Залуу уяач У.Мөнгөнхүрд: Манай удамд Алдарт уяач цолтой дөрвөн хүн бий

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 31 -нд

Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Иххэт сумын харьяат, залуу уяач Улаанхүүгийн Мөнгөнхүрдийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдэс морь уядаг байв уу? Мөнгөнхүрдийн моринд орсон түүхээс яриагаа эхэлье.
-Тийм ээ, манай удамд аймгийн Алдарт уяач цолтой дөрвөн хүн бий. Аавын аав, ээжийн аав хоёулаа аймгийн Алдарт уяачид. Бас манай аав Улаанхүү, аавын төрсөн дүү Чулуунбаатар нар аймгийн Алдартууд байгаа юм. Энэ бол үнэхээр бахархалтай. Тиймдээ ч эдний уяаны ажлыг үргэлжлүүлж яваадаа баярладаг. Алтанширээгийн Равдан гэж хүн Адилаа адуунаас авч азарга тавиад гарсан зээрд төлийг нь өвөө авч азарга тавьсан юм билээ. Манайханд азарга голдуу их хурдалдаг. Одоо надад Адилаа адууны 9 дэх үе нь бий.
Манай өвөө Наваанжамба морь хатгана, эмчилнэ. Аав бол малын эмч хүн. Аймгийн Алдарт уяач, аймгийн заан цолтой. Би дөрвөн настай жоохон хүү байхаасаа л морь унаж, өвөөтэйгээ өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг байлаа. Ингээд 1987 онд сургууль орж, наймдугаар ангиа төгсөөд л өвөөдөө очсон. Түүнээс хойш өвөөгийнхөө туслах уяач болсон.
-Өвөө тань зээрд азаргаараа сайн наадсан уу?
-Зээрд азарганы төлийн төлөөр их сайн наадсан. Өвөө Галшарын 30 жилийн ойд хээр азарга аман хүзүүдүүлж, Равжаагийн наадмаар соёолон хээр морио түрүүлгэж байлаа. Манай аавд тэр хээр азарганы төл хул азарга байлаа. Босоо шахуу адуу даа. Даагандаа Алтанширээгийн Тойгийн наадамд дөрөвлөж, шүдлэн үрээ өнжөөд, хязаалан, соёолон сумандаа түрүүлэн, хавчиг азарга Иххэтийн 70 жилд түрүүлсэн. Бас айраг алгасч үзээгүй, нэг будан морь байлаа. Алтанширээд хязаалан түрүүлээд, сумандаа соёолон, хавчиг морь айрагдаж, естэй Иххэтийн 70 жилд түрүүлж, манай аав дээд хоёр насны хоёр түрүүг нь авч байлаа. Тэгэхэд соёолон морь нь бас их хурдан байсан л даа. Ганцаараа түрүүлж яваад барианы адагт хүүхэд нь ойчоод гуравлачихсан. Гурван түрүүг авахаа дөхсөн. Тэр жил аймгийн Алдарт уяач авга Баавай /Чулуунбаатар/ долоон морь уяж, дөрвөн түрүү, Алтанширээгээс гурван айраг авч байсан. Энд нэмж сонирхуулахад Дэлгэрхаанд болсон анхны бооцоот өвлийн наадамд аавын шарга морь айргийн таваар хурдалж байсан сайхан түүх бий. Энэ шарга морины дээд угшил нь Адилаа адуунд ордог юм. Хорин хэдэн медальтай өвгөн морь байгаад өнгөрсөн. Ийнхүү энэ Адилаа адуунаас сүүлд Хулан гэж хул хээр азарга байгаад 2008 онд ойчсон. 18-тай азарга 2006 онд Хужиртад болсон Өвгөн ноёны наадмаар айргийн дөрвөөр хурдалж, “отголж” байлаа. 
-Таны уяаны эрдмийн багш өвөө тань байх нь ээ. Өвөөгийн уяаны арга барил ямар онцлогтой вэ?
-Адилаа адуу урмаар давхидаг онцлогтой. Энэ нь өнөөдөр хөлс авлаа бол маргааш нь уяа тойруулдаг юм уу, ядраахгүй, биед нь хүнд ачаалал өгөхгүйгээр тарлаад жаахан явж байгаад хүчээ аваад эхэлдэг. Тийм урам өгөөд байхаар хурд ордог юм билээ. Өвөө бид хоёр хамтдаа зургаа, долоон азарга уясан. Өвөөгийн үед сумын наадамд үсрээд л 30 морь уралдана, ахмадууд голцуу морь уяж оролцдог байлаа. Бид ч байнга л дагаастай. Тэгээд хүний морь ойчоод өгнө, өвөө очоод л босгочихно. Энэ хөлийн бөглөө болж, энэ цатгалан бөглөө, тэр өлөн бөглөө болж гээд л оношилдогсон. Хүүхэд байсан болохоор нэг сэтгэл гаргаж тогтоож байсангүй л дээ. 100 хувь гэхэд 30 орчим нь толгойд үлдсэн бололтой. Гэхдээ мал хатгаж, ханахыг өвөө шигээ хийж чадахгүй ч гадарлахтайгаа шүү.
-Бие дааж морь уяад удаж байна уу?
-Арав гаруй  жил болчихож байна уу, 2002 оноос гэхээр. Өвөө нас 80 гараад уяаны ажилд зөвлөх маягтай. Би ч өнөөдөр морь ингэлээ ямар ажил хийх үү гэхчилэн өдөр болгон л асууж заавар зөвлөгөө авна. Өвөө бас надад даалгавар өгнө гэхчилэн явж байгаад Алтанширээд азарга тавлуулсан. Тэр  бол бие дааж морь уяад авсан анхны айраг байгаа  юм. Түүнээс хойш айраг алгасч үзээгүй. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Галшар, Иххэт сумандаа олон айраг түрүүтэй. Барагцаагаар 16 орчим медальтай болсон байна.
Би ч өвөөгөө дагаж явсаар уяач болсон хүн. Харин миний төрсөн дүү Мөнгөнхүлэг аавын адууны “гол хүн” байгаа юм. Дүүд аавын сүүлд Сүхбаатар аймгаас авсан нэг бэлэвсэн зээрд азарга, өвөөгийн Иххэтийн 70 жилд түрүүлсэн хул азарганы төл бий. Надад өвөөгийн Алтанширээгийн Дашзэвэг гэж хүнээс авсан хар азарганы төл байгаа. Өвөөгөөсөө өвлөн ирсэн адууныхаа удмыг тасдахгүй авч явах өндөр үүрэг хариуцлага надад ирсэн гэж болно. Өвөөгийнхөө цогцлоон бий болгосон адууг нэг их олон цустай хольж, угшлыг байхгүй болгочихгүй юмсан гэсэндээ азаргаа гаргадаггүй.
-Залуу уяачийн нэрийг гаргасан хурдан хүлгүүдээсээ сонирхуулаач?
-2002 оноос хойш 11 түрүү, мөн тооны айрагтай болсон. Сумын Алдартын болзлыг хангачихаад байгаа. Одоо ч уралдаан олон болж байна. Өвөөтэйгээ Алтанширээ, Иххэтдээ наадчихдаг байсан бол одоо Галшар,  хойд Баянмөнх, Дархан, урагшаа Дорноговь, баруун тийшээ Говьсүмбэр, Чойр гээд тойрсон сумдаар  нааддаг болсон. Хар даагаа Бор-Өндөрт түрүүлгээд, Хэнтийн Баянмөнхөд дахин түрүүлгэж, хул азаргаа Баянмөнх, Галшард оруулж байлаа. Бас цавьдар азарга Галшард болсон Өвгөн ноёны өргөөний нээлтийн наадамд гуравлууллаа.  Эд маань цагаан өвсний л адуунууд байгаа юм. 
-Иххэтээр овоглоод удаж байна уу?
-1995 оноос аав маань Иххэт сумын Хажуу-Улааны “Монголросцветмет” нэгдлийн “Эрдэнэ” гэж хөдөө аж ахуйн мал хариуцсан компанийн захирлаар ажиллах болсон юм.  Ингээд аавыгаа дагаад гэр бүлийнхэн маань Иххэтэд шилжин амьдрах болсоор 20 шахам жил болох гэж байна.
-Ярилцсанд баярлалаа.  Гэр бүлийнхээ тав дахь Алдарт болохын ерөөлийг дэвшүүлье.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.