэгийн шар Даваа гэж нөхөр юу ч хийж өгөхгүй, уяачдын эрх ашиг гэж дуугардаггүй, үнэ цэнэ ч байхгүй байсан үе. Хөдөө аралд Даваахүү гуай, бүрлээч Пунцагбалжир, Баттөмөр гуай, Баярмагнай гуай, хөдөөнөөс Баянхутагаас би гээд 5-6 хүн цуглаж уяачдын холбоог үүсгэн байгуулах санаачлагыг гаргаж байсан юм. Тэгээд анхны хурал 1995 оны тавдугаар сард хуралдаж 450 хүн ирэхэд хамгийн бага нь 18, хамгийн ахмад нь 85 настай байсан.
-Энэ цолыг хүртэхэд хамгийн их жин дарсан адуу гэвэл хурдан бор азарга тань байх нь ээ?
-Ер нь энэ цолонд хүрсэн нь аймагт их уралддаг байсных. Би чинь суманд наадаагүй гэж торгуулж байсан хүн шүү дээ. Захиргаадалтын үед аймагт наадаад хоёр, гурван айраг түрүү авчихаад ирэхэд л  сумандаа наадаагүй гээд банга хүртэж байгаа юм. Анх би Донойн Цэгмид гуайгаас авсан хүрэн азаргаараа аймагт хоёр ч айраг авсан. Миний санаж байгаагаар 1979 онд азарга аймагт дөрөвлөсөн. Аавын уяж байсан хязаалангаа суманд оруулаад, аймагт азарга, соёолон хоёр оруулж байсан юм байна. Хүрэн азарганы төл соёолон хүрэн морь аймагт аман хүзүүдэж байгаа зураг нь энэ. Хүрэн соёолонг аймагт нэг аман хүзүүдэж, нэг түрүүлгээд Пунцагбалжирт өгсөн. Уг нь надаас азарга авна гэж их өртөг амлаж ирж байсан юм.
-Анхны айраг авчирсан хүрэн азаргыг залгаж гарч ирсэн ямар адуу байна вэ?
-Хүрэн азаргыг залгаад түүний төл Том улаан азарга гарч ирсэн. Том улааны төл нь Босоо улаан азарга. Том улаан даагандаа нэг удаа суманд аман хүзүүдээд, дандаа аймагт орсон. Бага насандаа нэг аман хүзүүдээд, дахиад орж чадаагүй, бүдүүрсэн хойноо аймагт 1990 онд бараг хоёр км шахуу газар хол түрүүлсэн. Дараа нь 1990 онд МНТ-ны 750 жилийн ойд очоод 34-өөр орсон. Харин түүний төл Босоо улаан дааганаасаа хойш завсаргүй түрүүлсэн юм. МНТ-ны 750 жилийн ойд түрүүлж, аймагт шүдлэн түрүүлээд, хязааландаа эзэн богд Чингисийн 830 жилд түрүүлж, аймгийн 70 жилээр соёолон түрүүлээд, хавчигтаа бас аймагтаа түрүүлсэн адуу байхгүй юу. Аймгийн 70 жилийн ойгоор дөрвөн морин соёолон эндээс гүүрний хэртэй шахуу хол байхад хөөж ирээд км хэртэй газар хоёрыг нь дийлээд, улс үзүүр шахахад хоёрыг нь дийлж түрүүлээд, аргагүй хурдан гэдгээ баталж Босоо нэрээ авч байсан даа.
-2013 онд болсон Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн наадамд яаж давхисан бэ?
-90 жилийн ойд гавиагүй ээ. Тэр жил гандуу байсан болохоор морь дөрвөн сар дөнгөж хүч аваад л, зургаан сард жаахан хүчийг нь нэмэх гэхээр л хүч нь барагдаад болоогүй.
-Тэгээд Босоо улаан анхны Их хурдын урилга авсан юм уу. Их хурдад яаж давхисан бэ?
-Анхны Их хурдад наймд орсон гэж бодсон чинь 13-ын пайз өгсөн. Гэхдээ тэр нь хамаа юу байж уу, нэгэнт айрагдаагүйгээс хойш. Ер нь тэр үед хөөрхөн будилж, мориноос нь хүүхдээ унагаж байгаад сул түрүүлгэж ч байх шиг. Түүнээс хойш будилаан маапаан үүссэн гэж би боддог юм.
-Пунцагбалжир агсан тэр үед таны босоо улаан азарганд ямар үнэ хаяж байсан юм бэ?
-Тэгэхэд миний босоо улаан азарга дааганаасаа хавчиг хүртлээ зургаа түрүүлчихсэн байсан. Босоо улаан азаргыг авъя гээд жижиг цаасан хайрцган дотор 500, 1000-тын дэвсгэртээр гурван сая төгрөгтэй, дээр нь УАЗ-69 машин, мотоцикль өгье гэсэн. Тэр үед УАЗ-69 машин 2,5 сая төгрөгийн өртөгтэй байсан гэхээр тухайн үеийн ханшаар найман сая орчим төгрөг ганц адуунд амлаж, адууны үнийг өргөж байсан хүн. Миний босоо улаан азарга 20 хүрээд 2008 онд өөд болсон юм. Түүнээс хойш л морь үнэд орж, мотоциклийн байтай болж, анхны Их хурд чинь УАЗ-69 машины байтай болж байлаа.
-Хүрэн морио тэр хүнд ямар үнээр өгч байсан бэ?
-Босоо улааны төл хүрэн морийг аймагт нэг түрүүлээд, нэг аман хүзүүдээд, тэгээд бүдүүн насанд нь талийгаач Пунцагбалжирт өгсөн. Хэлсэн өртөг чинь надад ханасан үнэ, гэхдээ ард түмэн улаан азаргыг минь мэднэ ээ гээд улаан азаргаа авч үлдээд хүрэн морио сая гаруйд өгсөн. Улаан азарга надад олон сайхан төл өгсөн. Сүүлд миний унаган их морь 108 сая хүрсэн юм шүү. Би хязаалан бор халзан морио аймагт дөрөвт оруулаад Говийн багш Тагарваа гэдэг хүнд өгөхгүй юу. Хойтон жил нь Тагарваа соёолонд нь улсад аваачиж олон медаль авсан юм. Тэр морийг Тагарваа багшаас “Мон уран”-ны Наранхүү “бор халзан морийг чинь авъя, 80 сая төгрөг өгье” гэсэнд татгалзахаар нь “Тэгвэл эрхиний чинь тоогоор өгье” гээд 108 саяар авсан гэсэн.
-Улсад адуугаа өндөр үнээр өгч байсан хүн улсын наадмыг мэдээж зорьсон биз дээ?
-1995 онд билүү дээ, улсын наадмыг нэг зорьсон юм. Тэгэхэд би хязаалан, соёолон, Босоо улаан гээд гурван насны адуутай очиж байсан. Тэгэхэд Босоо улаан долоотой байлаа. Миний дэргэд улсууд “Хэнтийн хурдан бор халзан азарганы эзэн ирж байгаа гэсэн шүү” гээд ярилцаад зогсож байсан. Тэгэхэд соёолон маань 30-аадаар орж, хязаалан өмнө нь гуравт гарч ирээд, өө хязаалан мордсон тат, тат гэж худлаа луйвардаж байгаад эргүүлж тавиад 21-д орж байсан юм. Тэр чигтээ явсан бол айрагдахаар байсан. Гэхдээ сайхан наадаж байсан. 
-Түүнээс хойш улсад очоогүй юм уу?
-Очоогүй, очъё ч гэж санаагүй. Тэр үед Галшарын Самбуугийн Банзрагч бид хоёр тэмээн тэрэгтэй улсын наадамд явж байгаа юм. Манайхны морьд чинь хотын машинаас үргээд, эсрэгээрээ хотын морь тэмээн тэрэгнээс үргээд сүйд болсон. Банзрагч бид хоёр тэмээн тэрэгний сүүлчийг мушгисан даа. Одоо ч машинаар давхиад байх боллоо.
-Өвгөн ноёны наадам хэд хэдэн удаа зохион байгуулагдсан. Тэнд очиж байсан биз дээ?
-Хоёр дахид нь улаан азаргатайгаа очсон. Газар газрын хурдан буянгууд ирж уралдаж байна. Азарга дутуу эргээд, миний Босоо өнгөний гурав дээр арав гаруй км явчихаад байхад нь нөгөөдүүл чинь аймгийн ганц азаргаа алдчихлаа гээд дааганы гарааны хавьд эргүүлж уралдаад, 40 хэдэд оруулж байсан. Тэр чигт нь явуулсан бол ирдгээрээ ирээд, түрүүлж юм уу, айрагдаж л таарна шүү дээ. Адуу гэдэг чинь хоёр дахиад уралдчихаар чинь яаж явахав дээ.
-Та Босоогоороо илүү алдаршсан уу. Ер нь аль адуу нь илүү санагддаг байсан бэ?
-Атаа жөтөөгүй байсан болохоор хүрэн азарга, их улаан азарга аль аль нь хурдан байлаа. Сүүлд Босоо ч гарч ирээд хурдалсан. Тэр нь илүү, тэр нь дутуу гэх юм байхгүй. Гэхдээ олонд Босоогоороо алдаршсан. Их улаан чинь бас нүгэлтэй хурдан азарга байсан. Яг энэ эцэг хүү хоёр уралдах болбол би алийг нь гэхээ мэдэхгүй. Гэхдээ нэг сонин нь хоёр сайн адуу гараад ирэхээр нэгнийх нь хөл гар нь эвгүй болдог юм уу, уралдахаа байчихдаг.Би ер нь өөрийнхөө адуугаар дагнаснаас хүний адуу уяж амжилтанд хүрээгүй. Бөгөн угшил, Өлзийтийн Босоо цавьдар гэдэг хурдан азарганы угшлын адуутай байсан юм. Босоо цавьдар, Бөгөн хул угшлын адуунд Донир адуу аваачиж нийлүүлээд, тэр гурвын дундаас гарсан хурдан адуунууд бий. Миний адуу амьтан хүнд өгсөн нь ч хурдалж байна.
-Сумандаа наадаагүй хэрэгтээ ямар жавтий хүртдэг байв. Мөнгөөр торгуулах уу?
-Гурван удаа 300 төгрөгөөр торгуулсан. Тийм их мөнгийг май гээд өгчихгүй цалингаасаа суутгуулна. Би нэгдэлд 12 жил адуу харсан хүн. 1800-гаад адуу харахад сардаа 76 төгрөг, жилдээ 1000 орчим төгрөгийн цалинтай. 1990-ээд онд байна уу даа, хоёр удаа торгуулчихаад байсан үе. Адуу ч их хурдан  байсан, шөнө нойргүй хонож, өглөө мориндоо давхил хийчихээд зүүрмэглэж байтал наадмын морины комисс давхиад ирлээ. “Дарга чамайг аймагт наадахгүй, сумандаа ирж наадна шүү гэж хэлүүлж байна” гэхээр нь миний эгдүү хүрээд морины комиссыг үг хэлээр дайрчихсан юм. Тэгээд наадам ч болоод өнгөрлөө, санамсаргүй байтал 69 машин давхиж ирээд “Товчоо хуралдаж өөрийг чинь хурлаар оруулна. Чамайг аваад ир гэсэн” гэж байна. Тэртэй тэргүй ахиад торгоно гэдгийг мэдэж байгаа юм чинь. Морины комиссыг үгээр дайрсан хэргээр 1000 төгрөгөөр торгоно гэнэ. Би ч юу гэхэв дээ, морь айрагдуулсан хэрнээ загнуулж загнуулж гарсан. Сүүлд нь 1000 биш 500 төгрөгөөр торгосон. Торгуулж бангадуулан байж аймагт уралдаж байсны гавьяагаар энэ улсын цолыг авсан даа. Суманд дандаа уралдсан бол өдийд би улсын цолгүй л байх байсан биз.
-Уясан болгоноо хурдлуулж, айрагдуулж байсан амжилтын оргил үе хэзээ байсан бэ?
-1990 онд оргил байсан даа. Сайхан давхиулж, аль ч адуу маань орж байсан. Бас нэг гол юм нь 1990 оноос хойш морь унадаг өөрийн жаалтай байлаа. Мордсон болгон айраг, түрүүнд ороод, нэг наадмаас нэг түрүү, хоёр айраг юм уу, эсвэл хоёр түрүү, нэг айраг авдаг байсан юм. Одоо ч хүүхдээр морь унуулах хэцүү болсон. Урьд чинь “Жаалаа өгөөч, морь унуулъя” гэхээр тэг тэг гээд л өгдөг байсан. Одоо бол 500 мянган цаасаар унана. Аягүй бол айлын жаал бэртээсэн хэрэгт орно. Урьд бид ойчиж л байснаас бэртэж үзээгүй. Цаг төр айхтар болчихоод байгаа юм уу, бүү мэд.
-Морь нь айрагдаж, түрүүлэхээр баярласан сэтгэлээ янз бүрээр илэрхийлэх нь бий. Та харин сэтгэл хөдлөл багатай юмаа даа?
-Түрүүллээ гээд онгирч агсарч давхиад, бахирч чарлаад байхгүй. Уралдаад ирвэл аль нь ч яахав гэсэн гүндүүгүй, иймээ тиймээгүй л хүн. Завсаргүй арав оруулчихаад байхад аа миний адуу хурдан, та муусайнууд явахгүй ч гэх ааг омог байхгүй. Ямар сайндаа 1994 онд Босоогоо аймагт түрүүлгэчихээд, дараа нь хүрэн морио мордуулчихаад байтал улс ирээд “Таны хүрэн морь яах бол?” гэж байна. Мэдэхгүй ээ, хаагуур ч орно уу хамаа юу, тэртэй тэргүй азаргаа түрүүлгэж сумынхаа нэрийг гаргасан хойно дараагийн адуу хаагуур ч байсан яахав дээ гэсэн чинь хүрэн морь маань түрүүлчихдэг юм.
-Нэг уяаны морьд нэг нь хурдлаад эхлэхээр дагаад нөгөөдүүл нь хурдлах жишээ байдаг юм билээ?
-Азарга л аятайхан давхисан байхад арын адуунууд ороод л ирнэ. Ер нь адууг чинь эрдэм гаргаж уяж байж хурдлуулахаас адуунаас нь бариад л хурдалчихна гэж байхгүй. Адууг багаас нь сайхан эдэлж, ир суулгаж, цоройны шар хальсыг гэдгийг нь авсан байхад ер нь айхтар суухгүй дээ, зүтгээд л байна. Хүн биеийн тамир хийхээр анхандаа цорой нь татчихдаг шүү дээ. Тэрэн шиг цоройны шар хальсыг авч ир суулгасан адуу гэдэг чинь бүдүүрсэн ч явдгаараа л явж байна. Цоройны хальс нь тулсан адуу бүдүүрсэн ч гэдсээ гөвдөггүй, эсвэл уяад гэдсээ татчихаад хэдий хурдалсан ч явдаггүй. Ир суусан гэдэг нь тэрэндээ байхгүй юу. Цоройны хальсыг хязаалангаас нь эхэлж авдаг. Даага, шүдлэнд нь сайхан танхи уяад, хязааланд нь аятайхан уяж, сайхан эдлээд ирэхийн алдад ир сууж, аяндаа гялалзаад, таргалаад л ирдэг.
-Олон жил уяж сойгдсон адуу сүүлдээ өөрөө өөрийгөө засдаг болчихдог гэж ярьдаг юм билээ.
-Ир суусан адуу тийм болж байхгүй юу. Ингэж ярихаар хүмүүс худал гэж хэлнэ биз дээ. Би их морио айрагдуулж л байсан, гэхдээ төмстэй адуугаар арай илүү наадаж байсан. Их морийг даланг нь юу ч үгүй болгож байж түрүүлгэж, айрагдуулдаг байхгүй юу. Тэгэхэд азаргыг хоёр даланг нь сэтлээд, дунд нь төө орхисон далантай болгосон байхад миний өөрийн унаган адуу бол хаана ч очсон түрүүлнэ үү гэхээс айрагдана гэсэн цондон байдаггүй. Харин залуудаа хурдан хүрэн азаргаа арай ч дутуухан уяж аймагт дөрөвт оруулсан юм. Их улаан, Босоо улаан азаргануудыг чинь дандаа хоёр талын даланг нь сайхан сэтэлж өгөөд мордуулчихсан байхад ирдгээрээ ирэх юм чинь. Хараад л суухаас ондоо юм байхгүй. Миний их улаан азарга чинь анх хээр унага байсан юм. Донир угшил орсон адуу цайрангуутаа цагаан болчихсон юм. Босоо улаан бас халтар халзан даага 750-д хол түрүүлж байсан. Тэгээд сүүлдээ цагаан болж байгаа нь энэ.
-Залуу цагтаа дагаж дуурайж уяа сойлгоных нь арга барилаас суралцаж байсан ахмад уяач гэвэл ямархан буурал уяачийн тухай дурсан ярих вэ?
-Би Ангасай Банзрагч гуайн юу л гэнэ тэрийг нь дагаж хийдэг байсан. Тэгж л хүнээс юм сурч авна уу гэхээс тэрийг тэг, ингэ гэж хэлэхгүй шүү дээ. Банзрагч гуай намайг анх уяж байхад настай өвгөн байсан. Саарал азаргаа улсын 50 жилээр түрүүлгэж, хойтон жил нь Галшард очиж түрүүлгээд, аймгийн 50 жилд нарийдуулчихаж байсан юм. Тэр жил их усан бороотой, ОПО цув нөмөрчихсөн байхад доогуур салтаагаар ус хоржигноод хээр унтаж чадахгүй, тийм бороотой зун. Тэгэхэд өвгөн надад “Чи морь уяж байгаа залуу хүн, хүний нутагт морь түрүүлэхэд хөлсийг нь хусдаггүй юм шүү” гэж хэлж байсан юм. Тэгээд би өвгөний хэлснээр МНТ-ны 750 жилийн ойд Босоог даага түрүүлгэчихээд хөтөлж зогсож байгаад хөлсийг нь биед нь хатаачихсан чинь шороотой бүрсгэр адуу болдог юм. Хонуулаад маргааш өглөө нь нэмнээд шороон хөлсийг нь авчихаар өөрийнхөө өнгөнд орчихож байгаа юм. Босоо улааныг долоотой азарга эдлэхэд унаганы хээр зүс нь гараад ирсэн. Одоо энэ боллоо, эдэлгээ нь ханалаа гээд намар 11 дүгээр сард азаргаа сэтлээд хаячихаж байгаа юм. Тэгэхэд манай нутгийн улс “Энэ хүү улаан азарганы бодийг нь хөтөллөө дөө. Цагаан байсан сан, бараг хээр шахуу болчихлоо доо” гэж байсан. Тэгээд хойтон жил нь холоо түрүүлж байгаа нь тэр. Аргагүй л тэгэх ёстой гэдгийг өөр дээрээ шалгаж уядаг хүн.
-Таны хурдуудтай эн зэрэгцэж уралдаж байсан нутгийн ямар хурдан буянгууд байсан бэ?
-Миний босоо улааны үед Очиржавын цагаан азарга, Туяагийн шарга азарга ана мана уралддаг байлаа. Ихэвчлэн энэ хэд нь дийлчихнэ, нөгөөдүүл нь араас нь орно. 1990 онд Босоог дааганд нь аймагт уяж байхад Очиржавын жаахан бор шарга даага, Туяагийн цайруу шарга даага гурвуулаа хамт давхил хийхэд Босоо улаан Туяагийн шаргыг дийлээд л, Очиржавын шаргад арайхан хүрч чадахгүй, хөлний хэртэй хоцроод байдаг. Тэгээд Очиржав суманд, би аймагт очиж наадахад Босоо даага аман хүзүүдсэн юм. Догшин даага хар зоогоо татчихаад үргээд зог тусах хооронд цуг явсан даага нь зуузай холбоод орчихсон. Би азарганы түрүү авлаа, даага ч яасан ч  яахав гэж байтал аман хүзүүдсэн. Харин МНТ-ны 750 жилийн ойд хангай минь явуулж үзээрэй гээд залбирахад холоо ирж байгаа нь тэр. Адуу гэдэг чинь сайхан л даа. Сайн моринд ажил хийхэд сүүлдээ багцааг нь авчихдаг юм. Энэ хүрэн моринд ийм ажил хийвэл айрагдана гэхэд айрагдаж л байна.
-Ингэхэд юу таныг хурдан морины уяа эвлүүлэхэд хүргэв. Удам залгасан уяач, өвлөгдөж ирсэн хурдан адуу, хусуур, аль эсвэл өөрийн дур сонирхол байв уу?
- Миний эцэг сэхээтэн хүн, багшийн ажлыг 35 жил хийсэн боловч моринд их дуртай хүн байлаа. Аавыгаа дагаад жаахандаа морь унасаар сургуулиа төгсөлгүй зургадугаар ангиасаа гарчихсан. Эцэг минь 1976 онд өөд болоод, би түүнээс хойш морь уясан.
-Багш хүний хүүхэд сургуулиа төгсөлгүй орхиж байсан гэхээр хүний дуртай зүйл гэдэг аргагүй өөр юм. Та хэр унаач хүүхэд байсан бэ?
-Өө, би унасан болгоноо л оруулах гэж зүтгэдэг хүүхэд байсан. Аавдаа олон ч айраг, түрүү авч өгсөн. Амьтан хүн ч нэлээд гуйж морио унуулдаг. Одоогийн хүүхдүүд шиг мөнгө төгрөг гэдэггүй байсан цаг.  Энийг унаадах гэвэл дуртай юм чинь унана. Ямар сайндаа 14-15 настай моринд хүндэдсэн хойноо хүртэл морь унаж айрагдуулж байлаа. Халзан Жамсран гэдэг өвгөн аймагт уралдах гээд хязаалан, шүдлэн, даага гурван хээр адуутай ирээд 15 настай надаар хязаалангаа унуулдаг юм. Эхлээд хязааланг нь унаад тавалчихсан чинь дахиад шүдлэнгээ уна гээд, шүдлэнг нь унаад бас тавлуулчихлаа. Дараа нь хээр даагыг нь унаад, өнгөний таван дааганд тасарч явсаар барианы үзүүрт сартайгаад л цуцаад ирэхээр нь хондлой дээр нь суучихсан чинь цочсондоо ухасхийгээд тавд орчихсон. Тэгж нэг хүний гурван адууг гурвууланг нь тавд давхиулж байсан. Хүний дуртай зүйл шал ондоо. Манай аав, ээж хоёр хоёулаа хүүхэд байхдаа хурдны морь унадаг байсан. Тэр нь ч надад нөлөөлсөн байх. Би чинь есөн хүүхдийн дундах нь шүү дээ.
-Ах дүү ес бүгд хурдны морь унасан уу. Танаас өөр морь уядаг, улс, аймгийн цолтой хүн бий юу?
-Ах нар морь унадаг байсан. Биднээс мал маллаж хөдөө амьдарсан нь би. Ах дүү бүгд сэхээтэн улс.
-Одоо та өөрөө гардаж уяж байна уу. Хүүдээ зааж сургаад сууна уу?
-Би ч уях нь уядаг л юм. Гэхдээ хүү голлож уях боллоо. Тэжээлийн адуу гэдэг чинь хогийн эд байна. Уг нь сайхан эцээгээд хоёр даланг нь сэтлээд мордуулчихаар баараггүй л айрагтай байдагсан, тэжээлийнх болохоор тэгдэггүй юм байна. Би нэг хүү, гурван охинтой. Хүүгээ сургуулиар явуулалгүй наймдугаар ангиас нь гаргаад авчихсан. Улсын Алдарт уяач гэж энэ их том хүндтэй цолыг авлаа, үүнийг хүү залгахгүй бол ондоо хэн залгахав. Хүү маань голлоод морь малаа уяж, би бол үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг хааяа уяан дээр очиж л байгаа юм.
-Танай хүү тэжээлийн учрыг олж байна уу?
-Тэжээлийн учрыг ч олох нь олсон. Би өөрөө тэжээдэггүй, хүү л тэжээж байгаа. Тэжээхгүй адуу явахаа ч байлаа. Морь, уяач хоёр хичнээн сайн байлаа ч унаач хүүхэд л зангидахгүй бол болдоггүй. Гурван биеэрээ л зангидаж байж адуу хурдалдаг. Миний морьдыг манай гурван охин л унасан. Нэг нь ХАА-г малын эмчээр төгсөөд нутагтаа ирсэн. Математикийн багш, сүү технологийн мэргэжилтэн хоёр нь хотод байна.
-Сүүлийн үед ямар адуунуудаар наадаж байна?
-Босоо улааны төл 10 настай цагаан азарга байна. Өвөл аймагт нэг, зун нэг ороод байгаа. Сүүлийн үед энэ азаргаараа л наадаж байна.
-Айраг, түрүү ч олон болсон биз?
-Тоолж мэдэхгүй. Баярын бичгээ тоолбол юм бий л дээ.
-Шинэ цагийн монгол адууны талаар ямар бодол тээж явдаг вэ?
-Түрүүнээс хойш аман дээр гарч ирээд, тэр тухай хэлэх гэж байлаа. Товчхондоо бол би шинэ цагийн адууг дэмждэггүй, эрлийз адуунд их дургүй. Надад тэр нь байх ч үгүй. Яахав шинэ цагийн адуу гэгчээрээ уралдаж болно, хамгийн гол нь сүүлдээ халх адуугүй болох вий. Халх адуу гэдэг чинь тэвчээр, чадал, тамир сайтай байдаг бол эрлийз адуу нэг давхиж ирээд хий нь гарсан дугуй шиг шалчийчихна. Тэжээл өгөхгүй бол явахгүй, тэжээлтэй бол харайна. Тэгээд яваад ирэхээрээ хөлөө аваад хаячихна.
-Хэдий сайн угшлын адуутай ч гэсэн цусыг нь холтгож, чанар чансааг нь сайжруулах ёстой. Хаана, хаанаас адуу авч адуугаа чанаржуулсан бэ?
-Азаргыг хоёр жил тавиад л сэлбэхгүй бол цус ойртчих гээд байдаг. Тэгэхээр би чинь аль л настай хөгшин хөвөө хурдан адууны азаргыг их авч тавина. Гүү их авдаг байлаа. Нутгаасаа, Сүхбаатарын Уулбаянаас авна. Сүхбаатарын цоохор угшил, Хүүхэн шүүлэнгийн хээрийн угшил байна. Мишигийн Баазар гэдэг хүний адууны угшлын гүүг адуундаа тавьж энэ хурдан цагаан азарга гарсан. Цагаан азарганы эх нь 2008 оны шуурганаар үхчихсэн юм. Ер нь хоёулаа байдас солих уу, хоёулаа нэг үрээ солих уу гээд л ярилцаж байгаад өгч авалцана даа.
-Илэн далангүй ярилцсан Алдарт танд гялайлаа.
-Би одоо 60 хүрчихлээ, нэг сайхан нэвтрүүлэгт орж энэ амьдралаа ярих юмсан гэж бодож байлаа. Танай сэтгүүлийнхэн ирж надтай ярилцаж байгаад баярлалаа. Жаалууд маань харж дурсахад хэрэг болно. Үүнээс илүү яахав.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна