Д.Ганбаатар ММСУХ-ны дээд шагналаар шагнагдлаа

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 18 -нд

Монголчууд 2000 жилийн тэртээгээс хүлэг сайн морьдынхоо шандас юуг сорин уралдуулж, ид хавыг нь гайхуулсаар ирсэн баялаг түүхтэй ард түмэн. Морин уралдаан, Монгол наадам бол баяр цэнгэл төдий бус нүүдэлчин Монгол түмний ахуй амьдрал, зан заншлын толь болсон соёлын томоохон өв, цаашлаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Туурга тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон эрийн гурван наадам тэр дундаа морины уралдааныг хөгжүүлж,  мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа уяачид, хурдан морины зүтгэлтнүүд энэ сарын 15-нд SS CLUB-т цуглан улиран одож буй 2015 оныхоо амжилт, бүтээлийг дүгнэлээ. Өнөө жилийн баярын цэнгүүн ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан эрхмүүд  хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаасан юм.
ММСУХ-ны дээд шагнал Молор эрдэнэ одонгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч  Д.Ганбаатар шагнууллаа. Төрийнхөө их баяр цэнгэл наадамд их насны морь айрагдуулж, соёолон түрүүлгэн, Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд Сүүн шарга морио айрагдуулж, зээрд халзан соёолонгоо дахин түрүүлгэсэн тэрээр  2015 оны 10-р сарын 31-нд  АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон 32 дахь удаагийн Breeders cup уралдаанд Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морио зүлэгний спринт төрөлд  түрүүлгэн монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинаа гайхуулсан билээ.  Монгол уяачийн ур чадварыг дэлхийд гайхуулж Монгол түмний бахархлыг нэгээр нэмсэнэ энэхүү үйл явдал нүүдэлчин Монголын соёл эрийн гурван наадмын бүх төрлүүд дэлхийд данстай болсныг баталж, цаашлаад Монгол уяачид олон улсад гарч уралдах гарцыг нээсэн түүхэн үйл явдал юмаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна