МУ-ын Алдарт уяач Д.Баянбат: Төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг хувьтай хүнд л тохиодог

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 03 -нд

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Наран хонгор азаргаа аман хүзүүнд хурдлуулсан МУ-ын Алдарт уяач Д.Баянбатаас баярын сэтгэгдлийг нь хуваалцснаа хүргэж байна.

-Наадмын чимэг Наран хонгор төрийнхөө наадамд хоёр дахь удаагаа аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. АХ-95 жилийн ой төрийн наадам бороо хуртай дэлгэр сайхан боллоо. Энэ жил нийт нутгаар зуншлага сайхан байсан болохоор морьд хүчтэй, уралдаан шимтэй үзүүштэй сайхан болж байна. Хонгор азарга маань ноднин долоон настай уягдалгүй өнжсөн. Энэ хавар уралдуулалгүй шууд улсад мордсон болохоор жаахан таргадах шиг боллоо. Хоймор нутгийн халиун азарга аргагүй хурдан байлаа.
-Түрүүлчихлээ л гэж бодсон шүү?
-Уяач болгон л морио түрүүлнэ, айрагдана гэсэн итгэлтэйгээр мордуулж байгаа. Би ч ялгаагүй хонгор азаргаа түрүүлгэнэ л гэж бодож мордуулсан. Гэхдээ төрийн наадамд аман хүзүүднэ гэдэг бага амжилт бишээ, сэтгэл өндөр байгаа. Ер нь тэгээд төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг хувьтай хүнд л тохиодог.
-Энэ жил хонгор азарганы уралдаанч солигдсон уу?
-Улсын наадмаар бол өмнө нь унаж байсан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Галсандоржийн Сүлдбаяр хүү маань унасан. Харин “Их хурд”-д Галсандоржийн Түвшинбаяр гэж найман настай хүү унасан. Туршлагатай сайн унаач хүү.
-“Ажнай” гал азарганы даллагатай гэдгээ дахин баталж, гурван айраг хүртлээ?
-Тэгсээн. “Ажнай” галынхан маань энэ жил азарганы уралдаанаас гурван айраг хүртэж сайхан наадлаа. Мөн “Ажнай” галын бөх төрийнхөө наадамд түрүүлж, Аварга хэмээх эрхэм цолыг хүртсэнд бид бүгдээрээ баяртай байгаа. Тэр утгаараа энэ жилийн  наадам үнэхээр сайхан болсоон.
-Алдарт хэдэн насны морь моруулсан бэ?
-Азарга, их, нас, соёолон гээд дээд гурван насны морь уясан. Их морь маань  40 гаргаж давхилаа. Соёолонгоо мордуулаагүй ээ.
-Өчигдөр шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаан боллоо. Монголын морины их олимпийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Гурван жилд нэг болдог “Их хурд” уралдаандаа хонгор азаргаа мордуулж тоосыг нь өргүүлсэндээ баяртай байгаа. Энэ наадам бол уяачдын хүсэн хүлээдэг Монголын хамгийн чансаа өндөр уралдаан. Энэ уралдаанд хонгор азарга маань зургаад хурдалсан.Наадмын зохион байгуулалтын тухайд их сайхан болсон. Уяач хүний хувьд сэтгэл хангалуун байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд хурдан морины буян заяа бат дэлгэрч та бүхний минь ажил үйлс сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна