Залуу уяач Д.Амгаабазар: Зүүн талын адуутай сүлэлдсэн нутгийн хурдан хүлгүүдээр наадна

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 26 -нд

Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, залуу уяач Дагдандоржийн Амгаабазарын яриа уншигч танд хүрч байна.
-Удамт уяачдын нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон бэ?
-Бага насаа хөдөөгийн эгэл багачуудын нэгэн адил малын захад өнгөрөөж, аавынхаа уясан морийг унадаг байлаа. Миний аав Дагдандорж гэж хурдан хээр морьтой байсан хүн. Морь уях сацуу “Саруул зам” нэгдлийн адууг 16-17 жил малласан адуучин хүн. Агтны төвөргөөнтэй адуучны гэрт өссөн хүн морь мал сонирхохгүй байна гэж юу байхав. 1990 онд аравдугаар ангиа төгсөөд л бие даан морь уях болсон. Уяачийн гараагаа эхэлсэн тэр үе бол Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжиж, өмч хувьчилж байсан цаг. Би “Сайхан” багийн харьяат иргэн. Манай “Сайхан” багт Шаварт хөөврийн угшилтай 200 гаруй адуу байсныг багийнхаа иргэдэд түрээсийн гэрээгээр тараасан юм. Түүнээс нь 10 адуу авч, өөрийнхөө хэдтэй нийлүүлэн адуужиж байлаа.Тэгэхдээ эхэн үедээ миний уясан морьд нэг их амжилт гаргадаггүй байсан.
-Тэгээд анхны айргаа хэзээ амссан бэ?
-1998 онд. Сумынхаа наадамд бор азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Дараа жил нь бор азарга маань сумынхаа баярт түрүүлж, ахмадуудын нэрэмжит сумын хэмжээний том уралдаанд аман хүзүүдсэн. Түүнээс хойш таван айраг аваад байна. Морь түрүүлж айрагдаад байдаггүй ч аймгийн 80 жилийн ой гэх мэт томоохон наадмуудад оролцож, уяачийнхаа хувьд туршлага хуримтлуулдаг.
-Уулзсан уяачид маань бүгд шахуу зүүн зүгийн адуутай болсон гэх юм. Таны хувьд?
-Аль ч газрын наадамд зүүн талын алуу өнгөлж, түрүүлж айрагддаг болохоор уяач бүр л ганц үрээ ч гэсэн авахыг хичээж байгаа байх. Би ч бас авсан. 2013 онд Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Халзан сумаас нэг, нэг адуу авсан. Одоогоор гавьтай сайн давхиагүй л байна. Манай сумын Шаварт хөөврийн унага эртнээсээ хурдан хэмээн гайхагдсаар ирсэн. Гаднаас авчирсан үрээнүүдээ нутгийнхаа хурдан угшилтай сэлбэж, энэ байгал дэлхийд зохицсон хурдан адуу гаргаж авах юмсан гэж бодоод харзнаж байна. Өнгөрсөн жилийн сумын баяр наадмыг харж байхад айргийн тавд давхисан морины гурав нь зүүн зүгийн адуу байна лээ. Тиймээс би яваандаа зүүн талын адуутай сүлэлдсэн нутгийн хурдан хүлгүүдээрээ наадна хэмээн тооцоолж байгаа.
-Нутгийн хурдаа хадгалах хэтийн зорилго өвөртлөн буй залуу уяачид амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна