Аймгийн Алдарт уяач Н.Батжаргал: Наадамчин олон Хулдын адуу хурдан, уяачид нь сайн гэдгийг харж байгаа байлгүй

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 10 -нд

АХ-95 жилийн ойд шарга хязаалангаа айргийн гуравт хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргалын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Баяр хүргэе баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Төрийнхөө наадамд шарга үрээ айргийн гуравт давхиуллаа, сэтгэл өндөр баяртай байна. Төрийн наадамд анх удаа морь айрагдууллаа. Уяач бүрийн хүсэж мөрөөддөг төрийн их баяр наадмын энэ том дэвжээнд үрээгээ айргийн гуравт хурдлуулсандаа их баяртай байна. Миний шарга үрээ хурдан байсан учраас горьдож л суулаа.
- Улсын баяр наадамд хэдэн насны хичнээн морьтой ирсэн бэ?
- Энэ жил би арав гаруй морь уясан. Сумын наадам энэ тэрд тавиад одоо ес нь байгаа. Харин улсын наадамд ганц үрээтэй ирсэн. Улс бүсийн чанартай наадмаас айраг авч үзээгүй, харин шүдлэн үрээ зургаад хурдлуулсан. Тэр үед одоо ч ойрхон байна даа л гэж бодож байсан. Тэгтэл өнөөдөр тэр хүсэж хүлээсэн айргаа авлаа баяртай байна.
- Энэ жилийн хэддэх давхил нь бэ?
- Энэ жил тав уралдсан. Дөрөв түрүүлээд төрийн баяр наадамд өнгөлсөөр үзүүр дээрээ сууж байна. Миний шарга үрээг өнгөрсөн жил эрлийз гэсэн шалтгаанаар хассан. Энд жаахан гомдолтой байдаг. Уг нь өнгөрсөн жил бас их хурдан байсан.
- Төрийн наадмаас хасагдсаны дараа хэрхэн наадсан бэ?
- Улсын наадмаас хасагдаж очоод Дундговийн Адаацаг суманд 150 үрээнээс хол  түрүүлсэн. Тэр үед нь миний үрээ аргагүй хурдан байж гэж бодсон, төрийн наадмыг холоос зорин ирээд хасагдсанд сэтгэл дундуур буцаж байлаа. 
- Шарга үрээг хаанахын наадам хүлээж байгаа бол?
- Цогтцэцийн бүсийн уралдааныг зорино доо.
- Аймгаасаа хэдүүлээ ирсэн бэ?
- Улсын Алдарт уяач Баярсайхан чинь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд. Ахыгаа дагаж төрийнхөө наадамд ирээд нэг уяан дээрээс мордуулсан хоёр үрээ нэг нь түрүүлж, нэг нь айргийн гуравт орлоо. Наадамчин олон Хулдын адуу хурдан, уяачид нь сайн гэдгийг харж байгаа байлгүй дээ. Сүүлийн үед Дундговийн уяачид сайхан наадаж байна, тэр тусмаа Хулд, Адаацаг сумынхан сайхан уралдаж байна.
- Та хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулах болов?
- Би 2006 оноос морины сүүл боох болоод 2013 онд аймгийн Алдарт уяач болсон. 
- Анхны айраг, түрүүгээ хаанаас авч байсан бэ?
- Анхны айраг 2010 онд Өмнөговь аймгийн бүсэд шарга даага айргийн гуравт давхиулж  байсан. Мөн миний хамар цагаан шарга морь сайн уралдаж байна. Сая Өмнөговьд очоод өнгөлсөөр байгаад долоод орлоо л гэж байна.
- Таны нэрийг гарган хурдалж байгаа өөр ямар ямар хурдан хүлгүүд байна?
- Надад Дорноговь аймгийн Алтанширээгийн Ууганаагийн хамар цагаан шарга морь бий,  Орон нутагтаа олон орсон морь. Дорноговийн Дэлгэрэхийн Хуягт гуайн зээ хүү том Ууганаагаас олон сайхан хурдан хүлгийг нь авсан. Аймаг бүсийн наадамд олон ч удаа түрүүлж айрагдан намайг баярлуулсан.
- Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаанд амжилт хүсье. 
А.Энхжил

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.