Залуу уяач Ц.Эрдэнэцогт: Багадаа өвөөтэйгөө адууны захад л өнждөг байлаа

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 27 -нд

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, залуу уяач Ц.Эрдэнэцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Сайхан намаржиж байна уу? Таныг удам дагасан уяач гэж дуулсан юм байна?
- Сайхан намаржиж байна. Өмнийн цэнхэр говийг зорин ирж, сурвалжлага бэлтгэж байгаа “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Би чинь говийн унаган хүүхэд.  Миний өвөө Доржсүрэн уяач хүн байлаа. Тийм ч болохоор өвөөгийнхөө ар урд орж гүйсээр адуунд хорхойсох болсон. Анх таван настайдаа өвөөгийнхөө уясан хурдан морийг унаж байлаа. Найман жил хэртэй морь унасан.
- Өвөө тань нутаг орондоо хэрхэн нааддаг байв?
- Манай өвөө сумын Алдарт уяач цолтой. Цөөхөн хэдэн адуутай, тэднийгээ уяад нутаг орондоо сайхан наадчихна. Бас айлын адуунаас авч уяж, дээгүүр оруулчихна. Одоо бодохнээ хурд таньдаг л хүн байж дээ гэж боддог юм. Өвөөгийн хурдан буянгуудаас нэг сайхан хул морь байлаа. Говьшанх угшлын адуу байгаа юм. Даага, шүдлэн, соёолондоо сумандаа түрүүлж байсан хурдан тууртай ажнай байсан. Бас тав түрүүлсэн бүдүүн хээр морь байна. Хэнтий зүгийн гаралтай адуу байсан. Өвөөгөөс минь хул морины үр төл өвлөгдөн ирсэн байгаа. Одоо ч нутгийн морьдоор уралдахад хэцүү болж дээ. Тэр утгаараа энд тэндээс адуу цуглуулах болсон.
- Өвөөгийнхөө уяаны арга барилаар уяж байна уу?
- Би чинь  адуунд шинэ хүн. Морь уяад нэг их удаагүй байна. Одоохондоо адуу мал цуглуулах гээд хөдөөгүүр их явж байна. Ноднин Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Өлзийсайханаас хоёр адуу авсан. Сүүлд нь Дорноговийн Дэлгэрэхийн Очирхуяг гэж залуугаас манай найз  нэг үрээ авчирч өгсөн. Энэ жил Сүхбаатар аймгийн Онгон сумын Шар гуайн унаган адуунаас нэг эр даага авлаа. Цаашдаа цэвэр цусны болон эрлийз адуутай болъё гэж боддог юм. Ер нь улсын наадмаар эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах болсон нь цаг үеэ олсон зөв шийдвэр байлаа гэж боддог юм. Гэхдээ  багадаа өвөөтэйгээ адууны захад л өнждөг байлаа шүү дээ. Тэр утгаараа өвөөгөөс сурсан юм бий бий. Тэр дундаа өвөөгийнхөө адуу таньдаг эрдмийг сурахсан гэж хичээдэг байлаа. Ямар ч байсан хоосонгүй шүү.
- Энэ жилийн хувьд хаагуур наадав?
- Энэ жил авсан хар даагаа л уясан. Гурав уралдуулаад 8-17-ын дотор ирсэн. Ирэх жил юм дуулгах байхаа. Өнгөрсөн хугацаанд нэг үрээгээ суманд аман хүзүүдүүлсэн байгаа.
- Баярлалаа. Таны уясан болгон тань хурдалж, алдар цолонд хүрсэн сайн уяач болоорой.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна