Аймгийн Алдарт уяач Ш.Бат-Очир: Нэг жилийн наадамд уясан бүх морио түрүүлгэж, айрагдуулсан

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 09 -нд

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Бат-Очир гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг. Алдартын хийморийг өргөсөн аргамаг хурдан хүлгэдийнхээ талаар танилцуулаач?
-Дааганаасаа эхэлж уягдан дөрөв түрүүлж, зургаа айрагдсан хурдан хонгор морь байлаа. Хонгор морины эцэг нь Сүмбэр сумын харьяат Лхасүрэн гэдэг хүний адууны угшилтай азарга байсан. Харин эх нь Хэнтийн Баянхутаг чигийн адуу байж билээ. Ах нь 18-19-тэйгөөсөө эхлээд хурдан морь уясан хүн. Түүнээс хойш алтан тууртын буянаар бишгүй л баярлалаа.
-Уяачийн гараагаа ямар насны мориор эхэлж байв?
-Ах нь гурван жилийн цэрэг. 1971 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуу маллах болсон. 1976 онд нэгдлийн адуунаас даага уяж анх түрүүлгэж байлаа. Бас хонгор зүсмийн адуу үрээ байсан юм. Морь уяад авсан анхны түрүү тэр. Түүнээс хойш сумын наадамд даага, шүдлэн нэлээд хэдэн удаа түрүүлгэж, айрагдуулсан. Соёолон ч  айрагдуулж л байлаа.
-Улсын аварга малчин болж байсан юм байна. Адуу маллаж байх үедээ юу?
-Би цэрэгт явахаасаа өмнө хоёр жил нэгдлийн адуу малласан. Цэргээс ирээд арван жил адуу маллаж байгаад өгч, хонь хариулах болсон юм. Улсын аварга малчин шагналыг хонь маллаж байгаад авсан. Бас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Алтангадас одонгоор шагнуулж байлаа. Нэгдлийн хонь малласан 10 жилийн хугацаанд долоон мянга гаруй төл бойжуулж дээрх шагналуудыг авсан даа.
-Тэр их ажлын хажуугаар амжуулаад морь уяад л байдаг байж дээ?
-Нэгдэл нийгмийн албатай болохоор хол явж наадаж чадаагүй. Аймгийн наадамд нэг, Данзанравжаагийн наадамд гурван удаа л ирсэн байх. Гэхдээ дуртай юм болохоор яаж ийж завчилж байгаад Иххэт, Хэнтийн Дархан, Баянмөнх сумын наадамд очоод уралдчихдаг л байсан. Дархан сумын наадамд олон морь айрагдаж, түрүүлгэсэн дээ.
-Хичнээн айраг, түрүү байдаг вэ. Тоолж байв уу?
-10 түрүү, 10 аман хүзүү, 30 гаруй айраг авсан байна лээ. Тэгээд л аймгийн Алдарт уяач цолыг олгосон байх даа.
-Хамгийн одтой наадсан жил нь хэдэн оны ямар наадам бэ?
-Нэг жилийн наадамд дөрвөн адуу уяж ирээд, дөрвүүлэнг нь айрагдуулж байсан. Тэр л наадам хамгийн сайхан байдаг даа. Хонгор морь маань соёолондоо аман хүзүүдээд, хязаалан хонгор нь түрүүлж, шүдлэн тавалж байсан юм даг.
-Залуус адуугаа сайжруулахад ихээхэн  анхаарах болж. Алдарт энэ тухайд хэр санаа тавьдаг бол?
-Энэ жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Мөнхбат гэдэг хүнээс 2-3 байдас, ганц нэг үрээ  авчирсан. Эрээр нь азарга тавина гэж бодож байгаа. Би хуучны хүн болоод тэр үү, монгол адууг цус холдуулж монголоор нь сайжруулахыг дэмждэг. Харин сүүлийн үеийн залуус адуугаа эрлийзжүүлэх дуртай болж. Эрлийз адуу  хөлийн хурдтай, гараад зайлчихвал гүйцэгддэггүй бололтой юм аа. 
-Тантай нас чацуу Төмөрчулуун гуай даагаа өөрөө сургаж, уяаны ажлаа гардан гүйцэтгэдэг гэж байна. Таны хувьд?
-Өөрөө л гардаж уяна даа. Хүүхдүүд, ач зээ нар гэхдээ тусална аа. Ач ирж морь унаж өгнө. Бор-Өндөрт байдаг хүү ирж эмнэг догшныг нь номхруулж өгдөг юм
-Хүүхдүүд морь уяж байна уу?
-За даа, олонх нь төвд орчихлоо. Нэг хүү л төв, хөдөө хоёрыг хослуулж морь уях санаатай байх шиг байна. Ганц нэг адуу зах зухаасаа айрагдаж урам нэмж байгаа байх. Тэгж байгаад туршлагажих байлгүй дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна