Нийслэлийн Алдарт уяач С.Ганзориг:”Азаргыг хожуу бариад цөөн хоногт ширүүхэн ажил хийхээр болчихоод байдаг юм”
-Нэг айлын хүүхдүүд бүгд хурдан моринд сонирхолтой, дээр нь уясан хүлгээ түрүүлж, айрагдуулан амжилт гаргана гэдэг хүссэнээр тохиох явдал биш. Бар жилийн шилдэг уяачийг хурдан морь сонирхоход ахын нөлөө их байсан байх?
-Мэдээж, ахын нөлөө байлгүй яахав. Эхлээд унаач хүүхдээс л эхэлнэ шүү дээ. Багадаа хурдан морь унадаг байсан. Моринд томдоод хасагдмагцаа ахдаа морь уяхад нь хамжилцаж, гар хөлийн үзүүрт нь зарагддаг болсон. Одоогийн хэлээр бол туслах уяач юм уу даа. Тэгээд болмоор юм шиг санагдаад бие дааж уях болсон доо. Нэг хэсэг амьдралын шаардлагаар адуунаас хөндийрч байгаад сүүлийн 5-6 жил уяж байна. Морь уяна гэдэг нэг дор сурах ажил биш болохоор суралцаж л явна даа. Нэг үеэ бодвол овоо зүгширч байгаа юм байлгүй, өнгөрсөн жилийн шилдэг уяачаар шалгарсан. Ахтайгаа хамт шагнал гардаж авах сайхан л юм билээ./инээв/
-Ахынхаа морийг уядаг байхдаа хэр зэмлүүлж байв даа?
-Бид хоёр 3-4 насны зөрөөтэй болохоор гайгүй ээ. Үе тэнгийн шахуу болохоор Бандгаа ч нэг их юм ярихгүй. Гэхдээ бас дотроо бол эмээлгүй яахав. Болж өгвөл алдаа гаргахгүй байхыг л хичээнэ ш дээ. Миний морь уяж байгаа, адуу шинжиж байгаа гээд ерөнхий арга барил Бандгаагийнх. Мэдээж дээр нь өөрийнхөө санаа оноог оруулалгүй яахав.
-Ямар ч байсан сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй зэргээрээ бол ахтайгаа адилхан л юм байна?
-/инээгээд/ Тийм байхаа. Манай гэрийнхэн ер нь л нэг иймэрхүү улс байдаг юм. Морь айрагдаж түрүүллээ гээд тэгтлээ хөөрөөд уйлж дуулаад байдаггүй. Хүн асуухгүй бол төдөөр давхилаа ч гэж нэг их яриад байдаггүй. Ний нуугүй хэлэхэд би жаахан зожигдуу маягийн хүн шүү дээ. Айл амьтнаар нэг их ороод байхгүй. Найз нөхдийн уяагаар ч очихгүй. Өөрийнхөө хийх ёстойг хийгээд л явж байдаг. Зарим хүн гайхдаг л байх. Тэр ч бүү хэл Бандгаагийнхаар ч тоотой очно.
-Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд түрүүлж айрагдсан азарганы эзэд баярын нулимсаа барьж дийлэхгүй байсан. Харин танаас би тийм догодлол олж хараагүй?
-Адуутай холбогдсон эр хүний хувьд Их хурдад морь айрагдуулна гэдэг хамгийн том баяр баясгалан. Хамгийн том бахдал. Тэр утгаараа баярлалгүй яахав. Ер нь миний хувьд хамгийн их сэтгэлд үлдсэн сайхан наадам гэвэл “Их хурд-5”-ыг нэрлэнэ. Гурван жилд нэг болдог халхын цуут хурд цугласан тэр наадамд морь айрагдуулна гэдэг бас л ховорхон аз. Тэр тусмаа азарга айрагдуулна гэдэг сайхан л юм билээ.
-Нээрэн анзаарвал Ганзориг уяач азарганы уяаг илүүтэй тааруулаад байдаг юмаа даа. Махвалын Салхин халтар, Отгонбаярын Хилэн хар гээд төрийн наадамд цулбуур өргүүлсэн хурдан хүлгэдийн уяаг та тааруулж байсан?
- Эцэг мал гэдэг утгаар нь би өөрөө ч гэсэн азарга уях дуртай. 1997 онд Архангай аймагт болсон бүсийн уралдаанд хонгор азарга айргийн дөрөвт хурдалж байсан юм. Тэгж л анх том наадмын хишиг хүртэж байлаа даа. Би азаргаар бүсийн наадмаас таван айраг хүртсэн юм билээ.
-Азарганы уяан дээр юуг анхаарах ёстой вэ?
-Адуу болгон өөрийн гэсэн онцлоготой. Азарганы тухайд ороог нь зөв гаргачихвал болчихоод байх шиг санагддаг юм. Хүмүүс цөөн гүү хураалгавал зүгээр гэдэг ч би дунджаар арван гүү хураалгачихдаг юм. Тэгээд өвөлдөө сайн унаж эдэлнэ. Хүмүүс хавар эрт барьдаг бол би нэлээд хожуу маягтай барина. Тэрнээсээ болоод ч тэрүү дутуудчих гээд л байдаг юм.
-Хожуу гэдэг нь хэдийгээр гэсэн үг вэ?
-Зургаан сарын аравд нэлээд гаргаад хорьд дөхүүлээд барина. Тэгээд бараг өдөр болгон шахуу ажил хийнэ. Ер нь нэлээд ширүүн уяагаар уядаг. Азарга бусдыгаа бодвол бас ярвигтай. Ядаж л зодолдож бэртчих гээд жаахан л алдаа гарахад уяа нь эвгүйдчих гээд байдаг.
-Отгонбаярын Хилэн хар сүүлийн хоёр жил амжилтаа хадгалж уралдлаа. Хар азарга ер нь ямар уяатай адуу вэ?
-Уяаг нь зөв тааруулж чадвал хэдэн жил сайхан наадчих хурдан буян. Өнгөрсөн жил уяа нь дутаад улсын наадамд есөд давхиад Их хурдад аман хүзүүнд хурдалсан. Харин энэ жилийн тухайд ханиадтай байсан ч хурдан буян гэдгээ харуулж төрийнхөө наадамд дахин айрагдсан.
-Наадмын өмнө танай уяагаар ороход байдал ч эвгүй байсан шүү?
-Хэлээд яахав ээ. Гэхдээ ганц манайх биш нийтээрээ тийм байсан болохоороо одоо яалтай билээ. Тэр ханиад гараагүй байсан бол АХ-ын 90 жилийн ой их өргөн дэлгэр болох байсан. Тэгш ой гэдгээрээ газар газрын олон уяачид, олон хурдан буянгууд цугларсан байсан шүү дээ уг нь. Нэг насанд л мянга хүрч уралдах болов уу гэж бодож байсан шүү. Хилэн хар маань ханиадтай байсан хэдий ч тэгш ойн жилийн наадам гэдгээр нь эзэнтэй нь зөвшилцөж байгаад явуулсан. Угаасаа суурьтай адуу юм болохоор айрагдсан байх.
-Эзэн нь уралдахынхаа өглөө нэг л өөр болчихсон гэж байсан. Танд мэдрэгдсэн үү?
-Уяач болгон өөрийн гэсэн уяаны арга барил засалтай. Ханиаднаас болоод мордуулахгүй болчихож магадгүй байсан учраас өөрийн мэддэг чаддаг бүхнээ хэрэглэсэн. Тэгсэн 10-ны өглөө өнгө засаад их сайхан болчихсон байсан. Айрагдчих болов уу гэсэн горьдлого төрж байсан шүү.
-Сунгааны үеэр уулзахад нэлээд хэдэн азаргатай дуулдсан. Зарим нь мордоогүй юмаа даа янз нь?
- Тэгсээн. Уг нь тав зургаан азарга мордуулах байсан юм. Тэгсэн ганц хар азарга л мо?дсон. Хязаалан гэхэд л долоо найм уягдсан ч мөн л ганц мордсон. Их насанд гурав, даага нэг, соёолон мордуулаагүй. Манай галын хувьд л ийм байхад бусад уяа адилхан гэж үзэхээр их олон адуу мордоогүй байгаа биз.
-Тэр холоос зорьж ирсэн ч наадам нэгээр дуусах биш гэсэн уяачид цөөнгүй байсан шүү?
-Манай галынхан ч гэсэн тэгж ярилцаад л зарим адуугаа мордуулаагүй.
Тойруулгын хурдан зээрд азаргыг бэлгэдэн галаа Их салхин гэж нэрлэсэн
Ингэхэд танай гал чинь хичнээн хүний бүрэлдэхүүнтэй, ямар нэртэй билээ?
-Манай “Их салхин” гал зургаан долоо хүний бүрэлдэхүүнтэй. Хилэн хар азарганы эзэн Отгонбаяр, “Мон тейд” компанийн захирал Ганболд, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Баатарцогт, “Номин”-гийн Ганболд, миний найз Ганбаяр гэсэн залуусаас бүрдсэн. Энэ жил хаврын бүсийн уралдааны өмнө байгуулагдсан шинэхэн хамт олон. Хамт олны маань хийморийг бадрааж, Багануур дүүрэгт болсон “Нүүрэнтэйн хурд-2011” уралдаанд соёолон үрээ маань айрагдсан. Миний өөрийн унаган адуу байгаа юм. Их салхин угшилтай зээрд үрээ бий.
-Их салхин угшилаа?
-Тиймээ, морин тойруулгат Их салхин нэртэй хурдан зээрд азарга байсан шүү дээ. Тэрний нэрээр өөрийнхөө адуунуудыг нэрлэсэн юм. Галаа ч гэсэн тэр хурдан буянг бэлгэдэж нэрлэсэн юм.
-Шинэ галын ахлагчид гишүүддээ сайн адуу хайх үүрэг оногдож байна уу?
-За нэг их яваад сүйд болоод байгаа юм бол алга даа. Бандгаатай хамт Орос руу л явсан. Би өөрөө үржлийн талаар ганц нэг юм хийх санаатай байгаа. Бандгаагийн Станбул азарганы төлүүд их сайн давхиж байна шүү дээ. Надад бас бий. Ер нь манай Бандгаа намайг очих тоолонд л нэг адуу өгдөг юм.Өнгөрсөн өвөл болсон гурван Тод манлайн наадамд аман хүзүүдэж, өвлийн уралдаануудад хоёр гурав ч түрүүлсэн цавьдар халзан азаргыг Бандгаа маань өгсөн. Мөн өнгөрсөн жил улсын наадамд Станбулын хоёр ч төл орсон. “Алтай констракшн”-ы захирал Бат-Эрдэнийн халтар үрээ Станбулын төл шүү дээ. Би Оросоос Англи азарга авчирсан.Тэрний төлүүд нь бас сайн давхиж байгаа. Ер нь миний шинэ монгол адуунууд их сайн давхиж байгаа шүү.
-Үржил селекци хийхэд ер нь юуг анхаарах ёстой юм бэ?
-Бүхэл бүтэн үүлдэр гаргаж авна гэдэг нарийн ажил л даа. Одоогоор бол Бандгааг харж дуурайгаад л явж байна. Яваандаа болох байлгүй дээ. Адууны цус сайжруулна гэдэг маш олон жилийн хөдөлмөрийн үр дүн л дээ. Үнэтэй адуу аваад л хурдан угшил гаргаад авчихна гэж байхгүй шүү дээ. Өвгөн ноёны тэр олон зууны жилийн өмнө хийсэн ажлын үр дүн өнөөдөр харагдаж байна шүү дээ. Тэгэхээр бидний өнөөдрийн хийж буй ажлын үр дүн хэдэн жилийн дараа л харагдах байх даа.
-Энэ жил эрлийз адууг тусад нь ялгаж уралдуулсан. Үржил селекцид анхаарч буй хүний хувьд энэ шийдвэр танд ямар санагдсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд энэ шийдвэрийг сайшаахгүй байгаа. Цуг уралдаж байж л монгол адуу улам сайжирна ш дээ. Амьтан ах дүүсийг харж байхад хамжиж дэмжиж байгаад ямар ч байсан эрлийз адуутай болсон байна лээ.Танай сэтгүүл дээр хүмүүс ярьсан байна лээ дээ. Анх удаагаа эрлийз адуугаар уралдаж байгаа биш. Аль эртнээс л уралдаж байсан ш дээ гээд. Тэр үнэн ш дээ. Зууны манлай уяач Даваахүү ах байна. Морин тойруулгын эрлийз адуугаар л амжилтанд хүрсэн. Тэдгээр адуунуудын үр төл өнөөдөр монгол адуунаас ялгархаагүй болсон байгаа биз дээ. Энэ мэтчилэн нэг хэсэг нь Монголынхоо хөрс шороо орчин нөхцөлд таарсан адуу бий болгож, нөгөө хэсэг нь дэлхийн хэмжээнд уралдах адуу гарган авч болно ш дээ. Бид байнга дотроо уралдаж өрсөлдөөд байх нь чухал биш. Бас дэлхийн хэмжээнд уралддаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд яалт ч үгүй, адууныхаа цусыг сайжруулах ёстой.
-Сүүлийн үеийн олон нөхцөл байдлаас болоод уяаны арга барил өөрчлөгдөж байна хэмээн хөгшчүүд ярьдаг. Үүнтэй та санал нэгдэх үү?
-Нэгдэнэ, нэгдэлгүй яахав.Морь уяна гэдэг дов тойрсон долоон хүний ажил биш болсон. Яагаад гэхээр уралдааны цар хүрээ, давтамж өөрчлөгдсөн. Бас нэг үеэ бодвол манай адуу чанаржсан. Тэр хэрээр уяаны арга барил өөр болсон. Ер нь бол хуучны уяаны арга барилаар уяахд их төвөгтэй болсон.
-Уяаны арга барил цаг үеийн шаардлагаар өөрчлөгдсөн юм байж. Харин хурдан морины тогтмол амжилт юунаас болж буурахав? Өөрөөр хэлбэл нэг адуугаар олон жил тогтмол амжилттай сайхан наадна гэдэг ойлголт байхгүй болчихлоо шүү дээ?
-Өрсөлдөөн ширүүсч байна. Мөн хажуугаар нь залуучууд олноор моринд орж байна. Сэтгэлийн хөөрлөөр орж ирсэн морь мэддэггүй залуус хурдан хүлгийг гэмтээх осолдуулах явдал цөөнгүй гарч байна. Энэ дээрээ их анхаарч нэгэнт сайхан хурдан буян олсон бол сайн уяачид хандах хэрэгтэй. Хурдан адуу тогтмол амжилт гаргаж чадахгүй байгаагийн өөр нэг шалтгаан бол уралдаан олширсонтой, мөн уяаны арга барил өөрчлөгдсөнтэй холбоотой. Шинэ орчин шинэ нөхцөл байдалд дасан зохицох амаргүй шүү дээ.
-Манай сэтгүүлийн зочид өөрийн хамгийн хайртай хурдан хүлгийн талаар дэлгэрэнгүй танилцуулдаг уламжлалтайг та мэдэх байх. Ганзориг уяач ямар хурдан буянгаа онцлох бол?
-Уяач хүн уяж байгаа морьдоо хүний өөрийн гэж ялгах ёсгүй гэж би боддог. Тэр утгаараа би Махвалын халтар азаргыг л онцолж яримаар байна даа. Үнэхээр хурдан буян. Арай эрт таарсан бол ахиад хэд хэд айрагдах байсан даа гэж бодогддог юм шүү. 13 настайдаа Амгалан төрийн ажнай шаргатай уралдаад гурвалсан адуу яаж ч бодсон муу байхгүй биз дээ. Залуу ядаж 8,9-тэй таарсан бол юм дуулгах хүлэг байгаа юм. Олон хүн дамжиж уягдсан хэрнээ хөл гараа аваагүй тэрэн шиг сайн азарга миний хувьд таарч байсангүй. Улсын наадамд гурвалчихаад хэдхэн хоногийн дараа Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой дөрөвт давхисан.
-Ингэхэд та улс бүсийн буюу улсын цолны болзолтой уралдаанаас хичнээн айраг түрүү хүртсэн юм бэ?
-Өнгөрсөн 14 жилийн хугацаанд улс бүсийн наадмаас 12, 13 айраг түрүү авсан байна лээ.
-Тэгвэл Алдартын болзол бараг биелсэн юм биш үү?
-Ихэнх нь хүмүүсийн нэр дээр уралдсан. Миний нэр дээр гурав, дөрвөн адуу л орсон байх. Яахав ээ морь сайхан давхиж байвал миний цолтой цолгүй хамаагүй ш дээ. Өнгөрсөн жил шилдэг 9 уяачийн нэгээр шалгарахад надаас бусад нь цөм улсын цолтой уяачид байсан. Тийм хүмүүстэй хамт шалгарсан нь сайхан л санагдаж байсан. Гэхдээ ч би чинь өнгөрсөн жил Нийслэлийн Алдарт уяач болсон юм шүү дээ.
-За тэгвэл тун удахгүй улсын Алдарт болоорой. Таныг хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Ерөөлөөр болог. Та бүхний ажилд амжилт хүсье.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.189.91
Mundag ah nar
Reply