Залуу уяач Б.Батмөнх: Шарга азарга болон төлүүдээр нь сайхан наадаж байна

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 20 -нд

Завхан аймгийн Отгон сумын уугуул, залуу уяач Б.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдийнээс хурдан хүлгийн уяа эвлүүлж, хурд ирлэх болсон юм бэ?
-Манай сумаас төрсөн цөөхөн аймгийн Алдарт уяачдын нэг Авгаа миний авга ах байгаа юм. Ах маань морь танихдаа гаргуун.Орон нутгаасаа битүү адуу аваад их сайн давхиулдаг хүн. Одоо 74 нас хүрч байгаа болохоор хүүхдүүдэдээ зөвлөөд л явж байна. Ахын хүүхдүүд нь цөм морь уядаг. Би тэднийг л дагаж моринд орсон доо. Аав маань төвд алба хашиж байсан болохоор манайх айл адуу мал цөөнтэй уналгын хэдэн морьтой л айл байлаа. Хүүхэд байсан болохоор морь уяж байгаа хүмүүсийг харчихаад морь уямаар санагддаг байсан үе ч бий. Тэгээд л анх 2000 онд өөрөө явж Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас нэг сайхан шарга үрээ авчраад, түүнийгээ уяж сумынхаа наадамд айрагдуулж байлаа. Тэгж л анх асрын өмнө зогсож алдар цолоо дуудуулсан даа.
-Морь айрагдах уяачид урам нэмдэг?
-Харин тийм, сумандаа айрагдчихаар нь урамшаад Баянхонгор аймгийн Баянбулаг сумын наадамд очоод уралдаадахсан чинь үрээ маань түрүүлчихлээ. Түүнээс хойш арван жил шарга азаргаараа сайхан наадаж, өөрийн болон зэргэлдээ сумдын наадмаас айраг алдаагүй л байна.Шарга азарганы маань төл халиун үрээ сумандаа түрүүлсэн. Түүний төл хүрэн үрээ суманд гурав айрагдаад байна. Өөрөөр хэлбэл би нэг адууны гурван үеийн төлөөр наадаж байгаа хүн. Шарга азарганы бас нэг төл хээр морь сумандаа зургаалаад, Шилүүстэйн ойд очиж түрүүлсэн. Одоо 20 гаруй медальтай адуу бий.
-Шарга азарга, түүний үр төлүүдээс гадна өөр ямар хурдан хүлгүүд байна?
-Төв аймгийн Жаргалант сумаас хоёр үрээ авчирсан. Нэг нь ирээд даагандаа хоёр түрүүлж дөрөв айрагдсан. Шүдлэнд нь өнгөрсөн жил сайн уяж чадаагүй. Чөмөглүүлэх санаатай өнжөөсөн юм. Дааганд нь хурдан байна гээд их олон уралдуулсан юм.
-Морь уясан цагаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Би сумын чанартай наадмаас 20 шахам айраг түрүүтэй. Жижиг наадмаас мөн 20 гаруй медальтай.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна