Аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэсүрэн: Бундант хээр унаган адуу маань дөрөв түрүүлж, тав айрагдсан

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 04 -нд

Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Булдагачагийн Эрдэнэсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрдэнэсүрэн алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бэ?
-Би Увс аймгийн Завхан суманд төрж өссөн хүн. Манай аав нэгдлийн адуу маллаж байсан Аймгийн Алдарт уяач Чанравын Булдагөчө гэж хүн  байсан. Аав цэргээс ирсэн жилээ морь уяж эхэлсэн  гэдэг бөгөөд Цоохуузын бор, шар хээр зэрэг унаган хурдан морьдтой. Миний санаж байгаа нь гэвэл Өлгийн 50 жилийн ойд шар хээр соёолон морь түрүүлгэж, Зүүнговийн 50 жилийн ойд хязаалан хүрэн морь түрүүлгэж байсан. Ойрын сумдаар нэлээд амжилт гаргаж байсан юм. Би хамгийн бага хүү нь, аавыгаа дагаж 7 наснаасаа эхэлж морь унаж ойр хавийн сумдаар хүртэл явдаг байлаа. Одоо аавынхаа адууг өвлөж аван, унаган адуугаараа сум орон нутагтаа сайхан уралдаж явна. Би 2000 оноос эхэлж өөрийнхөө нэр дээр морио уяж эхэлснээс хойш 15 жил өнгөрчээ.
-Анхны айраг, түрүүгээ унаган адуугаа хурдлуулж авч байв уу?
-Би 2000 онд цэргийн алба хааж ирсэн юм. Тэр үед аав минь амьд сэрүүн “Одоо чи адуугаа өөрийн нэр дээр уя” гэж адуугаа хүлээлгэж өгч байлаа. 2002 онд анх удаа бие даан уяад 7 настай Бундант хээр азаргаа сумын наадамд түрүүлгэж, Бороот хээр морио айргийн таваар давхиулж, хээр даагаа гурваар давхиулж байсан. Ингэж анхны айргаа гурваар нь авснаас хойш арван хэдэн жил сумын баяр наадамд тасралтгүй айраг, түрүү авсан.
-Унаган адуугаар урамтай сайхан наадаж яваа юм байнаа. Танай адуу ер нь ямар удам угшилтай адуу вэ?
-Манай адууны угшил бол 1 дүгээр багийн хурдан хүрэн гэж сайхан азарганаас эхтэй. Хүрэн азарганы гал үр Бундант гэж сайхан хээр азарга манайд ирж энэ сум орон нутагт сайн давхисан. Долоон настайгаасаа эхэлж уягдан сумынхаа наадамд түрүүлснээс хойш 16 нас хүртлээ айраг, түрүү алдаагүй. Бундантын үр төлүүд надад болон манай ах дүү нарт байгаа. Жишээлбэл Бундантын төл сайхан хурдан бор морь, бор морины дүү нар сайхан давхиж байна. Миний Бор морь дааган цагаасаа эхлэн тасралтгүй айраг, түрүү авсан хурдан адуу. Даагандаа сумын наадамд түрүүлээд, шүдлэндээ АХ-ын баяр наадамд түрүүлээд, хязааландаа мөн түрүүлж, соёолондоо аман хүзүүдсэн. Хавчигт нь өнжөөгөөд, 7 настай морь долоолоод, наймтай дөрөвлөөд, есөн насандаа  түрүүлсэн. Энэ жил арван настай ид хурдан байгаа. Аймгийн наадамд очиж гуравлаж, Ховд аймгийн баяр наадамд очиж аман хүзүүлсэн. Ойрын сумдаар ч бас амжилт гаргасан. Өнгөрсөн жил гэхэд л Өмнөговь сумын 90 жилд айргийн гурваар давхилаа, Бөхмөрөн сумын 90 жилд түрүүллээ, Өлгий сумын 50 жилийн ойд бас айрагдлаа.
-Бундант хээр азарга чинь яг хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Бундантыг анх 7 настай азарга уяад, сумынхаа баяр наадамд түрүүлээд, наймтайдаа аман хүзүүлээд, 9 наснаасаа хойш айрагдсан. 16 нас хүртлээ есөн жил уралдахдаа сумынхаа ардын хувьсгалын баяр наадамд дөрөв түрүүлж, тав айрагдсан ийм л амжилттай адуу. Зөвхөн өөрийн сум гэлтгүй бусад гадна дотны сумдаар зөндөө айрагдаж, түрүүлсэн. Бундантын анхных нь төл сайхан хээр морь сумандаа даагандаа гуравлаад, хязааландаа түрүүлж, соёолондоо есөөр орж, нийлсэн жилээ дөрвөөр давхисан. Энэ хээр морины дараа миний Бор морь, тэгээд залгаад гарсан Бундантын төлүүд манай ах дүү нарт сайн давхиж байгаа.
-Бундантын төлүүдээс гадагшаа гарсан уу?
-Ховд аймаг руу нэг төл нь зарагдаад, тэндээ гайгүй давхисан. Өөр эр төлүүд нэг их зарагдаагүй. Охин төлүүд бол ганц хоёр зарагдсан.
-Нэг наадамд хамгийн олон айраг, түрүү авч байсан нь хэзээ вэ?
-Нэг наадмаас азарга, их насны аман хүзүү, даага, хязаалангийн түрүү гээд дөрвийг авч байлаа. Бундант хээр азарга аман хүзүү, бор их насны морь аман хүзүүлж, бор морины дүү бор даага түрүүлж байсан.
-Сум орон нутгаасаа гарч уралдаж байгаа байлгүй. Хаашаа хаашаа явж наадаж байв?
-Аймаг болон Завхан, Өндөрхангай, Өлгий, Наранбулаг сумдад, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Ховд аймгийн Дөргөн зэрэг ойрын сумд, Ховд аймгийн баяр наадамд очиж наадаж байсан. Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Ховд аймгийн наадамд очиж Бундант хээр азарганы маань төл соёолон бор морио аман хүзүүнд давхиулсан. Тэр жилээ бор соёолонгоо Увс аймгийнхаа баяр наадамд айрагдуулсан. Тэгэхэд Ховд, Увс аймгийн наадам зөрж болоод хоёулангаас айраг авсан даа.
-Бүсийн уралдаануудад уралдах уу?
-Баруун бүсийн даншигт хоёр удаа оролцож байсан. 2008 онд Ховд аймагт болсон баруун бүсийн даншигт бор морио шүдлэн байхад нь есөөр давхиулж байсан. Увс аймагт болсон баруун бүсийн даншигт хүрэн азарга, хээр даагатай очиж, хорин хэд, гучин хэдээр давхиулж байлаа. Бундант хээр азарганыхаа дараа Аймгийн Алдарт уяач Шоод гэж хүнээс авч тавьсан хүрэн азарганы төлүүд бас гайгүй сайхан давхиж байна. Энэ жил нэг төл даага нь сумандаа түрүүлсэн. Бас зүүн талаас хонгор хязаалан үрээ авчраад, өнгөрсөн жил соёолон азарга Бөхмөрөн сумын 90 жилийн ойд очиж аман хүзүүлсэн. Одоо хавчиг азарганд гүү хураалгасан байна.
-Аймгийн цолыг хэзээ авсан бэ?
-2011 онд Аймгийн Алдарт уяач цолыг ардын хувьсгалын баяр наадмын арваад түрүү, хориод айргаар авч байсан. Түүнээс хойш амжилт нэлээд өссөн.
-Танай суманд удам дамжсан уяачид олон уу?
-Олон байна. Манай аавын үеийн уяачид арваад ахмад настай алдартууд байна. Тэдгээрийн хүүхдүүд залгамжилж уяж байна. 
-Танай сумынхан бүгд галын зохион байгуулалттай морь уядаг гэсэн байхаа. Та ямар галынх вэ?
-Би “Унаган хурд” галын тэргүүлэгч. Манай гал 21, 22 хүний бүрэлдэхүүнтэй. Хамтдаа адууныхаа угшил сайжруулах, нэгдсэн журмаар баяр наадамд явах зорилгоор галаа байгуулсан. Нутгийн унаган адуугаар нааддаг хүмүүс нэгдсэн гэдэг утгаар “Унаган хурд” гэж нэрлэсэн юм. Сүүлийн үед зөвхөн унаган адуу гэлтгүй зүүн чигийн азарган үрээ авч цус сэлбэх нь зайлшгүй болж байна. Манай сум бол гүү сайнтай. Нутгийн унаган гүүн дээрээ зүүн чигийн Сүхбаатар, Хэнтий, Дорнодын азарган үрээ авчирч тавьж байна. Тэдний үр төлүүд Завхан голын хөвөөнд төрж,  өсч байгаа болохоор манай унаган адуу л гэж хэлнэ. Завханы хурдан хүрэнгийн угшил алдагдсан юм байхгүй. Адууны цусыг сайжруулахгүй л бол Завхан голын азарга, гүүнүүдийг хооронд нь үржил хийгээд байвал адууны цус ойртох аюултай.
-Аймаг дотроосоо хаана хаанаас адуу авч байв?
-Манай аав Увс аймгаас гэхээсээ Завхан аймаг талаас Сантмаргац, Дөрвөлжингөөс адуу авчирч, адуугаа сайжруулж байсан.
-Бундант хээрээс өөр танай нутгийн хурд гэвэл ямар адууг хэлж болох вэ?
-Нутгийн хурдууд гэвэл манай аавын сайхан бор морьд байлаа. Миний аавын дүү Аймгийн Алдарт уяач Содовын халиун морь, халиун алаг морь байсан. Халиун алаг морь таван жил дараалан сумынхаа баяр наадамд тасралтгүй түрүүлж байсан. Аавын бор, авга ахын халиун адууны угшил болох хурдан төлүүд нь манай ах дүү нарт одоо ч сайхан давхиж байна.
-Таны хувьд хамгийн сайхан дурсамжтай наадам?
-Манай аав ардын хувьсгалын баяр наадамд их насны морь түрүүлгэж байгаагүй. Аавын хурдан хоёр бор морь сумандаа зургаан удаа аман хүзүүдэж байснаас ерөөсөө түрүүлж байгаагүй. Харин өнгөрсөн жилийн сумынхаа баяр наадамд миний унаган бор морь түрүүлсэн. Тэгээд л би аавынхаа гаргаагүй амжилтыг гаргалаа гэж дотроо их л баярласан.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцаж байдаг гэлцдэг. Таны хувьд сургамжтай наадам?
- Манайхан байгалиар нь уралдуулдаг, тэжээл бордоо нэг их хэрэглэдэггүй. Зүүн урд чигийн адуу бол эцээ цуцааг нь гаргачихдаг, тэжээл бордоог нь сайн өгч байна. Энэ тал дээр уяачид анхаарах хэрэгтэй юм байна гэж боддог. Уяач хүн наадмаас наадамд суралцдаг. Тэгэхдээ би очсон наадамдаа нэг их алдаа хийгээд байдаггүй, зөв уралдахыг хичээдэг болохоор миний морьд санасандаа хүрээд давхичихдаг. Гайгүй санасандаа хүртэл уячихлаа гэж боддог. Гэхдээ заримдаа тарган талдаа уях, хөлс дутуу авчих гээд байдаг талтай. Ер нь морио хайрлангуй уядаг гэх юмуу. Тэр тал дээрээ бол бодож уяж л байгаа.  
-Увс аймаг болон Завхан сумын 90 жилийн ой давхар тохиож байгаа. Хэдэн насны хичнээн морь уяя гэж бодож байгаа вэ?
- 2015 онд манай Завхан сумын 90 жил, Увс аймгийн түүхт 90 жил, баруун бүсийн даншиг наадмууд болно. Ойд уях дөрөв таван морьдоо 11 сараас эхлэн барьж тэжээгээд, энэ өвөл уралдуулж онгойлгоод эхэлсэн дээ. Дөрвүүлээ л өвлийн уралдаанд айрагдсан. Хонгор азарга маань гуравлаад, бор морь нь аман хүзүүлээд, хээр соёолон дөрвөөр давхиад, хүрэн даага түрүүлсэн. Гайгүй сайхан онгойсон шүү.
-Сум болон аймгийн ойн баяр наадамд хийморьтой сайхан наадаарай.
-Увс аймгийн Завхан сумын “Унаган хурд” галаа төлөөлөөд ярилцлага өглөө. 90 жилийн ойн баяр наадамдаа галын маань уяачдын морьд нь хурдан байж, хүүхэд нь цовоо байх болтугай гэж ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна