Залуу уяач М.Мэндбаяр: Унаган саарал морь маань олонтаа баярлуулсан

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 13 -нд

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, залуу уяач Магалжавын Мэндбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 
-Уулзсан зочдын маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд...?
-Манай аав  Магалжав гэж хүн сум орон нутагтаа нааддаг жирийн нэг уяач байсан. Аав маань 1945 онд төрсөн хүн. Цэргийн алба хааж ирчихээд нутагтаа мал маллаж байгаад 1960-аад оны дунд үеэс морь уясан гэдэг юм. Аавын маань нэг халиун морь сумандаа хоёр айрагдаж, Зүүнхангай, Өндөрхангайн наадмуудад 10 дотор олон орсон гэнэ лээ. Би нэг халиун морийг нь унаж Зүүнхангайн “Түмэн адуу”-ны баярт 21-ээр давхиулж байсан. Хэдийгээр түрүүлгэж, айрагдуулаагүй ч тэр наадам санаанаас ер гардаггүй юм. Яагаад тэгдэг вэ гэхээр номерыг нь хулдаасаар хийгээд салхи нэвтрэхгүй би өөрөө багтрах гэж байсан юм. /инээв/
-Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Манайх найман хүүхэдтэй. Би дээрээ гурван ах, гурван эгч, дороо нэг дүүтэй.
-Хөвгүүдээс хэд нь морь уядаг вэ?
-Би л морь мал уяж байна. Манай дүү уг нь ганц нэг үрээ уяж байсан ч ажил нь амжихгүй байгаа юм байлгүй уяхаа байсан. Одоо Дарханд байдаг юм.
-За тэгвэл Мэндбаяр хэдий үеэс уяачийнхаа гарааг эхэлсэн бэ?
-Цэрэгт явахаасаа өмнө ганц нэг морь уяж байсан ч сайн давхиагүй ээ. Дээр нь манай энд малын хулгай ихтэй. Хэдэн малаа хил давуулж хулгайд алдчихаад нэлээд хожуу буюу 2009 оноос л морь уяж байна даа.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-2009 онд Баруунтуруун сумын наадамд саарал шүдлэн айргийн тавд давхиулж байлаа. Тэр миний анхны айраг. Түүний дараа саарал үрээгээ хязааланд нь  дахин сумандаа айрагдуулсан. Тэр саарал үрээ аавын маань хурдан халиуны угшилтай адуу байгаа юм.
-Томоохон наадмын амжилтаасаа сонирхуулаач?
- 2011 онд Хяргас сумын 90 жилийн ойд саарал соёолон аман хүзүүдсэн. Тэгээд тэр жил Цагаанхайрханд таван Аваргын баяр болж нөгөө үрээ маань гурваар давхиад, дараа жил нь  хавчигтаа Баруунтурууны 70 жилд 40,50-даар ирсэн. Өнгөрсөн жил нас нийлээд Сайхан модны овооны тахилгад түрүүлж, Зүүнхангай сумын 90 жилийн ойд 10-аар давхиад, Зүүнговийн Зэлийн овооны тахилгад тавласан.
-Ер нь морь уяснаас хойш хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Ноднин Тэс сумаас шилжиж ирсэн Дүүрэн гэдэг ахаас нэг даага авч 11 уралдуулаад 10 түрүүлгэж, айрагдууллаа. Тэс сумын 90 жилийн ойд л айрагдаж чадалгүй 15-аар давхисан. Энэ жил Увс аймгийн төвийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ айргийн таваар давхилаа. Энэ хар үрээнийхээ амжилтыг оролцуулахаар морь уясан цагаасаа хойш нийт 20-иод айраг, түрүү  аваад байгаа байх шүү.
-Аймагтаа болох баруун бүсийн уралдаанд оролцох уу?
-Оролцоноо. Зуншлага хэр байх нь вэ гэдгээс шалтгаалах байх. Одоогоор таван насны морьтой очихоор бэлтгэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Аймгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд одтой сайхан наадаарай.
-Ерөөл бат оршиг.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна