Ховд аймгийн улсын шилдэг уяач Д.Отгонням: Баруун бүсийн наадамд шарга соёолонгоо түрүүлгэсэн

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 24 -нд

Улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, аймаг сумдын уралдаанаас хоёр түрүү, зургаан айраг хүртсэн амжилтаар Улсын шилдэг уяачаар шалгарсан Ховд аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Должинсүрэнгийн Отгоннямын баярын сэтгэгдлийг хуваалцлаа. 
-Баруун хязгаарын шилдэг уяачид баяр хүргэе.
-Баярлалаа. 2015 оны улсын шилдэг уяачаар шалгарсандаа баяртай байна. Өнгөрсөн жил аймаг, бүсийн наадмаас дөрвөн түрүү, найман айраг хүртэж, тэрхүү амжилтаараа аймгийнхаа болон улсын шилдэг уяач боллоо. Бэлгэтэй сайхан санагдаж байна.
-Улсын бүсийн наадмаас нэг түрүү хүртсэн юм байна. Аль бүсийн уралдаан бэ?
-Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд шарга соёолонгоо түрүүлгэсэн. Миний шарга соёолон Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Энхбаяр гэж дүүгийн маань адуу. Би эмнэг шүдлэн үрээ авч арав гаруй удаа түрүүлгээд байгаа. Хурдан буян байгаа юм.
-Орон нутгийн чанартай уралдаануудаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Ховд аймгийнхаа баяр наадамд соёолон, даага, хязаалан түрүүлгэсэн. Мөн аймгийнхаа МСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд азарга түрүүлгэсэн.Түүнчлэн Буянт, Чандмань  зэрэг сумдын 90 жилийн ойн баяраас айраг хүртэж амжилттай сайхан наадсан.
-Ингэхэд хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-Би 1989 оноос хойш бие даан морь байна. 1990 онд Дуут сумын баяр наадамд уясан морио түрүүлгэн амжилтын гараагаа эхэлснээс хойш айраг, түрүү алдалгүй сайхан наадаж байнаа. Газар хол 1500, 1600 км зайтай учраас улсын наадамд очиж чаддаггүй. Харин баруун бүсийн аймгуудад болдог даншиг наадмуудад бол оролцдог.
-Хамгийн чансаа өндөртэй наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Гандан Пунцаг Чойлон хийдийн нээлтийн уралдаан зургаа, долоон аймгийн морьд ирсэн өтгөн болсон юм. Тэр том уралдаанд өөрийн унаган том хээр морь түрүүлсэн. Сүүлийн үед бүсдээ хурдаараа илүүрхэж байгаа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайн уяачид ирэхэд унаган их морио түрүүлгэх үнэхээр сайхан байсан. Ганц би биш нутаг орныхон маань их л баяртай байсан шүү.
-Адууныхаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг дуулдсан. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Би эцэг малд нэлээд ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл адуугаа азаргаар сайжруулдаг гэх үү дээ. Одоогийн байдлаар гаднаас 11 азарга авч тавьсан байна лээ. Сүхбаатар аймгийн Халзан, Мөнххаан, Дарьганга, Асгат сумдаас дөрөв, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорноговь аймгийн Алтанширээ сумдаас тус бүр нэг азарга авсан. Мөн Галшар угшилтай азарган үрээ чиг л авсан. Дорнодын Цагаан-Овоо, Матад зэрэг хурдаараа улсад яригдаж байгаа сумдаас бас азарга авсан. Ер нь адуу нь сайн хурдтай гэсэн газруудаас адуу авсан даа.
-Орон нутгийн уяачид удам залгасан эрчүүд байдаг. Таны хувьд...?
-Миний нагац ах улсын Алдарт уяач Ойдовын Далхаа гэж хүн байсан. Аймаг, бүсдээ сайн нааддаг уяачдын нэг. Миний авга ах нар бас морь уяна. Аав ч бас залуудаа морь уяж л байсан гэдэг. Одоо миний хүү залгаад морь унаж, уяач болохоор бэлтгэгдэж байна. Ганц хүүгээ удам залгуулж уяач болгоно доо.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж буй та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна