Аймгийн Алдар уяач Б.Дагва

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 27 -нд

Хөвсгөл аймгийн Рашаант сумын хоёрдугаар багийн харьяат Балдандорж овогтой Дагва нь 1956 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Морин дэл дээр өссөн монгол хүүхдүүдийн нэгэн адил долоон настайгаасаа эхлэн хурдан морь унаж сурсан гэдэг. Улмаар 1974 онд цэрэгт явж 1977 онд халагдаж ирээд 1979 оноос Энхбатын улаан гэх битүү морийг уяж сумын наадамд гуравт давхиулж анхны айргаа амсаж байжээ. Б.Дагва нь нэгдэл нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж бригадын дарга, багийн тоо бүртгэгч, байгаль хамгаалагч зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд, сумынхаа анхны мянгат малчиуудын нэг юм. Төрийн улаан, Баянаагийн хээр, Эрдэнэдаваагийн буурал гэх хурдан морьд уяж байсан тэрээр унаган хүрэн халзан морио сумынхаа наадамд гурав жил дараалан түрүүлгэж, айрагдуулж байсан билээ. Мөн халтар морио сумынхаа наадамд нэг удаа айрагт давхиулж байсан байна. Аймгийн Алдарт уяач Б.Дагвын “Түмний эх” хул морь Рашаант сумын баяр наадамд хоёр түрүүлж, нэг айрагдан, 2005 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохиогдсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн юм. Мөн ондоо сумынхаа  баяр наадамд түрүүлж, түүнээс 10 жилийн дараа болсон Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 80 жилийн ойд 200 гаруй морьд уралдахад аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян билээ. Түмний хулын бахархалт түүх үүгүүр дуусахгүй. Мэргэн гүн Гомбожавын нэрэмжит 10 жилийн сургуулийн 80 жилийн ойд Даваадоржийн алдарт “Туулай” хээр морийг орхин магнайдаа тоосгүй түрүүлж, 2006 онд Архангай аймгийн Жаргалант сумын 80 жилийн ойн баярт айргийн тавд хурдалж байсан юм. Алдартын нэртэй өөр нэгэн хурдан буян бол сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн “Түмний эх” шарга азарга нь бөгөөд жижиг наадмуудад хоёр ч түрүүлж байсныг нутгийн олон санаж буй бизээ. Б.Дагва дээрх хурдан буянгуудынхаа гаргасан амжилтаар  2004 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна