Арвай хээрийн домог

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 10 -нд

Урьд говь хангайнхан жил бүр зуны дунд сард хоёр талаасаа нийлэн мэнд солилцон наадам хийдэг байжээ. Энэ наадмуудаар хангай говийн бөхчүүд барилдаж, морь уралддаг байв. Гэтэл нэг наадмаар урьд хожид нэр нь дуулдаагүй дөрвөн настай Арвай хээр гэдэг үрээ түрүүлж. Түүний ид шидтэй юм шиг хурдыг нь нутаг нутгийнхан гайхсан гэнэ.  Арвай хээрийг түрүүлж ирээд хөлсөө хусуулан, ган амгай хэмлэн эвшээж зогсож байх үес цорвон Цоодол гэгч (Өвөрхангайн хүн) “Энэ чинь миний алдчихсан хээр морь мөн байна” гэж. Нутгийнхан нь Цоодолд ийм морь байтугай чөдрийн ганцаас илүү юмгүй хүн гэлцэн бөөн хэрүүл уруул болцгоожээ. Говь хангайн тамгын газрынхан Цоодлыг шүүж л дээ.  “За, Цоодол чи мориныхоо содон тэмдгийг хэл” гэжээ. “Аа, миний морь бол тагнайдаа эрхий дарам хар мэнгэтэй, сүүлний угийн баруун зүүн тал хар цагаан хоёр хорголын чинээ чулуутай даа” гээд үзэхэд уул тэмдэг ёсоороо гараад ирэх нь тэр. Ингээд тамгын шийдвэрээр Арвай хээр Цоодолд шилжихэд, бухимдаж уурссан эзэн нь боож үхсэн гэлцэнэ. Тэр Цоодол гэгч тун ч зальтай сэргэлэн эр байж. Цоодол нэг удаа Говь руу явж байтал замд тааралдсан адуун дундаас нэг хээгч гүү унагалах гээд хэвтэж босон байхыг зайтай газраас нүд салгалгүй хараад байж. Тэгтэл хээгч гүүнээс гарсан унага босоо буугаад эхээ тойрон тоглож байхыг үзмэгц  уургалан авч сүүлний угны дотор талын арьсыг нь эсгэн хар цагаан чулуу хийгээд явжээ. Сүүлд нь нөгөө адууны эзнийхээр хааяа очиж, ямар морь болохыг нь хардаг болсон байна. Тэгээд луйвар хийхээр шийдсэн аж. Хар мэнгийг нь Арвай хээрийг түрүүлж ирээд эвшээхэд нь дээд тагнайд байхыг нь ажиглаад аваатхаж. Ийнхүү говийн энэ гайхамшигт хурд Арвай хээр Өвөрхангайн нутагт шилжиж хөгширтөл хурдалсаар нэр цууд гарсан болой. Энэ домогт сайхан хүлгийн баримал эдүгээ Арвайхээр хотын төвд бий. Агь Үйзэн вангийн шар талыг Аравгар хээрийн тал гэж нэрлэх болсон түүх  ийм ажгуу.

 

13 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.