Аймгийн Алдарт уяач С.Дорждагва: Ламын Гэгээний даншгаар 1000 морь уралдахад хүрэн морио айргийн дөрвөөр давхиулсан

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 02 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Дорждагватай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Уяа сойлго тааруулсан он жилүүдийнхээ оргил амжилтуудаас бидэнд ярьж өгөөч?

-“Тодмагнай” сэтгүүлийн уншигчдын энэ өдрийг амгаланг айлтгая. Одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 онд сумандаа их морио түрүүлгэж, шүдлэн аман хүзүүдүүлж байлаа. Хойтон жил нь Ламын гэгээний даншгаар 1000 морь уралдахад хүрэн морио айргийн дөрвөөр, хээр хязаалан арваар оруулсан. Дараа жил нь хээр үрээгээ  аймагт авч очоод тавлуулсан. Залгаад Бөмбөгөрийн ойгоор аман хүзүүдүүлсэн. Харин хойтон жил нь соёолон үрээ сумандаа түрүүлгэсэн. Тэрнээс хойш манай хүү уяж, мөн л хэд хэдэн айраг авсан. Бас нэг хэсэг шар хээр мориор одтой наадсан. Богд, Баянцагаан, Бөмбөгөр, Байдрагт тус тус түрүүлгэж, аман хүзүүдүүлж явлаа.
- Ламын гэгээний 360 жилийн ойгоор айрагдсан хүрэн морь хаанахын адуу юм бэ?
-Яг энэ нутгийн адуу. Өөрөөр хэлбэл миний унаган адуу байгаа юм. Ламын гэгээнд айрагдахдаа  естэй байсан юм. Урд жил нь манай дүү уяж, бригадын өдөрлөгөөр түрүүлгээд,  би суманд түрүүлгээд, намар нь даншигт дөрөвлүүлсэн. Тэгээд 2000 оны зуднаар “маани” болсон, хөөрхий.
-1000 морины уралдаан гэдэг тэр бүр олон тохиохгүй шүү?
-Тиймээ ховорхон тохиох үйл явдал. Тэр үед машинаар ачдаггүй байлаа.  Би сумаас 27,28 км-т морьдоо хөтлөөд аймгийн наадам болдогийн наахнатай хэдэн хүүхэдтэй очоод 10 гаран хоног үсэргээ хийгээд даншигт явсан юм. Тэгэхэд бригадын эмч байсан Бямба ахын хүүхэд нь нэгдлийн хэдэн адуутай оччихсон. Ханиндаа морио уядаг байлаа. Одоо шиг тэжээл өгнө гэж байсангүй. Шөнө айлын гадаа чөдөрлөөд тавьчихалтай биш. Хээр хөтөлж аваачаад хажууд нь унтаад өгнө. Өглөө авчраад айлын гадаа уяна. Ийм маягаар хэд хоног амьдарсан. 
-Танай сумаас олуулаа явсан уу?
-Одоо шиг гал гэж байсан биш. Өөр өөрсдийн морио хөтлөөд тус тусдаа гарсан. Сүүлд нь уулзалдаж байхад олуулаа явсан байна лээ. Тухайн үед 1000 морь уралдана гэж юугаа мэдэхэв. Морь уралдах Дуурсахын хөндий, энэ талын ам алаг эрээн майхнаар дүүрчихсэн байж билээ.
-Тэр жил хүрэн морь хаана хаана уралдсан бэ?
-Тэр жил сумандаа түрүүлээд очсон нь тэр. Мэдээж 1000 морь уралдана гэдэг чанга шүү дээ. Зориод очсон болохоор айраг түрүү амсчих юмсан гэж бодсон. Гэхдээ  тэр олон морийг хараад хүүхэд морь мэнд ирвэл өөр юу хүсэх вэ болсон л доо. Одоо ингээд бодоход хүрэн морь үнэн хурдан амьтан байжээ. Бариан дээр ёстой янзын орж ирнэ гээч. Тухайн үед барианд орж ирэхийг нь би хараагүй. Тойрч очсоор явтал айргийн дөрвөөр ороод ирчихсэн, надад таних танихгүй олон  хүн баяр хүргээд, зүүдэлж байна уу даа л гэж бодогдож билээ.
-Танай сумаас өөр морь айрагдсан уу?
-Үгүй ээ, ганцхан миний их морь л айрагдсан. Тэр үед хүрэн морьтой нэг зэлний унаган адуу суманд аман хүзүүлсэн. Манай эмэгтэй дүүгийнд очсон адуу байгаа юм.
-Ямар хүүхэд унаж хурдлуулж байв?
-Мөнхөө хүү унасан. Сумандаа ирсэн нутгийн олон баяр хүргэж, бэсрэгдүү баяр хийсэн. Одоо шиг нүсэр юм болж байсангүй ээ.  Тэр тухай дурсах тоолонд нэг л гоё. Ер нь морины тухай яриад л байвал дуусах төгсгөл гэж байхгүй шүү. Би чинь анх хурдны морь унаж адуутай нөхөрлөсөн хүн. Сургууль соёлд ч яваагүй. Нас биенд хүрээд сумандаа тэмээ хариулдаг байлаа. Тэгээд зав чөлөө гарч наадамлаж чадахгүй.  Нэлээн хойно буюу 1973 онд хоёр үрээ уяад наадам үзэхээр шийдлээ. Тэмээнд унадаг адуунууд болохоор туранхай ч гэж жигтэйхэн. Удаах эмэгтэй дүүгээ морь унуулах гэж байгаа. Ингээд Жаргалантын голоос морьтой, 60 гаран км явж, суманд ирээд уралдах болсон дүү олон эрэгтэй хүүхдүүд дотор унахгүй гээд зөрүүдэлчихлээ. Тэгээд одоо яахав хүүхэд байхгүй юм чинь. Хүүхэд хайгаад үзсэн олдох янз алга. Харж харж байгаад өөрөө мордчихлоо. Тэгж хязаалан үрээгээ түрүүлгэсэн. Харин маргааш нь хязаалангаа унаад түрүүлгэчихсэн юм чинь соёолонгоо унахад яадаг юм гэж бодогдоод ахиад өөрөө унаж түрүүлсэн. Аав маань хааяа нэг морь уяна. Тэр нь гайгүй давхина. Гэхдээ морь уяхаас илүү бөх барилддаг хүн байсан юм. Хөөрхий аав маань надаас дутуугүй их баярлаж билээ. Тэмээнд унасан адуу чинь өөр, богийн адуу чинь тарган байдаг юм байна лээ. Ямартаа л аавын найз “морийг ингэж уядаг юм байна” гэж толгой сэгсэрч байсан. Сэтгэлээс гардаггүй сайхан наадам шүү.  Тэр охин дүү маань одоо дөрвөн банди, ганц охинтой. Охин нь нэг медаль авлаа гэхээр нь хээр үрээгээ бэлэглэсэн.
-Хээр үрээ хаанахын адуу юм?
-Нутгийн унаган адуу. Сүүлд шар хээрээрээ бас их сайхан наадсан. Жинстийн унаган адуу байгаа юм.
-Хязаалан дараа нь яаж давхисан бэ?
-Хязаалан аймагт тавлаад, соёолон сумандаа түрүүлсэн. Тэрнээс хойш их нас нийлсэн хойно нь нэг уяж, хөлийг  нь эвгүйтчихээр нь азарга тавьчихсан.
-Төлүүд нь яаж давхиж байна?
-Төлүүд нь сайн давхиж байна. Уржнан даага, шүдлэнгүүд нь дандаа нэг хоёроор орсон байна лээ. Манай дүү нар дээр байдаг юм. Мөн халтар азарганы төлийн төл ч сайн давхиж байна. Энэ жил түрүүч нь соёолон болж байгаа.  Бас л дүү нарт байдаг. Уг нь надад төлөөс байгаа ч уяхаар унах хүүхэд олдохгүй байна.
-Таны ач зээ нараас унахгүй байна уу?
-Ач зээ нар арай л жижигдээд байх юм.
-Түрүүн дурдсан шар хээр ямар, ямар амжилт гаргаж байв?
-Түрүүн хэлсэндээ шар хээр бол Жинстийн унага гэж. Цаг хатуураад Жинстийн Хүрэмийн рашаан руу хүргэнийхээ адуутай хамт Туулай халтар хурдан азаргаа, хэдэн адуутай авч очсон юм. Тэр жил аймагт бүгдээрээ айрагдсан адуунууд л даа.  Тэндээсээ хэсэг хугацааны дараа нутаг буцах боллоо. Аймгаас наашаа урсдаг гол доогуур гарах гээд байтал хээр даага гүйж ирээд адуунд орохгүй юу. Тэгэхээр нь бригад дээр гол ус гаргуулсан нутгийн залууд “ийм адуу манай адууг дагаад байх юм. Би нутаг руу буцаж байна. Чи аваад хоцор” гэвэл би үүгээр  эзэн нь байвал хэлье гээд авсангүй. Би ч наашаа явлаа. Өлзийтийн нутгаас гараад  Баян-Овоогийн нутаг руу орж явахдаа өнөөхийг чинь салаад явчихвий гэж битүүхэн зовниж эхэллээ. Сүүлд эзэн нь ирээд нэхвэл яах юм. Явсаар нутагтаа ирвэл дагаад ирсэн. Би айлын банди гуйж байгаад сургуулаад, хойтон жил шүдлэнд нь уяж эндээ аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш ойрын сумдаар нэлээн явсан. Нас нийлээд соёолондоо тун ч сайн давхисан.
-Эзэн нь гарч ирсэн үү?
-Нэг намар эзэн нь ирлээ. Бариад өгөхгүй яахав. Эмээллээд урагшаа явж байна. Араас нь харж зогсохнээ явж байснаа буучихлаа. Тэгсэнээ эргээд манайхыг зүглээд гүүн зэлний цаахна хүрээд ирлээ. Би гайхасхийгээд очвол “ах аа нэг номхон юм өгчих” гэдэг байгаа. Тэгэхээр нь “ахад нь өгчихөөр морь алга. Хөгшин номхон гүү л байна. Ямар үрээ унаад явалтай нь биш” гэж үнэн учраа хэллээ. Номхон гүү унаад явах юмуу гэвэл болох юмуу гэснээ” та бариад өг” гэлээ. Хээлтэй гүү л дээ. Хөөрхий надад ирье гэж ирсэн амьтан байгаа биз.              
Ноднингийн өвлийн наадмаар манай банди уяад аймагт очиж тавлуулсан. Цоллуулчихаад медалийг нь зүүх гэсэн цоройгоод болдоггүй. Хажууд хоёр, гурван ч банди байсан юм. Тэгсэн нэг нь сайн байна уу? та гээд гар барилаа. Таньдаггүй ээ, хэн билээ гэвэл “та шар хээрээ уяа юу” гэж асуулаа. Ингэж эзэнтэй нь дахин таарсан.
-Шар хээр одоогоор хэд “ороод” байгаа юм бэ?
-Таван алт, нэг мөнгө, бусад нь хүрэл медалиуд байна.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлэг байна даа?
-Манай өөрийн унаган адуу болох хээр морь бас их олон медальтай. Ноднин аймагт өвлийн наадмаар тавласан. Ер нь манай унаган адуунууд гайгүй шүү. Батаа эмчийн аав Ондоохүү гээд хөгшин байсан юм. Манайхан Ондоо л гэдэг. Тэдний нэг Шодон гэж хурдан азарга байсан гэж ярьдаг юм байна лээ. Гэхдээ би мэдэхгүй. Тэр хүн намайг таван настай сэвлэгээ үргээхэд өөрийн унаган адуунаас хүрэн адуу бэлэглэсэн юм. Тэрэнгээр манайх азарга тавьж, одоо ч удам тасралгүй яваа юм. Гэхдээ саяны зуднаар удмыг нь хариугүй таслан алдаад хээр азаргатайгаа үлдсэн. Бас хоёр гүүтэй үлдсэний нэг нь үхээд, одоо нэг хар гүү байна. Энэ хар гүүнээс гарсан төлүүдээс хоёр, гурван азаргатай болчихоод байгаа юм.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Ганц хүүтэй. Хүү маань удам залган уяа эвлүүлж байгаа. Одоогоор Говь-Алтай руу уралдаанд яваад эзгүй байна.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа  өндөрлөе.
-Тэр нэг жил хүний өөрийн 16 адуу стадионд орж цоллуулаад  гарч явах гоё байсан шүү. Бас хамт явсан банди барилдаж түрүүлээд сумын заан болсон юм. Тэр үнэхээр сайхан санагддаг. Баяр хөөртэйгээр морио хөтлөөд харж явахад ай мөн урамтай шүү.
-Ийм бахдалтай наадам олон байгаасай. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна