Аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн: Төрийн наадмаас үнэндээ сүрдэж байсан

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810 жил, Ах-95 жилийн ой, үндэсний их баяр наадамд бор үрээгээ айргийн тавд хурдлуулсан Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамбын Мөнхсүрэнгийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна. 
-Төрийн их баяр наадмын салхийг хагалж хязаалан үрээгээ айргийн тавд хурдлууллаа. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Баярлалаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын хөдөөний эгэл малчин уяач хүн байна. Ах нь төрийнхөө баяр наадамд морь оруулна санасангүй, төрийн наадмаас үнэндээ сүрдэж байсан. Улсын баяр наадам үзэж ч үзээгүй хүн анх удаа хурдан хүлгийнхээ тоосыг нь өргөе, өөрөө үзье гэж ирсэн. Уяач үзэгчийн зүгээр  ирсэн хүн. Газар газраас хурд цугласан морь бол аргагүй арын хаалгагүй амьтан юм. Энэ өндөр довон дээр анх удаа ирээд айраг хүртэнэ гэдэг миний хувьд хамгийн дээд баяр байна. Нутгийнхаа уул ус, зон олон, ах дүү бүгд намайг түшсэн байх. Тэд нартаа төрийн их баяр наадмын мэндийг хүргэе. Үнэхээр хэлэх үг олдохгүй маш их баяртай байна.
- Бор үрээны удам угшил
- Би унаган морио өөрөө уяж наадан айраг, түрүү хүртэн амжилт үзүүлж байгаа эгэл уяач хүн. Миний адуу аймаг, сумандаа айраг түрүү алддаггүй. Дандаа л үзүүрт ирдэг юм. Миний бор үрээ Жавхлант шаргад аман хүзүүдэж байсан. Удам угшил гэвэл миний шөвгөр халтар азарганы охин төлөөс гарсан, эцэг нь Онон гуайн алдарт хээр морины төрсөн дүү Агваан багшийн маань хурдан цагаан азарганы төл. Эхийнх нь дээд угшилд халзан сумын Далантайн Цэвэгсүрэнгийн халтар азарга бий. Тэр халтар азарганы төл шөвгөр халтар азарга байгаа юм. Бор үрээ аймаг сумандаа хурдан байсан адуу, дандаа л айрагдаж байдаг. Бүсийн наадамд нэг их морь айрагдуулж байсан. 
- Төрийн баяр наадамд хэдэн насны хичнээн морьтой ирсэн бэ?
- Халзан сумандаа уяа сойлго таруулсан. Нас насанд л уян жижиг бэсрэг наадамд уралдаж байгаад ирсэн. Төрийн баяр наадамдаа гурван насны морьтой ирсэн. Хүй долоон худагт ирээд зургаа хонож байна. Их морь хоёр, нэг хязаалан, хоёр даагатай ирсэн. Миний хээр морь хурдан байгаа маргааш тоосоо өргөнө өө.  Хөдөөний эгэл уяач төрийн наадам гэдгээс үнэндээ сүрдэж байлаа. Тоосоо өргөе гэж ирсэн үрээ маань айрагдлаа үнэхээр баяртай байна.
- Баярлалаа. Маргаашийн уралдаанд нь амжилт хүсье.
- За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна