Монгол Улсын Алдарт уяач Ц.Шоовдор: Морь хэчнээн хурдан ч эзнийхээ шуналыг гүйцдэггүй гэдэг үнэн

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 29 -нд

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ц.Шоовдор гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Алдартын бие хаа данги уу? Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
- Энэ жил нас сүүдэр 75 хүрч  байна. Бие хаа  дажгүй дээ.
- Ханхонгор сумын гурван Алдартын нэг нь та. Хэдэн онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
- 1993 онд. Өмнөговь аймгийн хамгийн анхны улсын цолтон нь би юм байгаа юм. 17 настайгаасаа эхлэн хурдан морь уясан. Анх нутгийн ах нарын эмнэг адууг сургаж, морийг нь хөлсөлж өгөнгөө өөрөө ганц хоёр юм оролдож уяач болох гараагаа эхэлж байлаа.
Манай хүргэн ах Жигмэдхорол түүний дүү Намжилдорж нар дээр үеэсээ хурдан адуутай хүмүүс. Тэдний хойно өмнө явж байж уяач болсон доо. Манай урд гол чинь сайн сайн уяачид олонтой байсан юм шүү. Хонхор Хорлоо, Пэл гээд зөндөө хүмүүс  байлаа.
- Таны хурдан халзан азарга чинь Намжилдорж гуайн унаган адуу гэдэг билүү ?
- Халзан азарга бол манай хүргэн ах Жигмэдхоролын унаган адуу. Халзан азарганы эцэг нь Намжилдоржийн хүрэн азарга юм билээ.
Халзан азарга 1966 оны аймгийн наадамд аман хүзүүдээд, 1967 онд аймгийн 40 жилийн ойгоор түрүүлсэн. Ер нь халзан азарга гурав түрүүлж, гурав аман хүзүүдсэн. Ах минь хурдан буян хайрлаж дээ гэж би боддог байлаа.
- Алдартын нэрийг гаргасан хурдан ухаа азарга бас байсан байхаа?
- Ухаа азарга аймгийн наадамд долоо түрүүлж, дөрөв аман хүзүүдэн, нэг айрагдсан. Шанхын угшилтай, Цогт-Овоо сумын унаган адуу юм билээ. Түүний төл Сарт гэдэг зээрд азарга даагандаа аймгийн наадамд аман хүзүүдээд, бүдүүрсэн хойноо нэг айрагдсан. Ер нь ухаа азарганы эр төл болгон нь давхидаг. Энэ хавийнхан бүгд л үр төлөөс нь авч азарга тавьсан. Өөрөө хөөрхий үхэр жилийн зуднаар өөд болсон доо. Манай энд чинь нэг хэсэг цаг хатуурч, зун нь ган өвөл нь зуд болсон юм.
- Ухаа азарганы төлүүдээс танд бий биз дээ?
- Ухаа азарганы төл манай өөрийн унаган хар гүүнээс гарсан нэг шарга морь бас их сайхан давхисан. Аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдаад, бүдүүрсэн хойноо Ханхонгор сумынхаа наадамд гурван жил дараалан түрүүлсэн. Хэзээний гэдгийг нь сайн санахгүй байна. Нэг жилийн наадамд эцэг, хүү хоёр хоёулаа айрагдаж л байсан юмдаг.
- Халзан азарганы чинь төлүүд яаж давхиж байна?
- Халзан азарганы төл халзан үрээ даагандаа Ханхонгор сумынхаа наадамд түрүүлээд, шүдлэн, хязаалан, соёолондоо аймгийн наадамд айрагдан, наймтайдаа аймгийн 60 жилийн ойд гурваар давхисан. Тэр их хурдан морь байсан шүү.
- Та ингэхэд ер нь аймаг, сумын наадмаас хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
- Аймаг сумын наадмаас 31 түрүү, 40-өөд айрагтай болсон гэж байна лээ.
- Алдарт сүүлийн үед уяа эвлүүлж байна уу?
- За үгүй дээ. Нас яваад амаараа л уяж байна. Тэгээд ч сүүлийн үед морины уяа их өөрчлөгдөж байна. Тэжээлгүй адуу давхидаггүй юм шив дээ. Өвөл хүртэл уралдаж байна. Хүүхэд морь хоёрыг хараад өрөвдөх л юм. Өвгөн би буруу ярьж байж болно. Гэхдээ ингэж олон давхар уяагаар наадах ч дээ, адуундаа бол сайнгүй л баймаар. Тээр жил уяачдын чуулга уулзалтан дээр Бавуугийн Лхагвасүрэн хэлж байсан үг санаанаас гардаггүй юм. “Морь хэчнээн хурдан ч эзнийхээ шуналыг гүйцдэггүй” гэж. Тэр үнэн үг шүү. Адууг тэгж олон давхиулах зүрхгүй л болгож байгаа юм даа. Үүнийг залуучууд бодмоор л юм байгаа юм. Тэгээд ер нь энэ залуу уяачид өөрийгөө гайхуулахаас илүү адуугаа хардаг, хайрладаг болмоор юм. Уяж байгаа мориныхоо гэдэс хэвлийг байнга ажиж байх хэрэгтэй. Савлаад тогтворгүй бол гэмтэйн шинж. Бас морио хөлслөхдөө байнга нэмнэж байх хэрэгтэй. Задгай бол салхи авчих гээд байдаг талтай. Наад зах нь үүнийгээ мэдэж баймаар санагдах юм.
- Залууст сургамж болох захиас байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх байж, урт насалж удаан жаргаарай.
- Ерөөлөөр болог. Манай нутгаар ирж ярилцлага авсан та бүхэнд нутгийнхныхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.      
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна