ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧ Ц.ЭРДЭНЭЦОГТ: 10 ЖИЛ АЙМГИЙНХАА БАЯР НААДМААС АЙРАГ, ТҮРҮҮ АЛДСАНГҮЙ

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 07 -нд

Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, уяач Цэрэнжавын Эрдэнэцогт. Тэрээр 2015 онд улс, бүсийн уралдаануудаас хоёр айраг, аймаг сумдын уралдаануудаас зургаан түрүү, хоёр айраг хүртжээ.
 -Дорнод аймгийн улсын шилдэг уяачид баяр хүргэе. 2015 ондоо ямархан амжилттай наадсан бэ?

-“Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. 2015 онд ах нь Засгийн газрын тогтоолт улсын чанартай бүсийн уралдаанаас хоёр айраг, аймгийн чанартай уралдаанаас зургаан түрүү, хоёр айраг хүртэж аймгийнхаа шилдэг уяачаар шалгараад, улмаар улсын шилдэг уяач боллоо. Эхлээд аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаанаас нэг түрүү, нэг айраг авсан. Дараа нь Хорлоогийн Чойбалсаны мэндэлсний 120 жилийн ойн том баяр наадамд соёолон, шүдлэн түрүүлгээд, даага аман хүзүүдүүлсэн. Түүний дараа аймгийн баяр наадам болж, нэг түрүү, хоёр айраг хүртсэн. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын хүн байгаа юм. Өнгөрсөн жил сумын маань түүхт 90 жилийн ой тохиогоод тэнд очиж азарга, шүдлэн түрүүлгэлээ. Төрсөн нутагтаа азарга түрүүлгэх сайхан л байдаг юм байна. 
-Тэгэлгүй яахав. Зүүн бүсэд мөн адуун сүргийн манлай азарга айрагдуулсан шүү дээ. Цавьдар азарганыхаа удам, угшлыг танилцуулаач?
-Дорнод аймгийн Хэрлэн сумын угшилтай, миний өөрийн унаган адуу. Бага насандаа уягдалгүй өнжөөд, хавчигаасаа эхлэн  уралдаж сум, аймгийн наадмаас айраг алдаагүй. Энэ жил есөн настай. Өнгөрсөн жил тав уралдаж дөрөв түрүүлэн, нэг аман хүзүүдсэн.
-Уралдсан цагаасаа хойш нийт ямар амжилт үзүүлээд байгаа юм бэ?
-Нийт найман медальтай. Хамгийн өндөр амжилт нь Сүхбаатарт болсон зүүн бүсийн уралдаан. Төрсөн нутагтаа зохион байгуулагдсан тэр том уралдаанаас хоёр айраг хүртэнэ гэдэг тэр болгон тохиох хувь биш гэж бодож байгаа шүү. Азарга гэхэд л 200 гаруй, шүдлэн нь 460,470 хүрч мордсон шүү дээ. 
-Шүдлэн үрээ нь мөн унаган адуу юу?
-Унаган адуу.Хүрэн үрээ маань сум, аймгийн наадамд 10 уралдахдаа есөд нь түрүүлсэн. Зүүн бүсэд л аман хүзүүдсэн, бусдад нь дандаа түрүүлсэн. Ах нь ер нь сүүлийн жилүүдэд дан өөрийн унаган адуугаараа уралдаж байгаа. Өнгөрсөн жил найздаа өгсөн соёолон маань аймгийн наадамд аман хүзүүдсэн. “Хаан” банкны захирал Түмэнзаяад өгсөн хязаалан үрээ дөрвөөр давхих жишээтэй. 
-Өөрийн тань уясан морьд хоёр түрүү, нэг айраг хүртсэн гээ биз дээ?
-Тийм. Үндсэндээ унаган таван адуу аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдаж. 
-Дорнод аймагтаа зохион байгуулагдаж байсан бүсийн уралдаанд ямар амжилт үзүүлж байсан бэ?
-2014 оны “Дорнод талын хурд” зүүн бүсийн уралдаанд шүдлэн үрээ айрагдуулсан. Би өөрийгөө гүү сайтай гэж боддог. Ер нь тэгээд ажиглаад байхад эх талаа илүү татаж байна. Гүү сайн бол 70 хувь нь түүнийгээ дагана. Энэ хурдлаад байгаа хүрэн үрээний эцэг нь миний Даншиг хүрэн азарга. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор даагандаа улсад ирж 10-ын дотор давхиж байсан. Энэ Даншиг хүрэнгийн эр төл болгон нь хурдалж, алтан медаль хүртээд байгаа. 
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2005 онд болсон. Тэрнээс хойш завсаргүй 10 жил аймгийнхаа баяр наадмаас айраг, түрүү авч байна. 2013 онд аймгийн шилдэг уяач болохдоо нэг түрүү, таван айраг хүртсэн байсан. 
-Дараагийн удаа Төрийн ордондоо улсын Алдарт уяач цолоо авахаар хүрэлцэн ирээрэй.
-Ерөөлөөр болог. Хөдөлмөрлөж чадвал энэ сайхан алтан тууртын буян хэзээ нэг өдөр ирнэ л дээ. Уяач бидний хөдөлмөрийг үнэлж байдаг танай хамт олонд мөн талархснаа илэрхийлээд морины босоо цагаан хийморь өнө мөнх бадарч явахын ерөөл өргөе. 
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.