“Боржигон" МСУХ-ны зөвлөх, аймгийн Алдарт уяач Л.Ёндон: Хөгшин хээр надад хурд дагуулсан болохоор хайртай

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 26 -нд

Архангай аймгийн Булган сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Боржигон" МСУХ-ны зөвлөх, аймгийн Алдарт уяач Л.Ёндон гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-20 жилийн өмнө бидний бодож байсан бүхэн өнөөдөр биелсэн-
-Алдарт хэдэн онд ирж байсан юм бэ?

-Би Архангай аймгийн Булган суманд төрсөн хүн. Улмаар аймгийн 10 жилийг төгсөөд Улаанбаатарт Политехникумын дээдийг төгсөөд, оройгоор Цахилгааны инженерийн сургуулийг дүүргэсэн. Ингээд Улаанбаатар хотын шугам сүлжээнд ажиллаж байгаад, өндөр хүчдэлийн шугам татах ажлаар 1982 онд Багануурт очсон юм. Тэнд таван жил хэртэй ажиллаад Чойр руу сүлжээгээ дагаад ирж байлаа. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үе хэзээ байх уу?
-Энд ирээд орон нутгийн ахмадуудтай танилцаад, наадмаар морь үзээд явахад үнэхээр сайхан санагддаг байлаа. Би чинь хөдөөгийн хүүхэд. Хүүхэд насанд дасал болсон тэр орчин их танил санагдсан гэх үү дээ. Намайг ирж байхад Сүмбэр сумын аймгийн Алдарт уяач Насантогтох, Лханэрэн, Агчиндорж, Гэлэгравдан, аймгийн Алдарт уяач Дамдинжав, Цэрэндаш, Дамдин, Дамбадаржаа гэж сайхан өвгөчүүл байлаа. Насантогтох, Лханэрэн нар олон сайхан хурдан адуутай. Агчиндорж гуай гэхэд морь сайхан уяна. Одоогийнх шиг морио ачна гэх биш. Морио хөтлөөд ойр хавийн сум, аймгийн наадамд яваад уралдана. Гэлэгравдан гуай бас мундаг уяач. Дамдин гуай сайхан хурдан буурал азаргатай. Жил болгон тэр азарга нь айрагдаж байдагсан. Дамбадаржаа болохоор хүнтэй их сайхан харьцана.Зөв үгтэй хүн. Анх би Галшараас нэг гүү авчирсан юм. Буцахдаа орой нэлээн бүрэнхий болчихсон байхад тэднийхээр дайрвал унтах гээд хэвтэж байна. Би ч төвөг удсандаа сандраад олон юм ярилгүй “Галшар ороод би нэг гүү авчирлаа” гэвэл “Ёндонгийнхоо гүүг үзнээ” гээд хувцаслаад  харанхуйд гарч байлаа. Ийм л сайхан ааштай. Надтай үеийн юм шиг л илэн далангүй ярина шүү дээ. Одоо ингээд бодоход эдгээр өвгөдөөс зарим нь алдар цолонд хүрсэнгүй дээ. Хөдөлмөрийнх нь үр шимийг үнэлүүлж чадаагүй улс байна гэж боддог юм. Харин миний үеийнхнээс Манлай уяач Цэрэндэжид гуай, аймгийн Алдарт Лувсанцэрэн бид гурав олон ч наадамд цуг явсан. Хамтдаа одтой наадаад буцаж байсан олон сайхан үе бий. Ачихгүй болохоор холын замд адал явдалтай юм аль эс тохиолдохыг хэлэхэв. Заримдаа морь малаа алдах, хүүхэд шуухад мориноос унах гээд л.
-Нутгийнхантай уулзаж байхад таныг уяачдын холбооны “хуучин партизан”-уудын нэг гэж байсан. Холбооны түүхийг бидэнд ярьж өгөөч?
-Холбооны түүх 1995 оноос үүсэлтэй. Тухайн үед ахмад уяачид болон тэргүүлэгчид байсан Пүрэвсамбуу, Амарбаатар, Төмөрбаатар бид хэд холбоо байгуулах тухай нэг бус удаа ярьж хөөрч байсан юм. Ингээд түүнээс жилийн дараа буюу 1996 онд холбооны анхны хурлыг Соёлын төвд хийж, тэргүүлэгчдээ сонгоод, намайг даргаар тавьж байлаа. Одоо би холбооныхоо зөвлөх уяачаар ажиладаг.
-Та тэгвэл холбооны анхны тэргүүн байх нь ээ?
-Тийм ээ, анхны тэргүүн. 1996-2007 он хүртэл ажилласан. Холбоо байгуулагдаад хавар нэг бэсрэг уралдаан зохион байгуулсан юм. Баруун өвөрт болсон багахан хэмжээний бай шагналтай энэ уралдаанд их морь л уралдаж байлаа. Одооных шиг гал гэж байсангүй. Голцуу ахмад улс ахлаад Гашууны эсвэл Уулзварын голч гэдэг юм уу энэ хавьдаа айл аймгаараа нэгдээд уяагаа зооно. Миний хувьд аймгийн төвд харьяалагдаж, Хүрээ ногоонд сунгаагаа хийдэг байсан. Морь малаа давхиулахдаа замын цаана нефтийн урд давхиулна. Харин давхил сунгаагаа энэ хавийн төвийн уяач нартайгаа нийлээд хийчихнэ. Тэргүүлэгчдээс Насантогтох гуай, улсын Алдарт уяач Цэвээндорж гуай, Эрдэнэцогт гуай нар уяачдын төлөөлөл болж байгаа юм. Харин албан хаагч нараас баазын дарга Пүрэвсамбуу, аймаг, сумын захиргаанд ажилладаг албан тушаалтай Амарсайхан, шугам сүлжээнд ажилладаг Төмөрбаатар нар багтаж байлаа. Төмөрбаатар маань бичиг цаасны ажлыг хариуцана. Энэ мэтчилэн хүн бүр хариуцсан ажилтай.
-Хичнээн хүний гишүүнчлэлтэй байв?
-Анх бүртгэлтэй 67,68 хүн байлаа. Төд удалгүй 100 гаруй гишүүнтэй болсон. Шаадлагатай үед тэргүүлэгчдийн хурлаа хийчихнэ. Харин аймгийн хэмжээний уяачдын хурлыг жилдээ нэг хийдэг байлаа. Гишүүд маань ч их идэвхитэй, бараг 100 хувь ирцтэй хуралдана шүү дээ. Бид бас наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байлаа. Аймгийн баяр наадмын комиссоос уралдаан зохион байгуулах даалгаврыг холбоонд өгчихнө. Тэргүүлэгчдээ би өөрөө даргалаад зургаан насыг давхиулдаг байлаа. Холбооны түүхэнд 1992 онд болсон Говьсүмбэр аймгийн анхны наадам тодоор бичигддэг. Анхны наадамд Дорноговь, Хэнтий, Дундговь, Төв гэсэн таван аймгийн арван хэдэн сумын уяачид ирж оролцсон. Улаанбаатар хотоос ч ирсэн. Томчуудаас Гарамжав гуай хүүхдүүдээ дагуулаад морь малтайгаа ирж оролцож байлаа. Энэ наадмын зургаан насны түрүүг Говьсүмбэрийнхэн авсан. Цэвээндорж гуайн азарга түрүүлсэн бол Эрдэнэцогтын их морь, Санжаагийн соёолон, Бямбасүрэн гуайн шарга шүдлэн, миний хээр даага тус тус түрүү магнай болсон.
-2007 оны Боржигоны зохион байгуулалтанд та бас оролцож байсан уу? Чулуу ихтэй уралдааны зам олон морины хөл авсан гэж ярьцгаадаг юм байна лээ.
-Оролцож байсан. Тэр үед замын цаад талд нефтийн урд болсон. Манай аймаг чинь өмнөхөө бодвол нэлээн томорчихсон, аймгийн статустай болчихсон үе л дээ. Тэгээд Засаг дарга, тэргүүлэгчдийн хурлаар тэнд хийхээр тогтсон. Уг нь бид нар саналаа хэлсэн ч наадамчид үзэхэд илүү дөхөм гэж сонгосон юм. Даанч зарим нэг бага адууны хөлийг авсан юм гарсан л даа.
-Та тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа хичнээн хүнийг цол, төрийн шагналд тодорхойлж байв?
-Холбооноос уяачдынхаа хөдөлмөрийн үнэлүүлэхэд их анхаарч байсан. Тухайн үед улсын Алдартад Цэвээндорж гуайг тодорхойлоод ирж байлаа. Бас Эрдэнэцогт гуайн бүсийн наадмын хоёр айраг дээр бас бус амжилтыг нэмээд хоёр удаа тодорхойлсон ч болзол хүрэхгүй байна гээд буцаасан байна лээ. Мөн Цэрэндэжид гуайн амжилтуудыг жагсаан тодорхойлолт бичээд улсын Алдарт болж байлаа. Насантогтох өвгөнийг явуулсан ч ирээгүй. Дээр үед гаргаж байсан амжилт нь бүртгэлд байгаагүй юм шиг байсан. За тухайн цагтаа одтой наадаж явсан Цэвээндорж, Цэрэндаш, Дамдинжав нарынхаа амжилтыг үнэлүүлж байлаа. Мөн Насантогтох, Лханэрэн, Цэрэндаш нарын ахмад уяачдадаа эхний ээлжинд болзолгүйгээр аймгийн Алдарт уяач цолыг олгосон.  Харин сүүлдээ аймгийн захиргааны хурлаар шийддэг болоод 20 гаруй хүн аймгийн Алдарт уяач болцгоосон байна. Сүүлд суман дээрээ “Морьт Боржигон” МСУХ байгуулагдаж, өөрийнхөө сумын Алдарт уяачийг тодруулаад, сумын захиргааны хурлаар оруулж шийдвэрлүүлдэг болсон. Суман дээр тэр жилийнхээ хөдөлмөрийн аваргыг шалгаруулдаг журмын дагуу шагнал урамшуулал өгдөг. Одоогоор 40-өөд сумын Алдарт уяач байгаа байхаа.
-20 жилийн өндөрлөгөөс харахад та бүхний тавьж байсан зорилт хэдэн хувьтай явна вэ?
-Бидний бодож байсан юм ихэнх нь биелсэн. Өнөөдөр хүмүүсийн урам зориг өндөр болж, уяачид олширсон. Уясан морьдоо Говьсүмбэрийн нэр дээр цоллуулж, улсын наадамд хүртэл айраг түрүүгээр хурдлуулж байна. Бусад аймгийнхан ч бид нарыг бас сайн мэддэг боллоо. Өдгөө бидний дундаас улсын Манлай, Алдарт уяач төрлөө. Одоо улсын Алдарт уяачид эрэмбэлэгдээд байгаа улсууд ч байна. Үүний нэг нь Шивээговийн Адъяасүрэн юм.
-Албаны яриагаа ингээд завсарлая. Таны өвөг дээдэс морь уяж байв уу?
-Аав маань цөөхөн адуутай, морь уядаг хүн байлаа. Нэгдэл нийгмийн үед малын тоо хязгаартай байлаа шүү дээ. Ялангуяа адуу унааны гурав, дөрвөн мориноос илүү гардаггүй байсан. Миний багад аавын бага хээр морь орон нутагтаа сайхан хурдалж байсан. Тэрнээс нутгаасаа гарч уралдаж байгаагүй. Сүүлдээ аав ч нас нь яваад, бид морь мал уях дадлага туршлага ч муутай байлаа. Нутгийн ах нар жижиг хээрийг чинь авъя, хоёр, гурван адуугаар солъё гэж ирэхэд аав “яахын. Чиний адуу гүйгээд явчихна. Нутгийн энэ голын юм эндээ байж байг” гэдэг байлаа. Би тэгж хэлж байсныг их тод санадаг юм. Тэр ч яахав манайх бас нэг зээрд гүүтэй түүнийхээ төлийг хүүгийнхээ нэр дээр  гэдэгсэн. Надад ч гэсэн нэг сайхан зээрд үрээ нэрлээд зүсэлчихсэн байлаа. Нутгийн улс энэ зээрд гүүнээс л хурдан юм гарна даа гэлцдэг. Даанч  бид нар уяж барьж чаддаггүй байсан байна лээ. Мундаг түрүүлж байгаагүй. Би багадаа Архангайн Жигжид гэж хурдан морьтой айлын морьдыг унадаг байлаа. Бас Гомбо гэж хүний хурдан бор үрээг хязааланд нь унаж аман хүзүүдүүлж, соёолонд нь түрүүлгэсэн. Үүнээс хойхно сургуульд соёлд орж, морь малнаас хөндийрсөн л дөө. Зундаа нэг ирж мал хуй дээрээ өнжинө. Ингээд сургуулиа төгсөөд цахилгааны мэргэжилтэй болж, шугам дагаад л явдаг хүн болсон юм.
-Харин уяачийнхаа гарааг хэзээнээс эхэлсэн бэ?
-1987 онд энд ирээд Хэнтий аймгийн Баянмөнх руу шугам татах ажлаар явсан юм. Тэгэхдээ тэнд шар Сундуй, Гаанжуур гэж хоёр хөгшинтэй танилцсан. Одоо энэ Лхүндэвийн хонгор морийг Гаанжуур гуайн адууны юм гэж улсууд ярьдаг нь үнэн юм шиг байна лээ.  Ингээд тэр зүгийн адуунаас цуглуулж эхэлсэн. Дараа нь Сүхбаатарын наагуур сумд, Дорноговь аймгийн Алтанширээ, Иххэтээс цөөхөн тоогоор гүү, байц, үрээ, морь, азарга авчирсан. Миний авсан азарганууд дотроос Төв аймгийн Нялга Баянжаргалангийн Санжаабүрэгийн цавьдар азарганы төлийн төл хязаалан Хэрлэнбаян-Улааны Тожилын Пүрэв гэж хүн надад өгсөн. Тэрийг би авчраад азарга тавьж, хэдэн жил төл авсан. Архустай сумын хүрэн азаргатай хэн билээ, нэрийг нь санадаггүй. Тэдний хүрэн азарганы төлийн төл Жамсрандорж гуайнд ирсэн. Жамсрандорж гуай Архустайд нэгдлийн адуу маллаж байсан юм. Бас Жамсрандорж гуайн охин хүрэн азаргыг унадаг байсан юм байна лээ. Тэгээд унаач охинд нь морь сайн унасан гэж төл морь өгч л дээ. Харин тэр охин төлнөөс гарсан азарган үрээг би авсан. Дараа нь Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор даагандаа айрагдсан алаг азарга бол Дундговийн Дэрэн сумын дуулга Цэрэндорж гэж хүний адуу. Даагандаа айрагдаад, би соёолонд нь авсан юм.  Эд бол миний цуглуулганы адуунууд.
-Тэр үед удам гэж хөөдөггүй байсан бололтой?
-Тийм ээ хөөдөггүй байсан. Охиныг мэдэхгүй. Азарган үрээг бол асууж байгаад л наймаа хийчихдэг байлаа.
-Тэгвэл анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
-Энд ирсэн жилээ Баянмөнхөөс нэг даага авчирсан юм. Тэр хавар нь таван сард Сүмбэр уулын тахилгын наадам болж, өнөө авчирсан даагаа сургаж уралдуулаад түрүүлгэсэн. Харин их морь яахав дээгүүр л давхисан. Ингэж анхны түрүүгээ Говьсүмбэр аймагт ирээд авч байлаа. Тэр үед тэрэн шиг баяр байхгүй юм шиг санагдаж байлаа.  Түүнээс хойш аймаг сумын наадамд 18 морь түрүүлж айрагдуулсан. Энд халиун морь маань аймгийн наадамд дөрөвлөж байлаа. Хээр морь бас айрагдсан. Энэ хээр морийг алаг азарга авахдаа цуг авч байсан юм.
-Жишээ нь хээр морь танд ирээд хэд орсон байна вэ?
-Энд ирээд хоёр айрагдсан. Би боддог юм, энэ хээр морийг хурд дагуулсан гэж. Тийм болохоор би их хайртай. Их морь хурд дагуулдаг гэнэ лээ. Тухайн үедээ өвгөн морь байсан. “за Ёндоон чи 17-той морь авлаа шүү” гэж хэлээд өгч байсан. Надад ирээд сум, овооны наадамд нэг нэг айрагдсан.
-Тэгвэл халиун морь хаанахын адуу вэ?
-Эндхийн Майнбаяр гэж зоотехникч залуу бий. Бид нефтийн урд талд уяагаа зоодог. Манай наадам цаадахтай нь болдог байлаа. Тэгээд нэг жил ирчихсэн морь малаа худгаас услаад, манайхаар орж гараад явсан. Наадам тарсан хойно л доо. Тэр үед эхнэрийн ах манайд байдаг байсан юм. Энэ ахад маань энэ шүдлэн үрээг бэлэглэсэн нь сүүлд их морь болж 1995,96 оны аймгийн наадамд айрагдаж байлаа.  Бас манайд Үст хүрэн гэж морь байна. Цайдамын хүрэн азаргатай Шархүүгийн хамаатан улсууд Даланд байсан. Тэгээд би тэр хүнтэй даагаар сольж авсан. Надад ирээд сумандаа хоёр айрагдсан. Харин нэг хээр морь аймгийн наадамд соёолондоо аман хүзүүлсэн. Бор морь мөн л сумын болон ойр зуурын наадамд хэд хэд айрагдсан. Бага насандаа хоёр айрагдаад, нийлсэн хойноо ч айргаар хурдалсан. 
-Одоо бол өөрийн унаган адуугаар наадаж байна уу?
-Тийм ээ. Одоо ч нас яваад бараг уяхгүй байна. Өнгөрсөн жил уясан. Нөгөө Гиннесийн морины уралдаанд нэг их морь уралдаад 100 дотор орсон. Шүрээ бид хоёр хамт яваад түүний хүрэн морь бас энэ хавьцаа ирсэн. Өнгөрсөн жил хүү маань эрлийз хээр үрээ аваад, өнөө жилийн аймгийн наадамд дөрөвлүүлсэн.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач боллоо?
-Би 2004 онд аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Уяа эвлүүлсэн энэ жилүүдэд хамгийн сайхан дурсамжтай нь хаанахын наадам байсан бэ?
-Цагаандэлгэрийн Түмэн адууны баяр гэж том наадам болсон. Энэ хавийнхан бүгд л тийшээ явсан. Долоон сард эрт болсон энэ наадамд эмнэг шахуу даага /аймагт түрүүлсэн/ очоод уралдсан. Хараатын Сүж уулнаас дурандахад морь эргэснээс эхлээд ирэн иртэл нь сайхан ил харагддаг морины тавилантай. Тэгсэн хээр даага түрүүлээд гараад ирдэг юм байна. Тэгэхээр нь морь барианы газар руу яваад очсон жоохон зайтай түрүүлээд ирж байна. Гэтэл гэнэт хадуураад улс руу дайрч  ороод аман хүзүүдсэн. Орж ирэнгүүтээ зогтусаад, муу хүүхэд нь годроотоод уначихлаа. Тэнд байсан хүмүүс  хөтлөөд бариа руу оруулсан. Бид өөрсдөө ч мэдээгүй. Тэгсэн түрүүнд нь улсын Алдарт уяач Шаравжамц гуай суусан. Миний дараа Шаравжамц гуайн төрсөн дүү Жамбал гэж өвгөн сууж байгаа бол манай Төмөрхуягийн халтар даага тавласан. Яг энэ дарааллаараа суучихсан байж билээ. 
-Та дээр нь суучихсан байсан бол түрүүлэх л байж дээ?
-инээв Тэгээд би их баярлаж явдаг юм. МУ-ын Алдарт уяачийн доор, дүүгийнх нь дээр суусан даа гэж. Бас л ховорхон тохиох мөч шүү. Их гоё наадам болсон. Даага  цангинатал унгалдаад л ороод ирэхэд улсууд баяр хүргээд жигтэйхэн. Тэгтэл хадуураад явчихдаг юм. Энэ тухай ярьсан нүдэнд харагдаж байна шүү. Би Цагаандэлгэрийн наадам явах дуртай. Ээлтэй санагддаг. Хэд хэд явж айраг амсаж байлаа. Нутгийн улс ч намайг андахгүй. Дундговийн удирдлагууд ирээд “таныг чинь хурдан морьтой хүн гэнэ” гэсээр танилцаж байлаа.
-Та энэ салбартаа ч нэр хүндтэй хүн юмаа?
-Олон жилийн хөдөлмөр зүтгэлийг маань хүмүүс үнэлдэг юм шүү. Залуудаа Улаанбаатар хотын шугам сүлжээний гавшгайч бригад, чанарын бригадыг ахлагч явлаа. Улаанбаатар хотын тэргүүний залуучууд гэж бидний зураг Залуучуудын ордны өмнө хоёр, гурван жил тавигдаж байсан нь саяхан мэт. Намын XVIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, хувьсгалт их тэмцлийн ахмад зүтгэлтэн Дашзэвэг, Хөдөлмөрийн баатар нэхмэлжин Гүнжинлхам, Хөдөлмөрийн баатар Самбуу-Ёндон, Хөдөлмөрийн баатар барилгачин Дармаа, шинжлэх ухааны академийн билүү химийн хүрээлэнгийн гэлүү захирал Өлзийхутаг нарын баатруудтай хуралдаж явлаа. Бас л тэр бүр тохиохгүй ховор завшаантай юм шүү. Энд  Өлзийхутаг бид хоёр л баатар биш байсан. Гэхдээ би ч  Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга, яам, системийн удаа дараагийн аварга болж явсан нь бий.
-Зургийн цомгийг чинь харж байхад бас спортын төрлөөр нэлээдгүй амжилт гаргаж байжээ?
-Залуудаа волейволоор хичээллэдэг байлаа. Манай эрчим хүчний салбар, Багануурын шугам сүлжээнийхэн, Хэнтий, Дундговь, Дорноговь, Чойрын баг тамирчид жилдээ нэг удаа бага наадам хийж, волейвол, сагсаар уралдана. Энэ үеэр тамирчдаас дасгалжуулагчдыг шалгаруулдаг байсан. Хэнтийнхэн гавьяат дасгалжуулагчтай бол Багануураас гавьяат тэшүүрийн мастер Лхамжав, Чойроос би багаа дасгалжуулна. Эрэгтэй эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр манай Чойрын баг тэргүүн байранд орж байлаа. Тэр үед улсууд хоёр гавьяатын урдуур орлоо гэж байж билээ. Энд ирсэн хойноо волейволоор хүүхдүүдээ дасгалжуулж, уралдаан тэмцээнд авч ордог байсан. Би чинь волейволын спортын дэд мастер, зээ ач нараас  Оюунбаяр, Оюунболд нарын мастерууд бий. Юутай ч спортоор хичээллэснийх хөл гар өвдөх, доголох юм байхгүй ш дээ. Би одоо ч дасгал сургууль хийх дуртай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна