Аймгийн Алдарт уяач Д.Сэнгэсамба: Хул морь, хонгор азарга хоёр маань намайг их зүйлд сургасан даа

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 14 -нд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Сэнгэсамбатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрдэнэхайрхан сумын энэ цагийн шилдэг уяачдын нэг хэмээн өөрийг тань тодорхойлсон. Шилдэг уяачийн намтрын товчооноос яриагаа эхэлвэл ямар вэ?
-1989 оноос уяачийн гараагаа эхэлж, анх сартай хар даага, халтар шүдлэн хоёр уяж сумынхаа наадамд нэгийг нь түрүүлгээд, нөгөөг нь аман хүзүүдүүлж байлаа. Халтар үрээ нь шүдлэн, хязаалан айрагдаад, соёолон түрүүлж, нас нийлээд гурав айрагдсан. Харин хар үрээ нь шүдлэндээ суманд их сайн давхисан. Мөн хурдан хул азарга маань байна. Даагандаа сумын баяр болон сургуулийн ойгоор тус тус түрүүлээд, шүдлэн айрагдаж, түүнээс хойш хэд хэд айрагдсан.
-Авмал адуугаар сайн нааддаг дуулдсан?
-Батбаяр гэж хүнээс гурав айрагдсан хүрэн морь нэлээд өндөр үнээр авсан. Даанч би юм мэддэггүйгээсээ болоод олон түрүүлгэж чадаагүй. Мөн багадаа их хурдан байсан Гаашингийн хонгор морийг авч хавчиг нь аймагт зургаалуулаад долоо настай долоогоор давхиулж 66 машинаар шагнуулж байлаа. Тэр жил гурван наадамд арав дотор давихулаад 15 адуугаар найздаа өгсөн. Тэгсэн аймагт гуравлуулаад сумдад олон оруулсан байна лээ. Дараа нь 2003 онд хүргэнээсээ хул морь авч говийн хэдэн сумдад бүгдэд нь айрагдуулсан. 2007 оны Сайхансамбуугийн наадамд ч айрагдаад соёолон сумандаа түрүүлж байлаа. Саяхан медалийг нь тоолсон 47 наадамд айрагдаж, түрүүлсэн байна лээ.
-Сантмаргаз сумын харьяат Эрдэнэцогтоос авсан хонгор азарга их сайн давхисан талаар Алдарт өөрөө хуучилсан?
-Тэгсээн. 2007 онд аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэцогтоос 800 мянган  төгрөгөөр хонгор соёолон үрээ авч, хавчигаас нь эхлүүлээд хурдлуулсан. Анх “Алтан” багийн овооны тахилгад түрүүлж мотоцикль аваад,  тэр жилээ аймагт айрагдсан. Түүнээс хойш аймгийн наадмаас айраг алдаагүй дээ. 2008 оны аймгийн хонгор азарга аман хүзүүдээд, хул морь Ховдын даншигаас очиж айрагдсан. 2009 оны сумын наадамд хонгор азаргаа найз Ганзоригийнхоо гурван морийг түрүүлгэж, сумын наадмын дөрвөн түрүүг нэг өдөр авсан. Тэндээсээ аймгийн наадамд очоод хонгор азарга аман хүзүүдэж, хүрэн хязаалан, хүрэн шүдлэн түрүүлж, хоёр түрүү нэг айраг авч байлаа. Давхар уяагаар Тэлмэн суманд болсон “Очирваанийн хурд”-д очиж хонгор азарга 13-аар, хүрэн хязаалан гурав, хүрэн шүдлэн долоогоор давхиулсан. Тэр жил хоёр хүрэн үрээ мордсон болгондоо орж байсан юм шүү.
-2010 онд  хэрхэн наадсан бэ?
-2010 онд сумынхаа наадамд хонгор азарга, хүрэн соёолон, хүрэн хязаалангаа түрүүлгээд, аймагт ирж хонгор азаргаа түрүүлгэж, хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлээд, хүрэн хязаалан зургаалуулсан. Тэндээсээ Говь-Алтайн даншигт очоод соёолон үрээ өнгөлсөөр байж суугаад найм, хонгор азарга 12-оор орсон доо. Буцах замдаа Дөрвөлжингийн сургуулийн ойд уралдаж хонгор азарга гурвалж, хүрэн хязаалан соёолон хоёулаа түрүүлсэн. Тэр жил хонгор азарга маань 15 уралдаж нэг зургаалаад бусдад нь орсон. 2011 онд болохоор хонгор азарга Тэлмэн, Яруу сумын наадамд айрагдсан.  Миний  хонгор азарга таван жил дараалан аймгийнхаа наадамд түрүүлж, айрагдсан адуу. Хоёр түрүүлж, гурав айрагдаад байхад нь Нарангэрэлийн хээр азарга залгаад сүүлийн хоёр жил аймагт айрагдлаа. Өөрөөр хэлбэл, манай сумын азарга сүүлийн арваад жилийн аймгийн баяр наадамд түрүүлж айрагдаж байна. Ер нь манай сумынхан сүүлийн жилүүдэд их сайн наадаж байгаа. 2012 онд гэхэд л дөрвөн түрүү 16 айраг хүртсэн байх жишээтэй. 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойгоор Нарангэрэлийн хээр азарга тавлаж, Баттогтохын хээр даага айрагдлаа.
-Морьдоо тэжээдэг болсон сурагтай байна лээ?
-Би сүүлийн долоон жил морь тэжээж байна. Манайхан сүүлийн хэдэн жил л морь тэжээж байгаа. Сураагүй болоод тэгдэг юм уу, зарим нь дундуур нь тавьчихаад миний тэжээсэн морь сайн явахгүй юм гэдэг. Минийхээр бол адуунд сэтгэл, хөрөнгө хоёр гаргаж байж л давхиулна шүү дээ.
-Зүүн зүгийн адуу олонтой юм билээ. Алдарт тэр зүгээс адуу авав уу?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч Лутбаяраас нэг гүү авсан. Мөн Дорнод аймгийн Матад сумаас хүнээр дамжуулж аймгийн Алдарт уяач Батзоригийн адуунаас нэг гүү авсан. Сүхбаатар аймгийн Асгат сумаас бас нэг гүү авсан. Миний хонгор азарга Тэс угшилтай адуу. Тэгээд зүүн талаас ирсэн гүүнүүдээ хураалгаад гайгүй төл гарах боловуу гээд хүлээж байна.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-2007 онд анх удаа аймгийн наадамд хонгор азарга айрагдуулчихаад мөрөөдлөө биелүүллээ хэмээн маш их баярласан. Ер нь хонгор азарга маань миний өмийг нээж амжилтын эхлэл болсон юм шүү. Сайн адуу хүнийг сайн уяач болгодог гэдэг. Хул морь, хонгор азарга хоёр маань намайг их зүйлд сургасан даа.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна