Залуу уяач Т.Амгаланбаатар: Сайн адуугаа уяж, айраг түрүү хүртэхийг хичээдэг

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 10 -нд

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, залуу уяач Т.Амгаланбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийнхаа уяачдын холбооны хуралд сумаа төлөөлөн иржээ. Хурлын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Сумын уяачдын холбооноос залуу уяачдаа төлөөлөн оролцож байна. Сумынхаа олны итгэлийг хүлээж,  нутгийнхаа хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа олны нэг болж байгаадаа баяртай байна. Сумынхаа уяачдын санал бодлыг  дамжуулж, аймгийн уяачдын холбооноос авч хэрэгжүүлэх ажлыг анхааралтай сонсож сууна даа.
- Залуу төлөөлөгч хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
- Миний аав Түмэндэмбэрэл гэж уяач байлаа. Миний уяаны багш байгаа юм. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж нааддаг байлаа. Бид сумандаа бас л одтой нааддаг байсан. Аав маань бурхан болоод хоёр жил гаруй болж байна. Түүнээс хойш  ах нар, нутгийн сайн уяачидтайгаа хамтран уяа сойлгоо тааруулж байгаа. Аавын минь “эзгүйд” нөмөр нөөлөг болсон сайхан хүмүүс дээ. Мэдээж мэдэхгүй чадахгүй юм гардаг ч морь гэдэг хийморилог амьтан болохоор аандаа л болоод байдаг юм.
- Аавынхаа уяаны арга барилаас гадна залуу хүнд сурах зүйл бишгүй л их байнгаа байх даа? 
-Тэгэлгүй яахав. Нэг үеэ бодвол морин спорт хөгжиж байна. Үүнийгээ дагаад сурах зүйл ч их байна. Өөрөө л хүсвэл боломж их байгаа санагддаг. Нутгийнхаа ахмадууд, алдар цолтой уяачдын үг гэдэг ай даа үнэтэй дээ. Түдэв, Оюунбат гээд л аймгийн Алдарт уяачдынхаа арга барилаас суралцахыг хичээж  л явна. Залуучууд ч моринд их орж байна. Өнөө дэм дэмэндээ гэдэгчлэн  бид хамтраад өдөр бүр л шинийг сурч байна даа.
- Бие даан уяа сойлго тааруулаад хэрхэн наадаж байна вэ?
-Дажгүй шүү. 2011 оны сумынхаа баяр наадамд их морь айргийн тавд хурдлууллаа. 2012 онд Дэлгэрхангай сумынхаа сургуулийн 90 жилийн ойн наадмаар соёолон үрээгээ айргийн таваар давхиулсан.  Шинэ залуу уяач надад урам хайрласан сайхан наадам болсон доо. 
-Амгаланбаатар уяач жилдээ хичнээн морь уяж байгаа вэ?
-Янз бүр дээ. Тухайн жилийн адууны тарга хүч, цагийн байдлаас шалтгаалаад тооны хувьд өөр өөр байдаг юм. Аль боломжтой чадалтай байгаагаа сонгон уяад айраг хүртэхийг хичээдэг.
- Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.

"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна