Аймгийн Алдарт уяач М.Намсрай: Би өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын зургаа дахь үеийн уяач

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 10 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Намсрайн яриаг эрхэм уншигч танаа хүргэж байна. Тэрээ 1956 онд "Дөл" нэгдлийн Хөөврийн говь хэмээх газар төржээ.
-Таны удам хусуур сойз зүүсэн уяачид хэр олон байв даа?
-Эжий, аав хоёулаа адууны дэргэд өссөн улс. Миний эцэг Шаравжамцын Мажаа бригадын тоо бүртгэгч, дарга явсан хүн. Тухайн үедээ ажил ихтэй, гэр орондоо ховорхон шахуу үзэгддэг байлаа. Ажил ихтэй ч бас морь уяна. Гэхдээ насныхаа эцэст нүд нь муудаад уяхаа байсан л даа. Харин ээжийн эцэг нь өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын талын улс бөгөөд бид зургаа дахь үе нь болж таарч байгаа юм. Тэгэхээр би хоёр талаасаа уяачийн удамтай. Ээжийн талаас миний мэдэхийн ээжийн ээжийн дүү Гомбосүрэн  уяа сойлго тааруулна. Би багадаа хурдан морийг нь унаж хурдлуулдаг байлаа. Цавьдар азаргыг нь суманд хоёр, гурван удаа айрагдуулсан байх шүү.
-Өвгөн ноёны буюу Галшар угшлын адуугаар л нааддаг байв уу?
-Тэгэлгүй яахав. Манайх Өвгөн ноёны удмын Дэмжгээ буурал гэж азаргатай. Өвгөн ноёны Чандмань буурал азарга, түүний төл Зандан буурлын төл нь Дэмжгээ буурал байгаа юм. Дээр нь Норов хүрний удмын зээрд азарга бас байлаа. Намайг багад аав маань эдгээр хурдан хүлгэдээ уяж сойн нааддаг байлаа. Дэмжгээ буурлыг суманд тавлуулж байсан нь хүүхэд насны дурсамжинд тод үлдсэн байна. Бас 1979 онд Баянхутагт хязаалан хээр үрээ тавлуулж байсан бол түүнээс өмнө нэг хээр морь айрагдуулж байлаа. Тэр бол миний багад шүү дээ. 1960 хэдэн онд л  болов уу. Гэхдээ анх ээжийн маань эгчтэй суусан Дамбын Дугаржав гэж өвгөнөөр уяулж байсан санагдана.
-Харин удамт уяач болсон та хэдийнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж эхэлсэн бэ?
-Багадаа хурдан морины унаач хүү явлаа. Хожмоо цэргээс 1977 онд халагдаж ирснийхээ намар нэгдэл адуу авч малладаг байв. Ингээд гурван жилийн дараа 1980 оны зун Иххэтийн Чоймбол гэж өвгөнөөс соёолон хонгор морь авч уяад суманд түрүүлгэчихдэг юм. Үнэхээр их урам зориг орсон. Анхныхаа түрүүг авчихаад моринд орсон доо. Одоо гуч гаруй жил хурдан тууртын хийморьт сүслэн явна. Түүнээс өмнө морь мал нэг их сонирхдоггүй байлаа. Ах морь мал уяж, би адуундаа явдаг байлаа. Ийнхүү анхны түрүү намайг эргэлт буцалтгүй моринд урвуулчихаж билээ. 
-Хонгор морь дараа нь яаж давхисан бэ?
-Нэг их гавиагүй ээ. Найман настайд хөлийг нь болиочихсон. Хонгор морийг суманд түрүүлэхэд байнд нь шарга буудай даага өгсөн юм. Тэр байны бэлэгний даага аймагт шүдлэндээ гуравлаж, хязааландаа суманд дахин гурвалж байлаа. Ер нь олон жил наадсан шүү. Ямар ч байсан аймагт 10-ын дотор давхидаг азарга болсон юм. Төлүүд нь ч сайхан хурдан төрсөн. Үүний дараа зээрд азарганы үе эхэлдэг. Баянхутагийн Цэнд гэж хөгшний Норов хүрний угшилтай адуу байгаа юм. Надад ирээд хавчиг азарга аймгийн 60 жилээр арван хэдэд орж, долоотой өнжөөд найман настай азарга суманд тавласан. Дараа нь ес, арван настайдаа суманд түрүүлж, 11-тэй суманд айргийн таваар, 12-той дахин түрүү магнай болсон. Нийтдээ суманд гурав түрүүлж, гурван удаа  айргийн тавд орсон хурдан азаргатай байлаа. Мөн Дэмжгээ буурал азарганы төл халтар азаргыг найман настай уяж суманд түрүүлгээд хэсэг завсарласан л даа. Хөөрхий гэдсэндээ бэтэгтэй болчихоор нь хүн амьтнаар заалгаж янз янзын юм өгч байгаад зассан. Ингээд дахин уяж суманд гуравлууллаа. Өдгөө төлүүд нь бий. Гэхдээ хараахан уяж хурдлуулаагүй л байна.Энэ мэт хурдан сайхан хүлгүүдийнхээ буянаар олонтаа айраг, түрүү хүртэж явлаа.
-Улсын наадамд очиж байв уу?
-Нэг л удаа улсад очсон. Тэр бол 1989 он. Манайхны Дугаржав, Насан-Очир гээд бидний хэдэн нөхөд тэмээн тэрэгтэй эндээс гарч байлаа. Би тэгэхэд зээрд азаргаа, үр соёолон зээрд морьтой хамт авч явсан. Ийнхүү наадмын өндөр довд миний зээрд азарга 67-68-аар хурдалсан. Тэгэхэд 360 хэдэн азарга мордож байсан санагдана.Түүнээс хойш арван жилийн дараа Боржигоны наадамд очоод айраг цагаа авч сүйд болоогүй ээ, дунд хэрд сайхан наадаад л ирсэн.
-Та хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-Сумынхаа 90 жилээр аймгийн Алдарт уяач болсон. Шинэхэн цолтон гэх үү дээ. Одоогоор аймаг, сум нийлсэн арваад түрүү, 15-16 айрагтай болчихоод байна. Эндээс 1980-1990 он хүртэл айраг ер тасраагүй шүү. Түүнээс хойш хэдэн жил тасарчихлаа. Өнгөрсөн хугацаанд бүрлээч Мягмаржав дүүтэйгээ хамт ийшээ тийшээ их явдаг байж дээ. Бид хоёр 1986 онд сумандаа хоёр түрүү, хоёр айраг авч тун ч одтой сайхан наадаж билээ. Би зээрд азаргаа түрүүлгээд, сүүтэй даагаа тавлуулж, дүү хязаалан хээр азаргаа түрүүлгэж, нэгдлийн соёолон морь тавлуулаад л. Хүн гэдэг дурсамжаар хөглөдөг амьтан. Тэр утгаараа энэ наадам сэтгэлд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байх юм. 
Хараад байхнээ, ганц хувь хүнд ч биш, сум оронд ч, аймагт ч морины эргээ арван жилээр байдаг юм болов уу. Нэг үе манай сумын морьд аймагтаа дээгүүрт давхидаг байлаа. Одоо манай Галшар, Баянхутаг больчихоод хойд талаасаа ороод байх болж дээ.
-Галшарчууд 90 жилдээ хэр одтой наадав даа?
-Үнэхээр сайхан наадсан. Нас болгонд айраг, түрүү хүртсэн. Миний хувьд сайхан цагаан л наадлаа. 2009 онд халтар азаргаа Баянхутагтад гуравлуулснаас хойш орж өгөхгүй л байна. Өнөө “хувьсгалын тохироо” гэдэг шиг тохироо нь бүрдэхээр орох бизээ. Одоо ч тэжээл, тариа гээд шинэ уяаг дийлэхгүй янзтай. Залуучууд тэжээл, тариандаа дадаад сайхан л уяад байна. Мориныхоо байдлаар анзаа ч юм шиг, заримдаа илүү ч юм шиг санагддаг юм. Морь сайн байвал тэжээлгүй гэхгүй бол явахаар юм шиг байгаа шүү дээ. Миний хувьд одооноос  л тэжээж үзэх санаатай.
-Нэгэн үе Галшар адуу “мода” байлаа. Харин энэ цагт яалт ч үгүй Сүхбаатар адуу давамгайлах болж дээ?
-Дээр хэлсэн ээлж дугараа нь болж байгаа болов уу. Юм ээлжтэй шүү дээ. Үнэндээ нэг үе бол Сүхбаатар гэж дуулддаг ч үгүй байлаа. Би үүнийг цагийн эргэлт гэж боддог. Энэ нь тав зургаан жилийн дараа дахин эргэх бизээ.
-Одоо хүүхдүүд удам залгаж уяа сойлго тааруулж байна уу?
-Би гурван хүүхэдтэй. Бага маань 12 дугаар анги, энэ жил төгсөнө. Охин айлын бэр болсон. Харин дунд хүү хөдөө мал дээрээ байдаг юм. Ганц нэг юм оролдоод л байна. Гэхдээ өнөөдөө айрагдаж цагаадаагүй ээ. Залуу хүний замын хүзүү урт. Тууштай байж чадвал болно доо. Харин манайхнаас бүрлээч дүүгийн маань хүү Төмөрбаатар голлон уяж байна. Миний дүү чинь сумын Алдарт уяач цолтой.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. 

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.