МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ БАЛДАНГИЙН ШИРМЭН

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 05 -нд

Хонгор нутагт хурдны аз од ивээсэн уяач гэвэл Давсан талаар нутагтай Ширмэн уяач байлаа. Бараг л уясан болгон нь айрагдаж түрүүлнэ. Энэ тухайгаа өөрөө дурсахдаа “би наадмын өдөр төрсөн хүн. Миний төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг ивээдэг“ гэж ханхалзах. Газар хол аймгийн наадамд тэр бүр ирж уралдаад байхгүй ч зорьж ирсэн жилийн наадам Ширмэнгийнх болдог байсан гэхэд хилсдэхгүй. Заг Байдрагийн адууг аймагтаа төдийгүй баруун бүс нутагтаа хурдтай харуулж чадсан цөөн уяачдын нэг нь Ширмэн гуай билээ. Говь-Алтайн Дэлгэр суманд 1996 онд болсон баруун бүсийн анхны даншиг наадамд хээр үрээгээ түрүүлгэж, харлаг үрээгээ наймаар давхиулж уяачийн эрдэм, нутаг адууны хавийг бахдуулсан. Энэ хээр үрээ нь аймгийнхаа баяр наадамд бага дөрвөн насандаа түрүүлж хонгор нутгийн хурдны түүхэнд бас нэг содон амжилтыг бүтээсэн юм. Хонгор нутгаас төрсөн монгол улсын анхны Алдарт уяач Нанжидын Ядамын цолны мялаалга наадамд хурдан хүрэн морио түрүүлгэж явсан түүхтэй. Хүрэн морь Жаргалант сумаас анх удаа аймгийн наадмын их насанд түрүүлсэн адуу. Нэгэн үе дэндүү зард гарч байлаа. Хүрэн морийг залгаад Цозоолой хээр гарч ирсэн юм. Морь эргүүлдэг, хонинд унадаг хижээлдүү хээр морио хурдан хэмээн шинжин уяж эхлээд аймгийн наадамд хоёр удаа түрүүлгэсэн билээ. Жаргалант нутгаас Ширмэн уяачийн хоёр их наснаас өөр морь одоо болтол аймагт түрүүлээгүй нь уяачийн эрдэмд гаршсаных бизээ. Нэг насаараа морь уяж айраг түрүү ховор хүртсэн уяач хүн зөндөө л байдаг. Харин уясан болгоноо айрагдаж түрүүлгэж, хурдны өм нь нээгдсэн, аз од нь багтаж ядсан нь цөөн байдаг бахархам тавилан байх. Уяачийн эрдэм чадлаараа нутаг усны олон залуу уяачдад өмөг түшиг болж, эрдэм ухаанаа харамгүй хайрлаж, төр түмний хайр хүндэтгэлийг хүлээж монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм хүндтэй цол хэргэмийг хүртэж нутаг усныхаа нэрийг дуурсгаж явсан тэнгэрлиг нэгэн уяачийн тухай өгүүлэхэд ийм буюу.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна