Аймгийн Алдарт уяач Д.Банзар: Ах мориныхоо хөлсийг хусч дуусаад, би хувцсаа сольж өмсөөд асар гурав тойрч байхад арын морьд ирж байсан

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 02 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дармаагийн Банзар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1943 онд Их зараа хэмээх газар төржээ.
-Монгол төрийн наадамд хамгийн хол түрүүлсэн алдарт зээрд морины уралдаанчтай уулзаж байгаадаа баяртай байна. Зээрд морь та хоёрын тогтоосон тэрхүү амжилт хагас зуун жилийн турш хадгалагдсаар байна.
-Улс хувьсгалын 33 жилийн ойн баяр наадам л даа. Тэр үед би 11 настай, харин зээрд морь хавчиг байсан юм. Манай Цэнд ах чинь этгээд ааштай, морио гаргаж өгдөггүй хүн байсан. Миний төрсөн ах Батаад “зээрд морь сунгаан дээр мултарчих шиг боллоо. Мордуулах эсэх ээ өөрөө мэд. Энэ хүртэл зориод ирсэн юм чинь асраа нэг тойруулсан нь дээр байх” гэж хэлээд Сүхбаатар жанжны хүү Галсанг дагаад явчихсан. Ах маань намайг мордуулж өгөөд “миний дүү холхон түрүүлээд ирээрэй” гэж захисан юм. Би ч хэлснээр холхон шиг түрүүлсэн.
-Нүхтийн сайран дээгүүр гарч байхад арын морьд чинь дөнгөж Буянт-Ухаа дээгүүр гарч ирж байсан гэдэг шүү дээ?
-Гурван киломер зайтай түрүүлсэн гэдэг юм. Ах мориныхоо хөлсийг хусч дуусаад, би хувцсаа сольж өмсөөд асар гурав тойрч байхад арын морьд ирж байсан.
-1960 онд дахин түрүүлэхэд нь хэн унаж байсан юм бэ?
-Би тэр үед мориноос хасагдчихсан байсан. Өөр хүүхэд унаж түрүүлгэсэн юм.
-Цэнд гуай та хоёр чинь ямар хамааралтай хүмүүс юм бэ? Ах дүүгийн холбоотой гэж сонссон юм байна?
-Миний аавын төрсөн дүү шүү дээ. Миний эцэг Даржаа Морьт гэдэг хүний долоон хүүхдийн нэг нь. Би заримыг нь бас сайн мэддэггүй юм. Ямар ч байсан нэг хүү нь лам байгаад хэлмэгдүүлэлтийн үед цаазлуулчихсан гэдэг. Бас нэг Цэдэн гэдэг хүү нь Монголд анхны тээврийн машиныг оруулж ирээд хөрөнгөтөн  хэмээн баригдаж бас цаазлуулсан гэдэг юм. За тэгээд Дэндэв, Доо гэж хоёр хүн байсан гэдэг. Тэднийх нь  талаар бол  дуулж байгаагүй. Цэнд ахын морийг унадаг байсан болохоор тэр хүний талаар бол сайн мэднээ. Эхнэр аваагүй байхдаа нэг үе манайхаар байдаг байсан.
-Хонгор гэдэг тодотгол нь ямар учиртай юм бэ?
-Их зудтай жил ганц хонгор даага бил үү шүдлэн үлдээд түүнийгээ тэжээж мал болгоод тийм нэртэй болсон гэдэг юм. Ер нь манайхны дээдчүүл хонгор голдуу адуутай улс байсан гэдэг.
-Танай аавыг их олон малтай хүн байсан гэх юм билээ?
-Тиймээ. Гэхдээ морь уядаг байгаагүй. Манай эцэг чинь ам цуурсан хэргээр 1950-иад оны үед хэцүү нэртэд хоригдож байсан хүн шүү дээ.
-Ам цуурсаан... ?
-Орос ах нарыг муулахгүй юу. “Хувхай шарууд хүний юмыг зүгээр ч авчихгүй.  Оосор, ногт ч байхгүй гэж хэлээд арван жил хоригдсон хүн. Тэр үед манай адуу бараг 800 ч хүрчихсэн байсан гэдэг. Агтны адуу гээд 100-200-гаар нь бэлтгэдэг. Тэрийг бэлтгэж байхдаа “оосор, ногт ч байхгүй” гэчихсэн чинь манай эхтэй сүүлд сууж байсан Дамбадаржаа гэж хүн нөгөөхийг нь хэлээд, тэгээд л 10 жилээр шоронд хорьчихсон юм билээ. Би тэр үед дөнгөж л сургуульд орж байсан үе. Эцэг маань гарч ирээд хотод амьдарч байгаад бурхан болсон. Би хотод эцэг дээрээ байдаг байсан юм.
-Даржаа гуай хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Долоон насны зөрүүтэй хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дөрвөн хүүхэдтэй. 
-Та хэдий үеэс морь уясан юм бэ? Тэр талаараа жаал хуучлаач?
-1967 оны 7-р сарын 1-нд цэргээс халагдаж ирэхэд ээж Насантогтох гуайн өгсөн  хавчиг хонгор халзан азаргыг уячихсан байсан. Түүнд нь хэд хоног ажил хийсэн болоод их тарган азарга аман хүзүүдүүлж байлаа. Тэгж л уяачийнхаа гарааг эхэлсэн. Түүнээс хойш жил өнжөөгүй дээ. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Довууч гуай надад Галшараас Монхор халтар гуайн адуун угшилтай хонгор халзан азарга авчирч өгсөн юм. Түүнийг нь Насан гуайгаас авсан хонгор халзантайгаа хамтад нь  уяж, нэгэн үе хоёр халзан азаргаар сайхан наадаж байлаа. Тэднийг залгаад хээр /улсын наадамд аман хүзүүдсэн Төмөрхуягийн хээрийг хэлэв бололтой/ азарганы угшилтай морьдоор олон айраг, түрүү авсаан. Сүүлийн ганц хоёр жил л олигтой наадсангүй. Гэхдээ бас ч хоосонгүй ээ. Ноднин аймгийн наадамд соёолон морь түрүүлгэж, хоёр гурван сумын ойгоор айрагдуулсан.
-Хамгийн өндөр амжилт гаргасан хайртай хүлгээ танилцуулаач?
-Насан гуайгаас авсан хонгор халзан азарганы төл хонгор морь  дааганаасаа хойш 13 удаа аман хүзүүдэж, гурав айрагдсан. Улсын наадамд хоёр удаа очоод 20-иодоор нэг, 30-аадаар нэг давхисан. Харамсалтай нь сүүлд хулгайч аваад явчихсан юм.
–Харамсалтай юм. Айраг, түрүүг бөөндсөн аатай он жилүүд олон байв уу? 
-Нэг жил таван адуу уяад тавууланг нь айрагдуулж л байсан. Хоёр, гурваараа бол олон орсоон. Адуу гэдэг уясан эзнийхээ, унасан хүүхдийнхээ хийморийг даган хурдалж байдаг амьтан шүү дээ. Манай хөгшин Цагаандэлгэрийн хүн байгаа юм. Би нэг жилийн наадамд нь таван адуутай очоод гурвыг нь аман хүзүүдүүлж, нэгийг нь гуравт оруулж л байлаа. Гашуунд сангийн аж ахуйн наадам болоход таван адуу уяад нэг түрүү, хоёр аман хүзүү, хоёр айраг авч л байсан.
-Улсад аман хүзүүдсэн Төмөрхуягийн хээртэй уралддаг байсан хээр мориныхоо талаар яриач. Их хурдан адуу байсан гэх юм билээ?
-Минийх морин, нөгөөх нь азарга үрээ. Эндхийн наадамд азарган хээр нь түрүүлээд, Гэлэгравдан гуайн зээрд аман хүзүүдэж, миний хээр гуравт ордог юм. Тэгэхээр нь хойшоо Баянжаргалангийн наадамд хамт явцгаалаа. Цэнд ах Гал гуай хоёр дотны найзууд. Бид хоёр мотоцикльтой очсон. Очингуут “Галынхаар бууя” гээд буулаа. Тэрний урд жил буюу 1960 онд Гал гуай улсад хязаалан бор үрээ айрагдуулчихсан байсан юм. Нөгөөхөө Хэрлэнбаян-Улааны наадамд түрүүлгэчихээд ирж. Хоёр өвгөн биенийгээ харж хөөрөөд архи  уулаа. Уухдаа хундгаар уухгүй ш дээ. Аягаар л ууна. Маргааш хязаалан, соёолон уралдах ёстой байдаг өвгөн хөдлөх янзгүй. “Араас чинь өглөө очъё” гэнэ. Өглөө нь Гэлэгравдан гуай бид хоёр очиж амжаагүй байхад л хүрээд ирдэг юм. Манайх морь барианы талбайн баруун хажууд шугамны доохон буучихсан. Хоёр өвгөн биенийгээ явуулсан хэвээр. Ах бор үрээг харчихаад “танайхан шууд л түрүү мориныхоо байг чамд өгчихмөөр юм” гэсэн. Гал гуай “соёолон азарга мултарчих байх, битгий дэмий юм ярь” гээд л. Тэгснээ ахад “чи хурдан хээр үрээтэй гэсэн. Тэрийг чинь үзье” гэдэг юм. Нөгөөх нь “мордоод ирэхээр нь үзээрэй. Мордуулах болих уу” гээд л ...Тэгснээ бид хоёрын үрээг янзын гоё байгаа гээд үзүүлж байна. Бид хоёр сумын наадмаас хойш сойздож, хусахаас өөр ажил хийгээгүй. Цэнд ах болохоор хээр үрээгээ  орой болгон хөлсөлж, зарим өдөр бараг хоёр ажил хийгээ алдаад л байсан. Тэгж байсан соёолон ирлээ, Гал гуайн бор түрүүллээ. Хязаалан мордлоо. Уг нь  надтай л голдуу явдаг хүн чинь гэнэт л “хүүхэд шуухдын эмээл хазаар, мотоцикль дээр багтахгүй. Муу хээр үрээ тосуулах байх. Насантайгаа хамт явъя байз” гээд шайхаанд суучихлаа. Насан гуай дугуй мундаг унанаа. Тэгснээ морины хойноос явсангүй. Юу ч болсон тэрүүхэн хажуу дээр байгаа хэдэн өвгөчүүлтэй очиж золгоё гээд тийшээ давхичихлаа. Хязаалан бараг ирж байхад нөгөө газраа л байгаад байна. Тэгж байсан ганц бараан адуу ихээ хол тасраад гараад ирж харсан ахын хээр азарга мөн. Энэ хээр түрүүлж байгаа бол миний хээр үрээ айрагдах баараггүй гэж бодоод тоолоод байдаг. Равдан гуайн зээрд үрээ есөд, миний хээр 13,14-өөр ордог юм. Давхар уяаны адуу гээд гамнаад байсан нь буруудсан байна лээ.
-Танд “тэг, ингэ” гэж зөвлөхгүй юу?
-Дээр үеийн улс барагтай юм хэлдэггүй байсан ш дээ. Дараа нь л хэн чамайг Равданг дагаад гүйгээд бай гэсэн юм гэж байсан. Өөрөө асуугаагүй болохоор чинь хэлээгүй л гэсэн санаа л даа.
-1960 онд Галын  хүрэн морь эндэж, Цэнд гуайн зээрд морь хоёр дахиа түрүүлсэн. Тэр наадмын өмнө нэг том явдал болсон гэлцдэг. Та түүнийг мэдэх үү?
-Хазаар нь алга болсон тухай юу. Мэднээ. Би тэр наадмыг үзээгүй гэхдээ дуулсан. Тэр хоёр наадмын өмнө Нүхтийн аманд морьдоо цуг морио манацгаасан юм билээ. Морио идэж байна уу,үгүй юу гэдгийг ээлжилж очиж хардаг. Тэгсэн ахын хазаар алга болчихож. Гал гуайгаас асуухаар “тавьсан газраа л байгаа биз. Тэндээ үз” гээд. Тэндээ очоод хайгаад олсонгүй гэнэ. Өглөө морио юугаар ч юм оосорлоод барьсан юм байх. Тэгээд ах Гал гуайг айлгах санаатай “миний зээрд морины хазаарыг олсон юм уу, нуусан бол их л муу юм болно доо” гээд хэлчихэж. Гэтэл наадмаар Гал гуайн хүрэн морь эндэж, өөрийнх нь зээрд түрүүлчихсэн. Тэгээд дараа нь хэлсэн үгэндээ санаа нь зовоод “миний хүн хорлоно гэж юу байхав. Галыг л айлгах гэж тийм хэлсэн чинь. Хэрэг бишидчихсэн” гээд ярьдаг байсан.
-Таныг дээхэн үеийн уяачдын талаар сайхан түүх ярина гэсэн нь үнэн бололтой. Салга Дамдин гэж хүний талаар дуулж байв уу?
-Муухан мэднэ дээ. Иххэт сумын хүн. Манай энд 20-н хэдтэй залуухан ирж, эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад нутаг руугаа буцсан юм билээ. Нутагт очсон хойно нь хань нь өнгөрөөд
сүүлд манай эндхийн нэг хүүхэнтэй ханилж байсан хүн. Иххэтээсээ буурал азарга авчирч энүүгээр их айрагдуулсаан. Тэр буурал азарганы төл хээр морийг сүүлд Дамдин гуайг өнгөрснөөс хойш хүүхэд нь уяж байгаад хулгайч алдчихсан гэнэ лээ.
-Тэгвэл “Чөтгөр” хэмээх Намсрай гуайн талаар хэр мэдэх вэ?
-“Чөтгөр” Намсрай гэдэг чинь Цэнд ахад зээрд морийг  авч өгсөн шүү дээ. Манай нутгийн хэлгий Доо гэж хүний хүү. Ах нь хар Сосор гэж боломжийн амьдралтай, хурдан адуунд үнэ хайрладаггүй хүн. Гэхдээ яагаад ч юм тэгж үнэтэй авсан адуунууд нь түрүүлж, айрагдаж байгаагүй. Харин Намсрай гуай болохоор адуу аваад айрагдуулчихдаг байсан. Их сэргэлэн, наймаач, амьдрал дориу хүн байсан даа.
-Цэнд гуайд зээрд морийг нь авч өгөх үедээ бол жаахан тааруухан амьдралтай байсан гэх юм биэлээ?
-Тийм гэсээн. Зээрд морины өртгөнд өгсөн Цэнд ахын байшингаас гаргах юм нэг ч байгаагүй. Бүгд хэрэг болсон гэж Намсрай гуай өөрөө ярьдаг байсан. Зээрд морийг ахад авч өгснөөсөө хойш хөлжиж бэлжсэн гэдэг юм.
-Ямар ямар хурдан морьтой байсан бэ?
-Цэнд ах надаас нэг хонгор халзан даага аваад тэр жилээ хоёр аман хүзүүдүүлчихээд Намсрай гуайд өгсөн. Тэр нь сайн хонгор халзан азарга болсон. Мөн Мөлүү хул гэж морь нь нэлээд хэд түрүүлж, айрагдсан. Мөн манай хойд эцэг Дамбадаржаа гэдэг хүнээс авсан хул азарганы төлүүд их хурдалсан. Намсрай гуай ч сайн эзэмшиж чадаагүй л дээ.
- Ахмад уяачдын тухай амтат яриаг тань сонсоод байвал уйдахгүй бололтой. Нэгэн цагт буурлуудаасаа суралцаж байсан бол одоо буцаагаад залуустаа өвлүүлж буй байх. Нутгийн залуус таны асууж зөвлөнө биз?
-Сүүлийн үеийн залуучууд морийг сайн уядаг болж. Би хувьдаа үнэлж явдаг юм. Бидний үеийн уяа одоогийнхоос тэс өөр. Тэгэхээр зөвлөх зүйлээр маруухан л байна шүү.
-Нутгийнхаа залуу уяачдаас хэнийг илүүтэй үнэлдэг вэ?
-Сайн уяж байгаа залуучууд олон байнаа. Энхжаргал гээд морь малаа сайн уяж байгаа нэг хүү бий. За бас Ягаанаа гээд зүүн хойно нэг хүү бий. Манай хүү ч бас нэг юм оролдоод л байгаа.
- Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй хууч дэлгэсэнд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Нутаг нутгийн уяачид, хурдан морины тухай ийм сайхан ном бичиж байгаад их баяртай байна. Энэ чинь хожмын өдөр том түүх шүү дээ.
-Баярлалаа. Хичээх болноо

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна