Аймгийн Алдарт уяач Ж.Туваандорж: Аав "Чамд гурван жил давхиулж өгье" гээд хутагтай морь хатгаж өгч байсан

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 04 -нд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жаргалын Туваандорж гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1945 онд Зүлэгтийн Гурви хэмээх газар төржээ.
-Аймаг орон нутгийн дээд цол авах хүртэл хичнээн урт зам туулсан түүхээсээ ярьж өгөхгүй юу?
-Би анх долоон настайдаа 1953 онд Ардын хувьсгалын 32  жилийн ойгоор аавын Бондгор хээр гэдэг морийг унаж гурваар айрагдуулж их хурдны тоосонд гараагаа эхэлжээ. Харин 1966 оноос толгой даан морь уяжээ. Тэр ондоо нэгдлийн зээрд морийг гуравт, өөрийнхөө Жинстийн зээрд гэдэг морийг дөрөвт, жороо алаг морио түрүүлүүлж наадмын гараагаа эхэлсэн. Би нэгдлийн адуу хариулдаг байсан болохоор тэндээс бас гайгүй гэснээ уяна. 1967 онд дан нэгдлийн морьд уяж, зээрд морийг түрүүлгэн, цагаан шийртэй алаг соёолонг хоёрт, хар даагыг гуравт хурдлуулан нэгдлийн нэрийг гаргаж байлаа. Ингээд тасралтгүй морь уясаар хамгийн сүүлд 2011 онд хээр соёолон түрүүлүүлээд, тэрнээс хойш уяагүй. Зургаа, долоон жил биеийн байдлаас болоод завсарласан. Тэр бүх түүхээ энэ номонд бичсэн байгаа. Номоо танд дурсгая. Би бас шүлэг бичдэг. Миний талийгаач отгон хүү ч бас шүлэг бичдэг, яруу найргийн тэмцээнд ордог байсан юм. Даанч хүү минь зуурдаар нас барчихлаа.
-Харамсалтай хэрэг байна. Хүний ах, дээлийн зах гэдэг. Тэгэхээр аавын тань талаар ярилцъя.
- Манай аав Данзангийн Жаргал гэж Загал тойны овгийн удмын хүн байсан. Аавын ах нь Цэрэн, дүү нь Дагважав гэж лам байдаг. Аавыг үүрийн Жагаа, ахыг нь үдийн Жинжээ /Цэрэнг авгайлдаг/, дүүг нь үдшийн Дагважав гэдэг байж. Манай аав маш эртэч, айл хөрш нь тэмээгээр ачаалаад явахыг нь мэддэггүй байсан гэдэг. Үдшийн Дагважав гэж асар тайван хүн. Ямар сайндаа чөдөртэй морь нь алга болчихоод байхад “хүрээд ирэх байлгүй” гээд сууж байдаг. Аав маань 55 настайдаа 1970-аад онд өөд болсон. Энэ сумын толгой уяач нарын нэг. Олон морь айрагдаж түрүүлгэсэн, морины уяанд гаргуун эрдэмтэй уяач байлаа. Жороо мориор гангардаг, хурдан адуу таньдаг, бас чиг хурдан морины наймаа хийчихдэг.
-Таны аав хаагуур нутаглаж, хаанахын наадмын айраг, түрүүг авч байв? Бондгор хээрээс гадна ямар ямар хурдан морь нь эзнээ баярлуулж байв?
- Миний аав улсын бэлтгэлийн агтанд уягдаж байсан адуунаас Хөх Дэмбэрэлийн бор морийг таньж, адуугаар сольж авч уяад айраг, түрүү авч байсан. Аавынхаа унаган адуу болох сартай зээрд морийг хоёр, гурав түрүүлгэж, битүү хар морийг олон айрагдуулсан. 1966 онд намайг нэгдлийн адуу авах тэр үед аав морь ид уяж байлаа. Ерөөсөө уясан морь нь айрагдахгүй байна гэж байдаггүй. Олон жороо морьтой,сумын наадмын жороод айргийн тавд дараагаараа ирж байсан гэдэг юм. Моринд бол үнэ хайрладаггүй, байгаа юмаа өгч байгаад л авдаг хүн байсан.
-Хаана хаанаас хурдан морь авч байсан бол? Тэр дундаа ямар морийг үнэ цохиж авч байсан бэ?
-Тэр үед төгрөгийн ханш хатуу байсан цаг. 1000 цаасны морь авахад “сольж өмсөх дээлгүй байж” гээд хүн муу хэлдэг байсан. 50,60-аад оны үед сайн морийг 300,400-аар л өгөлцөж авалцдаг байхад аав л Эрдэнэ гэж хүний хээр морь 1000 цаасаар авч байсан. Тэр үедээ гуйгаад тун өгөхгүй байж. “Чи энэ ширээн дээр 1000 цаас гаргаад тавьчихвал өгье” гэхээр нь улсын бэлтгэлийн мал тушаагаад бэлэн мөнгөтэй байсан болохоор тоолоод тавьж байсан гэдэг. Хээр морийг аваад олон түрүүлгэсэн. Намайг 66 онд нэгдлийн 350 адуу хүлээж авч байхад их олон дурсамжаа ярьж өгч байсан. Адуунд бол ёстой билгийн нүдтэй хүн. Тэр чанар нь надад удамшсан шиг байгаа юм. Яагаад гэхээр хүмүүстэй зүүн тийшээ явахад эмнэг юмуу, хонинд унаж яваа морь авчирсан чинь бүгд айрагдсан шүү.
-Морь таних эрдэм ухаанаа танд өвлүүлсэн байх нь ээ. Танд нэлээд зааж хэлж өгсөн болов уу?
-Хэлэхгүй, үйлдлээрээ л үзүүлдэг. Их дуу муутай, бараг харцаараа л хариулна. Миний авсан морийг их голно. Заримдаа яахав дажгүй юм авсан байна гэнэ. Нэгдлийн адуун дотроос надад хэд хэдэн адуу шинжиж “энийг уя, энэ нэгдлийн нэр гаргах юм байна” гээд зааж өгдөг байсан.
-Аавын тань шинжиж өгсөн морьд нь ямар амжилт үзүүлсэн бэ?
-Нэгдлийн хурдан зээрд гэж олон хүний гар дамжсан байсныг аав засал хийж өгсөн нь гуравт давхисан. Жинстийн зээрд гэж соёолон үрээг би таньж авчирсан, Баян-Өндөрт хавчигтаа дөрвөлж байсан. Дараа жил нь аавын зааж өгсөн цагаан шийртэй хүрэн соёолон, хар даага хоёрыг сургаад уясан чинь соёолон нь түрүүлээд, хар даага нь гурав дээр ирсэн.
-Нэгдлийн адуу маллахад ч, морины уяа тааруулахад ч аавын нөмөр нөөлөг их байсан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Намайг толгой дааж морь уяснаас хойш аав хааяа уяан дээр ирээд хэсэг харж байгаад буцаад явна. Ялангуяа уяа тулчихсан, их сунгааны дараа бол ерөөсөө юм хэлдэггүй. “Заяа чинь мэдэг. Чи бодож санаснаараа хий” гээд л явдаг тийм хүн байсан.
-Таны уяж байсан морьдоос хамгийн их амжилт үзүүлж, таныг хамгийн их баярлуулсан нь ямар адуу байна вэ?
-Миний олон морь наадамд айраг, түрүүнээс хоцордоггүй л юм. Зарим жил нь өнжөөд л, зарим жил нь сайн давхина. Надад хамгийн олон айраг, түрүү авчирсан нэг хээр морь бий. Тэрний надад ирсэн түүх их сонин. 1982-1996 оны үед нэг зуднаар адуугаа алдаад, өөрөө бие өвдөөд юу юу ч үгүй л болсон. Дараа нь бие хаа арай гайгүй болоод нутгийн дүү Амаржаргал гэж аймгийн Алдарт уяачийнд очлоо. Хангайгаас нэг, Баянцагаанаас нэг гүү авснаа тэдний азарганд тавих санаатай очоод нэгийг нь тавиулаад, дээр нь хатирдаг шар хээр морь, азарга тавих үрээ авлаа.  Тэднийх нэг аятайхан хээр үрээтэй, цаад санаа нь тэр хээр үрээг л авах гэсэн юм. Тэгээд хээр үрээ авъя гэхээр өгөхгүй, тэгэхээр хар үрээг нь гуйвал хээрийгээ өгөх байх гэж дотроо бодоод “за миний дүү ах нь нөгөө муу байдасаа айлын азарганд тавьчихаар эмээлээ бариад буцалтай нь биш. Чамаас ахиад нэг адуу авмаар байна. Нэг сайхан хар үрээ харагдсан, тэрийгээ өгөөч”  гэсэн чинь “өө яалаа гэж ах минь. Энийг чинь би хүүхдийн морь хийх гэж байгаа юм. Та өөр морь ав” гэж байна. “Өөр ямар юм байна” гэсэн чинь “хар үрээний ах хээр байна. Ноднин Говь-Алтайн Эрдэнэд аваачиж уралдуулаад эцээгээд хаячихсан юм. Энийг ч уяад хэрэггүй байхаа ахаа, очоод унааны морь хийвэл хий” гэлээ. “Тэгээд ямар үнэтэй юм бэ дээ” гэсэн чинь “нэг сайхан ботголох тайлаг өгчих” гэхээр нь магнай хагартал баярлаад бараг нулимс гарах янзтай. Тэгээд хязааланд нь уяад мордуулахдаа хүүхдийг нь айрагдахгүй байсан ч хамаагүй татаж яваарай гэж захиад долоогоор давхиулсан. Тэрүүхэндээ бас сайн уралдчихвал адууныхаа үнийг нэмье гэж магадгүй гээд аминдаа муу санаалж байгаа юм. Соёолондоо аман хүзүүдээд, уг нь бол түрүүлсэн юм билээ. Бид айлд цай уугаад сууж байсан чинь соёолон ирчихсэн. Говь-Алтайн Эрдэнийн, уг нь манай аймгийн харьяат Улсын Алдарт уяач Шаамгай гэж хүний хар соёолон түрүүлсэн, чиний үрээ хоёр дээр ирсэн гээд. Тэгсэн унасан хүүхэд нь “би зүүн талаар нь орж байхад яагаад хоёр дээр ирдэг юм” гээд дургүйлхээд салдаггүй. “За яахав дараа олон түрүүлнэ, чи дуугай л байж бай” гэж захиад хэл ам хийгээгүй. Намар нь Адууны даншиг гэж  Баянхонгорын говийн таван сум нийлсэн бүсийн том наадам боллоо.
-Адууны даншиг 1998 онд болсон гэдэг билүү?
-Тийм. Тэр даншигт хээр соёолонгоо айрагдуулаад, тэрнээс хойш их хурдалсан даа. 1999 онд их морь сумандаа гуравлаад, Шинэжинст суманд түрүү авсан. Тэгэхэд Шинэжинст сумын наадамд миний хоёр морь дараагаараа ирсэн юм. Хүнээс таньж авсан бор морь аман хүзүүдсэн. Тэгээд 1999 оны Ламын гэгээний даншигт аваачиж 1025 морь мордсоноос 180-д ирсэн. Гараа алдаж гараад, дээр нь тугтай хүн дагаж далан дээгүүр харайгаад, тэгээд араас нь элдсээр байгаад 180-д орсон. Бор морь болохоор сумандаа дөрөвт хурдалчихаад Эрдэнийн 60 жилийн ойд гурваар давхисан. 2000 онд Говь-Алтайн нэг суманд болсон бооцоот уралдаанд хээр морь түрүүлээд, бор морь хоёроор орж байлаа. 2001 онд АХ-ын 80 жилээр Баянцагаан суманд хээр морь долоод давхиад, 2002 онд сумандаа долоолоод, 2003 онд АХ-ын 82 жилийн ойд Баянцагаан суманд даагаа нэхэж хоёроор орсон юм. Бариан дээр жоохон будилаан гарсан л даа. Түрүүлж ирээд морь бариачийн хойгуур орчихгүй юу. Тэр ондоо Баян-Өндөр сумын 80 жилийн ойд очиж айргийн тавд давхисан. АХ-ын 83 жилийн ойгоор буюу 2004 онд хээр морь түрүүлж, 2005 онд дахиж түрүүлсэн. 2009 онд АХ-ын 88 жилийн ойгоор айргийн тавд дандаа тэжээлийн морьд орсныг тасдаад гуравт орсон юм. “Энэ тэжээж байсан бол жигүүртэй юм шиг давхихаар морь байна” гээд улс амьтан шагшиж байлаа. Хээр морь 2010 онд 21 настай үхсэн дээ.
-Хээр морь онцгой сайхан хурдалж байжээ. Хээр морины дараа орохуйц амжилттай ямар морь байна?
-Хээрийн дараа орох амжилттай морь бол тав, зургаа айрагдсан өөрийн унаган хар хээр морь. Эх нь аавын надад өмчинд зааж өгсөн гүү байсан юм. Хязааландаа 1973 онд АХ-ын 52 жилийн ойгоор дөрөвт хурдлаад, 1974 онд соёолон таваар, 1975 онд их нас айрагдаад, 1977 онд бас айрагдаж, 1978 онд тав дахиа айрагдсан. 1975 онд хар хээрээс гадна хээр алаг соёолон Говь-Алтайн Эрдэнэд аваачиж тавиад айргийн тавд давхиж байсан.
-Азарга хэр хурдлуулж байв?
-Би азарга ерөөсөө уяж үзээгүй. Сүүлийн үед л хүний азарга уясан. Манай сумын начин Дэмбэрэл гэж 10-н хэдэн хүүхэдтэй айл байдаг юм. Тэрний нэг сайхан хээр азаргыг гурав айрагдуулсан. Гараа жоохон муутай болохоор түрүүлж чаддаггүй. Хөөрдөггүй, бараг шогшиж гардаг. Бас Нордог гэж хүний хонгор азаргыг уяж түрүүлүүлсэн. Ер нь тоотой ганц хоёр л азарга уяж үзсэн юм байна. Ихэвчлэн их, бага насны морь, жороо адуу уяж байсан.
-Та хэдэн жороо, хатираа морьдтой вэ? Ингэхэд хатираа, жороо хоёр ялгаатай юу?
-Ялгаатай, хоёр тусдаа уралдана. Хатираа гэж жорооны доод талын явдлаар явдаг морийг хэлдэг. Хатираа нь илүү гоё. Манай сум одоо ч жил бүр хатираа уралдуулна. Надад өөрийн унаган сартай хээр морь байсан. Сартай хээр морь 77 оноос эхэлж гурваар айрагдаад, 78 онд хоёроор, 79 онд бас хоёроор айрагдаад, 80 онд дөрөвт, 81 онд түрүүлсэн. 1997 онд хүнээс авсан хатираа шар хээр морь хоёроор орж байсан. Жороо бол надаар дууссан. Аавын надад өгсөн хөгшин жороо хээр морийг нэг түрүүлүүлээд дараа жил нь зуднаар үхчихсэн. Улсын чанартай наадамд уралддаг болохоор нь сүүлийн үед жороо морь сонирхоод л байна.
-2009 оноос хойш ямар адуугаар хаагуур наадсан бэ?
-2011 онд Баянцагаанаас нэг хүн булгидаг хээр үрээ авчирсныг уяад соёолонд нь түрүүлүүлсэн. Тэгээд 2011 оноос хойш суманд морь уяагүй. Хүүхдүүддээ малаа өгөөд явуулчихсан. Ах нь таван хүүхэдтэй. Хань маань 1992 онд залуугаараа нас барсан. Таван хүүхдээ өсгөж том болгоод өдий зэрэгт хүргэлээ. Хүүхдүүдийн нэг нь Галуут, бас нэг нь Баян-Овоонд хойшоо хангайд амьдарч байна. Аав нь хангайд очиж морь уяж үзье гээд медаль энэ тэр бүх юмаа өгөөд явуулчихсан. 2011 онд соёолондоо түрүүлсэн хээр морь ноднин нийлсэн юм. Нийлсэн жил нь өнжөөгөөд энэ жилээс өөрөө уя гээд хүүдээ даатгачихсан байгаа.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2000 билүү 2001 онд. 16 түрүү, 30-н хэдэн айрагтай гэж байсан. 16 түрүү гэхээр хатирч, жороо ороод л тэр байх.
-Нэгдлийн адуу хичнээн жил хариулсан юм бэ?
-1966-1968 он хүртэл хоёр жил л малласан юм. Хань маань өвчин зовлон эргүүлээд, нялх хүүхэд гараад л адуугаа өгсөн. 1969 оноос нэгдлийн орлогч дарга, багийн дарга, хорооны дарга гээд  тасралтгүй хурган дарга хийсэн. Намайг нэгдлийн орлогч хийж байхад нэгдэл тарсан юм.
-Адуу мал ч хариуллаа, хурдан морь ч уяж сойлоо, дарга цэрэг ч хийж явсны хувьд нутаг орныхоо толгой уяачдыг нэрлэх болов уу гэж бодож байна?
-Гадарланаа. Манай аавын үеийн уяач тавдугаар багийн Цагаанбаатар, Очирбат гэж ах дүүс байсан. Цагаанбаатарын харлаг морь, хонгор морь хоёр байсан.  Очирбат нь харлаг, бор зүсмийн олон адуутай мундаг уяач. Бас өөрөө барилдаад түрүүлчихнэ, морь нь ч түрүүлчихдэг. Тэр үед 18-ын торгоор байлдаг. Нэг талынхаа ташаанд мориныхоо мөрийнд өгсөн торгыг хавчуулчихна, нөгөө ташаандаа барилдаж түрүүлсэн мөрийний торгоо хавчуулчихна. Манай суманд их мундаг том бөхчүүд байсан. Чойнжин гэж 16-тай сумын начин болоод тэрнээс тасралтгүй есөн жил түрүүлж, үзүүрлэсэн бөх байлаа. За бас Дадын хүрэн гэдэг босоо морь байсан. Лав л миний мэдэхийн сумын наадамд зургаа түрүүлсэн. Дадын хүрний араас залгах морь бол миний хээр морь байгаа юм. Баярын Халзан гэж мундаг уяач бий. Халзангийн Говь-Алтай аймгийн начин Бороодойгоос авсан хүрэн алаг морь нь бас хэд хэд түрүүлж, унаган ягаан морь нь хэд хэд айрагдсан. Сумын архивт бүгд бичээтэй байгаа. Товчинжав гэж хөгшин байлаа. Хүний адуу их сайхан маллаж, уяна. Өөрийнх нь онцгой хүрэн морь, ах Шархүүгийнх нь хоёр халиун гэж тувтан айрагддаг морьд байсан.
-Дунд үеийн төлөөлөл гэвэл ямар хүмүүс байна вэ?
-Миний үед болохоор Тогоо, Гангаабаатар, Төмөр, аймгийн Алдарт уяач Амаржаргал гээд уяачид бий. Жамсрангийн Дагвадорж гэж уяач байлаа. Хээр морь нь манай суманд тав түрүүлсэн юм.
-Сүүлийн үеийн залуучуудаас гаргасан амжилт, морь малаа хайрлах, уяачийн ёс зүй талаараа танд тоогдох ямар уяачид байна вэ?
-Аймгийн арслан Отгонямын ах Пүрэвсүрэн, Жаргал хоёр адуу уяж, өсгөж үржүүлж байна. Манай сумын Засаг дарга Идэрмөнх адууны талаар их юм зохион байгуулж байна. Хэл ам таталж байгаад төсөвт мөнгө суулгаж хэдэн азарга авчирснаар манай сумын адуу сүрхий сайжирсан. Идэрмөнх, Жанчив, Дорж гэж залуучууд сүрхий сайн уяж байна. Пүрэвсүрэн, Жаргал, Тогоогийн хүргэн Батнасан гэж сайхан залуучууд ч бий. Хор шар байхгүй, хээгүй, бусдад юмаа харамладаггүй, мэддэгээ хэлж өгдөг. Бусад нь ч морь нь жоохон доогуур давхичихвал дуугай болчихдог, гадны морь ирчихвэл чимээгүй болчихдог байх шиг. Нэлээн дов үзэж байж л хүний хор шар арилахаас биш, дов үзэлгүй энэ нутагтаа байвал засрахгүй. Хамгийн эхлээд өөрийнхөө хор шарыг арилга, дараа нь мориныхоо хор шарыг арилга гээд л би сайн хэлдэг юм. Ер нь морь, хүн хоёрын хор шар хоёр арилж байж сайн болдог.
-Баянхонгор аймаг дотроо аль сумынх нь адуу илүү хурдан байх шиг санагддаг вэ? Баян-Өндөр сум хэр хурдтайд тооцогдох вэ?
-Манай сумын адуу бол говийн сумдадаа хаана ч очоод л айрагддаг. Би ерөөсөө наадмаас айраггүй хоцорч байгаагүй. Сүүлийн үед манай сумын Батнасан гэж залуу Зүүнбаянгаас адуу авчирч адууны цус сэлбэх ажлыг эхэлсэн. Тэр авчирсан адуугаараа уралдахад эндээ сайн байсан адуу хөлийнхөө хурдаар тэрийг нь гүйцдэггүй. Ер нь манай говийн адуу байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад арьс, мах зузаантай, яс хүндтэй учраас хөлдөө хурд багатай боловч  бяртай төрдөг. Харин дулаан уур амьсгалтай зүүн талын адуу бол усан язгуурын, уяа их амархан ордог, зан ааш зөөлөнтэй, хөлийн хурд ихтэй байна. Хэнтий, Төв аймгийн адуу шуурганд уруудаж хилд хүрээд,  цаанаас Өвөрмонголоос барга адуу, Оросын эрлийз орж ирж цус сэлбэгдсээр байгаад монгол хурд зүүн талдаа болчихсон. Гэхдээ хэдхэн жилийн дараа тэндээс биш, эндээс тийш нь адуу зөөнө. Одоо манай баруун аймгуудын адуу сайжирч байна. Адуу гэдэг амьтан чинь яг гал үе буюу тав дахь үе дээрээ их хурдалдаг. Тэр үедээ манай эндхийн адуу гүйцэгдэхгүй. Түрүүчийн авчирсан адууны төл гараад, эхнээсээ мундаг хурдалж байна.
-Танай суманд үр төл нь их сайн тарсан ямар азарганууд байдаг юм бэ?
-Уг нь Батмөнх гэж хүний цоохор азарга социализмын сүүл үе, капализмын эхэн үед тарж байсан адуу. Хойшоо Говь-Алтайн Эрдэнэ, Баянцагаан руу олон цоохор адуу тарсан. Тэр цоохор азарганы үр одоо тасрах шиг байна. Хойно Эрдэнэд байдаг юм уу, үгүй юм уу манайд бол алга. Тэр бол хурдаа төлдөө сайн дамжуулдаг мундаг азарга байсан. Хойно хурдалж байсан Юрагийн цоохор, Шамгайн цоохор, Өлзийсайханы буурал гээд адуунууд бүгд тэр азарганы л төл. Бас Намдагийн хонгор азарганы төлүүд гэж хонгор голдуу төл сайхан хурдалж байсан.
-Та аавынхаа морь таних эрдмийг нь өвөлж авсан гэсэн. Хатгаж ханах, засах нь уяач төдийгүй малчин хүнд байх ёстой эрдэм гэдэг?
-Манай аав мундаг хатгуурч хүн байсан. Нэг жишээ дурдахад намайг 1966 онд нэгдлийн адуу маллаж байхад нэлээд олон хүний хатуу ширүүн гар дамжиж уягдаад их хутаг суучихсан нэгдлийн хурдан зээрд гэж хөгшиндүү морь байсан. Тэр зээрд  морийг яг ногоонд цадаад ирэхэд нь аав“за энийг аав нь гурван жил чамд давхиулж өгнө. Чи Баян-Өндөрийн нэгдлийн нэрийг гаргаарай” гэж хэлээд гол судаснаас гурван хумбан /хамгийн жижиг/ шаазан аяга цус авсан. Ногоо эрт ч гарсан байсан. Ногоо идүүлээд, хор нь гарсан юм уу, өнгө зүсээ олоод л сайхан болсон. Тэгээд намайг уяхад аав “за чи зөөлөн уяарай, энэ ширүүдэж болохгүй л адуу байна” гэж хэлсэн. Тэр жил сумын наадамд уралдаад гурав дээр ирсэн. Дараа жил нь түрүүлээд, гурав дахь жилээ тав дээр ирсэн. Тав дээр ирэхэд нь аав “за одоо битгий уяарай, уяад нэмэргүй шүү” гэж байсан. Түрүүлдэг жил нь манай нэгдлийн дарга Дондогцэрэн наадам дээр нэгдлийн мал түрүүлгэлээ гэж баяр хүргээд баярын бичиг өгдөг юм. Дараа нь манайд нэг орой хүрээд ирлээ. Тэгсэн шил архи, нэг цай, нэг хадагтай ирчихээд “за миний хүү нэгдлийн нэр гаргасан чамд баярлалаа”  гээд өгч байсан. Хорин хэдтэй л бандид ингэж хүндэтгэл үзүүлэх нь их том урам өгч байгаа биз. Би их баярлаж байж билээ.Тэр баярын бичиг одоо хүртэл хадгалаатай байгаа.
-Сайхан түүх байна. Та өөрөө хатгаж ханадаг уу?
-Хатганаа. Одоо зориг жоохон муудаад, гар чичирнэ. Тэрнээс морины нүд, толгойг хараад юу нь гэмтсэн, ямар засал хийх ёстойг хэлнэ. Ер нь сайн шинжээч хүн толгойг нь хараад л мэднэ. Толгойд бүх юм нь байдаг. Надад бол олон шавь бий л дээ. Тэр  дотор Дагвадоржийн Гансүх гээд залуу сайн хатгана, бас сайн уяач. Тогоо хатгана, хүргэн Батнасан нь хатгана. Уяач хүнд ярьж болохгүй нэг л юм байна. Уяагаа дөхөж байгааг ярих хэрэг байдаггүй
-Зарим залуу уяачид аархаж онгирсон үг яриа их л гаргаж байдаг юм байна лээ.
-Тэр их буруу юм байгаа юм ш дээ. Би ер нь сэтгэлд багтсан ч хэлдэггүй шүү. Ядаж л тэгж чалчаад дэмий юм яриад байвал насан цөв суухгүй юу. Тийм юм хэлж болдоггүй юм. 100 морь уралдахад нэг л морь түрүүлж, дөрөвхөн нь айрагддаг. Хүн болгон л морио түрүүлгэж, айрагдуулмаар байгаа шүү дээ. Тийм учраас би энэ талаар юм дуугарахгүй байсан нь зөв гэж боддог. Гэхдээ уяа эхэлж байхад төдөн хөлстэй, тэр барагцааны тар хийх хэрэгтэй юм байна гэхчилэн хэлнэ. Хэлэхээс ч өөр арга байхгүй. Залуу хүүхдүүд морио буруу хөлсөлж, тарлачих юм бол тэгээд л тэр жилийн наадам будаа. Буруу тарлачих юм бол хөлийг нь авчихна.
-Танай ийшээ тарлаж, хөлсөлж уяа сойлго хийдэг бололтой юм. Онон гуайн ярих нь моринд хусуур хүргэх тоолонд уяа өөрчлөгдөж байдаг гэдэг юм билээ. Нутаг орны байдлаас хамаарч уяа ч өөр өөр байна уу?
-Газар орон, уур амьсгал шал өөр шүү дээ. Манай эндээс хангайд очоод морь уях өөр. Тэнд чинь морь хөлслөх шалтгаан байдаггүй байхгүй юу. Яагаад гэхээр тэртэй тэргүй байгаль зөөлрүүлээд өгнө. Мэдээж авах онгойлгох юм байлгүй яахав. Уяанаас өмнө бэлдэээд 5-р сарын сүүл 6 сарын эхээр морь бүрэн онгойсон, ямар ч ажилгүй болгосон байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тарган морь барьж уяад тарлаж хөлслөсөөр байгаад мулталчихдаг алдаа манай залуучууд их гаргадаг.
-Алдаа гэснээс уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Сургамжтай наадмын дурсамжаасаа залуу хойч үедээ хуваалцаач?
-1966 онд байна уу даа, адуу авсан жилээ Говь-Алтай аймгийн Эрдэнийн ойд хоёр түрүүлгэсэн аавын жороо алаг морийг, Жинстийн зээрд гэж толгой давж айрагдуулсан зээрд морь хоёроо уяж аваад явсан. Сумын наадамд уралдчихаад залгуулаад тийшээ явж байгаа юм. Жаахан хүүхэд авч явахаасаа залхуураад унах хүүхэдгүй. Манай улсын Алдарт уяач Шамгайн ах Хархүү гээд сархад хүртчихдэг, бас морь сайн таньдаг хүн байлаа. Тэр хүнд хүүхэд олоод өгөөч гэсэн чинь “хүүхдээ авчрахгүй золиг чинь. Одоо сайн хүүхэд олдохгүй дээ” гээд ямар ч байсан олж өгөхөөр явлаа. Тэгээд нэлээн том хүүхэд олоод ирлээ. “Сайн морь бол унана, муу морь бол унахгүй.Таны морь яах морь юм” гэж байна. “Өнөөдрийн түрүүлэх морь” гэсэн чинь их дуртай мордлоо. Тэгээд мордуулаад явуулчихсан чинь Сэрэнгийн сайр гэж гангатай сайраар морь нь харайгаад хүүхэд нь ганганд унаад үлдэхгүй юу. Зээрд морь сул уралдсаар долоод ирсэн. За тэгээд жороо алаг морио өөрөө унаад 15 км тойрогт уралдлаа. Эхлээд л гараад тойрог шахуу түрүүлээд явж байна. Хүн морь хоёр хоёулаа тайвширчихсан байсан чинь гэв гэнэт хойно пид пид гээд л бөмбөр цохиж байгаа юм шиг морины алхаа сонсогдоод, Говь-Алтайн Чандманийн Ухны Лхамзав гэдэг хүний бор морь хүрээд ирлээ. Зэрэгцээд хэсэг явснаа миний морь суугаад, нөгөө бор морь нэлээд тасраад барианд орлоо доо. Тэр бол миний хамгийн том сургамж авсан наадам. Би хоёуланг нь түрүүлгэнэ гэж дотроо бодож явсан. “Чи аятайхан уявал одоохондоо энэ бүс дотроо миний зээрд морийг дайрчихмаар юм алга. Нэгдлийн зээрд л магадгүй” гэсэн аавын үгэнд хөөрөөд тэгж баларч байсан юм. Буцахдаа их гомдолтой ирж байж билээ.
-Аргагүй сургамжтай наадам болжээ. Буцаад ирэхэд аав тань юу гэж хэлсэн бэ?
-“Чи том сургамж авч дээ. Тэгж хөөрч онгирч болдоггүй юм” гэсэн. Бас нэг ийм сургамжтай явдал болсон юм. Би Жинстэд эвлэлийн үүрийн дарга байхдаа Багаан Шар гэж сумын заан хүнээс соёолон үрээ худалдаж авлаа. Зөв талынхаа гуянд Ц үсгэн тамгатай. Тэгтэл тэр хулгайны морь байсан юм билээ. Манай нэгдлийн дарга Цэрэн адуу мал танихдаа аюултай. Нөгөө морийг чинь “энэ хүйтэн замаар ирсэн адуу байна” гээд дор нь хураав даа. Би тэрийг авч нэг дөрөвлүүлээд, нэг тавлуулаад, тэгээд хураагдсан. Ер нь буруу замаар ирсэн морь сайн давхидаггүй юм билээ. Тэрнээс сүүлд мундаг харлаг морь урд багийн хүнээс мориор сольж авлаа. Сунгаан дээр харлаг морь янзын сайн байсан юм. Гэхдээ “чацуурчихлаа, уралдаад нэмэргүй байх. Энэ удаа өнжөөчихье” гэсэн чинь цуг явсан хүн маань та ерөөсөө мэдэхгүй байна уралдуул гэж ятгасаар байгаад аваад явсан. Тэгээд харлаг морь уралдаад хамгийн сүүлд ирдэг юм даа. Морио мэдэхгүйгээр санасан зоргоор уралдаж болохгүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон доо.
-Бидний урилгыг хүлээн авч, сайхан хууч дэлгэсэнд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Хийж байгаа үйлс чинь морины босоо цагаан хийморь шиг өөдөө байж, юу санасан есөн цагаан хүсэл чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна