Хэнтий аймгийн улсын шилдэг уяач Б.Бат-Өлзий: Унаган үрээгээ зүүн бүсийн уралдаанд айрагдуулсан

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 02 -нд

Улс, бүсийн уралдаанаас нэг айраг, аймаг сумдын уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаар улсын шилдэг уяач болсон Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Боргилын Бат-Өлзийгийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Хан Хэнтий нутгийн улсын шилдэг уяачид баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт хурдан морь сонирхогчдод энэ өдрийн мэнд хүргэе.
-Одтой сайхан наадсан 2015 оны уралдаануудаасаа танилцуулаач?
-Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд өөрийн унаган соёолонгоо аман хүзүүнд хурдлуулж, “Боржигон” наадмаас нэг түрүү, нэг айраг, аймгийн чанартай наадмаас дөрвөн аймаг хүртсэн амжилтаар 2015 оноо үдэж, улсын шилдэг уяачаар шалгарсандаа баяртай байгаа.
-Хээр соёолонгийнхоо удам угшлын талаар жаахан дэлгэрүүлээч?
-Хээр соёолонгийн эцгийн дээд угшил болохоор Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Ухна агсны адуу. Харин эх тал нь болохоор манай аавын адууны гүү байдаг юм. Даага, шүдлэндээ уралдалгүй өнжөөд соёолонгоосоо анх уралдсан битүү шахуу адуу л даа.
-Зүүн бүсийн уралдаанаас өмнө уралдсан юм уу?
-Хэнтий аймгийн Дархан сумын 60 жилийн ойд айрагдаад тэндээсээ зүүн бүсийн уралдаан руу явсан юм. Тэрний дараа Говьсүмбэр аймагт болсон “Боржигон” наадамд айргийн дөрвөөр давхисан.
-Зүүн бүсийн уралдаанд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Хязаалан, соёолонтой очиж, хязаалангаа 14,15-аар давхиулсан.
-Зүүн бүсийн уралдааны тухайд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Зохион байгуулалт сайтай, маш сайхан наадам болсон. Сэтгэл хангалуун байгаа. Боржигон наадам ч ялгаагүй сайхан болсон.
-Улсын шилдэг уяачаар шалгарахаас гадна орон нутгийн ханасан цол буюу аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон дуулдсан?
-Тэгсээн.Удамт хурдан хүлгүүдээрээ алдартай Хан Хэнтий нутгийнхаа Алдарт уяач болсондоо баяртай байгаа. Улиран одогч хонин жил миний хувьд амжилт бүтээлч арвинтай сайхан жил байлаа.
-Шинэхэн Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-Миний өвөг дээдэс хүлэг морио эрхэмлэн дээдлэгч уяачид байсан. Түүний нэг нь нагац ах Самбуу юм. Намайг морины энэ том соёлтой ойртуулсан хүн бол миний нагац ах аймгийн Алдарт уяач Цэвээнсүрэнгийн Самбуу юм. Энэ дашрамд ахдаа баярласан талархсанаа илэрхийлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна