Говь-Алтай аймгийн улсын шилдэг уяач Д.Шаравнямбуу: Хязаалан үрээ маань өнөө жил долоон удаа түрүүлж, айрагдсан

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 03 -нд

Говь-Алтай аймгийн улсын шилдэг уяачаар шалгарсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Даваасүрэнгийн Шаравнямбуу. Тэрээр 2015 онд улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, аймаг, сумдын уралдаанаас хоёр түрүү, айраг хүртжээ.
-Улсын шилдэг уяачид баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө моринд хайртай Монгол түмнийхээ энэ өдрийн амрыг айлтгая. Миний хувьд 2015 онд улсын бүсийн уралдаанаас нэг айраг, орон нутгийн чанартай уралдаанаас зургаан айраг, түрүү хүртсэн амжилтаараа улсын шилдэг уяачаар шалгарлаа.
-Аль бүсийн наадамд ямар насны морь айрагдуулсан билээ?
-Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд хязаалан айргийн тавд хурдлуулж, Завхан аймгийн хаврын урд бүсийн уралдаанд хязаалангаа түрүүлгэж, шүдлэнгээ айргийн дөрөвт давхиулсан. Мөн аймагтаа болсон дөрөв дэх удаагийн “Алтайн шигшмэл хурд” болон аймгийн баяр наадамд хязаалангаа аман хүзүүнд хурдлуулсан.
-Баруун бүсэд айрагдсан хээр үрээнийхээ удам угшлыг танилцуулаач?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Амармөнх гэж хүний унаган адуу. Би дааганд аваад тэр жилээ нэг түрүүлгэж, дөрөв айрагдуулсан. Дараа жил нь  шүдлэн үрээ гурав айрагдаад өнгөрсөн жил хязаалан үрээ долоо уралдаж долоо орсон. Хавар Завхан аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлээд дараа нь  “Алтайн шигшмэл хурд”-даа аман хүзүүдсэн. Мөн
“Алтайн хавар” уралдаанд айргийн дөрөвт, аймгийнхаа баяр наадам болон Дэлгэр сумын МСУХ-ноос зохион явуулсан хаврын уралдаанд тус тус аман хүзүүдсэн.
-Алтайн шилдэг уяач хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-Харьцангуй залуу уяач. 2012 оноос хойш хурдан морь уяж байна.
-Таны өвөг дээдэс морь уядаг байв уу?
-Миний өвөг эцэг насаараа адуу малласан хүн. Өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн хүлэг морио уралдуулж, түмэн олноо цэнгүүлж яваадаа баяртай байдаг.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна