Уяач Ж.Пүрэвсүрэн: Хэдхэн хоногийн зайтай гурван түрүү, нэг айраг хүртсэн

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 05 -нд

Завхан аймгийн Отгон сумын уугуул, уяач Ж.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Олон жил наадмын морь унасан гэсэн. Тэр талаар чинь яриагаа эхэлье?
-Би багадаа хүний морь их унадаг байсан. Анх Шилүүстэйн Сэрээтэр гэдэг хүний хээр морийг дөрөвт, бор үрээг нь гуравт давхиулж байлаа. Унаачийнхаа хувьд авсан анхны айргууд бол энэ. Дараа нь Лхагважав ахын морийг унаж Шилүүстэйн наадамд айрагдуулаад нэг кг “Хавар” гэдэг чихрээр шагнуулж байсан. Тэгэхэд ёстой чихрэнд нэг цадсан шүү.
-Тэгвэл хурдан хүлгийн уяа эвлүүлсэн нь хэзээ вэ?
-2002 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Дэмид гэдэг хүнээс соёолон бор үрээ авч сумынхаа наадамд дөрөвт давхиулж анхны айргаа хүртсэн. Бор морь маань дараа жил нь Отгонтэнгэр хайрханы улсын тахилгад түрүүлж ирээд будлиантаж айрагт баригдсан. Харамсалтай нь сайхан хурдан хүлгээ ид насанд нь алдчихсан юм.Түүний дараа 2007 онд нутгийнхаа Шагдар гэж буурлаас соёолон азарган үрээ сая төгрөгөөр авсан. Их туранхай байсан ч Шилүүстэйн сургуулийн ойд аравт орж, дараа жил нь сумынхаа наадамд түрүүлсэн. Хээр азарга түрүүлсэн тэр жил даага бас түрүүлгэн, нэг дор хоёр түрүү хүртэж байлаа. Түүгээр ч тогтохгүй хэдхэн хоногийн дараа болсон Шилүүстэйн наадамд азаргаа айрагдуулж, даагаа дахин түрүүлгэсэн. Ингэж хэдхэн хоногийн зайтай гурван түрүү, нэг айраг хүртсэн нь миний амьдралын сайхан дурсамжтай мөчүүдийн нэг. Нутгийн буурлаас авсан хээр азарганы маань төлүүд бас их сайн давхиж байгаа. Нэг хээр үрээ суманд хоёр ч айрагдсан.
-Морь уяснаас хойшхи амжилтаа тооцож үзсэн үү?
-Сумын чанартай наадмаас 10 гаруй айраг, түрүү авсан байна лээ. Ер нь бол том, жижиг наадмаас 40 гаруй медаль авсан. Би өөрийнхөө аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй болон Баянхонгор аймгийн Баянбулаг зэрэг сумдын наадамд очиж нааддаг.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна