Говьсүмбэр аймгийн улсын шилдэг уяач Г.Адъяасүрэн: Улсын бүсээс хоёр түрүү, нэг айраг, аймаг, сумын чанартай уралдаанаас 21 түрүү, 21 айраг хүртлээ

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 04 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Адъяасүрэн. 2015 оны Говьсүмбэр  аймгийн улсын шилдэг уяачаар шалгарсан түүний баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Улиран одогч хонин жилдээ одтой сайхан наадаж, улсын шилдэг уяачаар шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт уяачдадаа гарч буй бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзий бэлгэтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Миний бие улиран одогч хонин жилдээ улс, бүсийн чанартай уралдаанаас хоёр түрүү, нэг айраг, аймаг, сумын чанартай уралдаанаас 21 түрүү, 21 айраг хүртэн улсын шилдэг уяачаар шалгарлаа. Баяртай байна.
-Улсын цолонд тун дөхөж байгаа байх шүү.
-Дөхөж байгаа. ЗГ-ын тогтоолтой наадмаас таван түрүү, дөрвөн айрагтай байгаа. Орон нутгаас тодорхойлж өгдөггүй бололтой. Энэ жилийн хувьдл гэхэд  “Боржигон” наадамд шүдлэн, соёолон түрүүлгэж, “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд  үрээ айрагдууллаа. Ер нь надад Өмнөговь аймаг их ээлтэй байдаг юм. Өмнө нь “Говьшанхын хурд-3” уралдаанд соёолон түрүүлгэж байсан.
-Унаган адуугаараа л уралдаад байна уу?
-Тэгэлгүй яахав. Дандаа өөрийн унаган адуугаараа наадаж байна.Олон жилийн хөдөлмөрөө зориулан бий болгосон хурдан адуу маань зөвхөн өөрт бус өрөөл бусдад очоод ч гэсэн сайхан давхиж байна. Жишээлбэл Шинэбаатарт зарсан хонгор халзан үрээ маань хоёр даншигт түрүүллээ. Энэ мэтчилэн яриад байвал олон олон.
-Өвөө, ач хүү хоёр нэг өдөр улсын шилдгүүд боллоо?
-Тэглээ. Энэ ач хүү маань өнөө жил Говьсүмбэр аймгийн шилдэг уралдаанчаар шалгарсан. Аав нь миний хоёр дахь хүү, аймгийн Алдарт уяач Нямхүү шүү дээ. Сүүлийн үед морь сайн уяж байгаа.
- Танай хүүхдүүд цөм морь уядаг байхаа?
-Тиймээ. Би таван хүүтэй. Тавуулаа хурдан морь унаж уралдаж өссөн хүүхдүүд. Одоо хүүхдүүд нь залгаад унаж байна. Энэ зун манай хоёр ач морьдоо унаж уралдсан. Зарим улс өөрийнхөө хүүхдээр морио унуулсангүй гэдэг. Нас нь тохирохгүй болоод л унуулахгүй байгаа болохоос биш цөм л унуулж байгаа шүү дээ. Ер нь тэгээд харж байхад хурдан морь унаж өссөн хүүхэд Монгол ахуйгаа дээдэлдэг, хэрсүү амьдралын ухаантай, бусдаас арай өөр шүү.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна