Аймгийн Алдарт уяач Ж.Пүрэв: Анхны "Их Хурд"-д хүрэн азаргатайгаа урилгаар оролцож байлаа

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 18 -нд

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Пүрэв гуайн ярилцлагыг уншигт танаа хүргэж байна. Тэрээр Хөдөлмөрийн хүндэт медаль, сумын Аварга агент, 1998 оны улсын шилдэг уяач, , Баянхонгор аймгийн 60, 70 жилийн ойн медаль, V жилийн гавшгайчаар тус тус шагнагдаж байжээ.
-Таныг 1998 онд одтой сайхан наадаж,  улсын шилдэг уяач болж байсан гэсэн. Ямар амжилтаар оны шилдэг уяач болж байсан бэ?
-Би 1997 онд Дэлгэрийн Морин Эрдэнэ даншиг наадмаас хүрэн азаргаа айргийн гурав, хээр шүдлэнгээ айргийн дөрөвт оруулж, хоёр айраг авсан. Өмнө нь хүрэн азарга, хээр шүдлэн хоёр хоёулаа сумандаа түрүүлчихээд Дэлгэр рүү явсан нь тэр. Тэгээд 1998 оны өвөл гарч байхад улсын шилдэг уяач болж байлаа.
-Улсын шилдэг уяач цолыг хаанаас өгч байсан юм бэ? Танай сум, аймгаас тодорхойлсон юм уу?
-Улсын морин спорт уяачдын холбооноос өгсөн. Батламж болгож өргөмжлөл, мөнгөн аяга өгдөг юм билээ. Манай эндээс тодорхойлоогүй, Говь-Алтай аймгаас тодорхойлсон юм болов уу гэж би бодсон. Яагаад гэхээр тэр жил баруун бүсийн даншигаас хоёр айраг авсан нь ганцхан би байсан юм билээ. Шагнал нь хавар Аймгийн уяачдын холбоогоор дамжиж ирээд, Сумын уяачдын холбооны дарга Гунгаадондов гуай гардуулж өгсөн. Шагналын сураг нь бол бүр өвөл гарсан. Өвөл нь  Баянхонгорын Гурванбулаг сумын Жожинийн Пүрэв Улсын шилдэг уяач боллоо гэсэн нийтлэлтэй сонин хүрээд ирдэг юм. Тэгээд би сонинг нь уяачдын холбооны даргад өгөөд, “ийм юм бичсэн байх юм, мэдсэн үү” гэсэн мэдээгүй гэж байсан.
-Шилдэг уяач шагналаа ямар амжилтаар мялаасан бэ?
-Тэгээд 1998 оны Их хурдад манай сумаас хоёрхон хүн урилгаар явж байсан. Тэгэхэд би хүрэн азаргаа хөлөөр нь хөтлөөд явсан. Ахиад 1999 оны аймгийн Ламын гэгээний 360 жилийн ойд хөтлөөд явж байсан. Тэнд хүрэн азарга долоо дээр, хээр соёолон ес дээр, хүрэн даага Налайхын хоёр хонгор дааганы ард гурав дээр ирж байсан. Тэгээд 2001 онд аймгийн 60 жилд явж байсан. Их нас 400 гаруй морь уралдсанаас хээр морь 29-д, хүрэн азарга есөд ирсэн. Аймгаас наашаа Эрдэнэцогтод ирж хүрэн азаргаа тавиад үзүүр булаацалдаж, Архангайн Булганы хээр азарганы дараа аман хүзүүдэж ирж байсан. Харин хээр морь нь 18 дээр ирж байсан юм.
-Хаанахын ямар угшилтай, хэдэн айраг, түрүүтэй гээд даншиг наадамд айрагдсан хүрэн азарганыхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Хүрэн азарга манай сумын Шар усны гаралтай адуу. Бадарч гэж хүний хурдан хээр азарганы хүү. Эцэг хээр азарга нь Бадарчаас өмнө Миша гэдэг хүнд байсан гэдэг. Мишагийн аав Лхагва гэж уяач Завханы Алдархааны хүн юм гэнэлээ. Эх нь ч бас тэр айлын зээрд гүү байсан. Надад ирэхээс өмнө хавчигтаа манай сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор үзүүр булаацалдаж аман хүзүүдсэн.Тэрнээс өмнө ерөөсөө уралдаагүй. Тэгээд 1995 онд нас нийлсэн жил нь би 20 бодоор авч байсан юм. Тэр жилээ сумын наадамд гурав дээр давхиулаад, 1996 онд ахиад гурав, 1997 онд сумандаа түрүүлгээд, Дэлгэрийн даншигт гурваар давхиулж байлаа.
-Дэлгэрийн даншигт хэдэн азарга мордож байсан бэ?
-Мэдэхгүй юмаа. Хүрээмаралын Батбаярын халтар азарга түрүүлж, Завхан аймгийн Сонгино сумын Намсрайн хар азарга хоёрт ирж байсан. Тэр халтар азарга тухайн үедээ сумандаа дандаа түрүү айраг авдаг даалуу адуу. Тэгээд Хүрээмаралын халтар азарга, миний хүрэн азарга хоёр Хархорины анхны Их хурдад явж байсан юм. 100 гаруй азарга л уралдсан.
-1998 онд Их хурдад явахаасаа өмнө уралдсан юм уу?
-Энэ хавиараа би уралдаагүй. Замдаа Байдрагийн наадамд уралдуулж аман хүзүүдсэн. Хөтлөөд ес хоног яваад Хархорин ороод, дөрөв хоног амраагаад уралдуулж байсан.  56-д ирсэн.
-Баянхонгороос анхны Их хурдад хичнээн уяач явсан юм бэ?
-Баянхонгороос 20 гаруй хүн явсан. Улсын Алдарт уяач болсон Галуут сумын Дашдамба, Пүрэвсүрэн, Бямбасүрэн, Ганбат, Баян-Овоогоос Сономбал, Мижид, Хүрээмаралаас Батбаяр, Хүрэлбат хоёр, Бөмбөгөрөөс бас хоёр хүн явж байсан санагдана, нэрийг нь мартчихаж. Нэг хар азаргатай хүн Баянцагаанаас билүү, Баян-Өндөрөөс явж байсан. Баянхонгороос миний хүрэн азарга, Батбаярын халтар, тэр хар азарга гурав уралдаж, миний хүрэн 56-д ирсэн. Батбаярын халтар азарга наашаа буцаж яваад газар дунд ойчоод үхэж байсан юм зайлуул.
-Анхны Их хурдад адуу маланд идэх өвс ногоо олдохгүй, тэрнээс болоод морины уяа алдарсан гэж ярьдаг юм билээ.
- Тэр хаана буудалласнаас болж байсан байхаа. Өвс ногоо дажгүй сайхан байсан. Бас хоол нь таарахгүй байсан тал байсан шиг байгаа юм. Надтай цуг манай сумын аймгийн Алдарт уяач авсан Пүрэвдагва гэж хүн хонгор морьтойгоо явж байсан. Бид хоёр нэг ачаа морьтой, нэг нэг хөтөлгөө морьтой, ирэх очихдоо нийлээд 20 гаруй хоносон. Ирэхдээ морьд маань их сульдаж ирсэн дээ.
-Мэдээж азаргаа айрагдчих болов уу гэсэн бодол байсан уу? Бас ч үгүй даншиг наадамд айрагдсан олны танил болчихсон байсан болохоор Их хурдын үеэр авъя гэсэн санал ирж байв уу?
-Тэр олон юманд яадаг юм болдоо л гэж бодож байснаас яг айрагдчихна гэсэн бардам бодох юм байгаагүй ээ. Лхүндэв гэдэг түрүүлдэг хонгор морины эзэн манай уяагаар ирээд л “Энэ хаанахын азарга вэ? морь вэ?” гэж асуугаад л явж байсан. Улсын томчуул нь ирээгүй ээ. Яахав нутагтаа бол авъя гэж нутгийнхан, Баянбулаг сумаас асууж л байсан. Би хүрэн азаргаа зарахгүй гээд халгаагаагүй. 
-Их хурдаас өөр ямар том наадамд оролцож байсан бэ?
-Их хурд бол хамгийн том наадам. Тэрнээс өөр тийм том наадамд явж үзээгүй. Тэрнээс хойш би Завханы 80 жил, Говь-Алтайн 70 жилд явсан. Ойр хавийн Баянбулаг, Заг, Хангай зэрэг сумдад явж байлаа. Ламын гэгээний 360 жилийн ойд очиж хүрэн азаргаа долоогоор оруулж байсан. Тэнд урилгаар сумын дарга нар бүгд очиж, би буцахдаа хүүхдэд морио хөтлүүлчихээд Сумын дарга Түдэвийн машинд суугаад ирсэн.
-1999 оны Ламын гэгээний ойд хүрэн азарга ямар уяатай мордсон бэ?
-Өмнө нь сумынхаа баяр наадамд уралдаж түрүүлсэн байсан юм. Ламын гэгээний ойд 390 гаруй азарга бүртгүүлж, 380-аад азарга мордсон гэдэг. Тэр жил би хүрэн азаргаа гайгүй чиг уячихлаа, бас ч жоохон амраачихсан, ер нь л айрагдчих боловуу гэж дотроо бодож байсан. Би сумандаа уралдуулж тамирдуулчихсан нь буруу юм болсон болов уу гэж боддог. Дараа нь аймгийн наадамд очоод хүүхдээ мордуулахдаа татаж яваарай гээд захичихсан юм. Тэгсэн нөгөө хүүхэд чинь эхний хэдэн азарганы ар дээр 10 дотор бариатай явж байгаад, бариа ойртож тавиад долоо дээр ирсэн.
-Өмнө нь унаж байсан хүүхэд юм уу?
-Унаж байгаагүй, тэр жил л унасан хүүхэд. Суманд бол унасан байсан юм. Ер нь хүүхэд солигдохоор адуугаа мэдэртэл удна. Миний хүрэн азарга цуцдаггүй, газрын холоос айдаггүй адуу. Эхний хэдэн азаргатай яваарай гээд хэлчихсэн бол айрагдах байсан байхдаа гэж бодож л байлаа.
-Тэр жилээ дахиж уралдуулаагүй биз дээ? 
-Уралдуулаагүй. Тэгээд 1999 онд манай энд айхтар зуд болоод, 2000 онд уралдуулаагүй.
-Ер нь тэр зуд болдог жил суманд наадам болсон юм уу?
-Болсон. Манай суманд 2000 оны наадамд соёолон дөрөв тавхан юм уралдаж байсан. Тэгэхэд манай Цэнгэл баг оторт гараад Хүрээмарал ороод, цаашаа Бууцагаан ороод, Бууцагаанаас өнгөрөөд хавар эргэж ирэхэд бод малаа дуусчихсан ирсэн. Би 58 адуу, 40 гаруй үхэртэй оторт гараад 14 адуу, есөн үхэртэй эргэж ирсэн. Хүрэн азарга зайлуул их ядарч ирээд, их юм үзэж онд орсон. Энд ирээд өргөж босгоод л, босгохгүй л бол нэг хавтгайрсан адуу босож чадахгүй, хэрээ нүдийг нь ухчихдаг аюултай. Тэгэхэд манай Цэнгэл багийн зарим нь адуугүй болж байсан. Аминдаа оторт байдгаараа яваад л тэр.
-2001 онд Баянхонгор аймгийн 60 жилийн ойд хэрхэн наадсан бэ?
-Тэгэхэд есөөр давхисан. Тэгээд наашаа яваад Мандалд аман хүзүүдсэн. Архангайн Булганы хээр азарга түрүүлсэн. Тэрнээс хойш суманд нэг түрүүлж, дөрөв тав айрагдсан. Тэгээд л харьсан даа. Хүрэн азарга 16 хүртлээ уралдаж, 18 хүрээд хангай авсан.
-Төлүүд нь эцгийн шийрийг хатаах хэмжээний юм унасан уу? Төлүүдээр нь хэр уралдсан бэ?
-Төлүүд нь гурван халзан даага байлаа. 2004 онд сумын 80 жилийн ойд хоёр нь түрүү, аман хүзүүнд давхисан. Тэр үед Аймгийн засаг дарга Баярсайханд хээр халзан даагыг нь бэлгэнд өгч байсан юм. Даагандаа тэгж түрүүлж айрагдчихаад, шүдлэндаа сахуураад уягдаагүй, хязааландаа хондон дөрөв дээр давхиад, соёолондоо хондон нь түрүүлж, хээр нь зургаа дээр ирсэн. Нэг халзан нь дааганаасаа хойш байнга уралдаад 19 хүрээд, ноднин зодог тайлсан. Хязааландаа Завханы Отгонд түрүүлж байсан. Ер нь соёолон хүртлээ давхиад, бүдүүрээд шалиагүй.
-Хүрэн азарганы төлөөр азарга тавьсан уу? Одоо танайх ямар азаргатай байгаа вэ?
-Би адуундаа хүрэн азарганы удмын азарга тавиагүй ээ. Манай гүүнүүд хүрэн азарганы төлүүд болохоор Хэнтийн Цэнхэрмандалын хонгор үрээгээр азарга тавьсан. Охин талд нь удам байгаа юм чинь гээд эрийг нь гаднаас авч тавиад, жоохон цусыг холтгох санаатай.
-1997 онд Дэлгэрийн даншигт айрагдаж байсан шүдлэн үрээ хаанахын адуу вэ?
-Хээр үрээ манай унаган адуу. Тэр дааганаасаа хойш уралдаж даагандаа суманд аман хүзүүдээд, шүдлэн жилээ түрүүлээд, Дэлгэрт очиж дөрвөөр давхисан. Хязааландаа сумандаа таваар давхиж, соёолондоо түрүүлээд, Ламын гэгээний ойд ес дээр ирсэн. 2000 онд зудтай ч байсан, хавчигт нь өнжөөсөн. Тэгээд 2001 онд аймгийн 60 жилд 29 дээр ирж, 2003 онд хулгайд алдсан. Бас нэг хурдан хүрэн морьтой цуг адуун дотроосоо хулгайд алдаад олоогүй. Цуг явсан уургач морь, гүү хоёроо Архангайн Хайрхан хүртэл явж байж тууврын адуунаас олж авсан. Хоёр сайхан хурдан морио хулгайд алдсан даа.
Сүүлийн үед харин хулгай гайгүй болоод байна. 
-Өөр Пүрэв ахын нэр усыг гаргаж байсан ямар хурдан буянгууд байна вэ?
-Янз бүрийн морь их уясан. Сумын 70 жилээр миний их насны хүрэн морь айргийн дөрөв дээр давхиж байлаа. Тэр хүрэн морь хязааландаа дөрөвлөж, соёолондоо аман хүзүүдэж, надад хэдэн айраг авч өгсөн. Бага насны морь бас давхиулсаан, сумандаа 9-10 даага түрүүлгэж, айрагдуулсан.
-Ингэхэд танай удам сударт морь мал уядаг хүмүүс байв уу? Таныг морины уяа руу хөтөлсөн тэр хүчин зүйл чухам юу байв?
-Манай аав морь уяж байсан гэнэ лээ. Их залуухан өөд болж, дөрвөн хүүхдийн хамгийн том нь би 11 настай үлдсэн болохоор сайн мэддэггүй юм. Би дөрөвдүгээр ангиасаа гарч малчин болоод засгийн нормтой мал маллаж насаа барсан хүн дээ. Манай дүү нар хотод, энд ганцхан би л байна. Миний хувьд 1970 оноос хойш морь уялаа. 1971 онд цэрэгт яваад хэсэг завсарлаад, 1974 онд цэргээс ирснээс хойш 40 гаруй жил тасралтгүй морь уяж байна. Зэргэлдээ сумын айраг, түрүү 70 гаруй өргөмжлөл байдаг. Медаль гараагүй байх үед 1986 онд Баянбулагийн 50 жилийн ойгоор очиж хоёр медаль авчирч байлаа. Сумандаа нэг жил таван морь айрагдуулж байлаа. Бас нэг жил гурван морь түрүүлгэж байлаа. Тэр үед энд тэндээс морь худалдаж авдаггүй, өөрийнхөө морийг энүүхэн аймаг  сумын хооронд цус жоохон холдуулаад л уралдуулна. Одоотой адил тэжээл гэх биш зун ногоогоор, хавар намар нь цагаан өвсөөр л уралддаг байсан үе. Нэг хүү маань малчин, аавыгаа дагаж морь уянаа. Хүүхдээр уяулахгүй бол нас явж, хөл гар өвдөөд одоо миний морь уях гэж юу байхав. Сүүлийн хоёр гурван жил хүүхэд уяж байна.
-Таны анкетанд агент хийж байсан гэсэн байна?
-Цэргээс тогоочийн мэргэжилтэй ирж буудлын тогоочоор ажиллаж байгаад багийн агент болж 10 жил ажилласан. Төлөвлөгөөгөө биелүүлж таван жилийн гавшгайч болоод, Герман явах урилга өгөхөд нь би яваагүй.
-Ямар шалтгааны улмаас яваагүй юм бэ?
-Би тийшээ явж юугаа үзэхэв ухааны юм бодож байгаа юм. Тийм л мангар хүн шүү дээ. Бас нэг хэсэг дандаа төллөх хонь маллаж байсан. Манай энд чинь ямаа их цөөхөн, нэг айлд нэгдлийн 20,30 ямаа л оногддог байсан. Харин одоо ямаа сүргийн 50 хувийг эзэлж байх шиг. Ноолуурыг нь зарахад малчин бидэнд таван төгрөг нь хэрэгтэй юм даа. 
-Хүүхэд хэр уяж байна?
-Хүүхэд яах вэ нэг их шальсан юм алга. Одоо ч дандаа тэжээлтэй, зүүн зүгийн адуугаар уралдах болчихлоо. Хөдөөний малчин морь худалдаж авна гэхэд ер нь хэцүү болсон цаг шүү. Одоо бэл бэнчинтэй хүн өөрөө явж даага сарваа олж ирвэл хаашаа юм гэхээс хүний гар дамжсан юм авах дэмий. Удам угшлыг нь үнэн зөв хэлдэг ч юм уу, үгүй ч юмуу. 
-Та бол олон газрын наадамд явж, дов үзсэн хүн. Уяач хүн ямар зан чанар, ёс суртахуунтай байх ёстой юм болоо. Та юу гэж боддог вэ?
-Би бол өөрийгөө даруухан, гүдэсхэн гэж дүгнэдэг. Уяач хүн даруухан, хүнтэй зөв сайхан харьцдаг байх хэрэгтэй. Би залуудаа архи уудаг л байсан, гэхдээ морь уясан үедээ бол архи уудаггүй. Нэгэнт морь ингэж тавалж зовоож байж архитай холиод нэг шөнийн хоолыг нь алдчихвал морь зовоохын нэмэр гэж би боддог юм. Тэгээд ч архичин хүн морь уяад давхиулна гэдэгт би итгэдэггүй.
-Залуучуудад ганц нэг үг хэлнэ биздээ?
-Сумынхандаа ганц нэг юм хэлдэг. Миний үгийг их ойшоодог. Пүрэв ахаа яах вэ? гээд асуугаад ирэхээр нь мэддэгээсээ хэлээд л өгнө. Миний үеийн уяачид ер нь ховор болчихоод байна, Аймгийн Алдартаас хоёр хүн л үлдсэн байна. Нэг нь Заг суманд, нөгөө нь Ар усаад байна даа. Миний дээд үеийн улсуудаас шударга бус, үнэнч бус хүн байгаагүй шиг санагддаг. Ядарсан нэгнээ өргөж, тусалдаг тийм хүн ховор болсон шиг ажиглагдаад байгаа.
-За баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна