Аймгийн Алдарт уяач Н.Норовжамц: 2014 онд аймгийн чанартай наадмаас долоон түрүү, таван айраг авч шилдэг уяачаар шалгарч байсан

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 16 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Норовжамцтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт удам дамжсан уяач уу? Аль эсвэл шинэ үеийн морины зүтгэлтэн үү?
-Миний бага нас хөдөө өнгөрсөн. Манай ах аймгийн Алдарт уяач Доржпалам 1991-1996 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Дунд сургуульд байхаасаа ахынхаа уяаны ажилд тусалж, олон газрын наадамд явсаан. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орсон ч миний явах зам биш юм шиг санагдаад 2010 оны өвлөөс эхлээд өөрөө морь тэжээн, ахынхаа зөвлөгөөгөөр уядаг болсон. Сүүлийн гурав, дөрвөн жил бол яг өөрөө бие даан уяж байна. Манай Палам ахын үндсэн адуу нь Булган аймгийн Хөөс Нацаг гэж хүний хар азарганы угшилтай. Хавчиг азарга Булган аймгийн 50 жилийн ойд аман хүзүүдэж байсан юм билээ. Түүнийг ах аваад олон сайхан төл авсаан. Аймагт нэлээд хэд айрагдсан. Тэрхүү суурин дээрээ Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас адуу авч нэлээд сэлбэсэн.
-Хэзээнээс “Гурван тамир” галын гишүүн болсон юм бэ?
 -2010 онд анх байгуулагдахад нь л орсон. Эрдэнэтэд ажиллаж, амьдардаг Архангай аймгийн таван хүн анх энэ галыг байгуулж байсан. Тэрэнд нь манай аав, Дорпалам ах, аймгийн цагдаагийн газрын дарга байсан Амараа хурандаа, Гавьяат эдийн засагч Галбаатар, Довдондорж нарын хүмүүс ордог юм.
-2014 онд аймгийнхаа шилдэг уяачаар шалгарч байж. Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан юм бэ?
- 2010 оны өвөл хүрэн үрээгээ Эрдэнэтэд айрагдуулаад, “Дүнжингаравын хурд”-д  очин наймаар давхиулсан. 2012 онд аймагтаа хул морь түрүүлгээд, Палам ахынхаа хүрэн азаргыг дөрвөөр давхиулсан. Ах бид хоёр аймгийн наадмаас 2007 онд хоёр, 2009 онд хоёр, 2010, 2011 онд өнжөөд 2012 онд нэг түрүү, нэг айраг, 2013 онд болохоор нэг айраг авсан байдаг юм. Харин 2014 оны тухайд аймгийн чанартай наадмаас долоон түрүү, нэг аман хүзүү, дөрвөн айраг авч тэр жилийнхээ шилдэг уяач болж байсан.
- 2014 оны уралдаануудаа жаахан дэлгэрүүлж яръя?
- 2014 оны хавар Орхон аймгийн “Ирээдүйн түмэн эх” бага гурван насны уралдаанд бор хязаалангаа түрүүлгэн амжилттай эхлээд, зун нь аймгийн наадамд халиун азаргаа айрагдуулж, бор үрээгээ эрлийз дунд насанд аман хүзүүдүүлэн, халзан шүдлэнгээ түрүүлгэсэн. Түүний дараа Булган аймгийн Бугат сумын 90 жилийн ойд соёолон, шүдлэн түрүүлгэсэн. /бор хязаалангаа соёолонд уралдуулан түрүүлгэсэн/Тэндээсээ аавынхаа төрсөн нутаг Батцэнгэл сумын 90 жилийн ойд очиж азарга аман хүзүүдүүлж, шүдлэн, хязаалан түрүүлгэсэн. Мөн Зүүнхараагийн 90 жилийн ойд очиж халзан үрээгээ аман хүзүүдүүлж Орхон аймгийн шилдэг есөн уяачийн нэг болсон доо.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэзээ хүртсэн бэ?
-2013 оны өвөл хоёр түрүү, арав гаруй айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг авч байлаа.
-Өнөө жил буюу 2015 онд хэрхэн наадсан бэ?
-Хувийн асуудлаар хотод эмнэлгээр явж байгаад морьдоо сайн уралдуулж чадаагүй ээ. Бор үрээ маань эрлийз дээд насанд гурвалж, даага, хязаалан долоо, азарга наймаар давхиулах шив дээ.
-Залуу Алдарт адуу малын арилжаа наймаа хэр хийдэг вэ?
-Дуртай юм болохоороо боломж таарвал авчих гээд л байдаг. Сэлэнгийн Орхонтуулаас Батаа гэж ахаас саарал үрээ авч байлаа. Батаа ахын адуу морин тойруулгын угшилтай. Саарал даагыг  Эрдэнэтийн наадамд түрүүлснийх нь  дараа шүдлэн үрээ авч аймгийн чанартай уралдаануудад тав зургаа айрагдуулж, бага наадамд олон түрүүлгэсээн. Түүнээс гадна Палам ах маань хонгор азарганыхаа төл хул үрээг бэлгэнд өгөөд түүгээр нь бас их сайхан наадаж байна. Хул морио дааганд нь ер уялгүй нэг уралдаанд мордуулсан долоогоор давхиад тэгэхээр нь Палам ахаасаа гуйсаар байгаад авчихсан юм. Тэгээд соёолон үрээ анх уяж сумынхаа наадамд тархилж явсаар зургаалуулаад, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ойд очиж гурваар давхиулсан. Тэгэхэд би хоёр соёолонтой очиж нэгийг нь түрүүлгээд, нөгөөг нь гурваар давхиулсан. Түрүүлсэн соёолон маань одоо Мөнхбат Манлай дээр уягдаж байгаа. Бат-Энхийн хүрэн гээд.
-Их хурдад айрагддаг уу?
-Тийм. Дорноговийн Дэлгэрэх угшилтай адуу. Палам ах битүү хязаалан авчраад Эрдэнэтийн өвлийн уралдаанд Чулуунбат Манлайн Зээрэн, Ганзориг гуайн хурдан хээр гэж хоёр эрлийзийг дийлэлгүй гуравт хурдлаад, “Дүнжингарав”-т очиж наймласан. Тэр жилийнхээ зунаа Эрдэнэтийнхээ наадамд түрүүлээд, Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний даншигт 12-оор давхисан юм. Дараа зун нь шонгоос уячихсан байсан чинь эмнэг үрээ арагшаа сууж шонгоо сугалаад тэрийгээ чирч яваад хөлөө бага зэрэг гэмтээчихсэн юм. Тэгээд сайн уяж чадалгүй Эрдэнэтэд болсон төвийн бүсэд 22-оор давхисан. Дараа жил нь эхний сунгаан дээрээ түрүүлчихээд байтал хот руу зарагдчихсан. Дараа жил нь Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд гурваар давхиад, 2013 онд улсад 16-д давхиж, давхар уяагаар “Их хурд”-д тавласан шүү дээ. Хүрэн морь аргагүй хурдан адуу л даа.
- Их хурдаас хойш яаж давхисан бэ?
- Энэ зун Баянгол дүүргийн 50 жилийн ойд түрүүлчих шиг болно лээ. Хүрэн морь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат олноо “Хар” хэмээн алдаршсан МУ-ын Манлай уяач Дамба гэж хүний адуу ш дээ. Хүү Доржготовоос нь авч байсан юм. Сая тэгээд ах дээрээ дахиж очоод хэд хэдэн адуу авсаан. Эрдэнэтийн бүсэд наймаар давхиад, аймагт айрагдсан хүрэн азарга бас тэдний адуу. Манайх ер нь Хэнтий, Дорнод, Дорноговиос адуу нэлээд авсан шүү. Харин нэг сонин нь Сүхбаатараас ганц ч адуу аваагүй. Сүхбаатарын хүнтэй танилцаад хэлэхээр гайхаад байдаг юм.
- Хаа сайгүй Сүхбаатарын адуугаар наадаж байгаа болохоор аргагүй л дээ. Өөрөө галынхаа морьдыг бүгдийг нь уях уу?
- Тийм байсан чинь Амараа ах адуугаа хот руу аваад явсан. Одоо Палам ах, аав, Галаа ах, бас хоёр ахын морьдыг уяж байна. Манай галынхны морьд ер нь жигд сайн шүү. Галбаатар ахын морь аймагтаа дөрвөлж байсан. Энэ зун наймлачихлаа. 2014 онд Батцэнгэлийн ойд очиж аман хүзүүдэж байсан. Сүүлд орсон хоёр ах сумын наадмаас ганц, хоёр айраг аваад байгаа.
-“Гурван тамир”-ын уяачдын уясан хүлгүүд хурдан байх болтугай. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна