АЙМАГ ДАМНАН НААДДАГ АЛДАРТ УЯАЧ

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 21 -нд

Морь уях төрийн хэрэгт шамдан төр түмнээ цэнгүүлж явсан буурлуудын нэг нь  сумын Алдарт уяач Рэнцэндашийн Жамсран юм. Тэрээр 1928 оны луу жилд одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт Усны хонхор хэмээх газар айлын ганц хүү болон мэндэлжээ. Гурван настай байхад ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, аавтайгаа амьдрах болсон байна. Улмаар 13 настайд нь эцэг нь мөн бурхны орноо одож аавынхаа дүү Баганалут, Гэндэннүрэн нарын хоёрын асрамжинд 18 насыг хүрсэн байна. Эрийн цээнд хүрч Сүмбэр сумынхаа “Хөдөлмөрийн-Оч” нэгдэлд мал маллах болсон тэрээр 20 насандаа Насан-Өлзий хэмээх нутгийн бүсгүйтэй ханилж ганц хүү төрүүлсэн юм. Р.Жамсран  төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед фермийн үхрийг олон жил маллан V таван жилийн гавшгайч цолоор шагнуулж байжээ.
Харин хурдан хүлгийн уяа тааруулах болсон тухайд 1950-иад оны дунд үеэс эхтэй. Албан ажлын хажуугаар адуун сүргээсээ сорчлон уяж, Дундговь  аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Төв аймгийн Нялга, Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан зэрэг сумдыг тойрон наадаж, 30 гаруй айраг түрүү хүртэж байсан гэдэг. Хамгийн сүүлд 1993 оны наадмаас хишиг хүртсэнээс хойш ач хүү Бадамцэрэндээ зөвлөж байна.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна