Уяач П.Шоовдор: Шинэхэн уяач баруун бүсийн наадмаас гурван айраг хүртсэн

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 15 -нд

Завхан аймгийн Сонгино сумын уугуул, уяач Пүрэвийн Шоовдортой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд одтой сайхан наадан, нутгийн нэрийг дуурсгажээ. Бахдалт наадмын дурсамжаар яриагаа эхэлье?
-Би шинэхэн уяач. Хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлж одоогоос гурван жилийн өмнөөс морь уяж байгаа. 2012 онд Баян-Өлгий аймгийн баруун бүсийн даншиг наадамд гурван морьтой очоод гурвууланг нь айрагдуулсан.
-Сартай бор даага айргийн таваар хурдлуулсныг тань мэдэж байна. Нөгөө хоёр нь аль насанд вэ?
-Их насны бор хээр морь аман хүзүү, хүрэн халзан шүдлэн, бор даага хоёр айргийн таваар давхисан. Их морь, хязаалан хоёр Сайн-Отгон гэж хүний нэрээр цоллогдсон учраас мэдэхгүй байгаа байх. Аман хүзүүддэг бор хээр морь Увс аймгийн Баруунтуруун угшилтай адуу. Аавыг нь улаан Мөөеө л гэдэг юм. Би хүү Раашаас нь шүдлэн үрээ авч байсан. Надад ирээд олон түрүүлж, айрагдсаан. Сумын 80 жилийн ойд соёолон тасархай түрүүлж байлаа. Баян-Өлгийн бүсэд айрагдсаных нь дараа улсад уралдуулах гээд Улаанбаатарт тэжээж байхдаа хөлийг нь эвгүйтүүлчихээд нутагт нь аваад ирсэн.
-Халзан шүдлэн тэгвэл хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Батжаргал гэдэг хүний адуу. Бор даага нь мөн л Сүхбаатарын адуу. Тэгэхдээ Эрдэнэцагааны Шонхор гэж ярьдаг, аймгийн Алдарт уяач Мөнх-Эрдэнээс эхтэй нь авсан юм.
-Болдбаатарын халиун азаргыг уядаг уу?
-Яг тийм. Тэр жил Ханхөхий хайрханы тахилга болж, хээр морь аман хүзүүдэн, халзан шүдлэн дөрвөөр давхисан. Тэрнээс өмнө шүдлэн, даага хоёр нь сумандаа түрүүлсэн байсан юм. Бор даагаа Ханхөхий хайрханы тахилгад тавьж чадаагүй. 2012 онд энэ гурваараа сайхан наадаж, 7-8 айраг, түрүү авсан байх шүү. Дуучин Ариунаа нөхөртэйгөө ирж манай энд овоо тахисан юм. Тэнд хүртэл уралдсан.
-2012 онд одтой сайхан нааджээ. Могой жил танд ээлтэй байв уу?
-Завхан аймгийнхаа 90 жилийн ойд энэ гурван морио уясан. Харамсалтай нь эрүүл мэндийн байдал сайнгүй байгаад олигтой давхиулж чадаагүй. 47, 50 хавиар л ирсэн. Ер нь морь гэдэг амьтан надад амьдрал хайрласан юм шүү. Би хожуу адуу гэдэг амьтанд сэтгэлээ өгч, хайрлаж, хамгаалж явсны хүчинд амьд яваа гэж боддог. Ноднин Очирваанийн даншиг наадмын үеэр миний бие гэнэт муудаад есдүгээр сарын 28-нд Хятадад зүрхний, 11 дүгээр сарын 4-нд Солонгост уушгины хагалгаа хийлгэсэн. Хоёр том хагалгааны ард морины хүчээр л гарлаа. Солонгост хүнд хагалгаа хийлгэх гэж байхад миний морьд энд ачигдаад 11 дүгээр сарын 5-нд 22-ын товчоогоор орж байлаа. Уушгины хорт хавдар гэдэг айхтар өвчин тусаад Солонгост дөрвөн сар гаруй эмчилгээ хийлгэсэн. Адуу гэдэг амьтан ухаантай юм болохоороо эзнийхээ хийморийг дагадаг юм байлгүй. Хурдан байсан ч гурван морь маань нэг нь хүүхдээ унагаад, хоёр нь сайн давхиж чадаагүй. 
-Адуугаа ингэтлээ дээдэлдэг хэр нь яагаад тэгтлээ хожуу уяж эхэлсэн юм бэ?
-Ах нь насаараа армид алба хашсан хүн.  Дуудсан цагт бэлэн байх үүрэгтэй цэргийн хүн морь уяж яаж болохов. Чөлөөндөө гараад зуны 3-4 сар энд ирж морь уядаг болсон. Уг нь гэр хотод л доо. Адуугаа эндээ байлгаад, уях адуугаа Гачууртад тэжээгээд, хавар авчирдаг юм. Аав маань насаараа бригадын дарга хийсэн хүн. Би адуу малтай ойр өсөөгүй ч адуунд зүрх сэтгэлээсээ дуртай. Морь уяж үзэх юмсан, морьтой болох юмсан гэдэг олон жилийн хүслээ биелүүлэх гэж 2-3 жилийн өмнө Сүхбаатар явж энэ 2-3 адууг авчирсан. Бор дааганы ээж цагаан гүү энэ жил надад эр унага гаргаж өглөө. Ах дүү хоёроор сайхан наадна даа хэмээн бэлгэшээж байгаа.
-Уяаны тал дээр ямар хүнээс заавар зөвлөгөө дэмжлэг авч байв?
-Би маш их судалгаа хийдэг хүн. TV-9 телевиз болон Ганпүрэвийн бүх нэвтрүүлэг, бичлэгийг үзсэн. Бүр нэгээр тогтохгүй. Үзээд анализ хийнэ. Танай сэтгүүлийг дугаар болгоноор нь хадгалдаг. Сэтгүүл дээр чинь гарсан ярилцлагуудыг бага том гэж ялгахгүйгээр 2-3 удаа давтаж уншдаг. Энэ бүхэн дээрээ тулгуурлаад л өөрөө уясан. Надад Увсын Баруунтурууны дориун хээр морь байсан. Түүн дээрээ нэмээд Сүхбаатараас адуу аваад, тэгээд л эхэлсэн дээ. Адууны хажуунаас холдохгүй л бол адуу, хүн хоёр бие биенээ ойлгоод байх шиг санагддаг. Ухаандаа уяа эхлээд дуустал нэг хувцастай байх зарчмыг би барьдаг хүн. Энэ улаан тэрлэгтэй байсан бол үүнийг үнэрлэж морь намайг мэднэ. Адгуус тийм ухаантай. Ерөөсөө л адуугаа ойлгох, адуундаа өөрийгөө ойлгуулах хэрэгтэй.
-Ноднин Сонгино суманд бага гурван насны аймгийн хойд бүсийн уралдаан болсон гэсэн. Тэнд оролцсон уу?
-Би хоёр айраг авсан. Даага таваар, хязаалан үрээ гурваар давхисан.
-Шинэ уяачийн гялалзсан амжилт сумаа улсын тэргүүний холбоо болгоход ихээхэн нөлөөлсөн гэх юм билээ. Энэ мэдээ эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан танд эрч хүч  авчирсан байх?
-Тэгэлгүй яахав. Баян-Өлгийн наадмаас Завханы уяачид дөрвөн айраг хүртсэн юм. Сантмаргаз сумын Даваагийн хүрэн азарга аман хүзүүдэж, миний гурван морь айрагдсан. Адуу гэдэг хийморилог амьтантай ноцолдож, баруун зүүн аймгаар явж туршлага судалсны хэрэг гарч сайхан байлаа. Тэр тусмаа миний тэрхүү амжилт миний бахархал сумынхаа МСУХ-г МУ-ын тэргүүний шилдэг салбар холбоогоор шалгарахад нөлөөлсөн гэдгийг дуулах таатай байлгүй яахав.
-Морин жил гарсаар хэрхэн наадав?
-2012 оноос хойш улсын наадамд морь тавьчих юмсан гэж боддог болсон. Боломж нь олдохгүй байна уу, бас нэг гацаа байх шиг байгаа юм. Бор хээр морио ноднин Өлзийтөд тарлаж байгаад хөлийг нь муутгаад Дүнжингаравт тавьж чадаагүй. Ер нь би бор морио арав дотор ороод ирэх болов уу гэж боддог. Энэ жил Дүнжингаравт энэ хоёр үрээгээ уясан. Ер нь хашир байх нь зүйтэй юм билээ. Улсын дов бол хатуу. Над шиг хүнд өндөрдөх юм билээ. Нэг орой миний таньдаг залуучууд Дугараа Тод манлайг дагуулж ирээд цаг гаруй ярьсан юм. Тэгсэн Тод манлай “сумгүй буу, сунгаагүй морь хоёр хэрэггүй дээ” гэж хэлэхээр нь би морьдоо тавиагүй. Яагаад гэвэл би сунгааг нь чанартай хийгээгүй юм чинь.
-Наадам олон, юм ээлжтэй. Төрийн наадамд морь айрагдуулах торгон мөчид эргэн уулзъя. Ярилцсанд баярлалаа.
-Ерөөлөөр болог. Та бүхний ажилд ч гэсэн  амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна