Аав маань аймгийн баяр наадмаас 50-иад айраг, түрүү авсан

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 16 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуул, “Увсын хурд” МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Ж.Александртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
-Намайг Жангарайн Александр гэдэг. Би 1967 оны морь жил Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1990 онд ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн. 1990-1992 онд Тэс сумын “Лениний зам” нэгдэлд түрээсийн хэсгийн ахлагч, 1993-1995 онд Тэс сумын Засаг даргын орлогч, санхүү тасгийн даргаар ажиллаж байгаад 1995-2003 он хүртэл хувиараа бизнес эрхэлсэн. Тэгээд 2003-2008 онд аймгийн МХГ-т махны экспорт хариуцсан байцаагчаар ажиллаж байгаад 2008-2012 онд Тэс сумын Засаг дарга, 2013 оноос аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байна.
-Морины хүн болсон нь хэзээни түүх вэ?
-Би багаасаа моринд сонирхолтой хүүхэд байсан. Манай аав Чүлтэмийн Жангарай гэж хурдан морь уядаг хүн байлаа. Аав маань 1960-2004 он хүртэл 40 гаруй жил тасралтгүй хурдан морь уясан. Манайх улаан, бор голдуу зүсмийн адуутай айл байлаа. Би сургууль соёл гэж явсаар аавынхаа хурдан морь уяхыг тийм сайн мэдэхгүй. Миний мэдэхээр аавын том улаан морь 1978, 1980, 1982 онуудад аймгийн баяр наадамд түрүүлж, аав маань 1996 онд Улсын тэргүүний уяач цолоор шагнагдаж байсан юмдаг. Аймгийн наадамд жил бүр дунджаар 2-3 насны морь уралдуулдаг байсан бөгөөд энэ хугацаандаа аймгаас 50 шахам айраг түрүү авсан байдаг. Ер нь Увсын уяачид миний аавын ямархан хэмжээний уяач байсныг хэлүүлтгүй мэднэ дээ.
-Аавын тань амжилт арвин юм байна. Харин та хэдийнээс бие дааж морь уяж эхэлсэн бэ?
-Би 1990 оноос хойш бие дааж морь уяж эхэлсэн. Миний бага бор морь аймгийн баяр наадамд соёолон хүртлээ дөрөв, их насандаа гурван удаа айрагдсан. Мөн хатирдаг бор морь маань аймгийн наадамд гурав айрагдсан. Эдгээр морьдынхоо амжилтаар 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Одоо дүү Ж.Батболд, Ж.Алтанцогт нартай хамтраад морио уяж байна. Манайхан 80 гаруй адуутай бөгөөд адууныхаа угшилыг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Би морь уяхын зэрэгцээ 1996 оноос эхлээд одоог хүртэл аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. 1996-2011 онд Улаангом сумын уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан.  Сүүлийн жилүүдэд манай аймгийн уяачдын морь уях сонирхол нэмэгдэж, адууныхаа угшил сайжруулах тал дээр их анхаарч байгаад би хувьдаа их талархаж явдаг.
-Таны хоёр бор морины угшил?
-Миний бага бор морь аавын маань адууны угшил. Харин хатирдаг бор морио би хүнээс худалдаж авсан юм. Эрлийз  адуу л даа.
-Танайхан Тэсийн голын унага гэж их ярих юм?
-Тиймээ. Манай аймагт голдуу Тэс угшлын адууг үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Өндөрхангай сумдаар их тархсан адуу бол Тэс угшлын адуу байдаг. Тэс угшлын адууг үүлдэр болгох судалгааны ажил явагдаж байгаа.
-Удахгүй Увс аймгийн түүхт 90 жилийн ой  болох гэж байна. Уяачдадаа хандаад юу гэж хэлэх вэ?
-Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр, баруун бүсийн “Их хурд” даншиг наадам, Монгол бөхийн баяр гэсэн гурван том баяр нэг дор болох гэж байна. Аймгийнхаа нийт уяачиддаа хандаад энэ наадамдаа морио сайн бэлдэж, сайхан баярлахыг хүсье.
-Адууны босоо цагаан хийморь ивээх болтугай.
-Баярлалаа. Сайхан баярлаарай.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна