МУ-ын Алдарт уяач Д.Сүрэнжав: Морь ид хурдан байгаа үедээ нэг жилийн наадмаас долоон айраг ч авч л байлаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 01 -нд

Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Д.Сүрэнжав гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын бие хаа данги уу? Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна.Бие яахав барагтай. Хотод ирж суурьшаад  нэлээд хэдэн жил болж байна.
-Уг нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүн бил үү?
-Эхээс унасан нутаг бол Сүхбаатар аймаг. 1950 онд Уулбаян суманд төрсөн хүн байгаа юм.1970 онд Хэнтий аймагт ирж суурьшаад тэр нутгийн хүн болсон.
-Орлойн баячуулын нутаг юм биз дээ. Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Миний аав нутаг орондоо үнэлэгдсэн сайн уяач байсан.Тэр үед улсын цол хэргэм өгч байсангүй. Өгдөг байсан бол авах байсан байх. Би аавынхаа уясан нас насны морьдыг унаж хурдлуулж явлаа. Сүүлд аав маань намайг дагаад Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд ирж бас их олон морь түрүүлгэж айрагдуулсан. Нутгийн буюу Орлой адуугаа Галшарын Дагмид Мээрэнгийн адуугаар сэлбэсэн хүн.
-Тэгвэл та хэдэн оноос бие даан морь уяж эхэлсэн юм бэ?
-1977 оноос. Тэрнээс урьд дандаа л аавтайгаа хамт уядаг байлаа. Зургаан настай морь унаж сураад л аавыгаа дагаж энд тэндхийн наадамд явдаг байсан.Тэгээд сүүлдээ ажил амьдралын мөр хөөгөөд Өндөрхааны сангийн аж ахуйд жолооч байхаасаа бие дааж ганц нэг адуу уяж эхэлсэн дээ. 1980-аад оны үед байхаа Цагаан Наваандэндэв, Лувсанцэрэн гэдэг хүнээс халзан азарга авч, аймагт гурав дөрөв айрагдуулж, бага наадмуудад олон оруулсаан.Мөн Галшарын Салтаа Сэдэдийн адуунаас улс хувьсгалын 50 жилийн ойд зургаад хурдалсан хонгор халзан азарганы үр нэг гүү авсан.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
-1977 онд юм уу даа, Галшар угшилтай хонгор үрээ аман хүзүүдүүлж хойтон жил нь түрүүлгэсэн. Тэр хонгор үрээ эх тал нь манай өөрийн адуу, эцэг тал нь Галшар угшилтай адуу байсан юм. Тэрнээс хойш Хэнтий аймгийн наадамд нас болгонд шахуу морь адуу айрагдуулсан даа. Ид давхиулж байх үедээ нэг наадмаас долоон айраг авч л байлаа. Тэр нь АХ-ын 65 жилийн ой шиг санагдана. Соёолон, хязаалан түрүүлгэж, таван  адуу айрагдуулж байлаа.
-Аймгийн наадамд өндөр амжилт үзүүлсэн уяачдыг тэгш ойн жил улсын наадамд урилгаар явуулдаг байсан юм билээ. Та тэгж улсын наадамд ирж байв уу?
-Манай дүү тракторын жолооч, бас л моринд дуртай уяа тааруулна. 1984 онд дүүтэйгээ зургаан насны морьтой ирээд шүдлэн ес, хязаалан 19-т, их морь 63-т оруулж модтой наадаж байлаа. Тэгэхэд Галшарын Арзгай Дамдинжав, Нүхийн Дугаржав, Насан-Очир зэрэг мундагчуул мөн улсад уралдаж байсан.
- Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн, Сүрэнжавын гэж нэрлэгддэг ямар адуу байсан бэ?
-Хүрэн халзан азаргаа авчирсан жилээ гуравт, хойтон жил нь зургаад оруулаад, хоёр аман хүзүүдүүлээд, тэгээд хоолны алдаанаас болж үхүүлчихсэн юм. Бас нэг хонгор үрээгээ шүдлэн аман хүзүүдүүлээд, хязааланд нь түрүүлгээд, соёолонд нь аман хүзүүдүүлсэн. Биднийг ид морь уядаг байх үед чинь малын тоо заачихдаг, түүнд тааруулж уях адуу авч үлдэнэ гэдэг хэцүү л байлаа.
- Та сая нэг хар азарганы зураг үзүүлээд байсан. Ямар учиртай зураг юм бэ?
-Энэ их дээр үеийн зураг байгаа юм. Жинхэнэ Орлой азарга л даа. Уулбаяндаа даага түрүүлээд, Хэнтий аймагт нэлээн хөгширсөн хойноо ирж хоёр айрагдаад, нэг зургаад орсон. Үр төлүүд нь дандаа хар адуу гарч олон ч түрүүлсэн. 
-Адуу малны арилжаа наймаа хэр хийж байв?
-Хэл аманд орон, орон хийж л явлаа.
-Яагаад хэл аманд орохов?
-Галшарт болсон Өвгөн ноёны наадамд хар үрээгээ дөрөвт оруулчихаад, зарчихсан. Гэтэл “Сүрэнжав байдгаа зарчихдаг хүн үү дээ, айрагдуулж, түрүүлгэчихээд л зарчихаад байх юм, уях юм үлдээгүй байхаа” гэж аймгийн дарга байсан Насан-Очир ярьсан нь миний чихээр орно биз дээ. Хойтон жил нь нэг морио түрүүлгэж, нөгөөг нь айрагдуулчихаад мориныхоо байг авах гээд очихдоо “Дарга аа, арай ч бүгдийг нь дуусгаагүй байгаа шүү” гэсэн чинь “Муу золиг минь хэнээс дуулсан юм” гэж билээ. Зарим хүмүүс уяан дээрээсээ адуу зарахгүй л гэдэг. Би бол олон адуу уяан дээрээсээ хүнд бэлэглэж, зарж ч байсан.
-Хэдэн онд улсын Алдарт цолоо гардан авсан бэ?
-2000 онд МУ-ын Алдарт уяач болсон. Цагаан сараар аймгийн МСУХ-ны дарга Санжаадорж албаны хүмүүстэй гэрт ирж гардуулж байлаа. Тэр үедээ арван хэдэн түрүүтэй, том жижиг нийлсэн жар далаад айрагтай л байсан.
-Өөрөө хот суурин бараадсан ч хүүхдүүд морь уяж байгаа биз дээ?
-Миний өөрийн гурван хүү уядаггүй. Дүүгийн хүүхэд гайгүй сайн уядаг, аймгийн оны аварга, уяач болсон байна лээ.
-Зун нутаг руугаа очиж найр наадам үзэж чадаж байна уу?
-Чадахгүй байнаа. Нутаг ойрд яваагүй.Хамгийн сүүлд Чингисийн 800 жилийн ойн наадмаар халзан азарга дүүгийн нэр дээр мордуулж, нэгийг нь түрүүлгэн, нөгөө нь аман хүзүүдүүлсэн.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Баярлалаа. Хотод байгаа ах дүү, үр хүүхдүүд, Хэнтий аймагт байгаа дүү нар, хамаатан садандаа сар шинийн мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар, 2015 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна